Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2171

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02720 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ү.Гаад холбогдох,

 

66 190 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Эрхэмбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Н нь хувиараа Меркури худалдааны төвд худалдааны чиглэлээр ажилладаг бөгөөд энэ ажилд зориулан Ү.Гаагаас хүүтэй мөнгө зээлэхээр тохиролцсон ба хэдий хугацаанд ямар хэмжээний хүүтэй зээлэх талаар тохиролцсон бичгээр хийсэн гэрээ байхгүй.

Анх 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 7 000 000 төгрөгийг Ү.Гаагаас авсан. Үүнээс хойш Ү.Гаагаас мөнгө зээлж, тохирсон хугацаанд буюу 1, 2, 7 хоногийн дараа гэх мэт зээл дандаа дансаар хийгдэг байсан. Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сард 2 удаа бэлнээр 600 000 төгрөг, 500 000 төгрөг буюу 1 100 000 төгрөгийг бэлнээр өгсөн.

Ү.Гаагаас зээл авч, буцаан төлөлтийг хийж байх хугацаанд “тооцоогоо нийлье, хэт их мөнгө буцааж аваад байна” гэж удаа дараа шаардаж байсан боловч Ү.Гаа нь “би тооцоогоо мэдэж байна, тооцоогоо нийлэх шаардлагагүй, чи миний хэлсэн мөнгө дүнг төлөхөд болно, би тооцоогоо баримтлаад явж байгаа” гэх зүйлийг хэлж дансны хуулгаа гаргаж өгдөггүй байсан. 2017 оны 12 дугаар сараас хойш Ү.Гаагаас мөнгө зээлсэн ба түүнээс хойш ямар нэгэн байдлаар мөнгө зээлж аваагүй. 2018 оны 01 дүгээр сард Ү.Гаа нөхрийнхөө хамт ирээд “зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 10 000 000 төгрөг төл, тэгвэл бидний хоорондын харилцаа дуусгавар болно” гэж хэлсэн. Тухайн үед тооцоо нийлэх талаар Ү.Гаад хэлсэн боловч тооцоо нийлдэггүй.

Ингээд 2018 оны 5 дугаар сард талууд байлцаж байгаад, дансны хуулгаа шүүж, Ү.Гаа нь Б.Нт 117 204 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн ба Б.Нээс Ү.Гаад 192 364 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байдаг. Б.Н нь хувиараа аудитын байгууллагад хандаж, 70 190 000 төгрөгийг Б.Нээс Ү.Гаад илүү төлсөн гэх дүгнэлт гаргасан. Талуудын хооронд ямар нэгэн бичгээр гэрээ байгуулагдаагүй боловч өгсөн, авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн үнийн дүнг тооцож нэхэмжлэлийн шаардлагаас 3 900 000 төгрөг хасч 66 290 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 66 290 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчтэй баримттай байхдаа тооцоо нийлье гэхэд тооцоо нийлдэггүй байсан юм. “Чадварлаг аудит” ХХК-ийн дүгнэлтийг хувийн журмаар, хууль бусаар хийлгэсэн. Талууд нийт үнийн дүн 192 364 000 төгрөг өгч, авч байсан нь хоёр дансны гүйлгээгээр гарч ирнэ. 192 364 000 төгрөгийн үнийн дүн дээр маргаагүй. Эрүүгийн хэрэг дээр шалгуулаад, хоорондоо харилцан тохиролцож 117 000 000 төгрөг өгч, авсан байна гэдгийг тогтоосон байдаг. Ингэж тогтоосны үндсэн дээр ямар ч гэмт хэргийн шинжгүй гээд хэргийг хаасан. 117 000 000 төгрөгийг өгч, авч харилцан зөвшөөрсөн байхад “Чадварлаг аудит” ХХК 192 364 000 төгрөг гэж гаргасан. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Б.Н нь би танд энэ дүнг төлөх ёстой гэж хүлээн зөвшөөрөөд гараараа бичиж өгсөн. 75 253 000 төгрөгийг өөрөө төлнө гэж төлчхөөд, дараа нь би энэ мөнгийг илүү төлсөн байна, авна гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Хариуцагч хамаг хөрөнгөө алдаад гудамжинд 2 хүүхэдтэйгээ гарсан. Ээж нь гэж 70 гарсан хөгшин хүн байдаг. Ү.Гаа 3 өрөө орон сууцаараа хохирсон. Ланд 80 маркийн автомашины мөнгө огт дурдагдаагүй. Энэ асуудлыг хурдан шийдвэрлүүлэхгүй бол мөнгө нэхэж дарамтлаад байна. Энэ байдлыг хурдан шийдэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасан үндэслэлгүй байх тул хариуцагч Ү.Гаагаас 66 290 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ү.Гаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай заалтыг зөрчсөн.

Нэхэмжлэгчээс шүүхэд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа “Ү.Гаагаас зээл авч байх хугацаанд тооцоогоо нийлье, та хэт их мөнгө буцааж аваад байна” гэж хэлэхэд Ү.Гаа нь: “би тооцоогоо мэдэж байна, тооцоо нийлэх шаардлагагүй” гээд дансны хуулгаа гаргаж өгч тооцоо нийлэхгүй мөртлөө надаас мөнгийг шахаж, шаардаж, дарамтлан, заримдаа цохиж зодож авдаг байсан”, дээрх 192 364 000 төгрөгийг буцаан хариуцагч Ү.Гаад өгөхөд нэг ч удаа тооцоо нийлж байгаагүй талаар тодорхой дурдсан байдаг.

Гэтэл шүүх талуудын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтыг хэт нэг талыг барьж үнэлж дүгнэн, өмнө нь хүлээн зөвшөөрч зээлийн хүүнд төлсөн 66 290 000 төгрөгөө одоо зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байсан тул хүүг буцаан авахаар нэхэмжлэл гаргасан мэтээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч Ү.Гаагаас нэхэмжлэгчид шилжүүлсэн нийт 117 204 000 төгрөгөөс талуудын харилцан тохиролцсоны дагуу нэг сарын 8 хувийн хүүг нийт зээлийн хэмжээнд тооцож үзэхэд 9 376 320 төгрөгийн хүү тооцогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгч, хариуцагч нар нь 1 сарын 8 хувийн хүү төлөхөөр тохиролцсон, талуудын хооронд зээлийг авснаас хойш 1 сарын хугацаанаас удаасан, нэг сарын хугацаанд төлсөн, түүнээс богино буюу 14 хоног, 7 хоног, 1 хоногийн дараа төлөгдсөн тохиолдлууд байдаг. Эдгээрийг нэг бүрчлэн дүгнэхэд 9 376 320 төгрөгөөс бага хэмжээний хүү төлөхөөр байх тул хариуцагчид ашигтай байдлаар дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын 9 376 320 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн хүүнд тооцох боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 56 913 680 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Ү.Гаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 66 290 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ү.Гаа нь Б.Нт 7 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зээлдүүлснээр тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд нийт 349 удаагийн шилжүүлгээр 117 204 000 төгрөгийг Ү.Гаа нь Б.Нт зээлдүүлсэн, Б.Нт нь 192 364 000 төгрөг буцаан төлсөн талаар талууд маргаагүй гэж анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоосон.

 

Нэхэмжлэгч “талууд зээлийн хүү төлөх талаар ярилцаж байсан ч гэрээг бичгээр байгуулаагүй тул илүү төлсөн 70 190 000 төгрөгөөс 3 900 000 төгрөгийг хасч, үлдэх 66 290 000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулна гэж, хариуцагч “..117 000 000 төгрөгөөс гадна 75 253 000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө төлнө гэж бичээд төлсөн, дараа нь энэ хэмжээний төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй” гэж тус тус тайлбар гаргаж маргасан байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү авах эрхийг алдах боловч мөн хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч зээлийн хүү төлснөөр өрийг хүлээн зөвшөөрсөн тул зээлийн хүүд төлсөн төлбөрийг буцаан шаардахгүй юм.

 

Иймд Ү.Гаа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.Нийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02720 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442 519 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА