Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2019/02050

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

           Нэхэмжлэгч: Ц.Эб-ын нэхэмжлэлтэй,

 

 

           Хариуцагч: Ц.Э-д холбогдох,

 

           Хууль бус эзэмшлээс ................................ тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Эб, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, түүний өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Ц.Эб шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би ...................тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр миний нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн ..........дугаартай гэрчилгээ олгогдсон. Энэ хугацаанд уг байранд миний өндөр настай аав, ээж 2 маань амьдарч байгаад 2014 онд нас барсан. Үүнээс хойш Ц.Э хүү н.Б-г эхнэр, хүүхдүүдийн хамт түр амьдрахыг зөвшөөрч, 2 жил гаран үнэ төлбөргүй амьдруулсан. Гэтэл нь одоо Ц.Э нь зөрж ороод амьдарч байна. Би 2016 оны 8 дугаар сараас эхлэн байраа хууль бус эзэмшигчээс чөлөөлүүлж, албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Ц.Э нь янз бүрийн байдлаар шүүхэд худал мэдүүлж, энэ тэнд шалгуулсаар бүтэн 3 жилийн хугацаа хожиж байранд амьдарсаар, намайг хохироосон. Иймд Ц.Э-ын хууль бус эзэмшлээс миний өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Ц, Ц.Г нар нь гэр бүлийн амьдралтай байх хугацаандаа Ц.Эн, Ц.Эх, Ц.Э, Ц.Эб гэх 4 хүүхэдтэй болсон. Д.Ц, Ц.Г нар 2001 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ................................ тоот 2 өрөө орон сууцаа “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-ээр авч, улмаар Э.Батсайханд шилжүүлсэн байдаг. Гэтэл Ц.Эб нь банкнаас зээл авахад өөрийн нэр дээр эд хөрөнгийн баталгаатай байх ёстой гээд байна. Иймээс орон сууцыг түр нэр дээр шилжүүлж өгөөч гэж хэлээд орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байдаг. Гэтэл өнөөдөр хууль, шүүхийн эрх бүхий байгууллагад тус эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мэтээр илэрхий худал зүйл ярьж байна. Ц.Э нь тус орон сууцыг худалдан авсан үеэс аав, ээжтэйгээ амьдарч байсан. Мөн аав, ээжийнхээ зөвшөөрлөөр хамт амьдарч, тэднийгээ хэвтэрт орсон үед нь асарч, халамжилсан. Ц.Э нь уг орон сууцыг анх аав, ээж нь авсан цагаас амьдарч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.Эб-ын нэхэмжлэлтэй, Ц.Э-д холбогдох, хууль бус эзэмшлээс ............................ тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Маргааны зүйл болох ..................... тоот, ..... м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгч нь Ц.Эб болох нь эрхийн улсын бүртгэлийн ..........дугаарт бүртгэлтэй, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн .......... дүгээр гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар нотлогдож байна.

 

Уг орон сууцанд Ц.Э оршин сууж байгаа болох нь талуудын тайлбар, Ц.Э-ын иргэний үнэмлэх дэх оршин суух хаягийн бүртгэлээр тогтоогджээ.

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Э-ын хууль бус эзэмшлээс Ц.Эб-ын өмчлөлийн ................... тоот, .. м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг чөлөөлөх нь зүйтэй болно.

 

Хариуцагч Ц.Э нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Э-ын хууль бус эзэмшлээс Ц.Эб-ын өмчлөлийн ................. тоот, .. м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Эб-оос улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ж.СЭМЖИД