Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 02720

 

 

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2019/02720

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: Б.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ү.Г-д холбогдох,

 

66,190,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н-ийншүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ннь хувиараа Меркури худалдааны төвд, худалдааны чиглэлээр ажилладаг. Үеэл эгч Ү.Г-аасбэлэн мөнгө зээлж, эргэлдүүлж, ашиг олох сонирхолтойгоор тодорхой хэмжээгээр хүүтэй мөнгө зээлэхээр харилцан тохиролцсон. Талууд мөнгөн дүнгээ тохиролцохдоо тодорхой хэмжээний хүүтэй гэж тохиролцсон боловч хэдий хугацаанд ямар хэмжээний хүүтэй өгөх талаар хоорондоо ярилцсан, тохиролцсон, бичгээр хийсэн гэрээ байгуулагдаж байгаагүй.

Анх 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 7,000,000 төгрөгийг Ү.Г-ийн Хаан банкны 5063112615 тоот данснаас нэхэмжлэгч Б.Н-ийн5003642789 тоот данс руу шилжүүлэн авч байсан. Үүнээс хойш Ү.Г-аасмөнгө зээлж, тохирсон хугацаанд буюу нэг, хоёр, 7 хоногийн дараа гэх мэт төлөлтийг нь шууд, шууд хийгээд явдаг байсан. Мөнгөн шилжүүлэг Ү.Г-аасданснаас Б.Н-ийнданс руу, Б.Н-ийнданснаас Ү.Г-ийн данс руу гэх мэт дандаа дансаар хийгдэж байсан гүйлгээнүүд байгаа. Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сард 2 удаа бэлнээр 600,000 төгрөг, 500,000 төгрөгийг Ү.Г-д өгсөн. Бэлнээр өгсөн 1,100,000 төгрөгөөс бусад талуудын хоорондох мөнгөн гүйлгээ нь Хаан банкны данснаас дансны хооронд шилжүүлсэн. Эдгээр нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Н-ийндансны хуулгаас тодорхой харагдана.

Ү.Г-аасзээл авч, буцаан төлөлтийг хийж байх хугацаанд тооцоогоо нийлье, та хэт их мөнгө буцааж аваад байна гэдэг зүйлийг удаа дараа Ү.Г-аасшаардаж байсан боловч Ү.Гнь би тооцоогоо мэдэж байна. Тооцоогоо нийлэх шаардлагагүй. Чи миний хэлсэн мөнгө дүнг надад төлөхөд болно. Би тооцоогоо баримтлаад явж байгаа гэх зүйлийг хэлээд дансны хуулгаа гаргаж өгдөггүй байсан. Нэхэмжлэгчээс таны зээлсэн мөнгө хүүтэйгээ эргэж төлөгдөөгүй байна. Үлдэгдэл тэдэн төгрөг байна гэх мэтчилэн удаа дараа мөнгө шаардаад байдаг байсан. Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сараас хойш Ү.Г-аасмөнгө зээлсэн ба түүнээс хойш ямар нэгэн байдлаар мөнгө зээлж аваагүй.

2018 оны 01 дүгээр сард Ү.Гнөхрийнхөө хамт ирээд зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр байна. Энэ үлдэгдлээ яаралтай төл. Надад 10,000,000 төгрөг төл. Тэгвэл бидний хоорондын харилцаа дуусгавар болох гээд байна гэдэг зүйлийг хэлсэн. Тухайн үед Б.Ннь үеэл эгч Ү.Г-д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангалттай төлөгдсөн гэж ойлгож байсан учраас ямар нэгэн байдлаар мөнгө төлөх сонирхолгүй байсан. Тайлан тооцоогоо гаргаж, талуудын хооронд дансны хуулгаа нэгтгэж, шалгах нөхцөл байдал үүсгэхийг хүссэн. Гэтэл Ү.Гнь тайлан тооцоо нийлдэггүй. Дансны хуулгаа гаргаж өгөлгүй.

Ингээд 2018 оны 5 дугаар сард талууд байлцаж байгаад, дансны хуулгаа шүүж үзсэн. Ү.Гнь Б.Н-т117,204,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байдаг. Хариуцагчаас авсан бүх мөнгө дансаар шилжиж орж ирсэн. Гэтэл нэхэмжлэгч Б.Н-ээс Ү.Груу их хэмжээний зөрүүтэй мөнгө буюу 192,364,000 төгрөгийг дансаар буцаагаад шилжүүлсэн байна. Хариуцагч нь дахин үндэслэлгүйгээр мөнгө нэхсэн асуудал гарснаас үүдэж, талуудын хооронд таагүй харилцаа үүсч асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалган шийдвэрлүүлэхийг хүсэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, 180903475 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн шалгасан боловч энэ хэргийг гэмт хэргийн шинжгүй байна. Талууд өглөг, авлагын харилцаагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний шүүхээр шийдвэрлүүл гэдэг зүйлийг хэлсэн. Тус эрүүгийн хэрэгт шалгагдаж байх явцад Б.Ннь хувиараа аудитын байгууллагад хандаж, уг маргаан бүхий хугацааны дансны хуулгуудад дүн шинжилгээ хийлгэж аудитын дүгнэлт гаргуулсан. Тус аудитын дүгнэлтээр 70,190,000 төгрөгийг Б.Н-ээс Ү.Г-д илүү шилжүүлсэн байна гэдэг дүгнэлт гаргасан. Энэ үнийн дүнгээс нэхэмжлэгч маань сайн дурын үндсэн дээр, талуудын хооронд ямар нэгэн бичгээр гэрээ байгуулагдаагүй боловч өгсөн, авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн үнийн дүнгээ тооцож үзэхээр нэхэмжлэлийн шаардлагаас 3,900,000 төгрөг хасч 66,290,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Энэ үнийн дүн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж хариуцагч этгээдээс бүрэн гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй учраас ямар нэгэн хүү төлбөр шаардах эрхгүй. Үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгөн хөрөнгийн давуу байдлыг Ү.Гнь өөртөө бий болгож авсан байна. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 66,290,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ү.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчтэй баримттай байхдаа тооцоо нийлье гэхэд тооцоо нийлдэггүй байсан юм. Чадварлаг аудит ХХК-ийн дүгнэлтийг хувийн журмаар, хууль бусаар хийлгэсэн байна. Гэхдээ нийт үнийн дүн 192,364,000 төгрөг өгч, авч байсан нь хоёр дансны гүйлгээгээр гарч ирдэг. 192,364,000 төгрөгийн үнийн дүн дээр маргаагүй. Эрүүгийн хэрэг дээр шалгуулаад, хоорондоо харилцан тохиролцож 117,000,000 төгрөг өгч, авсан байна гэдгийг тогтоосон байдаг. Ингэж тогтоосны үндсэн дээр ямар ч гэмт хэргийн шинжгүй гээд энэ хэргийг хаасан. 117,000,000 төгрөгийг өгч, авч харилцан зөвшөөрсөн байхад Чадварлаг аудит ХХК-ийн гаргасан 192,364,000 төгрөгөөс 117,000,000 төгрөгийг хасахаар цаана нь 75,253,000 төгрөгийн үлдэгдэл гардаг. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Б.Ннь би танд энэ дүнг төлөх ёстой гэж хүлээн зөвшөөрөөд, энэ нийн дүнг өөрөө гараараа бичсэн. Үүний доод урд талд нь хариуцагч Ү.Гби чамд 73,253,000 төгрөгийг чамаас авах ёстой юм байна гэхэд Б.Нүгүй ээ. Та 2,000,000 төгрөгийг дутуу бодсон байна гэсэн. Энэ нь бэлнээр өгсөн 2,000,000 төгрөгөө хариуцагч Ү.Гтэмдэглэлийн дэвтэр дээрээс авалгүй тооцоон дээрээ алдсан байсан. Гэтэл нэхэмжлэгч ийм нарийн тооцоотой. Төлнө гэж хэлсэн. Энэ хуудсан дээр ганц Б.Н-ийнгарын үсэг байдаг. Бусад нь Ү.Г-ийн тооцоо бодсон гарын үсэг байгаа. Энэ тооцооноос харвал 75,253,000 төгрөг дээр дансаар өгсөн 117,000,000 төгрөгийг нэмэхээр яг таардаг. 75,253,000 төгрөгийг өөрөө төлнө гэж төлчхөөд, дараа нь би энэ мөнгийг илүү төлсөн байна. Авна гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь шүүхийг доромжилж байна. Энэ том луйвар явагдаж байна. Ү.Гнь Б.Н-ээс дахиж нэмээд 17,000,000 төгрөг авах ёстой. Тооцоонд ороогүй. Хариуцагч Ү.Г-ийн нөхрийн Ланд 80 маркын автомашиныг зарсан мөнгө бас байгаа. Энэ тооцоог хасаж нэхсэн. Хариуцагч өөртөө байдаг үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгөө бүгдийг нь алдсан. Бүх юмыг нь авч явчхаад дахиад мөнгө нэхээд байдаг тогтолцоо байж болохгүй. Энэ бол үнэхээр дээд зэргийн луйвар. 3 дүнгээ бодохоор 192,364,000 төгрөг, эрүүгийн хэрэгт шалгагдсан 117,000,000 төгрөг, өөрийнх бичиж өгсөн төлнө гэж бичиж өгсөн 3 дүнг нь нэмээд хасахаар балансаа барьдаг.

Хариуцагч хамаг хөрөнгөө алдаад гудамжинд 2 хүүхэдтэйгээ гарсан. Хамаг хөрөнгөө алдаад гэр бүл нь салсан. Ээж нь гэж 70 гарсан хөгшин хүн байдаг. 2018 онд 70 гарсан хүнийг мөнгө өг. Охиныг чинь цагдаад өгөөд, эрүүгийн хэрэг үүсгээд, 8 жил шоронд яллуулна гэж дарамталдаг байсан. Хүний эх хүн болохоор нарийн зүйлийг мэдэхгүй ч гэсэн охиноо шоронд оруулахгүй гээд 2018 оны 3 дугаар сард 22-ын товчооны тэнд байдаг хашаа байшингаа зараад 10,000,000 төгрөгийг нь гаргаж өгсөн. 10,000,000 төгрөг өгсөн байхад дахиад 2 сарын дараа 10,000,000 төгрөг нэхсэн. Мөнгө өгөхгүй гэхэд 5 сарын дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргасан байдаг. Өөрийнх нь төрсөн дүү мөрдөн байцаагч. Дүүгийнх нь нөлөөллөөр эрүүгийн хэрэг үүсгээд, мөнгө өгөхгүй бол шоронд оруулна гэж баахан явуулсан. Би сүүлд нь өмгөөлөгчөөр ороод, прокурорт нь бүх байдлыг танилцуулаад, эрүүгийн хэргийг хаалгасан. Гэтэл дараагийн луйвар гарч ирсэн. Танай шүүхэд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэж бичсэн нэхэмжлэл гаргасан. Үүнийг бариад дахиад мөнгө өг гэж дарамталсан. Энэ нэхэмжлэлийг танай шүүхэд ч өгөөгүй байсан юм. Ингэж явсаар танай шүүхэд энэ нэхэмжлэл 7 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн байна. Бүтэн 3 сарын өмнө ингэж бэлдчихээд, 70 гарсан настай хүнийг дарамталдаг. 2 удаа дарамтлаад болохгүй болохоор нь 2 өрөө байрныхаа ордерийг хувь хүнд барьцаалж байж 10,000,000 төгрөгийг нь өгсөн байдаг. Гэтэл дахиад 10,000,000 төгрөг нэхсэн. Өгөхгүй гэхэд нь хэлснээ хэрэгжүүлээд, шүүхэд нэхэмжлэлээ өгсөн.

Ү.Гдүүдээ туслах гээд өгсөн мөнгийг Б.Нзах дээр байгаа хүмүүстээ тараагаад өгсөн. Прокурорын тогтоол дээр 103 удаагийн давталттай гэж бичсэн байгаа. Тэгэхээр маш олон хүнд мөнгө өгсөн байна. Сүүлд нь хариуцагч Ү.Гхоногийн зээлээр мөнгө угааж байсныг нь ойлгосон. Хоногийн зээл гэдэг хүнд мөнгө өглөө өдрийн 10 хувь. Энэ нь дэлхий дээр байхгүй санхүүгийн дээрэм. 103 удаагийн давталттай гэдэг нь 103 хүнд өгсөн юм байлгүй. Би тэгж ойлгож байгаа. Хариуцагч 103 хүнд мөнгөө тараагаагүй учраас энэ талаар мэдэхгүй байгаа. Анх тохирсон мөнгөө өг гээд авдаг. Хүүг нь авдаг. Буцаагаад нэхээд авдаг. 73,253,000 төгрөг бол ийм учиртай. Ү.Г3 өрөө орон сууцаараа хохирсон. Ланд 80 маркын автомашины мөнгө огт дурдагдаагүй, цагдаа дээр ч дурдагдаагүй. Энэ асуудлыг хурдан шийдэж өгнө үү. Ахиад мөнгө нэхээд дарамтлаад байна. энэ байдлыг хурдан шийдэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  

Нэхэмжлэгч Б.Ннь хариуцагч Ү.Г-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 66,290,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

  

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Ү.Гнь Б.Н-ээс 117,204,000 төгрөгийг зээлсэн бөгөөд буцааж 192,364,000 төгрөг төлсөн. Талууд зээлийн хүү төлөх талаар ярилцаж байсан ч гэрээг бичгээр байгуулаагүй. Иймд илүү төлсөн 70,190,000 төгрөгөөс 3,900,000 төгрөгийг хасч, үлдэх 66,290,000 төгрөгөөр хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж буцаан гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдээс хөрөнгө шилжүүлсэн этгээд шилжүүлсэн хөрөнгөө буцааг шаардах эрхтэй.

 

Гэвч талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 7,000,000 төгрөгийг зээлдүүлснээр зээлийн гэрээний харилцаа эхэлсэн байна. Тэд зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй боловч хүү тооцохоор харилцан тохиролцож, зээл болон хүүг харилцан шилжүүлж байсныг хэн аль нь үгүйсгээгүй.

 

Иргэний хуулийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ 282 дугаар зүйлийн 282.1-т Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж тус тус заасан.

 

Зохигч шүүх хуралдаанд зээлийн хэлцлийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд 349 шилжүүлгээр нийт 117,204,000 төгрөгийг зээлдүүлэхээр, зээл, зээл хүүгийн төлбөрт нийт 192,364,000 төгрөг буцаан шилжүүлсэн талаар маргаагүй. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Хуулийн тус зохицуулалтаар хэлцлийн хүчин төгөлдөр байх талаар бус зээлдүүлэгч төлөгдөөгүй зээлийн хүү шаардах эрхийн талаар зохицуулсан. Харин зээлдэгч хэлцлээр тохирсон зээл, зээлийн хүүг зээлдэгчид төлсөн нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасны дагуу үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн гэж үзэх тул нэхэмжлэгч нь хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж зээл зээлийн хүүнд төлсөн төлбөрөөс  буцаан шаардсан нь үндэслэлгүй.

 

Мөн талууд хэлцлээр зээлд хүү тооцохоор тохиролцсон, үүний дагуу зээл, зээлийн хүүг буцаан шилжүүлсэн байна. Зээлийг ямар хугацаатай авч, хүүг хэрхэн тооцож төлснөө нэхэмжлэгч, хариуцагч тодорхойлж чадахгүй байх тул 66,290,000 төгрөгийг зээлийн хүү төлсөнд тооцох үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Ү.Г-аас66,290,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Н-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасан үндэслэлгүй байх тул хариуцагч Ү.Г-аас66,290,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Н-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ү.Г-аасулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР