Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Д-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н С Д Х Б Х 116 Т С -д  холбогдох

            Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Бага ангийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир, хариуцагчийн төлөөлөгч Д.Бум-Аюуш, М.Пүрэвжаргал,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

Тодорхойлох нь:

  

   Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Л.Д  нь 2018-2019 оны хичээлийн жилд Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 116-р сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан. Сургуулийн зуны амралт эхлэх үе буюу 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр сургуулийн захирлын тушаалаар багш Л.Д г үндэслэлгүйгээр ажлаас халсан. Ажлаас халсан тушаал нь сурагчдаас хуульд заагаагүй төлбөр хураамж авсан. Багш ажилчидтай зүй бус харьцаа үүсгэсэн, хүүхдийг дарамталж гадуурхсан гэх үндэслэлээр ажлаас халсан. Нэхэмжлэгч Л.Д  ёс зүйн зөрчил гаргаагүй тул ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Боловсрол соёл шинжлэх ухааны яамд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гомдол гаргасан. Хариуцагч тал нь Хөдөлмөрийн тухай хуульд зөрчил гарснаас хойш 6 сар, зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын арга хэмжээ авч хариуцлага тооцно гэсэн заалтыг зөрчиж тушаал гаргасан. Мөн Л.Д г зөрчил гаргасан гэдэг нь нотлогдоогүй хийсвэр дүгнэлтээр ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 4/4904 дугаартай манай сургуульд албан тоот болон 6 хуудас нотлох баримт ирсэн. Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 116-р сургуулийн 1а ангид суралцагчийн эцэг эх болох н.Оюунбилэгийн хүсэлтийг хавсаргасан байсан. Тус албан тоотын дагуу 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А32 тоот дугаартай захирлын тушаал гарсан. Л.Д гийн ёс зүйгүй үйлдэл гаргасан, мөнгө хурааж бэлэг авсан гэх гомдлын дагуу 3 хүний бүрэлдэхүүнтэй шалгах ажиллагаа явуулсан. Ажиллагаа явуулахад Л.Д  нь ёс зүйгүй үйлдэл гаргасан, эцэг эхийн үүсгэл санаачлага нэрийн дор хүүхдүүдээс удаа дараа мөнгө хурааж байсан нь нотлогдсон. Иймд 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б78 тоот дугаартай захирлын тушаалаар Л.Д г ажлаас чөлөөлсөн. Л.Д  нь Боловсрол соёл шинжлэх ухааны спортын сайдын А243 тоот тушаал, Боловсрол соёл шинжлэх ухааны спортын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1А тогтоол 3396 тоот тушаал, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А147 тоот дугаартай тушаалыг зөрчсөн нь тогтоогдож ажлаас чөлөөлсөн. Иймд Л.Д г хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Л.Д  нь хариуцагч Нийслэлийн С Д Х  Б Х 116 Т сургуульд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь ёс зүйн зөрчил гаргасан, эцэг, эхчүүдээс бэлэг авсан тул ажлаас халсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж  шийдвэрлэв.

 

Нийслэлийн С Д Х  Б Х 116 Т сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/78 тоот тушаалын 1 дэх заалтаар “Бага ангийн багш Л.Д  нь суралцагчид, эцэг, эх, удирдлагатай удаа дараа зүй бус харьцаж, байгууллагын дотоод асуудал, хувь хүний талаар эцэг, эх гадны байгууллагуудад худал мэдээлэл түгээж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг зөрчин, хүүхэд эцэг эхэд дарамт шахалт үзүүлэн, ялгаварлан гадуурхаж, хүүхдийн дэргэд элдэв ёс зүйгүй үйлдэл гарган эцэг эхийн үүсгэл санаачлага нэрийн дор суралцагчдаас сар бүр хураамж хураан тэмдэглэлт баяр ёслолын үеэр бэлэг сэлт авсан нь баримтаар нотлогдсон тул Л.Д гийн ээлжийн амралтын хугацааг дуусмагц буюу 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 02/06 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцалж, бага ангийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэж Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, БСШУС-ын сайдын 2018 оны А/243 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 5.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.1.7, 4.1.1, 4.2.1, 4.5.1, 4.5.2, БСШУС –ын сайдын 2018 оны А/243 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, БСШУС-ын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/147 дугаар тушаал, БСШУС-ын сайдын 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1а/3496 дугаар албан бичиг, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 4/4904 дугаар албан бичиг, Захирлын 2019 оны А/32 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт, багш Л.Д тай байгуулсан 02/06 дугаар хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийн 4.5.7 дахь заалт, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн захиргааны зөвлөлийн шуурхай хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажил олгогчийн санаачлагаар Л.Д г ажлаас нь чөлөөлжээ. /хх-ийн 4 дэх тал/

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 4/4904 дугаар албан бичигт “О.Оюунбилэгээс хүүхдийнх нь ангийн багш нар мөнгө нэхээд байгаа болон эцэг, эхчүүдийг дарамталж байгаа ёс зүйгүй үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авч өгөхийг хүссэн өргөдөл ирүүлснийг харьяаллын дагуу танд шилжүүлж байна” гэж дурджээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 4/4904 дугаар албан бичгийг хүлээн авсан өдрийг илрүүлсэн өдөр гэж үзсэн ба  Л.Д д Нийслэлийн С Д Х  Б Х 116 Т сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэх хуулийн зохицуулалттай нийцэж байна.

Хариуцагч нь Л.Д тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг заалтыг баримтлаагүй атлаа Нийслэлийн С Д Х  Б Х 116 Т сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/78 тоот тушаалд “багш Л.Д тай байгуулсан 02/06 дугаар хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийн 4.5.7 дахь заалт” гэж дурдсан, мөн хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ноцтой зөрчил гаргасан” гэх тайлбараас үзэхэд Л.Д г ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заажээ.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.5.7-д “Сурагчид, эцэг, эх асран хамгаалагч, багш, ажилтан, удирдлагатай зүй бус харьцаж, хүний эрхийн асуудлаар ноцтой зөрчиж, нэр хүндэд нь халдах, хүүхдийн дэргэд элдэв ёс зүйгүй үйлдэл гаргах, хамт олны төлөвшилд сөргөөр нөлөөлөх, хутган үймүүлэх зэрэг үйлдэл гаргах, хамтран ажиллагсдаас ёс зүйн болон хариуцаж буй ажлын талаар удаа дараа санал гомдол ирэх арга хэмжээ авагдсан боловч дутагдал давтагдах” үйлдлийг ноцтой зөрчилд тооцсон бөгөөд Нийслэлийн С Д Х  Б Х 116 Т сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/78 тоот тушаалд “Л.Д г суралцагчид, эцэг, эх, удирдлагатай удаа дараа зүй бус харьцаж, байгууллагын дотоод асуудал, хувь хүний талаар эцэг, эх гадны байгууллагуудад худал мэдээлэл түгээж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг зөрчин, хүүхэд эцэг эхэд дарамт шахалт үзүүлэн, ялгаварлан гадуурхаж, хүүхдийн дэргэд элдэв ёс зүйгүй үйлдэл гаргасан” гэж ажлаас нь чөлөөлсөн.

Хариуцагчийн төлөөлөгч нь гэрч О.Оюунбилэгийн мэдүүлэгт “...Манай охиныг лайтай юм, мөнгө төгрөгөө хураалгаж чадахгүй, бараг шилжүүл таарна гэж толгой руу нь хуруугаараа чичсэн, би Л.Д  багшийг сайн байна уу багшаа гээд харьцахад та мэндийн зөрүүгүй тэндээ нэг юм хэлээд тухайн үед уурлаад өнгөрсөн” гэх мэдүүлэг, мөн Захирлын 2019 оны А/32 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт тайлбарт “Ажлын хэсэгт орсон гурван багшийг хүний муу үзэх гэж явна гэж Дайриймаа багш уурлан ёс зүйгүй үйлдэл гаргаж байлаа” гэх тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийн нотолж мэтгэлцсэн ба О.Оюунбилэг нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Л.Д тай холбоотой гомдлыг гаргасан, мөн О.Оюунбилэгийн мэдүүлэг, болон дээрхи тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Л.Д г суралцагчид, эцэг, эх, удирдлагатай удаа дараа зүй бус харьцаж, байгууллагын дотоод асуудал, хувь хүний талаар эцэг, эх гадны байгууллагуудад худал мэдээлэл түгээж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг зөрчин, хүүхэд эцэг эхэд дарамт шахалт үзүүлэн, ялгаварлан гадуурхаж, хүүхдийн дэргэд элдэв ёс зүйгүй үйлдэл гаргасан нь баримтаар нотлогдохгүй байх тул ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч нь “Л.Д г эцэг эхийн үүсгэл санаачлага нэрийн дор суралцагчдаас сар бүр хураамж хураан, тэмдэглэлт баяр ёслолын үеэр бэлэг сэлт авсан нь БСШУС яамны  сайдын 2018 оны А/243 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 5.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.1.7, 4.1.1, 4.2.1, 4.5.1, 4.5.2, БСШУС яамны сайдын 2018 оны А/243 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын 3.1, 3.2, БСШУС-ын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/147 дугаар тушаал, БСШУС сайдын 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1а/3496 дугаар албан бичигт заасныг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан” гэж тайлбарласан.

Талууд 2019 оны 3 дугаар сарын 8-ны өдөр эцэг, эхийн зөвлөлөөс цүнх бэлгэнд авсан, уг цүнхийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр буцааж өгсөн, мөн эцэг, эхийн зөвлөл сар бүр ангийн хуримтлалын мөнгийг хурааж байсан үйл баримтыг багш Л.Д  нь мэдэж байсан үйл баримтад маргаагүй.

Ангийн хуримтлалын мөнгийг Л.Д  хураасан авсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, харин эцэг, эхийн зөвлөл санаачилж, хураан авдаг, анги удирдсан багшийн үүрэг, оролцоо байхгүй болох нь гэрч Ц.Батхишиг, С.Даваадолгор, Х.Түгдорж нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг ойлгох ба хөдөлмөрийн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.

Ажил олгогч, болон эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим, журмын ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актын хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй ба ажил олгогч ажилтны хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тохиолдолд ажилтны гаргасан зөрчил нь ноцтой зөрчлийн хэмжээнд байгаа хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлд хамаарахгүй.

Хэдийгээр нэхэмжлэгч нь цүнх бэлгэнд авсан, ангийн хуримтлалын мөнгө хурааж байгааг мэдсээр атлаа таслан зогсоогоогүй буруутай боловч талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд уг үйлдлийг ноцтой зөрчил гэж тохиролцож, гэрээнд тусгаагүй байна.

            Түүнчлэн,  Нийслэлийн С Д Х  Б Х 116 Т сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/78 тоот тушаалд “...Л.Даариймаагийн ээлжийн амралтын хугацааг дуусмагц буюу 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 02/06 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцалж, бага ангийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэж дурьджээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-д зааснаар ажилтан ээлжийн амралттай байхад ажлын байр хадгалахаар зохицуулсан.

Нийслэлийн С Д Х  Б Х 116 Т сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/78 тоот тушаал нь агуулгын хувьд амралтын хугацааг дуусмагц ажлаас чөлөөлөхөөр заасан боловч Л.Д г амралттай байх хугацаанд уг тушаал албажиж гарсан байх тул хуулийн дээрхи зохицуулалтад нийцэхгүй байна.

Иймд, нэхэмжлэгч Л.Д г Нийслэлийн С Д Х  Б Х 116 Т сургуулийн бага ангийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар түүний 3 сарын дундаж цалин 1,177,390 төгрөг ажлаас чөлөөлөх тушаал гарсан 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс ажлын 95 хоног /95х54,762=5,202,390/-оор тооцоход 5,202,390 төгрөг, Л.Д г ажлаас чөлөөлөх тушаалд заасан 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс ажлын 53 хоног /53х54,762=2.902.386/-оор 2,902,386 төгрөг болж байна.

Л.Д г ажлаас чөлөөлөх тушаалд 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс тасалбар болгож, ажлаас чөлөөлөхөөр заасан ба 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд цалин хөлс авч байсан гэж үзэж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2,902,386 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Д гийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Л.Д г Нийслэлийн С Д Х  Б Х 116 Т сургуулийн бага ангийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,902,386 төгрөгийг хариуцагч Нийслэлийн С Д Х  Б Х 116 Т сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Л.Д д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Д гийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн С Д Х  Б Х 116 Т сургуульд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар  нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн С Д Х  Б Х 116 Т сургуулиас 61,388 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР