Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2019/02229

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2019/02229

                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М /РД:/-ийн нэхэмжлэлтэй  

 

Хариуцагч:  А /РД:/-д холбогдох

 

            Х.Аын хууль бус эзэмшлээс бичиг баримт, эд хөрөнгө гаргуулах тухай үндсэн,

Түрээсийн дутуу төлбөрт 2 600 000 төгрөг, СӨХ-ны зардал 423 000 төгрөг, нийт 3 023 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батболд, хариуцагч Х.А, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэгч Г.М, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.М миний бие 2014 оны 8 дугаар сараас БГД-ийн 13 дугаар хороо 9-29 тоот 29м.кв 2 өрөө байрыг 2017 оны 7 сар хүртэл түрээсийн төлбөрт 19 180 000 төгрөг төлсөн. Ингээд М бие ажил дээрээ үйлдвэрлэлийн осолд өртөж группд орсон. Гэр бүлийн хүн Ишийн Дашням хэвтэрт ороод 4 сарын мөнгөө төлж чадаагүй. БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй нөхөн олговроо орохоор өгье гэж гуйсан боловч эхнэр болох Н.Уянга нэг эмэгтэйн хамт 2017 оны 11 дүгээр сарын 7-ны шөнө хэл амаар доромжлон хаалганы гол сольж байрнаас хөөж гаргасан. Ингээд өвлийн  хүйтэнд өмссөн хувцастайгаа хөөгдсөн. 2018 оны 02 дугаар сарын 5-нд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч ямар ч арга хэмжээ аваагүй хариу мэдэгдэх хуудсыг 2018 оны 4 дүгээр сарын 30-нд өгсөн болно. Арьяабал руу ярихаар утсаа блоклчихоод авдаггүй. Эхнэр нь хэл амаар доромжилдог байсан. Бичиг баримт, эд хөрөнгөө хаана байгааг мэдэхгүй ачаад явсан гэж одоо түрээсэлж байгаа эмэгтэй хэлсэн. Хөдөлмөрийн дэвтэр, бичиг баримтаа авч чадаагүйн улмаас тэтгэмжээ авч чадахгүй, тэтгэврээ тогтоолгоход хүндрэлтэй болж байна. Иймд иргэн Х.Аын хууль бус эзэмшлээс хөдөлмөрийн дэвтэр, төрсний гэрчилгээ болон нөхрийн эрдмийн ажлын гар бичвэрүүд болон бусад бичиг баримт, нийт жагсаалтад дурдсан 76 төрлийн эд хөрөнгийг гаргуулж өгнө үү. Эдгээр эд зүйлс нь манай гэр бүлийн хэрэгцээний зүйл учраас мөнгөөр үнэлэх боломжгүй юм гэв.

 

Хариуцагч Х.А болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2014 оны дундуур орон сууц хөлслүүлнэ гэсэн зар өгсөн ба нэхэмжлэл гаргасан Г.М нь зарын дагуу 2014 оны 7 сард ирж уулзаад 2014 оны 8 сард хөлслөхөөр тохиролцсон. Төлбөрийг 1 сарын 650.000 төгрөгөөр 3 сараар нь төлөхөөр тохиролцож төлбөрөө төлж эхэлсэн. Нийт манай байрыг 3 жил гарангийн хугацаанд тогтвортой хөлсөлсөн. Ингээд 2017 оны 04 сараас эхлэн төлбөрөө төлөөгүй ба шалтгаанаа хэлэхдээ манай нөхөр хувийн сургуультай юмаа бид сургуулиа зарах болж байгаа тул сургуулиа зараад танай төлбөрийг асуудалгүй төлнө гэж хэлэхэд нь итгээд ямар ч асуудал гаргалгүй хүлээсэн. Учир нь нэхэмжлэгч М гуайн хувьд урьд нь ч төлбөрөө хожимдуулсан ч нөхөөд төлдөг байсан болохоор төлөх төлөхгүй зугтаана гэж бодоогүй. Манай эхнэр Уянга нь хэд хэдэн удаа төлбөрөө төлөхийг шаардаж байсан нь үнэн. Гэхдээ арай ч хөхөө өвлийн хүйтэнд хөөж гаргасан асуудал байхгүй. Харин төлбөрөө төлөхгүй бол байр суллаж өгөхийг мэдэгдсэн байсан. Гэтэл 2017 оны 11 сарын хэдний өдрийг нь санахгүй байна хамаг юмаа ачаад хаалга түгжээд явсан байсан. Тухайн үед нь бид хорооны цагдаад мэдэгдэж цагдаагаар утас руу нь залгуулахад утсаа авахгүй байсан. Түүнээс хойш М гуайн утас руу өөрийнхөө дугаараас удаа дараа залгасан боловч утсаа авахгүй байсан. Ингээд бид цоожоо эвдээд дахин шинээр гол солиулж хийлгэсэн. Хэл сураггүй явахдаа манай байранд ямар ч эд хогшил үлдээгээгүй байсан. Би М гуайн нэг ч бичиг баримтыг авсан зүйл байхгүй. Ямар учраас надаас бичиг баримт эд хөрөнгө нэхэмжилээд байгааг ойлгохгүй байна. Иймд Г.Мын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анх 2014 оны 8 сараас зар өгч орон сууц хөлслүүлэх болоход Г.М гуай ирж манай байрыг сарын 650 000 төгрөгөөр түрээслэн суусан. Ингээд 2017 оны 7 сараас түрээсийн төлбөрөө төлөхгүй байсаар 11 сар хүргэсэн бөгөөд мөнгөө өгөлгүй хамаг юмаа ачаад байрыг хаяад явсан. Иймд түрээсийн дутуу төлбөрт 2 600 000 төгрөг, СӨХ-ны төлбөр 423 000 төгрөг, нийт 3 023 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Г.М, түүний өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.Аын орон сууцыг хөлслөх явцад төлбөр төлөөгүй асуудлаас маргаан үүсч өвлийн хүйтэнд байрнаас түүний эхнэр Уянга гэх эмэгтэй хөөж гаргаад, хаалганы голыг сольсон байсан. Бид өвлийн хүйтэнд өмссөн хувцастайгаа гарсан. Түрээсийн төлбөр дутуу байсан нь үнэн боловч, бидний хооронд түрээсийн гэрээ бичгээр хийгдээгүй, нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Иймд энэ гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл. Иймд бидний түрээсийн төлбөрт төлсөн 19 180 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Х.Ад холбогдуулан Х.Аын хууль бус эзэмшлээс хөдөлмөрийн дэвтэр, төрсний гэрчилгээ болон нөхрийн эрдмийн ажлын гар бичвэрүүд болон бусад бичиг баримт, нийт жагсаалтад дурдсан 76 төрлийн эд хөрөнгийг гаргуулахаар шаардсныг хариуцагч Х.А түрээсийн дутуу төлбөрт 2 600 000 төгрөг, СӨХ-ны зардал 423 000 төгрөг, нийт 3 023 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл  гаргаж маргажээ.

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. 

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Х.Аын өмчлөлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо 9-29 тоот 29м.кв 2 өрөө байрыг 2014 оны 8 сараас 2017 оны 11 сарыг хүртэл түрээслэж, сарын 550 000-650 000 төгрөгийн хөлс төлж, тус байранд 3 жил гаруй хугацаанд амьдарч байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ асуудлаар маргаангүй байна.

 

Харин дээрх байрны түрээсийн төлбөрийг төлөөгүй асуудлаас маргаан үүсч, улмаар 2017 оны 11 сард байрнаас хөөж гаргасан гэж нэхэмжлэгч тайлбар гаргасныг хариуцагч хөөж гаргаагүй, төлбөрөө дутуу төлөөд өөрсдөө зугтсан гэх тайлбар гаргаж маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.М нь 2018 оны 2 сард Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст, 2018 оны 5 сард Баянгол дүүргийн Прокурорын газарт дээрх маргаан бүхий асуудлаар гомдол гаргасныг хариу мэдэгдэх хуудсаар “...холбогдох асуудал нь гэмт хэргийн шинжгүй байх тул хүлээн авахаас татгалзаж, иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариуг өгсөн байна./хх-ийн 12-13/

Эдгээрээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байх бөгөөд түрээсийн гэрээний төлбөр төлөөгүй асуудлаас маргаан үүсч, нэхэмжлэгч Г.М уг түрээсийн байрнаас гарснаар дээрх гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдож байх ба орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан тусгай шаардлагагүй юм.

 

Хэдийгээр талууд орон сууцны түрээсийн төлбөрийг дутуу төлсөн асуудлаас маргаан үүссэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч хариуцагч Х.А нь Г.Маас түрээсийн төлбөр шаардах эрхтэй эсэх, түүнчлэн түрээсийн төлбөрт хэдэн төгрөгийг төлөөгүй талаараа хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлоогүй байна.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Г.М нь бичиг баримт болон эд хөрөнгөө гаргуулахаар шаардсан шаардлагаа хавтаст хэрэгт баримтаар нотлоогүй бөгөөд тухайн орон сууцанд нэхэмжлэгчийн ямар, ямар эд хөрөнгүүд, бичиг баримтууд байсан талаар дүгнэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон хариуцагч нар нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       

        1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мын хариуцагч Х.Аын хууль бус эзэмшлээс бичиг баримт, эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Х.Аын түрээсийн төлбөрт нэхэмжлэгч Г.Маас 3 023 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагч Х.Ааас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 63 318 төгрөгийг  тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  тус тус дурдсугай. 

                                  

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ