Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2135

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/02114 дүгээр шийдвэртэй Л.Д-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т- сургуульд холбогдох, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Бага ангийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Д- нь 2018-2019 оны хичээлийн жилд Т сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан. Сургуулийн зуны амралт эхлэх үе буюу 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр сургуулийн захирлын тушаалаар багш Л.Д-г үндэслэлгүйгээр ажлаас халсан. Ажлаас халсан тушаал нь сурагчдаас хуульд заагаагүй төлбөр хураамж авсан. Багш ажилчидтай зүй бус харьцаа үүсгэсэн, хүүхдийг дарамталж гадуурхсан гэх үндэслэлээр ажлаас халсан. Нэхэмжлэгч Л.Д- ёс зүйн зөрчил гаргаагүй тул ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Боловсрол соёл шинжлэх ухааны яамд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гомдол гаргасан. Хариуцагч тал нь Хөдөлмөрийн тухай хуульд зөрчил гарснаас хойш 6 сар, зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын арга хэмжээ авч хариуцлага тооцно гэсэн заалтыг зөрчиж тушаал гаргасан. Мөн Л.Д-г зөрчил гаргасан гэдэг нь нотлогдоогүй хийсвэр дүгнэлтээр ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 4/4904 дугаартай манай сургуульд албан тоот болон 6 хуудас нотлох баримт ирсэн. Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 116-р сургуулийн 1а ангид суралцагчийн эцэг эх болох н.Оюунбилэгийн хүсэлтийг хавсаргасан байсан. Тус албан тоотын дагуу 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А32 тоот дугаартай захирлын тушаал гарсан. Л.Д-гийн ёс зүйгүй үйлдэл гаргасан, мөнгө хурааж бэлэг авсан гэх гомдлын дагуу 3 хүний бүрэлдэхүүнтэй шалгах ажиллагаа явуулсан. Ажиллагаа явуулахад Л.Д- нь ёс зүйгүй үйлдэл гаргасан, эцэг эхийн үүсгэл санаачлага нэрийн дор хүүхдүүдээс удаа дараа мөнгө хурааж байсан нь нотлогдсон. Иймд 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б78 тоот дугаартай захирлын тушаалаар Л.Д-г ажлаас чөлөөлсөн. Л.Д- нь Боловсрол соёл шинжлэх ухааны спортын сайдын А243 тоот тушаал, Боловсрол соёл шинжлэх ухааны спортын сайдын 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1А тогтоол 3396 тоот тушаал, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А147 тоот дугаартай тушаалыг зөрчсөн нь тогтоогдож ажлаас чөлөөлсөн. Иймд Л.Д-г хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Л.Д-г Т сургуулийн бага ангийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 902 386 төгрөгийг хариуцагч Т сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Л.Д-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Д-гийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Т сургуульд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Т сургуулиас 61 388 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 181/ШШ2019/02П4 дугаартай шүүхийн шийдвэр гарсан бөгөөд энэхүү шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь: Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 4/4904 дугаар албан бичигт "О.О-ээс хүүхдийнх нь ангийн багш нар мөнгө нэхээд байгаа болон эцэг, эхчүүдийг дарамталж байгаа ёс зүйгүй үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авч өгөхийг хүссэн өргөдөл ирүүлснийг харьяаллын дагуу шилжүүлж байна гэж дурджээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 4/4904 дугаар албан бичгийг хүлээн авсан өдрийг илрүүлсэн өдөр гэж үзсэн ба Л.Д-д Т сургуулийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасан зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэх хуулийн зохицуулалттай нийцэж байна. Хариуцагч Л.Д-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа' Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг заалтыг баримтлаагүй атлаа Т сургуулийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/78 тоот тушаалд "багш Дайриймаатай байгуулсан 02/06 дугаар хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийн 4.5.7 дахь заалт гэж дурдсан, мөн хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа"ноцтой зөрчил гаргасан" гэх тайлбараас үзэхэд Л.Д-г ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн гэж үзэхээр байна гэж үзээд шийдвэрээ гаргасан байна. Өмгөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нарын хувьд Л.Д-г ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл нь 2 төрлийн зөрчил гаргасанд хариуцлага тооцсон байгаа гэдгийг ярьж нотолж маргасан байдаг. Үүнд, Л.Д- нь н.Оюунбилэгийн хүүхэд болох дөнгөж 6 настай харааны бэрхшээлтэй хүүхдийг ангийн анги хуримтлалын мөнгө нэхэж, өгч чадахгүй бол өөр ангид шилжвэл таарна, эцэг, эхчүүдийг дарамталж байгаа ёс зүйгүй үйлдэл гаргасан, бэлэг сэлт авсан, анги хуримтлалын з|өнгө хураахыг багш санаачлаагүй ч гэсэн анги хуримтлалын мөнгө хураах санал гаргаж буй хуралд багш өөрөө оролцсон таслан зогсоолгүйгээр Монгол улсын боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1а/3496 дугаартай чиглэл, Монгол улсын боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/243 дугаартай тушаал зэргийг зөрчсөн нь хурлын тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, гэрч н.О-ийн мэдүүлэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 4/4904 дугаар албан бичиг зэргээр тус тус нотлогдож байгаа. Дээрх сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй нотлох баримтуудаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.1.2-т заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй байна. Л.Д- нь удирдлагаас зөвхөн багшид өгсөн удирдамжийн дагуу анги хуваарилах үйл ажиллагааг эцэг эхчүүдэд тарааснаар эцэг эхчүүдийн чатад сургуулийн удирдлагыг үзэн ядах, нэр төрийг гутаах, доромжлох хэмжээнд хүрсэн мөн дээд газраас шилжүүлсэн өргөдөл гомдлын талаар шалгах шаардлагатай мэдээллийг танилцуулж гарын үсэг зуруулснаас хойш ажлын хэсгийн өмнө утсаар эцэг эхчүүдэд тараасан зэрэг нь Т сургуулийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/78 тоот тушаалд "багш Д-тай байгуулсан 02/06 дугаар хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийн 4.5.7 дахь заалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй нь хавтаст хэрэгт авагдсан ажлын хэсгийн ажлын төлөвлөгөө, тайлан, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдож байтаа зэргээр тус тус маргасан байдаг. Гэтэл шүүхээс дээрх үйл баримтыг мушгин дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймээс өмгөөлөгчийн дээрх гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч Л.Д- нь хариуцагч Т сургуульд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь ёс зүйн зөрчил гаргасан, эцэг, эхчүүдээс бэлэг авсан тул ажлаас халсан гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч Л.Д- нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан бага ангийн багшаар ажиллаж байгаад 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/78 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, БСШУС-ын сайдын 2018 оны А/243 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 5.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.1.7, 4.1.1, 4.2.1, 4.5.1, 4.5.2, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын 2018 оны А/243 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/147 дугаар тушаал, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1а/3496 дугаар албан бичиг, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 4/4904 дугаар албан бичиг, Захирлын 2019 оны А/32 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт, багш Л.Д-тай байгуулсан 02/06 дугаар хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийн 4.5.7 дахь заалт, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн захиргааны зөвлөлийн шуурхай хурлын шийдвэрийн дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. /хэргийн 4, 7-8 дугаар тал/

 

Тодруулбал, суралцагчид, эцэг, эх, удирдлагатай удаа дараа зүй бус харьцаж, байгууллагын дотоод асуудал, хувь хүний талаар эцэг, эх гадны байгууллагуудад худал мэдээлэл түгээж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг зөрчин, хүүхэд эцэг эхэд дарамт шахалт үзүүлэн, ялгаварлан гадуурхаж, хүүхдийн дэргэд элдэв ёс зүйгүй үйлдэл гаргаж, эцэг эхийн үүсгэл санаачлага нэрийн дор суралцагчдаас сар бүр хураамж хураан тэмдэглэлт баяр ёслолын үеэр бэлэг сэлт авсан нь баримтаар нотлогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хариуцагч цуцласан байна.

 

            Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.5.7-д “Сурагчид, эцэг, эх асран хамгаалагч, багш, ажилтан, удирдлагатай зүй бус харьцаж, хүний эрхийн асуудлаар ноцтой зөрчиж, нэр хүндэд нь халдах, хүүхдийн дэргэд элдэв ёс зүйгүй үйлдэл гаргах, хамт олны төлөвшилд сөргөөр нөлөөлөх, хутган үймүүлэх зэрэг үйлдэл гаргах, хамтран ажиллагсдаас ёс зүйн болон хариуцаж буй ажлын талаар удаа дараа санал гомдол ирэх арга хэмжээ авагдсан боловч дутагдал давтагдах” үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор заажээ.

 

            О.О-ээс Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Л.Д-тай холбоотой гомдол гаргаж, уг гомдлыг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 4/4904 дугаар албан бичгээр хариуцагч байгууллагад ирүүлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнийг гэрчээр асууж тайлбар авахад, тэрээр хүүхэд багш мөнгөө өгөхгүй байна, өөр ангид шилжвэл таарна гээд толгой руу цохьсон гэж хэлсний дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд гомдол гаргасан гэж мэдүүлсэн байх боловч гэрч Ц.Б мөнгийг өөрөө бэлнээр болон дансаар авч байсан гэж, гэрч Х.Т эцэг эхчүүд өөрсдөө мөнгө хураасан гэж гэрч О.О багш мөнгө хурааж байгаагүй, эцэг эхийн зөвлөлөөр дамжуулж хураасан гэсэн мэдүүлгүүдээр эцэг эхчүүд мөнгө хурааж, анги танхим тохижуулах үйл ажиллагаанд зарцуулж байсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. /хэргийн 190, 193, 197 дугаар тал/ Гэрч О.О-ийн мэдүүлэг нь нэхэмжлэгч хүүхдээс мөнгө хураасан буруутай болохыг шууд нотлох баримт болж чадахгүй буюу хүүхэд нь түүнд хэлсэн зүйл нь үнэн зөв болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Түүнчлэн, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шүүхээс хариуцагч байгууллагын захирал С.Э-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, 34 зураг чатаар явуулсныг хуулбарласан баримтаас үзэхэд эцэг эхчүүд 2 багшид бэлэг авч өгөхөөр харилцаж байсан нь тогтоогджээ. Иймээс нэхэмжлэгч Л.Д- эцэг эхчүүдээс мөнгө хураах, өөртөө бэлэг өгөхийг уриалсан, тухайн хураасан мөнгийг өөртөө авч, хувьдаа ашигласан гэх үйл баримт тогтоогдохгүй байна./хэргийн 140-176 дугаар тал/

 

            Мөн 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр бэлэглэсэн цүнхийг буцааж өгсөн болох нь гэрч Ц.Б-ийн мэдүүлгээр тогтоогдож байх боловч нэхэмжлэгч өөрийн санаачлага, хүсэл сонирхлоор эцэг эхчүүдээс бэлэг авсан гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Хөдөлмөрийн гэрээнд бусдаас бэлэг авахыг хориглож, ноцтой зөрчилд тооцохоор талууд тохиролцоогүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

 

            Хэдийгээр хэрэгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/243 дугаартай дүрэм, журам батлах тухай тушаал, мөн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/147 дугаартай Эрдмийн баяр тэмдэглэх тухай тушаал, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1а/3496 дугаартай чиглэл хүргүүлэх тухай тушаалууд авагдсан байх боловч эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, тушаалыг зөрчсөн тохиолдолд ноцтой зөрчил болох талаар зохигчид хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагаагүй байна. /хэргийн 47-53 дугаар тал/

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, маргааны зүйлд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Иймд нэхэмжлэгч Л.Д-г Т сургуулийн бага ангийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн тушаалд заасан 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс ажилгүй байсан олговорт 2 902 386 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Л.Д-гийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасанд нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/02114 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

 

                                                         С.ЭНХТӨР