Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г ХХК --ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/02635 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г ХХК --ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Б-, Б.А- нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 89 518 492.64 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.О

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-,

Хариуцагч нарын өмгөөлөгч Ц.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ч.Б-, Б.А- нар нь 2016 оны 8 сарын 17-ны өдөр Голомт банктай ЗГ2405110112 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 80 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 240 сарын хугацаатай зээлж авсан болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 8 сарын 17-ны өдөр ЗБ2405110112 дугаартай ипотекийн гэрээгээр Ч.Б-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж 55а байрны 902 тоот 58.11 м.кв, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204082832 дугаар бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч Ч.Б-, Б.А- нар ЗГ2405110112 дугаартай зээлийн гэрээний хавсралтын дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2017 оны 10 сарын 26-ны өдрөөс хойш зөрчиж эхэлсэн. Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 8 сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл 1 232 276.83 төгрөг, хүү 6 015 963.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 337.39 төгрөг, нийт 7 248 577.78 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хуваарийн дагуу эргэн төлөлт хийхийг салбарын эдийн засагч нь зээлдэгч нарт утсаар мэдэгдсэн, мөн зээлийн эргэн төлөлт хийхийг мессежээр сар бүр явуулж байсан. Мөн тус банкны тусгай активын газарт зээлийн асуудал шилжиж ирснээс хойш буюу 2019 оны 01 сараас эхлэн зээлдэгч Ч.Б-, Б.А- нартай холбогдож, зээл төлөхийг сануулж байснаас гадна 2019 оны 6 сард эргэн төлөх хуваарийн дагуу зээл төлөх талаарх шаардлага хүргүүлсэн. Зээлдэгч нарт зээлийг хуваарийн дагуу төлөхийг шаардаж байсан боловч эргэн төлөлтийн хуваарь 2017 оны 10 сарын 26-ны өдрөөс эхлэн зөрчигдсөн нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д заасан ноцтой зөрчилд хамаарч байна. Ч.Б-, Б.А- нар зээлийн гэрээний хавсралтаар тохиролцсон хуваарийн дагуу төлөх үүргээ удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөхийг мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2019 оны 7 сарын 09-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 660 хоног хугацаа хэтрүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.4-т банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна, 4.4.1-д зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй гэж заасан. Зээлдэгч Ч.Б-, Б.А- нар зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2017 оны 10 сарын 26-ны өдрөөс хойш төлөөгүй байгаа нь ноцтой зөрчилд хамаарч байх тул гэрээний 4.4.1-д зааснаар зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцлах үндэслэл бий болсон гэж үзэж байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт “шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана”, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт “ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус заасан. Иймд талуудын хооронд 2016 оны 8 сарын 17-ны өдөр байгуулагдсан №ЗГ2405110112 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Ч.Б-, Б.А- нараас үндсэн зээлийн үлдэгдэл 78 767 723.17 төгрөг, зээлийн хүү 10 703 778.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46 991.20 төгрөг, нийт 89 518 492.64 төгрөг гаргуулж өгнө үү. Зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд талуудын хооронд 2016 оны 8 сарын 17-ны өдөр байгуулагдсан №ЗБ2405110112 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан Ч.Б-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж 55а байрны 902 тоот 58.11 м.кв, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204082832 дугаар бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б-, Б.А- бид 2016 оны 8 сарын 17-ны өдөр Голомт банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийг, 240 сарын хугацаатай буюу 2036 оны 11 сарын 17-ны өдөр хүртэл хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалттай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийг хангах арга болгож 2016 оны 8 сарын 17-ны өдөр №ЗБ2405110112 тоот ипотекийн гэрээ байгуулан, Ч.Б-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 55а байр, 902 тоот хаягт байршилтай орон сууцыг барьцаалсан. Голомт банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний хувьд маргах зүйлгүй. Зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 8 сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл 1 232 276.83 төгрөг, хүү 6 015 963.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 337.39 төгрөг, нийт 7 248 577.78 төгрөг төлсөн. Одоо нэхэмжилж буй үндсэн зээлийн үлдэгдэл 78 767 723.17 төгрөг, зээлийн хүү 10 703 778.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46 991.20 төгрөг, нийт 89 518 492.64 төгрөгийн үнийн дүнд маргахгүй. Ажлаасаа халагдаад байнгын орлогогүй болсон тул 2017 оны 10 сарын 26-ны өдрөөс эхлэн зээлээ цаг тухайд нь төлж чадаагүй. Зээл төлөх талаар банкны зүгээс удаа дараа шаардаж байсантай маргахгүй. Голомт банкны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагыг зөвшөөрөхгүй, 2020 оны 1 сараас ажилд орж, зээлийг тогтмол төлөх боломжтой болчих тул гэрээг үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Өөрөөр хэлбэл 2019 оны 7 сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны зээл, зээлийн хүүг хагас жилийн дотор хувааж төлөөд зээлийн гэрээг цааш үргэлжлүүлэх саналтай. Энэ хүсэлтээ банкинд албан ёсоор тавьж байгаагүй. 2019 оны 6 сарын 03-ны өдөр 3000 ам.доллар төлөх гэтэл банкны зүгээс хуримтлагдсан зээлийг бүхэлд нь төлөх шаардлага тавьсан учир төлөлт хийгээгүй юм. Иймд Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ч.Б-, Б.А- нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 78 767 723.17 төгрөг, зээлийн хүү 10 703 778.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46 991.20 төгрөг, нийт 89 518 492.64 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК --д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Б-, Б.А- нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Ч.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204082832 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/, Токиогийн гудамж, 55а байр, 902 тоот үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ч.Б-, Б.А- нараас улсын тэмдэгтийн хураамжид 675 742 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК --д олгуулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 675 746.46 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Ч.Б- миний бие нь санхүүгийн болон сэтгэл санааны хүнд байдалд байсны улмаас өмгөөлөгчөөс зөвлөгөө авах бололцоо олдоогүй юм. Миний хувьд банкны нэхэмжилсэн санхүүгийн тооцоо үнэн зөв, болсон эсэхийг ч мөн нарийн нягтлах санхүү болон хууль эрх зүйн мэдлэг байхгүй билээ. Гэсэн хэдий ч дахин дахин хурлыг хойшлууллаа гэх байх гээд санаа зовоод, шүүхийн ажилтны зөвлөсний дагуу өмгөөлөгч авахаас татгалзаж байна гэдэг хүсэлт бичээд шүүх хуралдаа орсон юм. Одоо ч миний хувьд өмгөөлөгчтэй холбогдож амжаагүй л явна. Юутай ч гомдол гаргах хугацаандаа гомдол гаргах нь хэрэгтэй гэж үзээд энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г ХХК - нь хариуцагч Ч.Б-, Б.А- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 89 518 492.64 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2016 оны 8 сарын 17-ны өдөр ЗГ2405110112 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Г ХХК - нь жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар 80 000 000 төгрөгийг хариуцагч Ч.Б-, Б.А- нарт зээлдүүлэх, хариуцагч нар нь зээл, зээлийн хүүний төлбөрийг гэрээнд заасан графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. Мөн өдөр талууд ипотекийн гэрээ байгуулж, Ч.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204082832 дугаартай, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 55а байр, 902 тоот 58.11 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх-ийн 10-12, 15-17, 18-р тал/

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна. Хариуцагч Ч.Б-, Б.А- нар нь 2016 оны 8 сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 сарын 26-ны өдөр хүртэл үндсэн зээлд 1 232 276.83 төгрөг, хүүнд 6 015 963.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 337.39 төгрөг, нийт 7 248 577.78 төгрөг төлсөн байх бөгөөд 2017 оны 10 сарын 26-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт зэргээр тогтоогджээ. /хх-ийн 19-21, 31-р тал/

 

Нэхэмжлэгч Г ХХК - нь 2019 оны 6 сарын 03-ны өдөр хариуцагч Ч.Б-, Б.А- нарт орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх талаар мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд 2019 оны 7 сарын 09-ний өдрийн байдлаар зээлдэгч нар нь зээл, зээлийн хүүний төлбөрийн хугацааг хэтрүүлж, зээлийн үлдэгдэл 78 767 723.17 төгрөг, хүү 10 703 778.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46 991.20 төгрөг, нийт 89 518 492.64 төгрөг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь хууль буюу гэрээнд зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргасан нь үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. /хх-ийн 22-р тал/

 

Өөрөөр хэлбэл талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2036 оны 11 сарын 17-ны өдөр дуусахаар байгаа хэдий ч хариуцагч нар нь зээл, зээлийн хүүг сар бүр буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчиж, 2017 оны 10 сарын 26-ны өдрөөс хойш 2 жилийн хугацаанд төлөлт хийгээгүй байгааг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй юм.

 

            Иймд хариуцагч Ч.Б-, Б.А- нараас үндсэн зээлийн үлдэгдэл 78 767 723.17 төгрөг, хүү 10 703 778.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46 991.20 төгрөг, нийт 89 518 492.64 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК --д олгуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.  

 

            Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа 2020 оны 1 сараас ажилд орж, зээлийг тогтмол төлөх боломжтой тул зээлийн гэрээг үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэх боловч тэрээр тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Түүнчлэн хариуцагч давж заалдах гомдолдоо санхүү болон хууль эрх зүйн мэдлэггүй гэх боловч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/02635 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 605 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ИЧИНХОРЛОО                                      

                                         ШҮҮГЧИД                                                А.МӨНХЗУЛ

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ