Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2127

 

Г.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг, даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02229 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Мын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Ад холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс эд хөрөнгө чөлөөлүүлэх, бичиг баримт гаргуулах нэхэмжлэлтэй,

Түрээсийн дутуу төлбөр 2 600 000 төгрөгийг, СӨХ-ны зардал 423 000 төгрөгийн хамт, нийт 3 023 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.М,

Хариуцагч: Х.А

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Энхцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Г.М 2014 оны 08 дугаар сараас Баянгол дүүргийн 13 дугаар хороо 9-29 тоот 29м.кв 2 өрөө байрыг 2017 оны 07 дугаар сар хүртэл түрээсэлж, түрээсийн төлбөрт 19 180 000 төгрөг төлсөн. Г.М нь ажил дээрээ үйлдвэрлэлийн осолд өртөж группд орсон, гэр бүлийн хүн И.Дашнямын бие өвдөж, хэвтэрт орсноор 4 сарын мөнгө төлж чадаагүй. Ингээд нөхөн олговор орохоор төлбөрийг өгье гэж гуйсан боловч Н.Уянга нь нэг эмэгтэйн хамт 2017 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө хэл амаар доромжлон, хаалганы гол сольж, байрнаас хөөж гаргасан. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч ямар ч арга хэмжээ аваагүй хариу мэдэгдэх хуудсыг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн болно.

Х.Арьяабал руу ярихаар утсаа авдаггүй, эхнэр нь хэл амаар доромжилдог, бичиг баримт, эд хөрөнгөө авах гэхээр түрээсэлж байгаа эмэгтэй нь хаана байгааг мэдэхгүй ачаад явсан гэж хэлдэг. Хөдөлмөрийн дэвтэр, бичиг баримтаа авч чадаагүйн улмаас тэтгэмжээ авч чадахгүй, тэтгэвэр тогтоолгоход хүндрэлтэй байна. Эдгээр эд зүйлс нь манай гэр бүлийн хэрэгцээний зүйл учраас мөнгөөр үнэлэх боломжгүй.

Түрээсийн төлбөр дутуу байсан нь үнэн боловч, талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ бичгээр хийгдээгүй, нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Х.Аын хууль бус эзэмшлээс хөдөлмөрийн дэвтэр, төрсний гэрчилгээ болон нөхрийн эрдмийн ажлын гар бичвэрүүд болон бусад бичиг баримт, нийт жагсаалтад дурдсан 76 төрлийн эд хөрөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Х.А 2014 оны дундуур орон сууц хөлслүүлнэ гэсэн зар өгсөн ба Г.М нь зарын дагуу 2014 оны 7 дугаар сард ирж уулзаад 2014 оны 8 дугаар сард хөлслөхөөр тохиролцсон. Төлбөрийг 1 сарын 650 000 төгрөгөөр 3 сараар нь төлөхөөр тохиролцож төлбөрөө төлж эхэлсэн ба орон сууцыг 3 жил гарангийн хугацаанд тогтвортой хөлсөлсөн.

Ингээд 2017 оны 04 дүгээр сараас эхлэн төлбөрөө төлөөгүй ба шалтгаанаа хэлэхдээ манай нөхөр хувийн сургуультай, бид сургуулиа зарах болж байгаа, сургуулиа зараад төлбөрийг асуудалгүй төлнө гэж хэлэхэд нь итгээд хүлээсэн. Н.Уянга нь хэд хэдэн удаа төлбөрөө төлөхийг шаардаж байсан нь үнэн боловч өвлийн хүйтэнд хөөж гаргасан асуудал байхгүй. Харин төлбөрөө төлөхгүй бол байр суллаж өгөхийг мэдэгдэж байсан.

Гэтэл 2017 оны 11 дүгээр сард хамаг юмаа ачаад хаалга түгжээд явсан байсан. Тухайн үед нь бид хорооны цагдаад мэдэгдэж цагдаагаар утас руу нь залгуулахад утсаа авахгүй байсан. Ингээд бид цоожоо эвдээд дахин шинээр гол солиулж хийлгэсэн ба түрээсэлж байсан байранд ямар ч эд хогшил үлдээгээгүй, бичиг баримтыг аваагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түрээсийн дутуу төлбөрт 2 600 000 төгрөг, СӨХ-ны төлбөр 423 000 төгрөг, нийт 3 023 000 төгрөгийг Г.Маас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мын хариуцагч Х.Аын хууль бус эзэмшлээс бичиг баримт, эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Х.Аын түрээсийн төлбөрт нэхэмжлэгч Г.Маас 3 023 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагч Х.Ааас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 318 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Г.М нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр X. Арьяабалын орон сууцыг хөлслөх явцад төлбөр төлөөгүй гэх маргаанаас үүдэн түүний хууль бус эзэмшлээс бичиг баримт, эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Тус нэхэмжлэлд 2014 оны 08 дугаар сараас 2017 оны 07 дугаар сар хүртэл хариуцагчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 13-р хороо, 9-29 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг түрээсэлж, 19 100 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн тухай дурдсан юм.

2017 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө хариуцагчийн эхнэр Н.Уянга нь найз эмэгтэйн хамт орж ирэн хаалганы гол сольж, түрээсийн байрнаас хөөн гаргасан. Энэ нь тухайн үед дуудлагаар ирсэн Цагдаагийн албан хаагч, мөн орцны жижүүр, н.Номин нар гэрчлэх юм. Бид тухайн байрнаас хөөгдөн гарсан тул бичиг баримт, эд хогшлоо үлдээсэн гэдгийг өөр байдлаар нотлох боломжгүй. Би шүүхэд гэрч нарыг асуулгах тухай хүсэлтийг гаргасан боловч дээрх хүсэлтийг хангасан, хангаагүй эсэх талаар шийдвэрлэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргийг ноцтой зөрчсөн юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Х.Ад холбогдуулан хууль бус эзэмшлээс эд хөрөнгө, бичиг баримт гаргуулах, нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн дутуу төлбөрт 2 600 000 төгрөгийг СӨХ-ны зардал 423 000 төгрөгийн хамт нийт 3 023 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Х.Аын өмчлөлийн, Баянгол дүүргийн 13 дугаар хороо 9-29 тоот орон сууцыг 2014 оны 08 сараас 2017 оны 11 сарыг хүртэл хөлсөлсөн, 3 жил гаруй хугацаанд эзэмшилдээ байлгасан талаар талууд маргаагүй.

 

Маргааны зүйл нь хөлсөлж байсан орон сууцанд нэхэмжлэгчийн эд хөрөнгө үлдсэн эсэх талаар байна.

 

Нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны дээр нэхэмжлэлийн шаардлагаа 19 180 000 төгрөгөөр нэмэгдүүлж, гэрч асуулгах хүсэлт гаргасан ба энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

 

Гэтэл анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2019/12039 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Г.Мын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжтой боловч гэрч асуулгах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02229 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 318 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                          

                               ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                     Э.ЗОЛЗАЯА