Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2163

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/02348 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Ө-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б- улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох

 

“Б-” УТҮГ-ын даргын ажилд буруу шилжүүлсэн тухай, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 тушаалуудыг хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ө-, өмгөөлөгч Б.Б-, Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Ө- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1993 онд хуучин нэрээр “Б-” ТӨААТҮГ-т анх технологичоор ажиллаж эхэлсэн бөгөөд 2002 оноос эхлэн тус байгууллагад Ерөнхий технологич, Үйлдвэрлэл технологийн албаны даргаар өнөөдрийг хүртэл тасралтгүй 25 жил ажиллаж байна. Гэтэл МУ-ын ЗГ-ын 2018/06/20-ны өдрийн 188 дугаартай тогтоолоор манай үйлдвэрийг татан буулгаж, статусыг нь өөрчлөн байгуулсан. Өөрөөр хэлбэл уг тогтоолын 2 дахь заалтаар “Б-” ТӨААТҮГ-ыг татан буулгаж, харин уг тогтоолын 4 дэх заалтаар “Б-” ТӨААТҮГ-ыг байгуулсан. Ингээд тус үйлдвэр дээр байгууллагыг татан буулгах ажлын хэсэг ажиллаж эхэлсэн бөгөөд 2018 оны 8 дугаар сарын сүүлээр “Б-” ТӨААТҮГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч байсан Б.Ц- нь Б- УТҮГ-ын захирлаар томилогдсон байсан. Улмаар Б.Ц- нь иргэн миний гүйцэтгэж байсан албан тушаал болох Ерөнхий технологич, Үйлдвэрлэл технологийн албаны дарга гэсэн албан тушаалыг байхгүй болгож, Батерийн вакцин үйлдвэрлэлийн албаны даргаар намайг томилсон гэсэн. Яагаад намайг томилсон гэсэн гэдэг хэллэг ашиглаж байна вэ, гэвэл Б.Ц- нь Батерийн вакцин үйлдвэрлэлийн албаны дарга гэсэн албан тушаалд намайг томилсон тушаал гаргаагүй бөгөөд үүнтэй холбоотой Хөдөлмөрийн гэрээг өнөөдрийг хүртэл надтай байгуулаагүй. Б.Ц- нь надад 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 тоот тушаалыг өнөөдрийг хүртэл танилцуулаагүй, гардуулж өгөөгүй бөгөөд харин мэдэгдэл хүргүүлэх тухай гэсэн гарчигтай албан бичгийг иргэн миний гэрийн хаягаар, шууданд хийж явуулсан байсан. Уг албан бичиг нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрийн хаягаар ирсэн бөгөөд энэ албан бичгийг шүүхэд нотлох баримтаар гарган өгч байна. Тэрээр уг мэдэгдэлдээ Бактерийн вакцин үйлдвэрлэлийн албаны дарга Ц.Ө-од гэж хаягласнаас дүгнэхэд “Б-” УТҮГ-ын дарга Б.Ц- нь намайг тус үйлдвэрийн газрын Бактерийн вакцин үйлдвэрлэлийн албаны дарга гэсэн албан тушаал тавьчихсан гэж ойлгож байна. Иймд иргэн миний бие нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу “Өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдол”-оо ийнхүү шүүхийн байгууллагад гаргаж байгааг хүлээн авна уу. Б.Б асаны баталсан гэх уг бүтэц зохион байгуулалтынх нь дагуу 2018 оны 8 дугаар сарын сүүлчээр “Б-” Улсын төсөвт үйлдвэрийн газрын даргаар томилогдсон гэх Б.Ц- нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б-ын бүтэц, байгуулалтыг Б/01 тоот тушаалаараа баталсан гэдэг. ХХААХҮ-ийн сайд “Б-” УТҮГ-ын бүтэц, зохион байгуулалтыг баталсан гэх тушаалд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байтал 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.Ц- нь ХХААХҮ-ийн сайдын тушаалын дагуу гаргасан гэх 2018 оны 10 дугаар сарын 31-ний Б/01 тоот тушаалдаа дахин өөрчлөлт оруулж, Б- УТҮГ-ын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэхдээ тус үйлдвэрийн газарт ажиллаж буй 250 гаруй ажиллагсдаас ганцхан Үйлдвэрлэл технологийн албаны дарга, Ерөнхий технологич Б-ын үндсэн үйлдвэрлэлийг мэргэжлийн ерөнхий удирдлагаар хангаж ажилладаг мэргэжилтэн Ц.Ө-ын ажлын байрыг алга болгож орон тоог нь хасчээ. Тийнхүү тус үйлдвэрийн газарт 25 жил гаруй хугацаанд мэргэжилтнээс нь захирал хүртэл ажиллаж байсан Ц.Ө- намайг Б.Ц- нь 2018 оны 12 дугаар сарын өдөр Б/55 тоот тушаал гаргаж ажлаас халжээ. Иймээс Б.Ц-гийн гаргасан энэхүү Б/55 тоот илэрхий зүй бус, Монголын цорын ганц Биотехнологийн үйлдвэрийг мэргэжлийн удирдлагагүй болгож, улмаар дампууруулах сүйрүүлэх зорилгоор хийж буй үйлдлээ гүйцэлдүүлэхээр гаргасан хууль бус тушаалыг нь хянан үзэж, хууль эрх зүйн үндэслэлгүй болохыг нь тогтоолгож, улмаар хүчингүй болгуулж, Ц.Ө- намайг өмнө нь эрхэлж байсан ажилд минь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгуулж, нийгмийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлээ "Б-" улсын төсөвт үйлдвэрийн холбогдуулан гаргасан байх бөгөөд өөр ажилд буруу шилжүүлсэн тушаалыг хүчингүй болгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна. Хариуцагч байгууллага нь одоогийн байдлаар нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлсэн тушаал шийдвэрийг гаргаагүй байгаа бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 дугаартай тушаал нь Төсвийн тухай хуулийн 16.5.3 дахь заалтыг баримтлан төсвийн шууд захирагч болох үйлдвэрийн дарга нь байгууллагын орон тоог өөрчлөн тогтоосон шийдвэр байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь өөр ажилд буруу шилжүүлсэн биш Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.9-т заасан маргаан байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-т заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 188 дугаар тогтоол гарч "Б-" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг татан буулгаж шийдвэрлэсэн бөгөөд тус үйлдвэрийн нийт албан хаагчдыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсгийг баримтлан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Чөлөөлөгдсөн албан хаагчдын дотор нэхэмжлэгч Ц.Ө- багтсан бөгөөд тухайн үед татан буугдсан байгууллагын захиргааны хэлтэст Ерөнхий технологич гэсэн албан тушаалд ажиллаж байсан. Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолоор "Б-" аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг татан буулгаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын харъяанаас гаргаж улсын төсөвт байгууллага болгож шинээр байгуулсан бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын харъяанд ажиллах юм. Улсын төсөвт байгууллага тул бүтэц, зохион байгуулалтыг төсвийн ерөнхийлөн захирагч буюу Мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сайд Төсвийн тухай хуулийн 14.2.12-т заасны дагуу баталсан бөгөөд уг бүтцийн дагуу нэхэмжлэгчийг "Б-" улсын төсөвт үйлдвэрийн дарга Б.Ц- 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б/01 дугаартай тушаал гаргаж Бактерийн вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1 дүгээр цехийн эрхлэгч гэсэн орон тоонд томилсон. Уг тушаалыг "Б-" улсын төсөвт үйлдвэрийн газрын нийт албан хаагчдын хурал дээр нэгдсэн байдлаар нэг бүрчлэн уншиж сонсгосон бөгөөд нэхэмжлэгч уг тушаалд гомдол, нэхэмжлэл гаргаагүй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь өөр ажилд буруу шилжүүлсэн биш Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.9-т заасан маргаан байх тул хүчингүй болгохыг хүссэн тушаалыг үйлдвэрчний эвлэл, татгалзаж маргаан таслах комиссын хурлаар эхлээд хэлэлцүүлж өгнө үү. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын дэргэд "Б-" улсын төсөвт үйлдвэрийн газрыг шинээр байгуулсан бөгөөд төсөвт байгууллага учраас Төсвийн тухай хуулийн 14.2.12-т заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд бүтэц, зохион байгуулалтыг баталсан. Батлагдсан бүтэц, зохион байгуулалтын дагуу орон тооны тогтоосон хязгаарт багтаан ажил албан тушаалд хүмүүсийг томилсон тушаалыг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр баталж гаргасан. Уг тушаал одоо хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч Ц.Ө-ыг вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1 дүгээр цехийн эрхлэгч гэсэн ажилд томилсон. Ингээд үйл ажиллагаа явуулж байх хугацаанд "Б-" улсын төсөвт үйлдвэрийн газрын алба, цехийн эрхлэгч нарын гаргасан хүсэлтийн дагуу зарим орон тоог өөрчилж хассан Төсвийн тухай хуулийн 16.5.3 дахь хэсэгт заасны дагуу төсвийн шууд захирагч нь батлагдсан орон тооны хязгаар, цалингийн санд багтаан орон тоог тогтоох, цалин хөлс тогтоох эрхтэй тул нэгэнт үйлдвэрийн алба, цехийн удирдлагууд хуралдаж санал хүсэлтээ албан ёсоор гаргасан тул хүсэлтийг хүлээн авч 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн А/11 тушаал гаргаж Ц.Ө-ын ажиллаж байсан орон тоог хасч Вакцин 1 дүгээр цехийн эрхлэгч гэсэн орон тоог шинээр тогтоосон болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсгийг хэрэгжүүлж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид гэрийн хаягаар нь хүргүүлсэн. Албан мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан тул шинээр тогтоосон ажлын байранд болон өөр ажлын байранд томилох боломжтой болохыг дурдсан боловч нэхэмжлэгч тал үүнийг хүлээн зөвшөөрөхгүй Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд манай газар Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасны дагуу 1 сарын тэтгэмжийг нэхэмжлэгчид олгож Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй, гаргасан тушаал шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Б- УТҮГ-н даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/01 дугаартай, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 дугаартай тушаалуудын Ц.Ө-од холбогдох заалтыг хүчингүй болгож, Ц.Ө-ыг “Б-” УТҮГ-ийн үйлдвэрлэл технологийн албаны дарга, ерөнхий технологичийн ажилд эгүүлэн томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Б-” УТҮГ-аас 18 885 647 төгрөг гаргуулж Ц.Өлзийбаярт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Ц.Ө-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “Б-” УТҮГ-ийн удирдлагад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Ц.Ө-ын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, “Б-” УТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 252 378 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/02348 дугаартай шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1.         Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулагдсан гэж буруу дүгнэсэн. Засгийн газрын тогтоолоор татан буугдсан, улсын бүртгэлээс хасагдаагүй, татан буулгах комисс ажиллаж байгаа тохиолдолд эрх залгамжилсан, өөрчлөн байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 31.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

2.         Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2 дахь хэсгийг зөрчсөн гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийг "Б-" улсын төсөвт үйлдвэрийн газарт байхгүй, батлагдаагүй орон тоонд томилсон нь үндэслэлгүй байна. Төсвийн тухай хуулийн 14.2.12-т заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас баталж өгсөн бүтэц, орон тоог зөрчиж, Үйлдвэрлэл, технологийн албаны дарга гэсэн байхгүй орон тоонд нэхэмжлэгчийг тогтоосон,

3.         Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй. "Б-" улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/01 тушаалд нэхэмжлэгч шаардлага гаргаагүй байхад хүчингүй болгосон. Ажилд авсан тушаал, шийдвэрт нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй, орон тоо хассан, ажлаас чөлөөлсөн тушаалийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2 дахь хэсэгт заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.

Хариуцагчийг эрх залгамжилсан гэж дүгнэсэн атлаа ажил олгогч нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Татан буулгах^ комиссын нийт ажиллагчдыг ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэрт үндэслэлтэй хуулийн дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэгчийг төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт ажиллаж байсан орон тоонд тогтоож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг зөрчиж байна. Иймд хэргийг бүхэлд нь дахин хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Ө- нь хариуцагч “Б-” УТҮГ-т холбогдуулан ажилд буруу шилжүүлсэн тухай тушаалыг хүчингүй болгуулж, “Б-” УТҮГ-ын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор “Б-” аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газрыг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяан дахь “Бикомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газар болгожээ. /1хх 59-60 дугаар тал/

 

            Улмаар Монгол Улсын Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А-168 дугаартай тушаалаар “Б-” улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрмийг 1 дүгээр хавсралтаар, бүтцийг 2 дугаар хавсралтаар баталж, мөн оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-177 дугаартай тушаалаар “Б-” улсын төсөвт үйлдвэрийн газрын орон тоог хавсралтаар баталж, орон тооны хязгаарыг 254 байхаар тогтоожээ./1хх 81, 112, 117 дугаар тал/

 

            Улмаар хариуцагч “Б-” ТӨААТҮГ-ын захирлын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар нийт ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлж, 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохдоо, нэхэмжлэгч Б.Өлзийтогтохыг өмнөх “Б-” Төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын технологийн албаны дарга, ерөнхий технологичийн ажил, албан тушаалаас чөлөөлж, мөн оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б/01 дугаартай “Б-” УТҮГ-ын даргын тушаалын хавсралтаар нэр бүхий хүмүүсийг ажилд томилж, хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа, түүнийг шинээр бий болсон “Б-” УТҮГ-ын Бактерийн үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгчээр томилж, мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 дүгээр “Орон тоо хасах тухай” тушаалаар Бактерийн үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгчийн орон тоог хасч, Вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгч гэсэн орон тоог шинээр бий болгож, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан “Б-” Улсын төсөвт үйлдвэрийн газрын Вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгчийн ажил, албан тушаалаас чөлөөлжээ./1хх 85, 89, 2хх 20 дугаар тал/

 

Гэтэл нэхэмжлэгч дээрх ажлаас чөлөөлсөн, томилсон тушаалуудыг мэдээгүй буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Б-” Төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын технологийн албаны дарга, Ерөнхий технологичийн ажил, албан тушаалыг гүйцэтгэж байсан гэж маргаж, уг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолохоор шаарджээ.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгчид дээрх тушаалуудыг хэдийд танилцуулсан буюу тэрээр ажлаас чөлөөлөгдөх хүртэл ямар ажил, албан тушаалыг гүйцэтгэж байсан болон хариуцагч байгууллагын захирал Б.Ц- нь тухайн байгууллагын орон тоог хасах эрхтэй эсэх үйл баримтуудыг шүүх тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

            Тодруулбал, нэхэмжлэгч тухайн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн болон шинэ ажил, албан тушаалд томилогдсон талаар мэдээгүй гэх үндэслэлээр хуучин ажил албан тушаалдаа тогтоолгохоор маргаж буй тохиолдолд дээрх үйл баримтын хүрээнд шүүх талуудыг мэтгэлцүүлж, энэ талаар дүгнэлт хийх шаардлагатай. Мөн дээрх Монгол Улсын Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А-168 дугаар, мөн оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-177 дугаартай тушаалаас хойш хариуцагч байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн эсэхийг тодруулах нь зүйтэй.

 

            Өөрөөр хэлбэл, уг ажил, албан тушаал одоо байгаа эсэх нь тодорхойгүй байна.

 

Гэтэл шүүх 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Өлзийтогтохыг “Б-” Төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын технологийн албаны дарга, ерөнхий технологичийн ажил, албан тушаалаас чөлөөлсөн нь хууль ёсны эсэх талаар талууд маргаж буй эсэхийг тодруулалгүйгээр нэхэмжлэгчийг уг ажил, албан тушаалд эгүүлэн томилсон нь ойлгомжгүй байна.

 

            Дээрх үйл баримтыг давж заалдах шатны шүүхээс тодруулж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/02348 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 252 378 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

                                    ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                С.ЭНХТӨР