Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/00265

 

2019 оны 02 сарын 01 өдөр

 

 

 

 

 

 

 

 

Дугаар 183/ШШ2019/00265

          

 

 

 

 

 

 

 

           Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...од байрлах Г /РД:2359243/-ны  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...хаягт бүртгэлтэй, ...од оршин суух Дархчууд овогт Амгалангийн Б  /РД:.../-т холбогдох,

 

Гэрээний үүрэгт 8 854 400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай хоршоо нь 2004 оноос эхлэн хууль дүрмийн дагуу хадгаламж зээлийн үйл ажиллагаа явуулж байна. Хоршооны гишүүн А.Б нь 2018 оны 02 сарын 02-ны өдөр ЗГ-2018/09 тоот зээлийн гэрээ болон БИГ-2018/09 тоот Баталгаат ипотекийн гэрээ байгуулан, 5 000 000 төгрөгийн зээлийг ... хаягт байршилтай 700 м.кв талбайтай Иргэний ахуйн зориулалттай газрыг барьцаалан /3 жилийн хугацаатай 143 тоот дугаар бүхий итгэмжлэлээр/ 6 сарын хугацаатай, сарын 4.5%-ийн хүүтэйгээр ахуйн зориулалтаар авсан. Уг зээлийн болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, Чингэлтэй дүүргийн газрын албанд бүртгүүлснээр хуулийн хүчин төгөлдөр болсон.

А.Б нь Солонгос улсын виз гаргуулахад байршуулах зорилгоор зээл авч, зээлийн хүүг сар сард нь графикийн дагуу тогтмол төлөөд, зээлийг хугацаандаа төлж дуусгахаар гэрээ байгуулсан.

А.Б зээл авсны дараах эхний 4 сард хүүний төлбөрөө графикийн дагуу хийсэн боловч түүнээс хойш элдэв шалтаг шалтгаан тоочиж, зээл болон зээлийн хүүг төлөлгүй байнга шаардуулж, гуйлгаж өнөөг хүрээд байна. Хоршооны зүгээс А.Бын зээл, зээлийн хүүг төлүүлэхээр зээлийн ажилтан болон өр барагдуулах ажилтан байнга утсаар ярих, түүнтэй удаа дараалан очиж уулзах, шаардах хуудас өгөх зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллахын зэрэгцээ, тэдний амьдрал, ахуй байдлыг харгалзан үзэж хүлээцтэй хандаж ирсэн. А.Б нь дээрх шаардлагуудыг хүлээн авч, зээл болон зээлийн хүүгээ төлж дуусгах талаар амаар болон бичгээр амлалт өгч байсан боловч амлалтууд болон гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангаж чадахгүй, зээлийн гэрээний хугацаа дуусч, улмаар зээлийн хүүний төлбөр ихээр хуримтлагдаж, нийт төлөх төлбөрийн хэмжээ өдөр өдрөөр нэмэгдэж байгаа тул дор дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.    Үндсэн зээл 5 000 000 төгрөг

2.    Зээлийн хүү 3 270 000 төгрөг /2018.06.05-наас 2019.08.20-ныг дуустал 14 сар 16 хоногийн хүү/

3.    Нэмэгдүүлсэн хүү 564 000 төгрөг /2018.08.05-наас 2019.08.20-ныг дуустал 12 сар 16 хоног/

4.    Нэмэгдэл зардал 20 400 төгрөг /Нотариатын хураамжид төлсөн /

Нийт төлбөр 8 854 400 төгрөг гаргуулж өгнө үү.

Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Тус шүүхээс нэхэмжлэгч “Г” ХЗХ-оос иргэн А.Баас 8 850 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гардан аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. А.Б би өөрийн эхнэрийн нэр дээрх хашааны газрыг барьцаалан 5 сая төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 6 сарын хугацаатай сарын 4.5%-ийн хүүтэйгээр зээлэн авсан. Зээлийн нэг сарын хүү болох 225 000 төгрөгийг 2019 оны 6 сарын 02-ны өдөр хүртэл цаг хугацаанд нь төлсөн. Үүнээс хойш ажилгүй болоод хүүгээ төлж чадахгүй болсон. 2018 оны 7 сард би барьцаанд байгаа газрыг хашааны хамт 8 500 000 төгрөгөөр хүн авъя гэж байна танайд зээлээ төлөөд зөрүү мөнгийг би авъя гэж ХЗХ-ны нэг залуу яриад байдаг түүнд хэлтэл тэр залуу “одоо таны хашаа газар биш болсон таниар заруулахгүй бид өөрсдөө мэднэ харин та хашаанд ямар нэг зүйл өөрчилсөн байвал тантай хариуцлага ярина шүү” гэсэн. Хашаа газраа зарж борлуулахыг зөвшөөрч байна гэсэн бичгийг 2018 оны 7 сард надаар нисэхэд ирээд бичүүлж аваад явсан.

Би үүнээс хойш хашаа газар дээрээ ч очоогүй ба зээлийг барьцааны зүйлээр хаасан гэсэн. Гэтэл энэ оны 8 сард нөгөө залуу надруу утсаар яриад “таны энэ газар хашаа чинь зарагдахгүй юм байна. Бид нар харин одоо мөнгөө авмаар байна шүүхэд өгнө гэсэн” харин би “чи хүн авах гэж байхад надаар заруулахгүй надад хамаагүй гэж хэлсэн атлаа одоо яагаад бараг жилийн дараа ингэж байгаа юм бэ” гэж хэлсэн. Ингээд шүүхэд өгсөн байна.  Зээл өгсөн хоршоо 2018 оны 7 сард хүү бүх зүйлээ зогсоогоод миний газрыг хашааны хамт үнэд нь тооцож авсан. Тэр үед хашаа, газар хамгийн багадаа 8 500 000 төгрөгөөр зарагдаад ХЗХ авсан зээлээ төлөөд цаана надад 3 000 000 төгрөг үлдэх ёстой байхад харин ч намайг хохироосон үйлдэл хийсэн.

      2018 оны 7 сард бэлэн мөнгөөр авах хүн байхад өгөөгүйгээр барахгүй өөрсдөө хураан аваад зээлээ хаалаа гэсэн атлаа жилийн дараа дахин 14 сарын хүү 3 270 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 564 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

            Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г нь зээлийн гэрээний үүрэгт 8 854 400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар хариуцагч А.Баас шаардаж байна.

            Хариуцагч А.Б “... 2018 оны 7 сард хүү бүх зүйлээ зогсоогоод миний газрыг хашааны хамт үнэд нь тооцож авсан”  тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй  гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Хэрэгт авагдсан баримтаар, зохигч 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ЗГ-2018/09 дугаар “Зээлийн гэрээ” байгуулж 5 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 4,5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, мөн өдрөө №БИГ-2018/09 дугаар “Баталгаат ипотекийн гэрээ” байгуулан Нийслэлийн ..., ..., 700 м.квадрат га талбайтай, 000697169 тоот гэрчилгээний дугаартай, эзэмших эрхтэй газрыг барьцаанд бариулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг тус тус хангасан ба зээлдүүлэгч нь гэрээний зүйл болсон 5 000 000 төгрөгийг авсан болох нь хариуцагчийн тайлбар, бэлэн мөнгөний зарлагын баримтаар  тогтоогдож  байх тул тэдгээрийн хооронд энэ төрлийн гэрээ байгуулагдаж, зээлийн харилцаа үүссэн байна./х.х-12-17,26 тал/

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар  зүйлийн 2.1.1-т зээлийн гэрээний хугацаа 6 сар байх ба зээлийн гэрээний  үүрэг гүйцэтгэх хугацаа 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр дууссан учраас хариуцагч төлбөр төлөх үүргээ зөрчсөн байна. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д  “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул хариуцагч А.Б зээлийн гэрээний дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

 

Гэхдээ нэхэмжлэгч нь 14 сар 16 хоногийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй бөгөөд шүүхэд 14 сар 16 хоногийн хүүг бүхэлд нь шаардсан нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэдэг хуулийн этгээд бөгөөд  хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байвал Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д  заасан хуулийн зохицуулалт үйлчлэх нь шударга ёсонд нийцнэ. Тэрнээс уг хуулийн дагуу шүүхэд хандах хүртэл бүх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү авна гэж шууд ойлгох нь өрөөсгөл бөгөөд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр бизнес эрхэлж байгаа хуулийн этгээд хариуцагчийн эдийн засгийн байдлыг дордуулж байгаа нь  иргэний хуульд заасан ... ор олцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөөний зарчимд үл нийцэж байна.

 

Иймээс шүүх гэрээний дагуу төлөх 2 сарын хүү, шүүхэд 4 сарын дотор нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой гэж үзэж нийт 6 сарын  хүү 1 350 000 /225 000 х 6 сар/, нэмэгдүүлсэн хүү 270 000 төгрөг, үндсэн зээл 5 000 000 төгрөг зээлийн гэрээний үүрэгт 6 620 000 төгрөг, нотариатын зардал 20 400 төгрөг нийт 6 640 400 төгрөгийг хариуцагчээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 сар 16 хоногийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2 213 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баталгаат ипотекийн гэрээ байгуулсан бөгөөд барьцаанд байршуулсан барьцааны зүйл нь Самбуу-Ёндон овогтой Эийн эзэмшлийн газар болох нь газрын гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. /х.х-ийн 16 хуудас/

 

Нэхэмжлэгч нь С.Эаас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч А.Бт олгосон итгэмжлэлийг үндэслэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцагч А.Бт холбогдуулан гаргасан нь хуульд нийцээгүй байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д зааснаар барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүсдэг байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2., 9.4.-т зааснаар барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй бөгөөд 2018.02.02-ны өдрийн итгэмжлэлийг үндэслэн С.Э барьцаалах эрхийг А.Бт итгэмжлэлээр олгосон хуульд нийцнэ. Харин 2018.02.02-ны өдрийн итгэмжлэлд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахдаа холбоотой маргаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрхийг олгоогүй тул хариуцагч А.Бт холбогдуулан ..., ..., 700 м.квадрат га талбайтай, 000697169 тоот гэрчилгээний дугаартай, С.Эийн эзэмшлийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Харин С.Эт холбогдуулан дээрх барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргахад уг шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн  227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч А.Баас зээлийн гэрээний үүрэгт нийт 6 640 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г-д олгож,   нэхэмжлэлийн шаардлагаас 2 213 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн  175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч А.Бт холбогдуулан ..., ..., 700 м.квадрат га талбайтай, 000697169 тоот гэрчилгээний дугаартай хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгч Г-ны нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Баас 121 190 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

     ШҮҮГЧ                              Ц.О