Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2079

 

П.Энийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/01866 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: П.Энийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “У” ХХК-д холбогдох,

 

210 595 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Аваадорж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Мөнхдаваа,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Бат-Энх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Энэ “У” ХХК-тай 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Орон сууцны барилгын захиалгын гэрээг байгуулж, Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт Residence-55/2 байр 5 давхрын D хэсэгт 3 өрөө 85.66 м.кв орон сууцыг 75 380 ам.доллараар, зоорийн давхарт 11 тоотод 15 мкв гараашийг 8 000 ам.доллараар худалдан авахаар харилцан тохиролцож, гэрээний дагуу орон сууцны урьдчилгаа 60 хувь буюу 45 000 ам.доллар, гараашийн үнэ 8 000 ам.долларыг бэлнээр 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн, хариуцагч 2011 оны 1-р улиралд багтаан орон сууц, гараашийг ашиглалтад оруулж өгөхөөр тохиролцсон. Гэтэл уг орон сууц өнөөдөр баригдаагүй, зөвхөн 5 давхар карказ босгосон байдалтай байна.

Талууд 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт гэрээг байгуулсан бөгөөд гэрээний 2.4-т 2012 оны 2-р улиралд орон сууцыг барьж эхлүүлэх үүргийг хүлээсэн боловч мөн л хугацаандаа барилгыг барьж эхлээгүй.

“У” ХХК-аас удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч барилгын газрын талаар шүүх дээр маргаантай байгаа гэсэн шалтгааныг хэлдэг бөгөөд энэ нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байж болох шалтгаан биш бөгөөд тухайн компанийн асуудал юм.

Нэхэмжлэгч нь тухайн үед орон сууцны урьдчилгаа 45 000 ам.доллар, гараашийн төлбөр 8 000 ам.доллар, нийт 53 000 ам.долларыг төлсөн тул энэ мөнгөө алдангийн хамт буцаан шаардаж байна.

2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Монгол банкнаас зарласан ам.долларын ханш 2 649 төгрөг байх ба үүнийг 45 000 ам.доллараар үржүүлбэл 119 205 000 төгрөг, 8 000 ам.доллар 21 192 000 төгрөг болж байна.

Орон сууц захиалгын гэрээний 5.3 дахь хэсэгт гүйцэтгэгч гэрээний 1.6-д заасны дагуу хугацааг 3 сараас хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн шилжүүлсэн орон сууцны үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд төлөхөөр тохирсон болно.

Иймд Орон сууц болон гараашийн гэрээг тус тус цуцалж, орон сууцны урьдчилгаа төлсөн 45 000 ам.доллар буюу 119 205 000 төгрөг, гараашийн 8 000 ам.доллар буюу 21 192 000 төгрөг, орон сууц захиалгын гэрээний алданги 59 602 500 төгрөг, гараашийн гэрээний алданги 10 596 000 төгрөг, нийт 210 595 500 төгрөгийг хариуцагч “У” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрших үл хөдлөх хөрөнгийг газрын хамт худалдан авч, уг газар дээр Residence 55/2 барилгын төслийг эхлүүлэх үедээ П.Энэтэй гэрээ байгуулсан.

Барилгын ажлын явцад зэргэлдээ газар эзэмшигч нар маргаан үүсгэж, шүүхэд хандсанаар шүүхийн журмаар энэхүү барилгын үйл ажиллагааг зогсоосон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч хөрөнгө оруулагч, захиалагч нар биднээс үл хамааран хохирч байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Талуудын гэрээг байгуулах үеийн болон өнөөдрийн нөхцөл байдалд ам.долларын ханшийн ихээхэн зөрүү үүссэн. Иргэний хуульд зааснаар үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлөх талаарх харгалзан асуудлыг шийдвэрлүүлэх нь хуульд нийцнэ.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад алдангийн хэмжээ хэт их байгааг шүүх эрх хэмжээний хүрээндээ шийдвэрлэн бууруулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “У” ХХК-аас нийт 140 359 370 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Энэд олгож, үлдсэн 70 236 130 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч П.Энийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 211 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “У” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 859 746 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Энэд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Орон сууц болон гараашийн гэрээг тус тус цуцалж, орон сууцны урьдчилгаа төлсөн 45 000 ам.доллар буюу 119 205 000 төгрөг, гараашийн 8 000 ам.доллар буюу 21 192 000 төгрөг, орон сууцны захиалгын гэрээний алданги 59 602 500 төгрөг, гараашийн гэрээний алданги 10 596 000 төгрөг, нийт 210 595 500 төгрөгийг хариуцагч “у’’ ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ гэрээний харилцааг буруу тодорхойлж, хууль буруу хэрэглэсэн. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.4, 1.6, 2.3 заалтуудыг үндэслэл болгосон ба гэрээний 1.4-нь “Нэг талаас барилгын гүйцэтгэгч, нөгөө талаас барилгын захиалагч нар дараах нөхцөлүүдийг тохиролцож” гэж, гэрээний 1.6-д “орон сууцны барилгын ажил дуусах хугацаа 2011 оны 1 улирал” гэж зааснаас үзвэл нэг тал орон сууцыг захиалж, нөгөө тал барилгын ажил гүйцэтгэж, ажлын үр дүнг тодорхой хугацааны дараа хүлээлгэн өгөхөөр тохирсон агуулгатай байх тул ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн гучин нэгдүгээр бүлэг, 343-358 дугаар зүйл заалтуудад үндэслэж буюу хуулийн энэхүү зохицуулалтын хүрээнд шаардлагаа гаргасан.

Гэрээний нэмэлт хугацаа тогтоогдсон, энэ хугацаа дууссанаар гэрээ ёсоор тухайн гэрээ цуцлагдсан, байхад нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гэрээг цуцалж, төлсөн төлбөр алданги гэж шаардлага гаргасан нь үндэслэлгүй, гэрээ цуцлагдсан учраас тухайн үеэс талуудын хооронд үүрэг үүсч, энэ дагуу тэр үеийн ханшаар төлбөр төлөх ёстой.

Өөрөөр хэлбэл гэрээ 2012 оны 2 дугаар улирлын эхний сар буюу 2012 оны 4 дүгээр сарын 30-нд цуцлагдсан, үүнээс үүрэг үүсэх ба ийнхүү үүрэг үүсэх үеийн ханшаар тооцоход хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 72 346 060 төгрөг төлөхөөр байхад нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар шийдвэрлэх үндэслэлгүй болно.

Иймд гэрээ 2012 онд цуцлагдсан байх тул энэ дагуу нэмэлт гэрээнд заасан хугацаа цуцлагдсан үеэс үүрэг үүсч, үүрэг үүсэх үеийн ханшаар маргаан бүхий байдлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай ба нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцох үндэслэлгүй тул, мөн гэрээний харилцааг шүүх буруу тодорхойлж хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч П.Энэ хариуцагч “У” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар буюу гэрээний дагуу төлсөн төлбөрийг 45 000 ам.доллар буюу 119 205 000 төгрөг, гараашийн төлбөрт төлсөн 8 000 ам.доллар буюу 21 192 000 төгрөгийг алданги 70 198 500 төгрөгийн хамт гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

П.Энэ нь “У” ХХК-тай 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Орон сууцны барилгын захиалгын болон автомашины дулаан гараашийн захиалгын гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр “У” ХХК нь Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт Residence-55/2 байр 5 давхрын D хэсэгт 85.66 м.кв, 3 өрөө орон сууцыг 15 м.кв дулаан гараашийн хамт П.Энэд 2011 оны 1 дүгээр улиралд хүлээлгэн өгөх, П.Энэ нь орон сууцны үнэд 75 380 ам.доллар, гараашийн үнэд 8 000 ам.долларыг тус тус төлөх үүргийг хүлээж, П.Энэ нь орон сууцны урьдчилгаа төлбөрт 45 000 ам.доллар, гараашийн төлбөрт 8 000 ам.долларыг 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус тус төлсөн үйл баримтад талууд маргаагүй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

Өөрөөр хэлбэл, бэлэн болсон зураг төслийн дагуу баригдах орон сууц, гараашийг сонгож худалдан авахаар тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг илүү агуулсан байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь ажлын гүйцэтгэлийн явцад захиалагч хяналт тавих явдал юм. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгад барилга барих явцад хяналт тавих эрхийг Д.Эрдэнэд оноогоогүйгээс дүгнэвэл талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй байх тул гэрээний харилцааг буруу тодорхойлсон гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

“У” ХХК нь П.Энэд 2011 оны 1 дүгээр улиралд багтаан орон сууц болон гараашийг хүлээлгэн өгөх үүргийн хугацааг 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 13/1 тоот гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлцэлээр 2012 оны 2 дугаар улирлын эхний сард болгон өөрчилсөн талаар талууд маргаагүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

“У” ХХК орон сууцны барилгын ажлыг 2012 оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлсэн боловч газар эзэмших эрхийн маргаантай холбогдуулан орон сууцны барилгын ажил зогсож, орон сууц, гараашийг ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлсэн болох нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2016/0504 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 336 дугаар тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00245 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 943 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/01492 дугаар тогтоолоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн байхад анхан шатны шүүх гэрээний үүрэг биелүүлэхээс татгалзах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсгийг буруу тайлбарласан байгааг зөвтгөх боломжтой. Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь хүчин төгөлдөр гэрээний нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадаагүй бодит нөхцөл бий болсон тохиолдолд эсрэг тал нь өөрийн гүйцэтгэх үүргээ биелүүлэхээс татгалзах эрхийг хэрэгжүүлэх явдал юм. Энэ тохиолдолд гэрээ дуусгавар болох эрх зүйн үр дагавар үүсэхгүй байтал уг зохицуулалтаар гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь буруу юм.

 

Харин нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үүргийн зөрчилтэй холбоотой гарах хоёрдогч үүрэг болох хохирол шаардсан гэж буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны барилгын захиалгын гэрээ болон автомашины дулаан гараашийн захиалгын гэрээний 5.3-д гүйцэтгэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн шилжүүлсэн гараашийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэж тохиролцсон боловч гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад чиглэгдсэн арга болох анзыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй юм.

 

Нэхэмжлэгч гэрээ байгуулсан үеийн үүрэг бус гэрээнээс татгалзсан үеийн үүрэг шаардсан тул нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкнаас зарласан ханш болох 2 648.29 төгрөгөөр тооцно гэж Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийн зохицуулалтыг анхан шатны шүүх тайлбарлан хэрэглэсэн.

 

Иймд хариуцагч “У” ХХК-аас орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 45 000 ам.доллар, гараашийн төлбөрт төлсөн 8 000 ам.долларыг 2 648.29 төгрөгөөр тооцож нийт 140 359 370 төгрөгийг нэхэмжлэгч П.Энэд олгох нь зүйтэй. Иймд үүрэг үүсэх үеийн ханшийг буруу тооцсон гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/01866 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 249 дүгээр зүйлийн 249.1” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 186 дугаар зүйлийн 186.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498 062 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

       ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА