Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2078

 

“Г” ХЗХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2019/02196 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Г” ХЗХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө.Бт холбогдох,

 

Гэрээний үүрэгт 8 854 400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баярмаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Түвшинтөгс,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хоршоо нь 2004 оноос эхлэн хууль дүрмийн дагуу хадгаламж зээлийн үйл ажиллагаа явуулж байна. Хоршооны гишүүн Ө.Б 3 жилийн хугацаатай итгэмжлэлийн үндсэн дээр 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ЗГ-2018/09 тоот зээлийн гэрээ болон БИГ-2018/09 тоот баталгаат ипотекийн гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын 83-р гудамжны 1197 Д тоот хаягт байршилтай 700 м.кв талбай бүхий газрыг барьцаалан 6 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлсэн.

Уг зээлийн болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, Чингэлтэй дүүргийн газрын албанд бүртгүүлснээр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Ө.Б зээл авснаас хойш эхний 4 сард төлбөрөө графикийн дагуу хийсэн боловч түүнээс хойш төлөлт хийгээгүй. Иймд Ө.Баас үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 3 270 000 төгрөг /2018 оны 06 дугаар сарын 05-наас 2019 оны 08 дугаар сарын 20-ныг дуустал 14 сар 16 хоногийн хүү/, нэмэгдүүлсэн хүү 564 000 төгрөг /2018 оны 08 дугаар сарын 05-наас 2019 оны 08 дугаар сарын 20-ныг дуустал 12 сар 16 хоног/, нэмэгдэл зардал 20 400 төгрөг /нотариатын хураамжид төлсөн /, нийт 8 854 400 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Б нь өөрийн эхнэрийн өмчлөлийн газрыг барьцаалан 5 000 000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 6 сарын хугацаатай сарын 4.5 хувийн хүүтэй зээлсэн ба 1 сарын хүү болох 225 000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цаг хугацаанд нь төлж байсан.

Үүнээс хойш ажилгүй болоод хүүгээ төлж чадахгүй болсон. 2018 оны 7 дугаар сард барьцаанд байгаа газрыг хашааны хамт 8 500 000 төгрөгөөр зарахаар болсон, зээлээ төлөөд зөрүү мөнгийг би авна гэж хадгаламж зээлийн хоршоонд хэлэхэд “одоо таны хашаа газар биш болсон заруулахгүй, хашаанд ямар нэг зүйл өөрчилсөн байвал тантай хариуцлага тооцно шүү” гэж хэлсэн. Хашаа газраа зарж борлуулахыг зөвшөөрч байна гэсэн бичгийг 2018 оны 7 дугаар сард өөрсдөө ирж бичүүлж аваад явсан ба зээлийг барьцааны зүйлээр хаасан гэж бодож байсан.

Гэтэл 2019 оны 8 дугаар сард хадгаламж зээлийн хоршооноос утсаар ярьж “таны энэ газар хашаа чинь зарагдахгүй байна, та зээлээ төл, шүүхэд өгнө гэсэн” бөгөөд тухайн үед “хүн авах гэж байхад заруулахгүй, одоо надад хамаагүй” гэж хэлсэн атлаа одоо яагаад бараг жилийн дараа ингэж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэр үед хашаа, газар хамгийн багадаа 8 500 000 төгрөгөөр зарагдаж зээлээ төлөөд Ө.Бт 3 000 000 төгрөг үлдэх байхад газрыг заруулахгүй хугацаа алдаж хохироосон үйлдэл хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн  227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ө.Баас зээлийн гэрээний үүрэгт нийт 6 640 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХЗХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 213 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн  175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ө.Бт холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 83 гудамж 1197 тоот, Үйлдвэр /17042/, Шаравын гудамж, 43 дугаар байрны 95 тоот, 700 м.квадрат га талбайтай, 000697169 тоот гэрчилгээний дугаартай хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгч “Г” ХЗХ-ны нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2 213 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Талууд зээлийн гэрээний 2.5-д зээлдэгч гэрээний эргэн төлөх графикт заасан хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.2-д заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, 2.1.2-д заасан үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөхөөр талууд тохиролцов” гэж заасан. Мөн Иргэний хуулийн болоод Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд “үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх” талаар заасан. Иймд зээлдэгч нь гэрээгээр хүлээх үүргээ бүрэн биелүүлэх хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй.

Зээлдэгч Ө.Б нь хоршоонд сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсэж, өөрийн хувь хөрөнгийг оруулсан хоршооны гишүүн хүн. Энэ утгаараа хоршооны жилийн цэвэр орлогоос ноогдол ашиг авах эрхтэй байдаг нь банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан зээлдэгчээс ялгаатай. Хоршооны зүгээс зээлээ төлөхийг байнга шаардаж байсан.

Ө.Б хоршоонд 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “... Зээлж авсан мөнгийг хүү алдангийн хамт бүрэн төлж барагдуулна. Миний амьдралын байдлыг харгалзан уян хатан хандаж буй хамт олондоо талархаж байгаа бөгөөд хүлцэл өчиж байна ...ямар ч тохиолдолд хохиролгүй болгоно гэж" баталгаа гаргасныг шүүх огт дүгнээгүй.

Мөн анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх “С.Энхтунгалаг нь газар эзэмших эрхийг барьцаалах эрхийг Ө.Бт 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр итгэмжлэлээр олгосон боловч барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбоотой маргаанд оролцох шүүхэд төлөөлөх эрх олгоогүй байна” гэж дүгнэн, хэрэгсэхгүй болгосон.

Гэтэл нэхэмжлэлд Чингэлтэй дүүрэг, 16-р хороо, Согоотын 83-1197Д тоотод байрлах 700 м.кв талбай бүхий иргэний ахуйн зориулалттай газар эзэмших эрхийг зээлийн барьцаанд тавих, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, гэрээ байгуулах, гэрээг нотариатаар гэрчлүүлэх, гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, хүлээн авах, лавлагаа авах, үүнд холбогдох үйлдэлд төлөөлж гарын үсэг зурах, зэрэг бүрэн эрх буюу үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх олгосон.

Уг итгэмжлэлийн дагуу барьцааны гэрээ байгуулж, Газрын албанд бүртгүүлсэн. Хуулийн хүчин төгөлдөр барьцааны гэрээ болон хариуцагч өөрөө барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гэж мэдүүлж байхад шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Г” ХЗХ нь хариуцагч Ө.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 854 400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Ө.Б нь “Г” ХЗХ-оос 5 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 4,5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон талаар талууд маргаагүй байна. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

Хариуцагч Ө.Б нь дээрх зээлийн гэрээний 3.1.2-д зааснаар зээлийг тогтоосон хуваарийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлж төлөх үүрэг хүлээсэн байх боловч уг үүргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зөрчсөн байна. /хх21/

 

Иймд зээлдэгч гэрээний төлбөрийг төлөх үүргийг зөрчсөн тул зээлдүүлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй. Тэрээр ийнхүү гэрээг цуцлахдаа Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан тул нэмэлт хугацааг тогтоох шаардлагагүй юм.

 

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “зээл, хүүгийн тооцоо” гэх баримтаас үзвэл зээлдэгч 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс хойш огт төлбөр төлөөгүй үүргийн зөрчил гаргасан байхад 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл гэрээг цуцлаагүй, 14 сар гаруй хугацааны дараа нэхэмжлэл гаргасныг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4 дэх хэсэгт заасан “эрх бүхий этгээд гэрээ цуцлах үндэслэл байгааг мэдснээс хойш ердийн боломжит хугацааны дотор гэрээнээс татгалзаж болно” гэснийг зөрчсөн гэж дүгнэхээр байна. Гэрээг цуцлах эрхийг үнэнч шударгаар хэрэгжүүлээгүйгээс гэрээний эсрэг талд хүү төлөх үүргийн хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэх агуулгаар анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлээс 8 сар 16 хоногийн хүү, нэмэгдүүлсэн хүүд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Ө.Баас үндсэн зээл 5 000 000 төгрөг, 6 сарын хүү 1 350 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 270 000 төгрөг, нотариатын зардал 20 400 төгрөгийн хамт, нийт 6 640 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХЗХ-д олгосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

“Г” ХЗХ-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баталгаат ипотекийн гэрээ байгуулагдсан ба барьцааны зүйл нь Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын 83-р гудамжны 1197 Д тоот хаягт байршилтай 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрх байх бөгөөд уг эрхийг С.Энхтунгалаг эзэмшиж байна. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр С.Энхтунгалагаас Ө.Бт олгосон итгэмжлэлийг үндэслэн барьцаалуулагчийг төлөөлж Ө.Б гарын үсэг зуржээ.

 

Иймд барьцааны гэрээний талууд “Г” ХЗХ болон С.Энхтунгалаг нар бөгөөд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гэрээний тал болох С.Энхтунгалагад холбогдуулаж гаргах учиртай. Иймээс анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2019/02196 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 367 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                              Э.ЗОЛЗАЯА