Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00462

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/02635 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2010 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ч.Базаргүр, Б.Алтантуяа нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 89,518,492.64 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ч.Базаргүрийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигдаваа, Ш.Шинэбиш, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Мөнхжаргал, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Ч.Базаргүр, Б.Алтантуяа нар нь 2016.08.17-ны өдөр Голомт банктай ЗГ2405110112 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 80 сая төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 240 сарын хугацаатай зээлж авсан болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЗБ2405110112 дугаартай ипотекийн гэрээгээр Ч.Базаргүрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч Ч.Базаргүр, Б.Алтантуяа нар ЗГ2405110112 дугаартай зээлийн гэрээний хавсралтын дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2017.10.26-ны өдрөөс хойш зөрчиж эхэлсэн. Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт нийт 7,248,577.78 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хуваарийн дагуу эргэн төлөлт хийхийг салбарын эдийн засагч нь зээлдэгч нарт утсаар мэдэгдсэн, мөн зээлийн эргэн төлөлт хийхийг мессежээр сар бүр явуулж байсан. Мөн тус банкны тусгай активын газарт зээлийн асуудал шилжиж ирснээс хойш буюу 2019.01 сараас эхлэн зээлдэгч Ч.Базаргүр, Б.Алтантуяа нартай холбогдож, зээл төлөхийг сануулж байснаас гадна 2019 оны 6 сард эргэн төлөх хуваарийн дагуу зээл төлөх талаарх шаардлага хүргүүлсэн. Зээлдэгч нарт зээлийг хуваарийн дагуу төлөхийг шаардаж байсан боловч эргэн төлөлтийн хуваарь 2017.10.26-с эхлэн зөрчигдсөн нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.5-д заасан ноцтой зөрчилд хамаарч байна. Ч.Базаргүр, Б.Алтантуяа нар зээлийн гэрээний хавсралтаар тохиролцсон хуваарийн дагуу төлөх үүргээ удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөхийг мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2019.07.09-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 660 хоног хугацаа хэтрүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.4-т банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна, 4.4.1-д зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй гэж заасан. Зээлдэгч Ч.Базаргүр, Б.Алтантуяа нар зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2017.10.26-с хойш төлөөгүй байгаа нь ноцтой зөрчилд хамаарч байх тул гэрээний 4.4.1-д зааснаар зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцлах үндэслэл бий болсон гэж үзэж байна. ИХ-н 153.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 158.1 дэх хэсэгт шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 174.1 дэх хэсэгт ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заасан. Иймд талуудын хооронд 2016.08.17-ны өдөр байгуулагдсан №ЗГ2405110112 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Ч.Базаргүр, Б.Алтантуяа нараас үндсэн зээлийн үлдэгдэл 78,767,723.17 төгрөг, зээлийн хүү 10,703,778.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,991.20 төгрөг, нийт 89,518,492.64 төгрөг гаргуулж өгнө үү. Зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд талуудын хооронд 2016.08.17-ны өдөр байгуулагдсан №ЗБ2405110112 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан Ч.Базаргүрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж 55а байрны 902 тоот 58.11 м.кв, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204082832 дугаар бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Базаргүр, Б.Алтантуяа нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...Ч.Базаргүр, Б.Алтантуяа бид 2016.08.17-ны өдөр Голомт банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулан 80 сая төгрөгийг, 240 сарын хугацаатай буюу 2036.11.17-ны өдөр хүртэл хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалттай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийг хангах арга болгож 2016.08.17-ны өдөр №ЗБ2405110112 тоот ипотекийн гэрээ байгуулан, Ч.Базаргүрийн өмчлөлийн 902 тоот хаягт байршилтай орон сууцыг барьцаалсан. Голомт банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний хувьд маргах зүйлгүй. Зээлийн гэрээний үүрэгт 2016.08.17-с 2017.10.26-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл 1,232,276.83 төгрөг, хүү 6,015,963.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 337.39 төгрөг, нийт 7,248,577.78 төгрөг төлсөн. Одоо нэхэмжилж буй үндсэн зээлийн үлдэгдэл 78,767,723.17 төгрөг, зээлийн хүү 10,703,778.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,991.20 төгрөг, нийт 89,518,492.64 төгрөгийн үнийн дүнд маргахгүй. Ажлаасаа халагдаад байнгын орлогогүй болсон тул 2017.10.26-ны өдрөөс эхлэн зээлээ цаг тухайд нь төлж чадаагүй. Зээл төлөх талаар банкны зүгээс удаа дараа шаардаж байсантай маргахгүй. Голомт банкны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагыг зөвшөөрөхгүй, 2020.01 сараас ажилд орж, зээлийг тогтмол төлөх боломжтой болчих тул гэрээг үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Өөрөөр хэлбэл 2019.07.09-ний өдөр хүртэлх хугацааны зээл, зээлийн хүүг хагас жилийн дотор хувааж төлөөд зээлийн гэрээг цааш үргэлжлүүлэх саналтай. Энэ хүсэлтээ банкинд албан ёсоор тавьж байгаагүй. 2019.06.03-ны өдөр 3,000 ам.доллар төлөх гэтэл банкны зүгээс хуримтлагдсан зээлийг бүхэлд нь төлөх шаардлага тавьсан учир төлөлт хийгээгүй юм. Иймд Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 101/ШШ2019/02635 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ч.Базаргүр, Б.Алтантуяа нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 78,767,723.17 төгрөг, зээлийн хүү 10,703,778.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,991.20 төгрөг, нийт 89,518,492.64 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомтбанк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Базаргүр, Б.Алтантуяа нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Ч.Базаргүрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204082832 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/, Токиогийн гудамж, 55а байр, 902 тоот үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ч.Базаргүр, Б.Алтантуяа нараас улсын тэмдэгтийн хураамжид 675,742 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомтбанк ХХК-д олгуулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 675,746.46 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2010 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/02635 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 605,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч Ч.Базаргүр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянасангүй. Яагаад гэвэл миний хүсэлтээр ХХША-нд эрх ашиг сонирхлыг минь хамгаалан оролцсон өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн аваагүй, мөн хуулийн 166.5 ...төлөөлөгч буюу өмгөөлөгч тайлбар гаргах, ... эрхийг хязгаарласан болно. Давж заалдах шатны шүүхийн магадлалд өмгөөлөгчийн гаргасан тайлбар тусгагдаагүй, хүлээн авсангүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад гэрээ цуцлах тухай дурдагдаагүй байхад гэрээг цуцлах талаарх шаардлага гаргаснаар тайлбарлаж Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан учир хариуцагчийн зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Магадлалын 5 дугаар талд нийт 89,518,492.64 төгрөг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргасан нь үндэслэлтэй байх бөгөөд... /хх-ийн 22-р тал/ гэжээ. Хавтаст хэргийн 22 дугаар талд авагдсан баримт болох 2019.06.03-ны өдрийн 09/1719 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт 2016.08.17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг зөрчсөн хугацааны үндсэн төлбөр. зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан байдаг ба ...төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, шүүх болон эрх бүхий байгууллагад хандан ...Зээлийн гэрээний үүргийг бүрэн хангуулах тухай агуулгатай байдаг. Зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна гэж нэхэмжлэлдээ бичсэн хэдий ч нэхэмжлэлийн шаардлагад гэрээг цуцлах шаардлагаа оруулаагүй байдаг. 2. Зээлдүүлэгчийн мэдэгдлийг хүлээн аваад Зээлдэгч 3,000 ам.доллар төлөх гэтэл банкны зүгээс хуримтлагдсан зээлийг бүхэлд нь төлөх шаардлага тавьсан учир төлөлт хийгээгүй тухайгаа анхан шатны шүүхэд хариуцагч хэлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Зээлийн гэрээний 2.6-д Зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт №1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-д заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн графикт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр Талууд тохиролцов. гэсэн гэрээний заалтыг зөрчсөн ба хариуцагч зээлийн хуримтлагдсан хугацааны төлөлтийг 6 сарын хугацаанд хуваан төлөөд гэрээг үргэлжлүүлэх саналаа илэрхийлсэн тухайд ямар нэг дүгнэлтийг хийгээгүйд гомдолтой байна. Иймд гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Голомт банк ХХК нь Ч.Базаргүр, Б.Алтантуяа нарт холбогдуулан 2016.08.17-ны өдрийн зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 78,767,723.17 төгрөг, зээлийн хүү 10,703,778.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,991.20 төгрөг, нийт 89,518,492.64 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч байнгын орлогогүй болсноос зээлээ цаг тухайд нь төлж чадаагүй, гэрээг цуцлах шаардлагыг зөвшөөрөхгүй, хуримтлагдсан төлбөрийг хэсэгчлэн төлж гэрээг үргэлжлүүлэх хүсэлтэй гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

1. Зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж болно гэж заасан байна.

Хэргийн баримтад авагдсан 2016.08.17-ны өдрийн орон сууцны зээлийн болон барьцааны гэрээгээр хариуцагч Ч.Базаргүр, Б.Алтантуяа нар нь Голомт банк ХХК-аас 80,000,000 төгрөгийг, орон сууц худалдан авах зорилгоор жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлэх, хугацаа хэтрүүлбэл үндсэн зээлийн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх, үүргийн гүйцэтгэлийг тухайн худалдан авсан буюу Ч.Базаргүрийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн, 1 дугаар хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамжны 55А байрны 902 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцаар хангуулахаар тохирсон нь тогтоогдсон байна.

Иймд талуудын хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн ба бусад үйл ажиллагаа эрхлэх банкнаас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээг бичгээр байгуулахаас гадна улсын бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр болдог бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хуулийн дээрх шаардлагыг хангасан байна.

Зохигч зээлийн болон барьцааны гэрээг байгуулах хүсэл зоригийн илэрхийллийн талаар маргаагүй, гэрээ хэлбэрийн шаардлага хангасан байх тул эдгээр гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд гэрээний талуудын хэн аль нь үүргийн гүйцэтгэлийг харилцан шаардах эрхтэй.

2. Зээлийн гэрээг нэг талаас Голомт банк ХХК, нөгөө талаас Ч.Базаргүр, Б.Алтантуяа нар байгуулсан байх тул хариуцагч нар нь нэхэмжлэгчийн өмнө зээлийн үүргийг бүхэлд нь хүлээлгэн өгөх хамтран үүрэг гүйцэтгэгч болно гэсэн шүүхүүдийн дүгнэлт Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д заасныг зөрчөөгүй байна.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үүрэг гүйцэтгэгч нь өөрийн хөрөнгө эсхүл гуравдагч этгээдийн хөрөнгийг зөвшөөрлөөр барьцаалж болох бөгөөд барьцааны зүйл нь Ч.Базаргүрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байх тул түүнийг барьцааны гэрээний барьцаалуулагч тал гэж үзэх нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3-т заасантай нийцнэ.

3. Зохигч зээлийн гэрээг 240 сараар буюу урт хугацаатай байгуулсан боловч хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан сар тутам төлөх зээлийн хүү болон үндсэн зээлийн зохих хувийг төлөх үүргээ удаа дараа зөрчсөнөөс нэхэмжлэгч гэрээг цуцалж, цуцлах хүртэл хугацааны төлөгдөөгүй төлбөрийг шаардах эрхтэй, энэ тухай хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Тухайлбал, хариуцагч нар нь 2016.12.17-ны өдрөөс хойш үндсэн зээлд 1,232,276.83 төгрөг, хүүд 6,015,963.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 337,39 төгрөг, нийт 7,248,577.7 төгрөг төлж, 2017.10.26-ны өдрөөс хойш зээлийг эргэн төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй, төлбөрийн хэтэрсэн хугацаа, хуримтлагдсан хэмжээгээр зөрчлийг ноцтой гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймээс хариуцагч нарын үүргийн зөрчлийн улмаас нэхэмжлэгчийн санаачилгаар гэрээг цуцалсан гэж дүгнэх нь Иргэний хуулийн 225 дугаар 225.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2-т заасныг зөрчихгүй.

4. Анхан шатны шүүх төлөгдөөгүй үндсэн зээл 78,767,723.17 төгрөг болон зээлийн гэрээг цуцлах хүртэл хугацаанд төлбөл зохих үндсэн хүү 10,107,778.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,991.20 төгрөг, бүгд 89,518,492.64 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцжээ.

 5. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй тул хариуцагч нар төлбөрийг сайн дураар гүйцэтгээгүй бол үүргийн гүйцэтгэлийг Ч.Базаргүрийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэх нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцнэ. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангахдаа шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 Дээр дурдсанаар хариуцагчийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй, гэрээний харилцааг үргэлжүүлэх боломжтой гэх гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/02635 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2010 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ч.Базаргүрийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч Ч.Базаргүрээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 605,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД