Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00437

 

 Увидасын шүтээн ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, Б.Ундрдах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/02666 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2008 дугаар магадлалтай,

 Увидасын шүтээн ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Үүдэн чулуу ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт шилжүүлсэн төлбөрийг алдангийн хамт, нийт 361,540,512 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 Ажлын хөлсний үлдэгдэл 434,872,623 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Г.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 сарын үед Архангай аймгийн Цахир сумын нутагт Увидасын орон цогцолборт Увидасын үүд нэртэй чулуун байгууламж, бүтээлийг Үүдэн чулуу ХХК-иар хийлгэхээр Увидасын шүтээн ХХК, Үүдэн чулуу ХХК-ийн хооронд аман хэлцэл хийгдсэн. Нэхэмжлэгч 2015.12.17-ны өдрөөс 2016.08.13-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 313,412,301 төгрөгийг ажлын хөлсөнд шилжүүлсэн. Энэ хугацаанд ажил гүйцэтгэгчээс 3 янзын төсөв ирүүлсэн. Эхний 696,000,000 төгрөгийн төсвийг 2015.12.20-ны өдөр захиалагчид ирүүлсэн. Төсөв ирэхээс 3 хоногийн өмнө 12 сарын 17-ны өдрөөс захиалагч тал санхүүжилтийг олгож эхэлсэн байсан. Энэ хооронд энэ төсөв хэт өндөр дүнтэй байна. Тийм учраас энэ төсвөө эргэж хар гэдэг шаардлага тавьсан. Ингээд 2016 оны 01 дүгээр сард 2 дахь 698,587,132 төгрөгийн төсөв ирүүлсэн. 2016 оны 3 сард 3 дахь 1,101,647,787 төгрөгийн төсвийг өгсөн. Гэтэл сүүлийн 2 төсөв өмнөхөөсөө нэмэгдэж ирсэн учир нэхэмжлэгч тал нэмэлт санхүүжилт олгохоо зогсоосон. Өөрөөр хэлбэл гэрээний гол зүйл болох үнэ дээр хоёр тал тохиролцоогүйг ажил гүйцэтгэгчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Иргэний хуульд хэлцлийг амаар болон бичгээр хийж болно гэж тодорхой заасан. Гэхдээ хэлцлийн гол хүчинтэй байх нөхцөл нь гэрээний гол нөхцөлийг заавал тохирсон байхыг шаардаж байгаа. Гэрээний гол зүйлийг тохирсон тохиолдолд хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Гэхдээ энэ тохиолдолд анхнаасаа захиалагч ч тэр, ажил гүйцэтгэгч ч тэр ажлын үр дүнгийн үнэлгээ буюу ажлын хөлсийг тохиролцоогүй. Энэ хүмүүс урьд нь ажил төрлийн холбоо, найз нөхдийн холбоотой байсан учраас тохиролцсон гэдэг дээр манай захиалагч тал найдаад явж байсан. Санхүүжилт зогсоосноос хойш талууд харилцан эвлэрэх, хэл амаа ололцох талаар захирлууд уулзалт хийж байсан юм байна лээ. Хамгийн түрүүнд төсөв зардлаа гаргаад, тохиролцсоны үндсэн дээр бүтээл, туурвилыг үйлдвэрлэж эхлэх ёстой. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцсон бол хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасан. Хоёр компанийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Ажил гүйцэтгэх гэрээ амаар хийгдсэн. Гэрээний дагуу ажлын үр дүнг захиалагч талд заавал шилжүүлэх ёстой боловч өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй. Үнэхээр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн юм бол гэрээний дагуу ажлын гүйцэтгэлээ захиалагч талд хүлээлгэж өгөөд зөрүү мөнгөө нэхэмжлэх ёстой. Гэрээний үр дүнг хүлээлгэж өгөөгүй тул бид шүүхэд хаалгыг авъя гэсэн нэхэмжлэл гаргаж байсан. Хэрэв хаалгыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн бол Архангай аймаг руу чулуун хаалга тээвэрлэх нь манай ажил байсан. Хариуцагч үр дүнг хүлээлгэж өгөөгүй байдлаа Иргэний хуулийн 215 дугаар зүйлийг үндэслэж үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны эрхтэй гэж тайлбарлаж байгаа. Анх захиалагч шүүхэд боржин чулуун хаалгыг хариуцагч талаас гаргуулж авах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж боржин чулуун хаалгыг авахгүй, зөвхөн боржин чулуун хаалганы үнэд төлсөн 313,412,301 төгрөгийг нэхэмжилсэн. Захиалга өгснөөс хойш бүтэн 4 жил өнгөрч хаалга хэрэггүй болсон. Ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй тул шилжүүлсэн 313,412,301 төгрөгийг 0.5 хувиар тооцож алданги 48,128,211 төгрөгийн хамт нийт 361,540,512 төгрөгийг хариуцагч Үүдэн чулуу ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Үүдэн чулуу ХХК нь 2015 оны 10 сараас эхлээд Увидасын шүтээн ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу Архангай аймгийн Цахир сумын нутагт орших Увидаст орон цогцолборын барилгын ажилд зориулж 10 метр өндөр, 21 метр урттай боржин чулуун сийлбэртэй хаалгыг хийж гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн. Ингээд 2017 оны 01 сар хүртэл дээрх чулуун хаалгыг хийж гүйцэтгэх ажил явагдсан. Өнөөдрийн байдлаар хаалга бүрэн хийгдэж дууссан. Үүдэн чулуу ХХК-ийн чулууны үйлдвэрт биет байдлаар байгаа. Хэрэгт авагдсан 2 удаагийн шинжээчийн дүгнэлт, өнгөтөөр болон хараар авсан гэрэл зургаар боржин чулуун хаалга хийгдээд бэлэн болсон байгаа нь харагдана. Захиалагч, ажил гүйцэтгэгч компанийн захирлууд 2015 оны 8 сараас эхлээд тухайн хаалгыг хийж гүйцэтгэх талаар тохиролцоод, харилцан тохиролцсоны дагуу хариуцагч боржин чулуун хаалгыг хийж гүйцэтгэсэн. Манай компани Увидасын орон цогцолборт зөвхөн хаалга бус 2015 оноос өмнө тухайн цогцолборт зориулагдаж хийсэн бүх чулуун байгууламжуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ газар нь Архангай аймгаас олдсон багш шавь хоёрын зандалшуулсан шарил бүхий уул юм байна лээ. Энэ уулыг мөргөлийн газар болгож, жуулчдад сонирхуулах, ашиглах зорилгоор хийсэн ажил бөгөөд Увидаст орон цогцолбор гээд ажлын танилцуулга дээр тавигдсан боржин чулуун шат, бунхан, сандал, ширээ зэрэг ихэнх ажлуудыг Үүдэн чулуу ХХК хийж гүйцэтгэсэн. Тэгээд энэ ажлуудынх нь нэг хэсэг юм байна гэсэн байдлаар Үүдэн чулуу ХХК-ийн захирал ойлгоод ямар нэгэн гэрээ байхгүйгээр, урьдын хамтын ажлын итгэлцэл, хамтын ажлын харилцааныхаа хүрээнд хаалганы ажлыг эхлүүлж ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласан шиг 3 удаагийн төсөвтэй холбоотой ажил зогссон ч юм уу, эсвэл захиалагч тал үүргээ гүйцэтгэхээс татгалзаж байсан нөхцөл байдал гараагүй. Тухайн үед ажлыг хийж гүйцэтгэж байсан ажиллагаатай холбоотойгоор төсвөө тухай бүрт илэрхийлээд, тодотгоод явж байсан болохоос 690,000,000 төгрөгийн төсөв гаргаад, түүнийгээ шууд 1,100,000,000 төгрөг болоод ч юм уу үндэслэлгүйгээр нэмэгдүүлээд, үүнээс болж талуудын хооронд үл ойлголцол, маргаан үүсээд, өнөөдөр шүүхийн шатанд хүртэл маргалдсан асуудал биш. Гүйцэтгэгч тал Үүдэн чулуу ХХК-ийн зүгээс 2017 оноос хойш ажлыг бүрэн гүйцэт хийж гүйцэтгээд, ажлаа хүлээж авахыг нэхэмжлэгч Увидасын шүтээн ХХК-д хэлж мэдэгдсэн. Талуудын хооронд аман хэлбэрээр ярилцаж, харилцан тохиролцсоны дагуу төсөвт тусгагдсан ажил болох тухай чулуун хаалгыг үйлдвэрийн хашаанаас Архангай аймгийн нутаг хүртэл тээвэрлэх ажлыг нэхэмжлэгч тал өөрөө хариуцахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл ажлын гүйцэтгэлийг нэхэмжлэгч тал бүрэн хүлээж авах үүрэгтэй шүү гэж талууд харилцан тохиролцсоны дагуу хариуцагч тал энэ ажлыг бүрэн гүйцэт хийж дууссан. Гэвч ажлын гүйцэтгэл болох чулуун хаалгыг хүлээж авалгүйгээр нэхэмжлэгч тал шүүхэд хандсан. Ажлын гүйцэтгэлийн явцад нэхэмжлэгч 2015.12.17-ны өдрөөс эхлээд ажлын явцын зардалд 313,412,301 төгрөгийг төлж барагдуулсан. Талуудын дунд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх харилцаатай холбоотой үүссэн, мөн хэрэгжсэн, хийгдээд дуусгавар болсон ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн хэм хэмжээгээр тодорхойлогдох харилцаа байсан. Ажил гүйцэтгэхтэй холбоотой гэрээний дагуу ажлын гүйцэтгэлээ хүлээлгэж өгөөгүй, энэ үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг. Гэтэл ажлын гүйцэтгэлээ хүлээж авах үүрэг нь нэхэмжлэгч талд байгаа. Нэхэмжлэгч тал өөрөө очоод танилцах, хүлээж аваад тээвэрлэх асуудал дээр ямар нэгэн үйлдэл гаргаагүй, ямар нэгэн саналыг Увидасын шүтээн ХХК-иас Үүдэн чулуу ХХК-д тавиагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үүдэн чулуу ХХК нь Увидасын шүтээн ХХК-ийн тавьсан саналын дагуу 2015 оны 10 сараас эхлэн тус компанийн хийж гүйцэтгэж буй Архангай аймгийн Цахир сумын нутагт байрлах Увидасын орон цогцолборт зориулж 10 метр өндөртэй, 21 метр урттай, боржин чулуун, иж бүрэн сийлбэрэн чимэглэлтэй хаалгыг хийж гүйцэтгэсэн. Тус хаалгыг хийж гүйцэтгэхдээ нийт 166 м.куб хэмжээтэй байгалийн боржин чулуу ашиглаж, компанийн нийт ажилчид 2015 оны 10 сараас 2017 оны 01 сар хүртэл хугацаанд зөвхөн тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд анхаарч ажилласан. Үйл ажиллагааны явцад Увидасын шүтээн ХХК-иас Үүдэн чулуу ХХК-д ажлын хөлс 313,412,301 төгрөгийг төлсөн. Боржин чулуун урлал буюу чулуун сийлбэрийн ажиллагаа нь эдийн засгийн зардал их шаарддаг бөгөөд боржин чулуун хаалганы гүйцэтгэлийн явцад гүйцэтгэгчээс төлсөн 313,412,301 төгрөгийн зардлаас гадна компанийн зүгээс 150,000,000 төгрөгийн зээл авч хаалганы ажилд зарцуулан ажилласан. Гэвч 2017 оны 01 сараас эхлэн үлдэгдэл төлбөрийн талаар маргаан гарч гүйцэтгэгчээс тавьсан удаа дараагийн үнийн санал, төсвийг үл зөвшөөрөн эцэстээ үйл ажиллагааны зардалд төлсөн 313,412,301 төгрөг нь тус хаалганы нийт үнэ мэтээр маргаж, бүрэн хийж гүйцэтгэсэн боржин чулуун хаалгыг Үүдэн чулуу ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж маргасан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК сийлбэрэн чимэглэлтэй боржин чулуун хаалгыг 529,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд тус дүгнэлтэд үндэслэж үйл ажиллагааны явцад төлсөн 313,412,301 төгрөгийг хасаж үлдэгдэл төлбөр 215,587,699 төгрөгийг хариуцагч Увидасын шүтээн ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж байсан. Мөн дараагийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн тайлан дүгнэлтээр боржин чулуун хаалгыг бүтээсэн зардлыг үнэлгээний нийлбэр аргаар тооцоолоход 1,115,249,999.35 төгрөг, гүйцэтгэлийн төсвийн аргаар тооцоолоход 644,073,785 төгрөг гэж тус тус үнэлсэн. Боржин чулуун хаалганы хийж гүйцэтгэсэн нийт төсвийг 748,284,924 төгрөг байхаар тооцоолсон бөгөөд дээрх төсвийн үндэслэл, холбогдох зардлууд нь хариуцагч Үүдэн чулуу ХХК-ийн хийж гүйцэтгэсэн бодит ажлын зардал, үр дүн, үйл ажиллагаатай бүрэн тохирч байгаа тул гүйцэтгэгч Үүдэн чулуу ХХК-ийн зүгээс өөрийн компанийн хийж гүйцэтгэсэн боржин чулуун хаалгыг төсөвт тусгагдсан 748,284,924 төгрөгөөр үнэлэгдэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж, үйл ажиллагааны явцад төлөгдсөн 313,412,301 төгрөгийг хасаж тооцон, ажлын хөлсөнд үлдэгдэл төлбөр 434,872,623 төгрөгийг нэхэмжлэгч Увидасын шүтээн ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Бид чулуун хаалгыг авахгүй. 4 жил өнгөрсөн. Ямар ч зүйлд цаг хугацаа гэж байдаг тул ач холбогдлоо алдсан. Шинжээчийн дүгнэлтэд бид анхнаасаа эсрэг байр суурьтай байгаа. Яагаад гэвэл манай нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Өөрөөр хэлбэл энэ нэхэмжлэлийн шаардлага дээр заавал шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Үнэн бодит байна уу, бодит бус байна уу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Анхан шатны шүүх дээр хариуцагч тал 215,000,000 төгрөгийг зөвшөөрөөд нэхэмжлээд явж байсан. Одоо бүр завшаан болж 748,284,924 төгрөгийн төсөв гаргасан гээд зөрүү 434,872,623 төгрөгийг нэхэмжилж байгаа юм байна. Нэхэмжлэгч тал өнөөдөр өгсөн мөнгө ч үгүй, хүлээж авсан хаалга ч үгүй байж дээрээс нь нэмж 434,872,623 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/02666 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Үүдэн чулуу ХХК-наас ажлын хөлсөнд шилжүүлсэн 313,412,301 төгрөг, алданги 48,128,211 төгрөг нийт 361,540,512 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Увидасын шүтээн ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,123,628 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.3-т зааснаар нэхэмжлэгч Увидасын шүтээн ХХК-иас 199,239,390 төгрөгийг гаргуулж хариуцагч Үүдэн чулуу ХХК-нд олгож, үлдэх 235,633,233 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,332,313.12 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Увидасын шүтээн ХХК-иас 1,154,147 төгрөг гаргуулж хариуцагч Үүдэн чулуу ХХК-нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар нэхэмжлэгч Увидасын шүтээн ХХК-иас 4,455,000 төгрөг, хариуцагч Үүдэн чулуу ХХК-наас 4,455,000 төгрөг тус тус гаргуулж Хөрөнгийн үнэлгээ төслийн Лэндс ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2008 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/02666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,962,208 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТ хуулийн 172.2.1 дэх хэсэгт заасны дагуу хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 343.3-т зааснаар Үүдэн чулуу ХХК захиалсан хаалгыг Увидасын шүтээн ХХК-д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна, Хариуцагч чулуун хаалгыг захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр хөлс авах эрх нь үүсэх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй, Увидасын шүтээн ХХК нь Иргэний хуулийн 351.1.1-д зааснаар ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй бөгөөд Үүдэн чулуу ХХК мөн хуулийн 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийг хөлс төлөх үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна хэмээн зөв дүгнэсэн юм. Нэхэмжлэгч 2015 онд хийсэн аман хэлцлээр гэрээний гол нөхцөл үнэ хөлсийг тохиролцоогүй боловч хариуцагчид 313.4 сая төгрөг төлсөн бөгөөд хариуцагч гэрээний үр дүнг цаг тухайд нь шилжүүлээгүйгээс чулуун хаалга ч үгүй, өгсөн мөнгө ч үгүй хохирсоор байгаа болно.

2. Шүүх дээрх дүгнэлтийг хийсэн боловч Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд ажлын төсвийн хэмжээ нэмэгдсэнээс шалтгаалж гэрээг цуцалсан талаар тайлбарлаж, захиалагч гэрээг дуусгавар болгосон боловч гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид Иргэний хуулийн 345.3-т зааснаар төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй хэмээн хуулийн үндэслэлийг буруу тодорхойлсон. Нэхэмжлэгч ажлын төсвийн хэмжээ нэмэгдсэнээс гэрээг дуусгавар болгосон гэж огт мэдүүлээгүй, харин зориудаар төсвийг нэмэгдүүлсэн, илт эргэлзээтэй төсөв удаа дараа ирүүлсэн хариуцагчийн буруутай ажиллагааны улмаас Иргэний хуулийн 345.4-д заасан эрхийн дагуу нэмж хөлс төлөхөөс татгалзсан гэдгээ мэдүүлсээр байхад шүүх буруу дүгнэлт хийж хуулийг буруу хэрэглэсэн. /Эскиз зургаар ойролцоогоор 115 м.куб орчим чулуу орох хаалганд 720 м.куб чулуу орох төсөв хийн ирүүлж байсан ба шинжээчийн дүгнэлтээр чулуун хаалганд цэврээр 105 м.куб, бохироор 166 м.куб чулуу орсон нь тогтоогдсон/

3. Шүүх хуралд оролцсон шинжээч Ж.Цээлээ Төсөвт өртөгийн нэгдсэн товчоо-ны дүн 748,284,924 төгрөгийг алдаатай тооцоолсон болохоо хүлээн зөвшөөрч, 727,803,381 төгрөг болох тухай мэдүүлсэн. Энэ нь шинжээч өөрийн дүгнэлтээ үгүйсгэсэн үйлдэл тул шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй нотлох баримт гэж үзэж байна. Гэтэл шүүх энэ жагсаалт доторх шууд зардал 512,651,691 төгрөгийн дүнг үндэслэж шийдвэрээ гаргасан.

4. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэн, Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3 дахь заалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнийг давж заалдах гомдолд дурдсан боловч давж заалдах шатны шүүх анхаарч залруулаагүй, шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлал гаргасныг эс зөвшөөрч байна.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.5 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэнэ үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Увидасын шүтээн ХХК нь Үүдэн чулуу ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт шилжүүлсэн төлбөрийг алдангийн хамт, нийт 361,540,512 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ажлын хөлсний үлдэгдэл 434,872,623 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх Увидасын шүтээн ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 199,239,390 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Үүдэн чулуу ХХК-иар боржин чулуун хаалга хийлгэхээр амаар тохирч, ажлын урьдчилгаа төлбөрт 313,412,301 төгрөгийг шилжүүлсэн боловч гүйцэтгэх ажлын төсвийг хэт өндрөөр үнэлсэн, харилцан тохиролцсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрч байхад ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөөгүй, гэрээний гол нөхцөл болох үнийг тохироогүй тул гэрээ хүчин төгөлдөр бус. Иймд гэрээний дагуу шилжүүлсэн 313,412,301 төгрөгийг 0.5%-ийн алдангийн хамт нийт 361,540,512 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна... гэж тайлбарлаж, сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ...Увидасын шүтээн ХХК-ийн захиралтай харилцан тохиролцсны дагуу Архангай аймгийн Цахир сумын нутагт орших Увидаст орон цогцолборын барилгын ажилд зориулж 10 м өндөр, 21 м урттай боржин чулуун сийлбэртэй хаалгыг хийж дууссан боловч захиалагч хаалгыг хүлээж авалгүй шүүхэд хандсан тул гэрээнээс татгалзах шаардлагыг зөвшөөрөхгүй. ...Шинжээчийн дүгнэлтээр захиалсан хаалга 748,284,924 төгрөгөөр үнэлэгдсэн тул үлдэгдэл 434,872,623 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.

 Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д нийцжээ.

 Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй.

 Талууд амаар гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1. дэх заалтыг зөрчөөгүй, захиалагч урьдчилгаа төлбөрийг төлж, гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэж, гэрээ хэрэгжиж эхэлсэн байна.

 Ажил гүйцэтгэх явцад төсвийн хэмжээ илт үндэслэлгүй нэмэгдсэн тул захиалагч гэрээний гол нөхцөл болох гэрээний үнийн талаар тохиролцоогүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэн, гэрээний үүрэгт шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардсан боловч гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн тул захиалагч үнийн дүн тодорхойгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхгүй байна.

 Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3.-т Төсвийн хэмжээ нэмэгдснээс захиалагч гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бол гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй гэж заасан тул захиалагч нь гүйцэтгэсэн ажлын хөлсөнд төлсөн хөрөнгийг буцаан шаардах эрхгүй байна.

 Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 Нэгэнт гүйцэтгэсэн ажлын хөлсийг захиалагч төлөх үүрэгтэй тул хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн гаргасан Шинжээчдийн үнэлгээний тайлан дүгнэлтээр тогтоогдсон шууд зардлын дүнг үндэслэн 512,651,691 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэгчээс гэрээний урьдчилгаанд төлсөн 313,412,301 төгрөгийг хасаад үлдэх 199,239,390 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгуулахаар сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 Ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх, гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэг доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй.

 Анхан шатны шүүх ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх хариуцагчийн үүргийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байхад давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзнэ.

 Иймд дээрх алдааг залруулж, хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь ажил гүйцэтгүүлэхээр захиалга өгсөн, ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжиж, гүйцэтгэгч ажлаа гүйцэтгэх явцад захиалагч санхүүжилт хийж, төлбөр төлж байсан, харин гүйцэтгэгчээс ирүүлсэн ажлын төсвийг хэт өндөр гэх үндэслэлээр нэмэлт санхүүжилт хийхээс татгалзаж, төсвийг хүлээн зөвшөөрөхгүй байсан боловч ажлын гүйцэтгэлийг хүлээж авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа гүйцэтгэсэн ажлын зах зээлийн үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргаж байсан зэрэг хэрэгт цугларсан баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлага гэрээнээс татгалзсан агуулгатай гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул ...шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон, ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй... гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

 Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2008 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/02666 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...болгосугай. гэснийг ...болгож, ажлын үр дүн болох сийлбэртэй, боржин чулуун хаалгыг нэхэмжлэгч Увидасын шүтээн ХХК-д хүлээлгэж өгөхийг хариуцагч Үүдэн чулуу ХХК-д үүрэг болгосугай. гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Батбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Увидасын шүтээн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,119,780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  П.ЗОЛЗАЯА

                                      ШҮҮГЧИД                  Б.МӨНХТУЯА

                                                                   Б.УНДРАХ

                                                                     Д.ЦОЛМОН

                                                                             Х.ЭРДЭНЭСУВД