Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2008

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

У ХХК --ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/02666 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: У ХХК --ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ү ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 361 540 512 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 434 872 623 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Б                                                                    

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 8 дугаар сар юм уу 10 дугаар сарын үед Архангай аймгийн Цахир сумын нутагт Увидасын орон цогцолборт Увидасын үүд нэртэй чулуун байгууламж, бүтээлийг Ү ХХК-иар хийлгэхээр У ХХК -, Ү ХХК-тай аман хэлцэл хийсэн. Нэхэмжлэгч 2015 оны 8 сарын 15-ны өдрөөс 2016 оны 8 сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 313 412 301 төгрөгийг ажлын хөлсөнд шилжүүлсэн. Энэ хугацаанд ажил гүйцэтгэгчээс 3 янзын төсөв ирүүлсэн. Эхний 696 000 000 төгрөгийн төсвийг 2015 оны 12 сарын 20-ны өдөр захиалагчид ирүүлсэн. Төсөв ирэхээс 3 хоногийн өмнө 12 сарын 17-ны өдрөөс захиалагч тал санхүүжилтийг олгож эхэлсэн байсан. Энэ хооронд энэ төсөв хэт өндөр дүнтэй байна. Тийм учраас энэ төсвөө эргэж хар гэдэг шаардлага тавьсан. Ингээд 2016 оны 01 сард 2 дахь 698 587 132 төгрөгийн төсөв ирүүлсэн. 2016 оны 3 сард 3 дахь 1 101 647 787 төгрөгийн төсвийг өгсөн. Гэтэл сүүлийн 2 төсөв өмнөхөөсөө нэмэгдэж ирсэн учир нэхэмжлэгч тал нэмэлт санхүүжилт олгохоо зогсоосон. Өөрөөр хэлбэл гэрээний гол зүйл болох үнэ дээр хоёр тал тохиролцоогүйг ажил гүйцэтгэгчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Иргэний хуульд хэлцлийг амаар болон бичгээр хийж болно гэж тодорхой заасан. Гэхдээ хэлцлийн гол хүчинтэй байх нөхцөл нь гэрээний гол нөхцөлийг заавал тохирсон байхыг шаардаж байгаа. Гэрээний гол зүйлийг тохирсон тохиолдолд хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Гэхдээ энэ тохиолдолд анхнаасаа захиалагч ч тэр, ажил гүйцэтгэгч ч тэр ажлын үр дүнгийн үнэлгээ буюу ажлын хөлсийг тохиролцоогүй. Энэ хүмүүс урьд нь ажил төрлийн холбоо, найз нөхдийн холбоотой байсан учраас тохиролцсон гэдэг дээр манай захиалагч тал найдаад явж байсан. Санхүүжилт зогсоосноос хойш талууд харилцан эвлэрэх, хэл амаа ололцох талаар захирлууд уулзалт хийж байсан юм байна лээ. Хамгийн түрүүнд төсөв зардлаа гаргаад, тохиролцсоны үндсэн дээр бүтээл, туурвилыг үйлдвэрлэж эхлэх ёстой. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцсон бол хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасан. Хоёр компанийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Ажил гүйцэтгэх гэрээ амаар хийгдсэн. Гэрээний дагуу ажлын үр дүнг захиалагч талд заавал шилжүүлэх ёстой боловч өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй. Үнэхээр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн юм бол гэрээний дагуу ажлын гүйцэтгэлээ захиалагч талд хүлээлгэж өгөөд зөрүү мөнгөө нэхэмжлэх ёстой. Гэрээний үр дүнг хүлээлгэж өгөөгүй тул бид шүүхэд хаалгыг авъя гэсэн нэхэмжлэл гаргаж байсан. Хэрэв хаалгыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн бол Архангай аймаг руу чулуун хаалга тээвэрлэх манай ажил байсан. Үр дүнг хүлээлгэж өгөөгүй байдлаа Иргэний хуулийн 215 дугаар зүйлийг үндэслэж үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны эрхтэй гэж тайлбарлаж байгаа. Анх захиалагч шүүхэд боржин чулуун хаалгыг хариуцагч талаас гаргуулж авах нэхэмжлэл гаргасан боловч шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, боржин чулуун хаалгыг авахгүй, зөвхөн боржин чулуун хаалганы үнэд төлсөн 313 412 301 төгрөгийг нэхэмжилсэн. Захиалга өгснөөс хойш бүтэн 4 жил өнгөрч хаалга хэрэггүй болсон. Ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй тул шилжүүлсэн 313 412 301 төгрөгийг 0,5 хувиар тооцож алданги 48 128 211 төгрөгийн хамт 361 540 512 төгрөгийг хариуцагч Ү ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Ү ХХК нь 2015 оны 10 сараас эхлээд У ХХК --тай харилцан тохиролцсоны дагуу Архангай аймгийн Цахир сумын нутагт орших Увидаст орон цогцолборын барилгын ажилд зориулж 10 метр өндөр, 21 метр урттай боржин чулуун сийлбэртэй хаалгыг хийж гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн. Ингээд 2017 оны 01 сар хүртэл дээрх чулуун хаалгыг хийж гүйцэтгэх ажил явагдсан. Өнөөдрийн байдлаар хаалга бүрэн хийгдэж дууссан. Ү ХХК-ийн чулууны үйлдвэрт биет байдлаар байгаа. Хэрэгт авагдсан 2 удаагийн шинжээчийн дүгнэлт, өнгөтөөр болон хараар авсан гэрэл зургаар боржин чулуун хаалга хийгдээд бэлэн болсон байгаа нь харагдана. Захиалагч, ажил гүйцэтгэгч компанийн захирлууд 2015 оны 8 сараас эхлээд тухайн хаалгыг хийж гүйцэтгэх талаар тохиролцоод, харилцан тохиролцсоны дагуу хариуцагч боржин чулуун хаалгыг хийж гүйцэтгэсэн. Манай компани Увидасын орон цогцолборт зөвхөн хаалга бус 2015 оноос өмнө тухайн цогцолборт зориулагдаж хийсэн бүх чулуун байгууламжуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ газар нь Архангай аймгаас олдсон багш шавь хоёрын занданшуулсан шарил бүхий уул юм байна лээ. Энэ уулыг мөргөлийн газар болгож, жуулчдад сонирхуулах, ашиглах зорилгоор хийсэн ажил бөгөөд Увидаст орон цогцолбор гээд ажлын танилцуулга дээр тавигдсан боржин чулуун шат, бунхан, сандал, ширээ зэрэг ихэнх ажлуудыг Ү ХХК хийж гүйцэтгэсэн. Тэгээд энэ ажлуудынх нь нэг хэсэг юм байна гэсэн байдлаар Ү ХХК-ийн захирал ойлгоод ямар нэгэн гэрээ байхгүйгээр, урьдын хамтын ажлын итгэлцэл, хамтын ажлын харилцааныхаа хүрээнд хаалганы ажлыг эхлүүлж ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласан шиг 3 удаагийн төсөвтэй холбоотой ажил зогссон ч юм уу, эсвэл захиалагч тал үүргээ гүйцэтгэхээс татгалзаж байсан нөхцөл байдал гараагүй. Тухайн үед ажлыг хийж гүйцэтгэж байсан ажиллагаатай холбоотойгоор төсвөө тухай бүрт илэрхийлээд, тодотгоод явж байсан болохоос 690 000 000 төгрөгийн төсөв гаргаад, түүнийгээ шууд 1 100 000 000 төгрөг болоод ч юм уу үндэслэлгүйгээр нэмэгдүүлээд, үүнээс болж талуудын хооронд үл ойлголцол, маргаан үүсээд, өнөөдөр шүүхийн шатанд хүртэл маргалдсан асуудал биш. Гүйцэтгэгч тал Ү ХХК-ийн зүгээс 2017 оноос хойш ажлыг бүрэн гүйцэт хийж гүйцэтгээд, ажлаа хүлээж авахыг нэхэмжлэгч У ХХК --д хэлж мэдэгдсэн. Талуудын хооронд аман хэлбэрээр ярилцаж, харилцан тохиролцсоны дагуу төсөвт тусгагдсан ажил болох тухай чулуун хаалгыг үйлдвэрийн хашаанаас Архангай аймгийн нутаг хүртэл тээвэрлэх ажлыг нэхэмжлэгч тал өөрөө хариуцахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл ажлын гүйцэтгэлийг нэхэмжлэгч тал бүрэн хүлээж авах үүрэгтэй шүү гэж талууд харилцан тохиролцсоны дагуу хариуцагч тал энэ ажлыг бүрэн гүйцэт хийж дууссан. Гэвч ажлын гүйцэтгэл болох чулуун хаалгыг хүлээж авалгүйгээр нэхэмжлэгч тал шүүхэд хандсан. Ажлын гүйцэтгэлийн явцад нэхэмжлэгч 2015 оны 12 сарын 17-ны өдрөөс эхлээд ажлын явцын зардалд 313 412 301 төгрөгийг төлж барагдуулсан. Талуудын дунд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх харилцаатай холбоотой үүссэн, мөн хэрэгжсэн, хийгдээд дуусгавар болсон ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн хэм хэмжээгээр тодорхойлогдох харилцаа байсан. Ажил гүйцэтгэхтэй холбоотой гэрээний дагуу ажлын гүйцэтгэлээ хүлээлгэж өгөөгүй, энэ үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг. Гэтэл ажлын гүйцэтгэлээ хүлээж авах үүрэг нь нэхэмжлэгч талд байгаа. Нэхэмжлэгч тал өөрөө очоод танилцах, хүлээж аваад тээвэрлэх асуудал дээр ямар нэгэн үйлдэл гаргаагүй, ямар нэгэн саналыг У ХХК --иас Ү ХХК-д тавиагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү ХХК нь У ХХК --ийн тавьсан саналын дагуу 2015 оны 10 сараас эхлэн тус компанийн хийж гүйцэтгэж буй Архангай аймгийн Цахир сумын нутагт байрлах Увидасын орон цогцолборт зориулж 10 метр өндөртэй, 21 метр урттай, боржин чулуун, иж бүрэн сийлбэрэн чимэглэлтэй хаалгыг хийж гүйцэтгэсэн. Тус хаалгыг хийж гүйцэтгэхдээ нийт 166 м.куб хэмжээтэй байгалийн боржин чулуу ашиглаж, компанийн нийт ажилчид 2015 оны 10 сараас 2017 оны 01 сар хүртэл хугацаанд зөвхөн тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд анхаарч ажилласан. Үйл ажиллагааны явцад У ХХК --иас Ү ХХК-д ажлын хөлс 313 412 301 төгрөгийг төлсөн. Боржин чулуун урлал буюу чулуун сийлбэрийн ажиллагаа нь эдийн засгийн зардал их шаарддаг бөгөөд боржин чулуун хаалганы гүйцэтгэлийн явцад гүйцэтгэгчээс төлсөн 313 412 301 төгрөгийн зардлаас гадна компанийн зүгээс 150 000 000 төгрөгийн зээл авч хаалганы ажилд зарцуулан ажилласан. Гэвч 2017 оны 01 сараас эхлэн үлдэгдэл төлбөрийн талаар маргаан гарч гүйцэтгэгчээс тавьсан удаа дараагийн үнийн санал, төсвийг үл зөвшөөрөн эцэстээ үйл ажиллагааны зардалд төлсөн 313 412 301 төгрөг нь тус хаалганы нийт үнэ мэтээр маргаж, бүрэн хийж гүйцэтгэсэн боржин чулуун хаалгыг Ү ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж маргасан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК сийлбэрэн чимэглэлтэй боржин чулуун хаалгыг 529 000 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд тус дүгнэлтэд үндэслэж үйл ажиллагааны явцад төлсөн 313 412 301 төгрөгийг хасч үлдэгдэл төлбөр 215 587 699 төгрөгийг хариуцагч “Увидсын шүтээн” ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж байсан. Мөн дараагийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн тайлан дүгнэлтээр боржин чулуун хаалгыг бүтээсэн зардлыг үнэлгээний нийлбэр аргаар тооцоолоход 1 115 249 999.35 төгрөг, гүйцэтгэлийн төсвийн аргаар тооцоолоход 644 073 785 төгрөг гэж тус тус үнэлсэн. Боржин чулуун хаалганы хийж гүйцэтгэсэн нийт төсвийг 748 284 924 төгрөг байхаар тооцоолсон бөгөөд дээрх төсвийн үндэслэл, холбогдох зардлууд нь хариуцагч Ү ХХК-ийн хийж гүйцэтгэсэн бодит ажлын зардал, үр дүн, үйл ажиллагаатай бүрэн тохирч байгаа тул гүйцэтгэгч Ү ХХК-ийн зүгээс өөрийн компанийн хийж гүйцэтгэсэн боржин чулуун хаалгыг төсөвт тусгагдсан 748 284 924 төгрөгөөр үнэлэгдэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж, үйл ажиллагааны явцад төлөгдсөн 313 412 301 төгрөгийг хасч тооцон, ажлын хөлсөнд үлдэгдэл төлбөр 434 872 623 төгрөгийг нэхэмжлэгч У ХХК --иас нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Бид чулуун хаалгыг авахгүй. 4 жил өнгөрсөн. Ямар ч зүйлд цаг хугацаа гэж байдаг тул ач холбогдлоо алдсан. Шинжээчийн дүгнэлтэд бид анхнаасаа эсрэг байр суурьтай байгаа. Яагаад гэвэл манай нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Өөрөөр хэлбэл энэ нэхэмжлэлийн шаардлага дээр заавал шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Үнэн бодит байна уу, бодит бус байна уу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Анхан шатны шүүх дээр хариуцагч тал 215 000 000 төгрөгийг зөвшөөрөөд нэхэмжлээд явж байсан. Одоо бүр завшаан болж 748 284 924 төгрөгийн төсөв гаргасан гээд зөрүү 434 872 623 төгрөгийг нэхэмжилж байгаа юм байна. Нэхэмжлэгч тал өнөөдөр өгсөн мөнгө ч үгүй, хүлээж авсан хаалга ч үгүй байж дээрээс нь нэмж 434 872 623 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч У ХХК --ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 123 628 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч У ХХК --иас 199 239 390 төгрөгийг гаргуулж хариуцагч Ү ХХК-д олгож, үлдэх 235 633 233 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 332 313.12 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч У ХХК --иас 1 154 147 төгрөг гаргуулж хариуцагч Ү ХХК-д олгуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар нэхэмжлэгч У ХХК --иас 4 455 000 төгрөг, хариуцагч Ү ХХК-иас 4 455 000 төгрөг тус тус гаргуулж хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх үйл ажиллагаа өөрөө биш харин захиалагчийн захиалсан боржин чулуун, иж бүрэн сийлбэрэн чимэглэлтэй хаалга байхаар талууд тохиролцсон тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгч Ү ХХК нь захиалсан хаалгыг У ХХК --д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлгүй байна. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд ажлын төсвийн хэмжээ нэмэгдсэнээс шалтгаалж гэрээг цуцалсан талаар тайлбарлаж ажлын хөлсөнд шилжүүлсэн 313 412 301 төгрөгийг нэхэмжилсэн боловч гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй байна гэх дүгнэлтийн тухайд захиалагч, гүйцэтгэгч талуудын хооронд боржин чулуун хаалга хийлгэхээр аман хэлцэл хийгдсэн боловч бичгээр ямар нэг гэрээ хэлцэл хийгдээгүй, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т заасан гэрээний гол нөхцөл ажлын хөлсний талаар харилцан тохироогүй байсан юм. Ажил эхэлснээс хойш ажил гүйцэтгэгч Ү ХХК 2015 оны 12 сарын 20-нд 696 600 000 төгрөгийн дүнтэй төсөв ирүүлснийг захиалагч тал хянаж үзээд эскиз зургаар 115,7 м.куб хэмжээтэй боржин чулуун хаалга хийхэд үндсэн түүхий эд материалд 720 м.куб чулуу орохоор төсөв зохиосон нь үндэслэлгүй байна гэж үзээд төсвийг эргэн харж, бодитой төсөв хийж ирүүлэхийг даалган буцаасан. Гүйцэтгэгч тал аливаа чулуун бүтээл хийхэд үндсэн түүхий эдийн 50 хувь нь хаягдал болдог тухай өөрсдөө ярьж байсан. Энэ тооцоогоор 115.7 м.куб чулуун хаалганд 230 м.куб орчим чулуу орох боломжтой гэж үзсэн. Гэтэл 2016 оны 3 сард үндсэн түүхий эдийг урьдын адил 720 м.куб боржин чулуугаар тооцож үнийн дүнгээ 2 000 000 гаруй төгрөгөөр нэмэгдүүлэн 698 500 000 төгрөгийн дүнтэй төсөв хийж ирүүлсэн. Хоёр дах төсвийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ мэдэгдэж буцаасан. Гурав дах төсвийг 2016 оны 8 сард ирүүлэхдээ урьд ирүүлсэн хоёр удаагийн төсвөөсөө даруй 400 000 000 гаруй төгрөгөөр нэмэгдүүлэн 1 100 000 000 төгрөгийн дүнтэй төсөв ирүүлсэн бөгөөд ямар үндэслэл, шалтгаанаар төсвийг огцом нэмэгдүүлснээ захиалагчид тайлбарлаагүй. Захиалагч тал мэргэжлийн хүмүүсээс болон зах зээлийн судалгаа хийсний үндсэн дээр чулуун хаалгыг 400 000 000 – 450 000  000 төгрөгийн зардлаар бүтнэ гэсэн итгэл үнэмшил, тооцоотой байсан. Захиалагч өөрөө төсөв зохиож болох ч ажлын төсөв зохиох нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгчийн үүрэг учраас гүйцэтгэгч талаас төсвийг шаардаж байсан. Тэднээс ирүүлсэн төсвийг хянах завсар гүйцэтгэгчийн шаардлагаар захиалагчаас 313 400 000 төгрөг нэгэнт төлөгдсөн байсан бөгөөд удаа дараа үндэслэлгүй хэт өндөр төсөв хийж ирүүлсэн үйлдлээс нь хариуцагчийн субьектив санаа зорилго тодорхой харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл захиалагчаас нэгэнт их хэмжээний мөнгө авчихсан учраас төсвөө хэд ч гэж зохиосон У ХХК - хүлээн зөвшөөрч мөнгөө төлөх, чулуун хаалгыг авахаас өөр аргагүй байдалд орно хэмээн тооцсон байх магадлалтай бөгөөд анхнаасаа хийж гүйцэтгэх ажлынхаа төсвийг ирүүлээгүй, үнэ хөлсийг тохироогүй байж ажлаа эхлүүлсэн зэрэг үйлдэл нь гүйцэтгэгчийн заль мэх байсан гэж дүгнэж байгаа юм. Мөн ажлын төсвийн хэмжээ нэмэгдсэнээс шалтгаалж гэрээг цуцалсан гэж нэхэмжлэгч тал хэзээ ч мэдүүлж байгаагүй бөгөөд илт зөрүүтэй, хүлээн авах боломжгүй, үндэслэлгүй төсөв удаа дараа ирүүлсэн тул гэрээг цуцалсан гэдгээ мэдүүлсээр байхад шүүх ажлын төсвийн хэмжээ нэмэгдсэнээс шалтгаалж захиалагч гэрээг цуцалсан гэж буруу дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт “төсвийн хэмжээ нэмэгдсэнээс захиалагч гэрээг дуусгавар болгох, 345 дугаар зүйлийн 345.3 дахь хэсэгт “ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй гэх заалтууд хоорондоо өөр утга агуулгыг илэрхийлдэг. Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсэх үед ажил гүйцэтгэгч нь захиалагчид мэдээлэл өгөх үүрэгтэй бөгөөд захиалагчийн төлөх хөлсний хэмжээнд нөлөөлөх тохиолдолд ажил гүйцэтгэгч ажлын зардлыг сайтар хянасан байх үүрэг хүлээдэг билээ. Гэтэл гүйцэтгэгч 3 удаагийн төсвөө сайтар хянахгүй, эргэлзээтэй төсөв ирүүлснээс захиалагч ажлын үр дүнг хүлээж авч чадахгүй, гэрээг цуцлах, шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх хэмжээнд хүрсэн нь ажил гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон юм. Ү ХХК-иас ирүүлсэн 3 удаагийн төсөв үндэслэлгүй, санаатайгаар өндөр үнэлгээ тогтоосон эргэлзээтэй төсөв болохыг тэдний ирүүлсэн төсвийн задаргаанаас дараах баримтаар тайлбарлаж болно. Захиалагчийн эскиз зургийн дагуу боржин чулуун хаалга нь өөрөө 115.7 орчим м.куб хэмжээтэй чулуун бүтээл болох ёстой. Гэтэл эхний хоёр төсөвтөө 115 м.куб чулуун хаалга хийх үндсэн түүхий эд байгалийн боржин чулууны хэмжээг 720 м.куб чулуу орохоор тооцоолсон. Тэгэхдээ 1-р төсөвт 720 м.куб чулуугаа 119 800 000 төгрөгөөр, 2-р төсөвтөө үнийг багасган 174 300 000 төгрөгөөр үнэлсэн. Сүүлийн 3 дугаар төсөвтөө түүхий эд чулууны хэмжээг 500 м.кубээр багасган, 220 м.куб чулуу орохоор тооцсон боловч чулууныхаа үнийг хоёр дахин өсгөөд 402 900 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Мөн 1-р төсвөөр 114 м.кв талбайтай чулууг сийлбэрлэх ажлын хөлсийг 36 400 000 төгрөг, 2-р төсвөөр 114 м.кв чулууг сийлбэрлэх ажлын хөлсийг 17 600 000 төгрөг, 3-р төсвөөр 142 м.кв талбайг сийлбэрлэх ажлын хөлсийг 22 000 000 төгрөгөөр хийхээр тусгасан. Төсвийг нарийн судалж үзэхэд энэ мэт ойлгомжгүй, илт эргэлзээтэй мөнгөн дүн, нөхцөл байдлууд илэрсэн тул гүйцэтгэгчийг төсвөө үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэж үзээд захиалагч тал Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4 дэх хэсэгт заасан эрхийн дагуу 2016 оны 8 сарын 16-ны өдрөөс хойш нэмж хөлс төлөхөөс татгалзсан юм. Захиалагч санхүүжилтээ зогсоосны дараа үнэ хөлсийг тохирох, гэрээний үр дүнг хүлээж авах талаар гүйцэтгэгч талын төлөөлөлтэй олон удаагийн уулзалт, яриа хэлцэл хийсэн боловч үр дүнд хүрээгүй. Хариуцагч нь боржин чулуун хаалгыг 2015 оны 10 сараас 2017 оны 01 сарын хооронд хийж гүйцэтгэсэн гэдэг боловч гэрээний үр дүн чулуун хаалгыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй, хүлээлгэн өгөхөөс татгалзаж байсан нь хавтаст хэргийн 79 дүгээр хуудаст байгаа Ү ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбар бичгээр нотлогдоно. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт “ажил гүйцэтгэгч ямар нэг эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ”, 350 дугаар зүйлийн 350.1.6-т “гүйцэтгэгч захиалагчийн өмчлөлд ямар нэг доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй", 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт “талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж , ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө" гэж заасан байна. Анхан шатны шүүх “ажил гүйцэтгэгч гэрээний үр дүнг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байна" гэж зөв дүгнэсэн боловч захиалагч гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь гүйцэтгэгчээс ирүүлсэн илт зөрүүтэй, өндөр үнэлгээ тогтоосон төсвийн дагуу захиалагч нэмж хөлс төлөх боломжгүй байсан. Хариуцагч төсвөө үндэслэлтэй гаргаж өгсөн бол маргаан өнөөдрийг хүртэл сунжрахгүй, мөн хуульд зааснаар ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлчихээд зөрүү мөнгийг захиалагчаас нэхэмжилж байсан бол асуудал өөр байх байсан. Хариуцагч өөрийн буруугаас бусдад учируулсан хохирлоо бүрэн хариуцах үүрэгтэй гэж үзэж байна. Энэ байдлыг шүүх анхаарч үзсэнгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ийн шинжээчдийн тайлан дүгнэлтээр боржин булуун хаалгыг бүтээсэн зах зээлийн нийт өртөг 644 073 785 төгрөг боржин чулуун хаалганы хийж гүйцэтгэсэн нийт төсвийг 748 284 924 төгрөг байхаар тооцоолж ирүүлсэн, дүгнэлтээр ажил гүйцэтгэгчээс гарсан бодит зардал 512 651 691 төгрөг байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсөнд шилжүүлсэн 313 412 301 төгрөгийг шаардах эрхгүй, мөн талууд бичгээр алданги тооцохоор гэрээ байгуулаагүй тул алданги 48 128 211 төгрөгийг хариуцагчаас шаардах үндэслэлгүй тул нийт нэхэмжилсэн 361 540 512 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэх дүгнэлтийн тухайд нэхэмжлэгч тал чулуун хаалганы үнэ хөлсний талаар маргаагүй, хариуцагчийн буруутай ажиллагааны улмаас өдий хүртэл хохирч байгаа тул чулуун хаалгыг авахгүй, хаалганы үнэд төлсөн мөнгөө буцаан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн хүсэлтээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай гэж шүүх үзээд "Лэндс" ХХК-ийг дахин шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан. Тус компани боржин чулуун хаалгыг бүтээсэн зардлыг үнэлгээний нийлбэрийн аргаар тооцоолоход 1 115 249 999.35 төгрөг, гүйцэтгэлийн төсвийн аргаар тооцоолоход 644 073 785.00 төгрөг болж байна. Боржин чулуун хаалганд цэврээр 105 м.куб, бохироор 166 м.куб боржин чулуу орсон байна. Шинжээчдийн бүрэлдэхүүн хэлэлцээд гүйцэтгэлийн төсвийн аргаар тооцоолсон дүнг сонгосон тул боржин чулуун хаалгыг бүтээсэн зах зээлийн үнэ бүтээгдсэн газар дээрээ 644 073 785 төгрөг гэж дүгнэж байна гэсэн дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтэд хавсаргасан Архангай аймгийн Цахир сумын Увидасын шүтээн цогцолборын хаалганы ажлын төсөв гэх баримт доторх төсөвт өртгийн нэгдсэн товчоо гэх жагсаалтад 748 284 924 гэсэн дүн тавигдсан байна. Шинжээчийн дүгнэлт хэсэгт дурдагдаагүй, хавсралт төсөв дотор бичигдсэн энэ тоог үндэслэн хариуцагч тал урьд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нэхэмжлэгчээс төлсөн 313 400 000 төгрөгийг хасаад зөрүү 434 872 623 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага шинээр гаргасан байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн хүсэлтээр гэрчээр оролцсон, дээр дурдсан төсвийг зохиосон гэх шинжээч Ж.Цээлээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээчийн дүгнэлтэд байгаа тоонуудыг, тухайлбал нийлбэрийн аргаар тооцоолсон 11 115 249 999.35 төгрөг, гүйцэтгэлийн төсвийн аргаар тооцоолсон 644 073 785.00 төгрөг, дүгнэлтийн хавсралт баримтны төсөвт өртгийн нэгдсэн товчоо гэх жагсаалтад дурдсан 748 284 924 гэсэн тоонуудыг тайлбарлуулах асуултад хариулахдаа "Шинжээч шүүхээс тавьсан асуултад хариулж дүгнэлт гаргасан. Чулуун хаалганы өртгийг нийлбэрийн болон гүйцэтгэлийн аргаар тооцож 2 янзын дүн гаргаснаас гүйцэтгэлийн аргаар тооцсон дүнгээр үнэлэх нь зүйтэй гэж үзсэн. Боржин чулуун хаалга бүтээгдсэн газар дээрээ 644 073 785.00 төгрөгийн зах зээлийн үнэтэй гэж дүгнэсэн. Хаалганы ажлын төсвийн төсөвт өртгийн нэгдсэн товчоо жагсаалтад дурдсан 748 284 924 төгрөгийн дүнг буруу тооцож гаргасан байна, зохиогчийн хяналтын зардал гэх мэт зардлыг хасаад төсөвт өртгийн нэгдсэн товчооны дүн 727 803 381 болж байна хэмээн мэдүүлсэн. Гэрч Ж.Цээлээ шүүхэд өгсөн мэдүүлгээрээ "Лэндс" ХХК-ийн үнэлгээчин Д.Ганхуяг, Н.Оюунсүрэн, С.Оюунгэрэл, нарын хамт 4 хүн гарын үсэг зурж баталгаажуулсан шинжээчийн дүгнэлтээ үгүйсгэсэн бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг зөрчиж эргэлзээтэй нотлох баримтыг үндэслэн шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт “тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрдөгддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө" гэж заасан. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд зах зээлийн үнэлгээг тухайн үеийн буюу 2015-2016 оны зах зээлийн ханшаар бус 2019 оны 7 сарын 28-ны өдрийн байдлаар үнэлсэн талаар дурдсан бөгөөд шинжээч Ж.Цээлээ чулуун хаалганд одоогийн зах зээлийн ханшаар үнэлгээ хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч баталсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Мөн шүүгч шийдвэр гаргахдаа шүүхээс тавьсан асуултанд хариулсан шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт огт дурдагдаагүй, шүүх хуралдаанаар нарийвчлан хэлэлцэгдээгүй, шинжээчийн дүгнэлтэд хавсаргасан хаалганы ажлын төсөв гэх баримтын төсөвт өртгийн нэгдсэн товчоо гэх жагсаалтад бичсэн тоонуудаас шууд зардлын дүн 512 651 691 гэх тоог дангаар нь сонгон авч дүгнэлтээр ажил гүйцэтгэгчээс гарсан бодит зардал 512 651 691 төгрөг байх тул хэмээн дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган У ХХК --иас 199 200 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэргийн цорын ганц хохирогч нь У ХХК - бөгөөд ажлын хөлсөнд төлсөн 313 400 000 төгрөг ч үгүй, захиалсан боржин чулуун хаалга ч үгүй 4 жил гаруй хугацаанд хохирсоор байхад чулуун хаалгыг нэхэмжлэгчид хүчээр өгөх, дээрээс нь нэмж 199 200 000 төгрөг гаргуулан хариуцагчид төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга бус шийдвэр боллоо гэж үзэж байна. Хаалга хийлгэх захиалга өгснөөс хойш даруй 4 жилийн хугацаа өнгөрч захиалга ач холбогдлоо нэгэнт алдсан тул чулуун хаалга авах шаардлагагүй болсон юм. Иймээс Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/02666 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч У ХХК - нь хариуцагч Ү ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 361 540 512 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 434 872 623 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч У ХХК - нь хариуцагч Ү ХХК-тай 2015 оны 10 сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Ү ХХК нь Архангай аймгийн Цахир сумын нутагт баригдаж буй Увидаст орон цогцолборт зориулж, 10 метрийн өндөртөй, 21 метрийн урттай боржин чулуун, бүрэн сийлбэртэй хаалга хийж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч У ХХК - нь ажлын хөлсөнд тохирсон төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд 2015 оны 8 сарын 15-ны өдрөөс 2016 оны 8 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 313 412 301 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбар, төлбөрийн тооцоо зэргээр тогтоогдож байна. /1хх-ийн 8-р тал/

 

Талууд ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүй боловч анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хариуцагч Ү ХХК нь илт зөрүүтэй, бодит бус, хэт өндөр үнэлгээтэй гурван өөр үнийн дүнтэй ажлын төсөв зохиож хүргүүлсэн, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй тул одоо гэрээнээс татгалзаж ажлын хөлсөнд төлсөн 313 412 301 төгрөг, алданги 48 128 211 төгрөг, нийт 361 540 512 төгрөгийг гаргуулна гэсэн бол хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн тул шинжээчийн дүгнэлтээр гарсан 748 284 924 төгрөгийн үнийн дүнгээс нэхэмжлэгчийн төлсөн 313 412 301 төгрөгийг хасаад үлдэх 434 872 623 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч У ХХК --иас ажлын хөлсөнд 199 239 390 төгрөг гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 235 633 233 төгрөгийн шааардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Тодруулбал, талууд ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүй боловч зохигчид амаар тохиролцсоны дагуу хариуцагч Ү ХХК нь Архангай аймгийн Цахир сумын нутагт баригдаж буй Увидаст орон цогцолборт зориулж, 10 метрийн өндөртөй, 21 метрийн урттай боржин чулуун, бүрэн сийлбэртэй хаалга хийх үүрэг хүлээсэн байх бөгөөд энэхүү үүргийн дагуу хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг бий болгосон нь зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлсэн, гэрээний үүргийг зөрчсөн гэх үндэслэлгүй байх тул ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, алданги шаардсан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК нь шинжээчийн дүгнэлт гаргахдаа хариуцагч Ү ХХК-ийн хийсэн боржин чулуун хаалгыг бүтээсэн зах зээлийн нийт өртгийг 644 073 785 төгрөгөөр үнэлсэн байна. /1-р хх-ийн 244-245, 248-249, 2-р хх-ийн 15-46-р тал/

 

Хариуцагч нь шинжээчийн дүгнэлтийн төсөвт өртгийн нэгдсэн товчоонд дурдсан 748 284 924 төгрөгөөс нэхэмжлэгчийн төлсөн 313 412 301 төгрөгийг хасаад үлдэх 434 872 623 төгрөгийг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийн шууд зардлын дүн 512 651 691 төгрөгөөс тооцож, нэхэмжлэгчийн төлсөн 313 412 301 төгрөгийг хасаад хариуцагчаас 199 239 390 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байх бөгөөд энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй байна. /2-р хх-ийн 37-р тал/   

 

            Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас ирүүлсэн ажлын төсөв, шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/02666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 962 208 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ИЧИНХОРЛОО                                      

                                         ШҮҮГЧИД                                                А.МӨНХЗУЛ

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ