Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 01866

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П.Э/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Ц” ХХК/РД: /-д холбогдох,

 

210 595 500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Аваадорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тулга, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Энх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Аваадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Э миний бие 2010.04.06-ны өдөр “Ц” ХХК-тай Орон сууцны барилгын захиалгын гэрээг байгуулж, Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт Residence-55/2 байр 5 давхарын D хэсэгт 3 өрөө 85.66 м кв орон сууцыг 75380.8 ам доллараар худалдан авахаар харилцан тохиролцож Орон сууц захиалгын гэрээний 2.3.1 дэх хэсэгт заасны дагуу урьдчилгаа орон сууцны 60 хувь буюу 45.000 ам долларыг бэлнээр 2010.04.06-ны өдөр төлсөн болно.

Орон сууц захиалгын гэрээний 1.6 дахь хэсэгт заасны дагуу Орон сууцны барилгын ажил дуусах хугацаа 2011 оны 1-р улирал билээ. Гэвч уг орон сууц өнөөдөр баригдаагүй, зөвхөн 5 давхар карказыг босгосон байдалтай байна.

Миний бие гэрээний үүргээ биелүүлж орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн бөгөөд гүйцэтгэгч “Ц” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж хугацаандаа орон сууцаа барилгүй 8 жил хүлээлгэж захиалагчийг хохироосоор байна. 2011.10.05-ны өдөр нэмэлт гэрээг байгуулсан бөгөөд гэрээний 2.4-т 2012 оны 2-р улиралд орон сууцыг эхлүүлэх үүргийг хүлээсэн боловч мөн эхлээгүй болно. Тухайн үед компаний удирдлагуудтай 2014, 2017 оны үед уулзахад барилга түр маргаан үүсээд зоссон байгаа, удахгүй ашиглалтанд оруулна гэж хойшлуулсаар өнөөдрийг хүрлээ.

“Ц” ХХК-д удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч барилгын газрын талаар шүүх дээр маргаантай байгаа гэсэн шалтгааныг хэлдэг бөгөөд энэ нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байж болох шалтгаан биш бөгөөд тухайн компаний асуудал билээ.

Мөн утсаар байнга холбогдож орон сууц хүлээлгэж өгөхийг шаарддаг байсан бөгөөд сүүлдээ миний утасыг авахаа больсон болно.

Иргэний хуулийг 243 дугаар зүйлд заасны дагуу худалдагч буюу “Ц” ХХК нь гэрээнд заасан хугацаанд биет байдлын доголдолгүй хөрөнгө буюу орон сууцыг хүлээлгэх өгөх үүргээ үл биелүүлж намайг хохироосоор байна. Миний хувьд орон сууцыг ашиглалтанд оруулж гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч орон сууцыг удахгүй ашиглалтанд оруулна гэж итгэл хүлээлгэсээр өнөөдрийг хүрлээ.

Миний бие тухайн үед орон сууцны урьдчилгаа 45 000 ам.доллар, гаражийн 8 000 ам.доллар, нийт 53 000 ам.долларыг төлсөн тул энэ мөнгөө алдангийн хамт буцаан шаардах эрхтэй билээ.

Өнөөдөр 2019.05.27-ны өдрийн байдлаар долларын ханш Монгол төгрөгөөр 2 649 байна. Үүнийг 45 000 ам.доллараар үржүүлбэл 119 205 000 төгрөг болж байна. Миний бие долларыг өнөөдрийн ханшаар бодож шаардах эрхтэй. Учир нь “Ц” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж миний урьдчилгаа төлсөн 45 000 ам доллар, гаражийн 8 000 долларыг түгжиж өдийг хүргэсэн бөгөөд миний бие энэ мөнгийг банкинд хадгалаж байсан бол, эсхүл өөрт хадгалаж байсан бол долларын ханшын есөлтөөс шалтгаалж миний 53 000 доллар өнөөдөр 140 гаруй сая төгрөг болсон байна. Гэвч миний урьчдилгаа төлсөн 53 000 долларыг 8 жил гарангийн хугацаанд “Ц” ХХК нь авч ашигласан.

Мөн 2010.04.06-ны өдөр Орон сууцны автомашины дулаан гаражийн захиалгын гэрээг байгуулж Residence-55/2 байрны зоорийн давхарт 11 тоотод 15 мкв гаражийг захиалсан бөгөөд гэрээний дагуу 8 000 ам.долларыг бэлнээр 2010.04.06-ны өдөр төлсөн билээ. Гэвч өнөөдрийг хүртэл мөн гэрээний үүргээ үл биелүүлж гаражийг хүлээлгэн өгөөгүй болно. 8 000 ам.долларыг өнөөдрийн Монгол төгрөгний ханш 2 649 төгрөгөөр бодоход 8 мянган доллар 21 192 000 төгрөг болж байна.

Орон сууц захиалгын гэрээний 5.3 дахь хэсэгт гүйцэтгэгч гэрээний 1.6-д заасны дагуу хугацааг 3 сараас хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн шилжүүлсэн орон сууцны үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд төлөхөөр тохирсон болно.

Гэрээний 1.6-д орон сууцыг гүйцэтгэгч компани 2011 оны 1-р улиралд захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд өнөөдөр 2019.05 сарын байдлаар орон зууцыг хүлээлгэн өгөөгүй урьдчилгаа 45 мянган ам доллар буюу 119 сая төгрөгийг гүйцэтгэгч аваад 8 жилийн хугацаа болсон байна.

119 205 000 төгрөгийн 0.1 хувь нь 119 205 төгрөг бөгөөд үүнийг 2011 оны 1-р улирлаас өнөөдрийг хүртэл хоног тутамд бодохоор 1 жил 365 хоног, 8 жил нь 2920 хоног бөгөөд 2920 хоногийг 119 205 үржүүлэхэд 348 078 600 төгрөгийг алданги болсон байна. Гэвч Иргэний хуулийн 232.4. Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасны дагуу алданги гэрээний үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч шаардах боломжгүй тул 119 205 000 төгрөгний 50 хувь 59 602 500 төгрөг болж байна.Гаражийн төлбөр 21 192 000 төгрөг, үүний 0.1 хувь 21 192 төгрөг, 8 жил 2920 хоногт үржвэл 61 880 640 төгрөг болсон байна. Алданги нь үнийн дүнгээс 50 хувь хэтэрч болохгүй тул 21 192 000 төгрөгний 50 хувь нь 10 596 000 төгрөг болсон байна.

Миний бие гэрээний үүргээ биелүүлж орон сууцны урьдчилгаа төлбөр болон гаражийн төлбөрийн 100 хувь төлж үүргээ бүрэн биелүүлсэн байтал ийнхүү гүйцэтгэгч компани нь миний итгэлийн эвдэж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хугацаандаа барилга байгууламжаа барилгүйн улмаас миний бие хохирч байгаа тул төлсөн төлбөрөөсөө, мөн гэрээний дагуу ийнхүү хохирол болох алданги шаардах эрхтэй тул ийнхүү Монгол улсын Үндсэн хуульд заасан шүүхэд гомдол гаргах эрхээ эдэлж шүүхэд хандаж байна.

Иймд Иргэний хуулийн 106.1, 243.1, 254.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Орон сууц болон гаражийн гэрээг тус тус цуцалж, орон сууцны урьдчилгаа төлсөн 45 000 ам.доллар буюу 119 205 000 төгрөг, гаражийн 8.000 доллар буюу 21 192 000 төгрөг, орон сууц захиалгын гэрээний алданги 59 602 500 төгрөг, Авто гаражийн гэрээний алданги 10 596 000 төгрөг, нийт 210 595 500 төгрөгийг хариуцагч “Ц” ХХК-иас гаргуулж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч П.Эрдэнийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх гэрээг байгуулахдаа “Ц” ХХК нь барина, болно, чадна гэж зохих зөвшөөрлөө аваад барилгын ажилаа эхлүүлээд захиалагч нараас урьдчилгаа аваад өнөөдөр 5 давхар карказ боссон байна. Мэдээж уг компани нураахгүй нь тодорхой. Барилгыг нураа барьж болохгүй гэсэн шийдвэр нотлох баримтаар алга байна. Өмгөөлөгч удаа дараа асууж байна. Өнөөдөр Э гэдэг хүн ямар үүргээ зөрчсөн гэдэг баримт нотолгоо байхгүй байна. Харин ч энэ заргалдалгүйгээр барилгыг өнөөдрийг хүртэл хүлээсэн. Удаа дараа очсон манайхан барилгаа барина гээд. Би  сая анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь уншлаа. Нэхэмжлэгчээр бол хоёр компани гуравдагч этгээдээр “Ц” ХХК-ийг татсан байна. Энэ барилгын барилгыг барьснаараа жишээлбэл гал командын машин орох боломжгүй гэж байна. Үүнийг мэдсээр байж яагаад барилгыг барьж байгаа юм бэ? Яагаад иргэдээс байрны урьдчилгаа авч байгаа юм бэ? Уг үйлдэл нь 100% “Ц” ХХК-ний буруутай үйлдэл. Үүнийг иргэний хуулийн 222 дугаар зүйл дээр тодорхой зохицуулсан байна.” гэв.

 

Хариуцагч “Ц” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Пагва овогтой Ээгийн шүүхэд тус компанийг хариуцагчаар татаж гаргасан иргэний хэргийн нэхэмжлэлтэй танилцан дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Орон сууцны барилгын захиалгын гэрээг байгуулж, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг авсгэрт баригдах “Residence 55/2” байр 5 давхрын Д хэсэгт 3 өрөө 85.66 м.кв орон сууцыг 75 380.8 ам.доллароор худалдан авахаар харилцан тохиролцож, 60 хувь буюу 45 000 ам.долларыг тухайн өдөр төлсөн болно, барилгын ажил дуусах хугацаа 2011 оны 1-р улирал Боловч өнөөдөр баригдаагүй зөвхөн 5 давхар каркас босгосон байдалтай байна, 2011 оны 10 .лрын 05-нд нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 2.4-т 2012 оны 2-р улиралд орон сууцыг эхлүүлэх үүрэг хүлээсэн боловч мөн эхлээгүй, 2014 болон 2017 онд компанийн удирдлагуудтай уулзахад түр маргаан үүсээд зогссон байгаа удахгүй ашиглалтад оруулна гзж хойшлуулсаар өдий хүрлээ, өнөөдрийн байдлаар долларын ханш 2649 байна, үүнийг 45 000 доллароор үржүүлбэл 119 205 000 төгрөг, гаражийн 8 000 долларыг үржүүлбэл 21 192 000 төгрөг, алданги Иргэний хуулийн 232.4-т зааснаар 50 хувиас хэтрэхгүй тул орон сууцны 59 602 500 төгрөг, гаражийн 10 596 000 төгрөг нийт 210 595 500 төгрөгийг гаргуулж өгнө үү ” гэжээ.

Манай компани нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг давсгэрт бусдаас үл хөдлөх хөрөнгө, газрын хамт худалдан авч, ийнхүү авсан эзэмшил газар дээрээ барилгын зураг төсөл захиалан хийлгэж, “Residence 55/2” барилгын төслийг эхлүүлсэн байсан үедээ иргэн П.Ээтэй гэрээ байгуулсан.

Тухайн эзэмшил газартаа орон сууцны төсөл хэрэгжүүлэхдээ тодорхой хөрөнгө оруулалт хийсэн, барилгын суурь болон давхруудын карказ цутгалт хийгдсэн байхад барилгын ажлын явцад зэргэлдээ газар эзэмшигч нар маргаан үүсгэж, шүүхэд хандсанаар шүүхийн журмаар манай энэхүү барилгын үйл ажиллагааг зогсоосон ба хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа он удаан жил үргэлжилж ирсэн нь ийнхүү хөрөнгө оруулагч манай компани, улмаар захиалагч нар бид аль аль нь өөрсдөөс үл хамаарах асуудлаар ийнхүү хохироход хүргэсэн болно.

Энэ хугацаанд бодит нөхцөл байдлыг нэхэмжлэгч болон бид аль аль талаас ойлгож, асуудалд хүлээцтэй хандаж ирсэн ба хөрөнгө оруулалт ийнхүү зогсож, цаг хугацаа өнгөрөх тусам бодитой хохирол үүсч эхэлсэн тул аль болох шийдвэрлүүлэхийг манай компанийн зүгээс эрмэлзэж байсан бөгөөд компанийн аливаа санаатай хууль бус үйлдэл, хууран мэхэлсэн зэрэг буруутай үйл ажиллагаагаар захиалагч иргэдэд хохирол учруулсан зүйл байхгүй болохыг тодотгон тайлбарлах нь зүйтэй юм.

Захиалагч нар, тэр дундаа нэхэмжлэгч иргэн П.Э ч үүнийг бүрэн дүүрэн ойлгож байгаа тул бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь анхааран үзэж, үүсээд буй асуудал, нэхэмжлэлийн шаардлагыг зохих ёсоор, хуулийн дагуу шийдвэрлэж, шийдвэрлүүлэхийг нэхэмжлэгчээс, мөн шүүхээс хүсч байна.

Талуудын гэрээг байгуулах үеийн болон өнөөдрийн нөхцөл байдалд ам.долларын ханшийн ихээхэн зөрүү үүссэн нь гэрээний оролцогч талууд болох манай компани болон иргэн П.Э нарын хэн алины буруутай, хууль бус үйл ажиллагаанаас хамааралгүй, ийнхүү гэрээний үүрэг биелэгдээгүй нь маргаан бүхий асуудлаар шүүхийн журмаар тухайн барилгын ажлыг зогсоосон энэхүү Гэрээнд заагдсан давагдашгүй хүчин зүйлээс хамаарах нөхцөл байдал байгааг тус тус харгалзан, улмаар Төлбөр тооцоог үндэсний мөнгө тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль зөрчигдсөн гэрээг байгуулагдсаныг болон Иргэний хуульд зааснаар үүрэг гүйцэтгэхээс өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлөх талаарх хуулийн зохицуулалтын дагуу уг төлбөрийг хариуцан төлөх үүрэг хүлээхээр байгааг, мөн Нэхэмжлэгч гэрээгээ цуцлах, мөнгөө шаардах боломж зөвхөн өнөөдөр, одоо үүсээд байгаа бус гэдгийг тус тус харгалзан асуудлыг шийдвэрлүүлэх нь хуульд нийцэх юм гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад алдангийн хэмжээ хэт их байгааг хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүх эрх хэмжээний хүрээндээ шийдвэрлэн бууруулахыг хүсч, алдангийн хэмжээ хэтэрхий их бол шүүх бууруулж болохоор хуульд заасны дагуу шийдэж өгнө үү гэсэн хүсэлт, хариу тайлбарыг мөн шүүхэд үүгээр гаргаж байна.

Нэхэмжлэгч хариуцагч нарын хэн алины илт хууль бус буруутай үйл ажиллагаагаар нэгнээ шууд хохироосон үйл баримт үгүй тул энэхүү асуудлаар харилцан тохиролцох, эвлэрэн хэлэлцэх боломж байгаа тул ийнхүү хамтран ажиллахад татгалзах шалтгаангүйг нэхэмжлэгчид санал болгож байна.

Ийнхүү харилцан тохиролцох, эвлэрэх боломжгүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй, боломжгүй болохыг үүгээр хариу тайлбарыг гаргаж байна.” гэв.

 

          Хариуцагч “Ц” ХХК-ийн өмгөөлөгч Б.Бат-Энх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Мэдээж гэрээний үүргийн дүнд зөвшөөрөх ёстой гэж үзэж байх шиг байна. Гаргаж байгаа үндэслэлээрээ бол алданги, ханшийн хувьд зөвшөөрөхгүй гэдэг тайлбар өгсөн.  Эвлэрэн хэлэлцэх асуудлаар бол хариуцагчийн төлөөлөгчийн хувьд өмнө нь хариуцагч хэлсэн шүүхийн шийдвэрээр мөн нөгөө тал ярилцах байх гэж бодож байна. Хариуцагчийн хувьд ханш, алдангийг тооцохгүйгээр үүрэг үүсгэх үеийн ханш дээр ярьж байгаад түүн дээрээ тодорхой үнийн дүн дээр хэлэлцэхэд бэлэн байгаа. Нэмэлт тайлбар дээр тайлбараа нэмж хэлнэ.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Э хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан урьдчилгаа төлбөр 45 000/дөчин таван мянга/ ам.доллар буюу 119 205 000/нэг зуун арван есөн сая хоёр зуун таван мянга/ төгрөгийг, гаражийн төлбөр 8 000/найман мянга/ ам.доллар буюу 21 192 000/хорин нэгэн сая нэг зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг, алданги нийт 70 198 500/далан сая нэг зуун ерэн найман мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Ц” ХХК нь аль алины илт хууль бус буруутай үйл ажиллагаагаар нэгнээ шууд хохироосон үйл баримт үгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 13 дугаар “Орон сууцны барилгын захиалгын гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/ болон 10 дугаар “Орон сууцны автомашины дулаан гаражийн захиалгын гэрээ”/цаашид “Гаражийн гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээний болон Гаражийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 1-ийн 1.4, 1.6, 2-ын 2.3-т зааснаар хариуцагч нь 85.66/наян тав зууны жаран зургаа/ м.кв, 3/гурав/ өрөө, нийт 75 380.8/далан таван мянга гурван зуун наян ам.доллар найман цент/ ам.долларын үнэ бүхий орон сууцыг 2011 оны 1 дүгээр улиралд хүлээлгэн өгөх, Гаражийн гэрээний 1-ийн 1.3, 1.5-д зааснаар 15/арван тав/ м.кв, 8 000/найман мянга/ ам.долларын үнэ бүхий гаражийг 2011 оны 1 дүгээр улиралд хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч нь орон сууцны урьдчилгаа төлбөрт 45 000/дөчин таван мянга/ ам.долларыг Гэрээ байгуулсан өдөр, гаражийн төлбөрт 8 000/найман мянга/ ам.долларыг Гаражийн гэрээ байгуулсан өдөр төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь Гэрээний болон Гаражийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Хариуцагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь хариуцагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээсэн тус Гэрээ болон Гаражийн гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Гэрээний 2-ын 2.3, Гаражийн гэрээний 2-ын 2.1-т зааснаар нэхэмжлэгч нь орон сууны урьдчилгаа төлбөрт 45 000/дөчин таван мянга/ ам.доллар, гаражийн төлбөрт 8 000/найман мянга/ ам.доллар төлсөн болох нь 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Кассын орлогын ордер 10 болон Кассын орлогын ордер 11-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Гэрээ болон Гаражийн гэрээнд заасан хугацаанд орон сууц болон гаражийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байх ба зохигчид 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 13/1 дугаар Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулан хариуцагч нь орон сууцны барилгын ажлыг 2012 оны 2 дугаар улирлын эхний сард багтаан эхлэх үүрэг хүлээсэн болох нь Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбараар тогтоогдож байна.     

 

          Хариуцагч нь орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн боловч газар эзэмших эрхийн маргаантай холбогдуулан орон сууцны барилгын ажил зогсож, орон сууц, гаражийг ашиглалтад оруулаагүй байх ба хариуцагч нь Гэрээ болон Гаражийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон болох нь зохигчийн барилгын ажил зогссон гэх тайлбараар тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-т “Гэрээ ... гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно.” гэж заасан.

 

          Гэрээ болон Гаражийн гэрээнд заасан орон сууц болон гаражийг хүлээлгэн өгөх хугацаа өнгөрч 8/найм/ жил 9/ес/ сар болсон байх тул Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээ болон Гаражийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзан Гэрээ болон Гаражийн гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

          Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг Гэрээ болон Гаражийн гэрээнээс татагалзсан гэж үзнэ.

 

          Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж заасан.

 

          Нэхэмжлэгчид нийт 140 359 370/45000+8000=53000, 53000x2648.29=140359370/ /нэг зуун дөчин сая гурван зуун тавин есөн мянга гурван зуун дал/ төгрөгийн хохирол учирсан болох нь 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Кассын орлогын ордер 10 болон Кассын орлогын ордер 11-ийн хуулбараар тогтоогдож байна.

         

          Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас учирсан хохиролд нийт 140 359 370/нэг зуун дөчин сая гурван зуун тавин есөн мянга гурван зуун дал/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

          Хариуцагчийн өмгөөлөгч нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар төгрөгийн ханшийг тооцох ёстой гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нь Гэрээ болон Гаражийн гэрээнээс татгалзаж байх тул мөнгөний ханшийг үүрэг үүсэх үеийн ханшаар тооцох үндэслэлгүй байна.

 

          Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид нийт 70 198 500/59602500+10596000=70198500/ /далан сая нэг зуун ерэн найман мянга таван зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлжээ.

 

          Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээ болон Гаражийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж байх тул хариуцагчаас алданги гаргуулах үндэслэлгүй байна.

 

          Нэхэмжлэгч нь хариуцагчаас 37 630/гучин долоон мянга зургаан зуун гуч/ төгрөгийг хууль зүйн үндэслэлгүй нэхэмжилжээ.

          Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 140 359 370/нэг зуун дөчин сая гурван зуун тавин есөн мянга гурван зуун дал/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Эд олгож, үлдсэн 70 236 130/210595500-140359370=70236130/ /далан сая хоёр зуун гучин зургаан мянга нэг зуун гуч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ц” ХХК-иас нийт 140 359 370/нэг зуун дөчин сая гурван зуун тавин есөн мянга гурван зуун дал/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Эд олгож, үлдсэн 70 236 130/далан сая хоёр зуун гучин зургаан мянга нэг зуун гуч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ц” ХХК-иас нийт 140 359 370/нэг зуун дөчин сая гурван зуун тавин есөн мянга гурван зуун дал/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Эд олгож, үлдсэн 70 236 130/далан сая хоёр зуун гучин зургаан мянга нэг зуун гуч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч П.Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 211 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ц” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 859 746 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Эд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ