Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 434

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Г.Эрдэмбаатар

 шүүгдэгч С , түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726021113 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6: эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, ял: 2006 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлсэн, С  Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр; Шүүгдэгч С  согтуугаар 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 22 дугаар байрны гадна хохирогч О.Одбаяртай маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хүний биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ зөвхөн би өдөж байгаад зодсон юм шиг яриад байгааг зөвшөөрөхгүй. Адилхан л архи уусан байж байгаад маргаан үүссэн ш дээ. Хохирогчид мөнгө төгрөг өгөх гэсэн боловч хаана байгааг нь мэдэхгүй, олдохгүй байгаа. Цаашид ийм зодоон цохионд оролцохгүй гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын явцад хохирогч Одонпунцагийн Одбаяр “... би 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл сумаас Улаанбаатар хотод ирээд найз Тулгын гэрт очсон. Намайг Тулгын гэрт байж байхад гаднаас Алтанхуяг ирсэн. Тэгээд бид 3 хамт 1 шил 0.75 гр архи хувааж уусан. Би Tулгын гэрт очихоос өмнө ажлынхаа хүмүүстэй хамт 2 шил 0.75 гр архи хувааж уусан байсан. Тулгын гэрт Алтанхуяг, бид 3 архи хуваагаад уугаад сууж байхад 17 цагийн үед гаднаас Тулгын найз нь нэлээн согтсон байдалтай хүүхдээ дагуулаад орж ирсэн. Би Тулгын найзад “жоохон хүүхэд дагуулаад явж байж архи ууж болохгүй шүү дээ “гэж хэлсэн чинь залуу “чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Тулгын найз нь надтай нэлээн маргалдаж байгаад хүүхдээ дагуулаад явсан. Хэсэг хугацааны дараа нөгөө залуу гаднаас ганцаараа архи аваад орж ирсэн. Тэр залуугийн авчирсан архийг нь Тулга, Алтанхуяг, бид 4 уусан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Ухаан ороход гэмтлийн эмнэлэгт толгой руугаа цохиулсан байдалтай, нүүр бүхэлдээ хөндүүртэй хэвтэж байсан. Тухайн үед юу болсон талаар мэдэхгүй байна. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй уншиж танилцсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Тулгын гэрт очихоос өмнө миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийн бүгдийг нь Тулгын найз С  учруулсан. Өөр хэн нэгэн гэмтэл учруулаагүй. Сүүлд сонсоход С  гэх залуу миний ардаас толгой руу чулуугаар цохиж унагаагаад, нүүр рүү өшиглөөд байсан гэсэн. Би тухайн үед согтуу байсан болохоор болсон явдлын талаар санахгүй байгаа юм. Намайг цохисон залууг би танихгүй, өмнө нь харж байсан байж магадгүй санахгүй байна. Ямар шалтгааны улмаас магалдаж намайг цохисоныг мэдэхгүй байна. Анх би тэр залуутай “хүүхэдтэйгээ явж байж архи ууж болохгүй” гэж маргалдаж байсан. Тэрнээс болж маргалдсан гэж бодож байна. Миний биеийн байдал хэвийн байгаа, эмчилгээ хийлгэж бүрэн эдгэрсэн байгаа. Тухайн үед өөрийн биеийн гэмтсэн хэсгийн гэрэл зургыг аваагүй. Би 80.000 төгрөгийн үнэтэй толгойны КТГ-н зураг авахуулсан, 88.500 төгрөгийн үнэтэй эм тариа авч хэрэглэсэн, 25.000 төгрөгөөр эмчийн үзлэг хийлгэж, зөвлөгөө авсан. Надад төлбөр төлсөн баримтууд нь байгаа. Би нийт 193.500 төгрөг зарцуулсан. Баримт авагдаагүй зардлууд гарсан байгаа. Нийт 350.000 төгрөг нэхэмжилнэ. Хохирол барагдуулсан тохиолдолд ямар нэгэн гомдол санал байхгүй” /хх-н 20-21/ гэж, гэрч Маньбазарын Лхагважав “... 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн үед манай нөхөр Тулгаа найз Одбаяр, Хуягтай хамт ирсэн. Тэр 3 гэрт ирчихээд 1 шил 0.75 гр архи хувааж уугаад сууж байхад 22 цагийн үед С  охиноо дагуулчихсан манай гэрт орж ирсэн. С  манай гэрт орж ирэхдээ архи үнэртүүлчихсэн, согтуу байсан. С ыг орж ирэх үед би орцонд хог байгаа эсэхийг харахаар гарсан. Тухайн үед орцонд хог байгаагүй болохоор би 5 минутын дараа гэртээ орсон. Намайг гэрт орох үед С , Одбаяр 2 хооронд маргалдаж байсан С , Одбаяр 2 ямар шалтгаанаар маргалдсан талаар мэдэхгүй байна. Тэгээд ууж байсан архи нь дууссан байсан болохоор Алтанхуяг, С , Одбаяр Тулга нар хамт гэрээс гарч 1 шил 0.5 гр архи авч орж ирсэн. Тэр архиа хувааж ууж дуусаж байхад Одбаяр, С  2 хоорондоо хэрэлдэж, маргалдаад гэрт зодолдох гээд байсан. Тэр үед Алтанхуяг “хүүхдийн хажууд зодолдоод байхдаа яадаг юм” гэж хэлээд С  охиныг аваад гарсан. С , Одбаяр 2 манай гэрт маргалдаад, зууралдаад, зодолдоод байсан. Одбаяр эхэлж С ыг цохисон. Одбаяр С т “2-лаа гарч зодолдох уу, цагдаа дуудахгүй шүү, гомдолгүй биз дээ” гэж хэлсэн С  “тэгье, гарч зодолдъё, би гомдол гаргахгүй” гэж хэлсэн Тэгээд С , Одбаяр 2 хоорондоо зодолдохоор манай гэрээс гарсан. Би Тулгад “С , Одбаяр 2-ыг салга, битгий хооронд нь зодолдуул” гэж хэлээд гэрээс гаргасан. Би гэрээ цэвэрлэхээр үлдсэн байсан юм. Тэгсэн 33-р байрны жижүүр эгч манай гэрт орж ирээд “дэлгүүрийн гадна 2 хүн хоорондоо зодолдоод байна хажууд нь танай нөхөр байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрээс гараад дэлгүүрийн хажууд очиход Одбаяр газар сууж байсан. Харин С  газраас чулуу аваад Одбаярыг сууж байхад толгой руу нь цохиж байсан. Намайг чулууг нь аваарай гэж хэлэх хооронд С  Одбаярын толгойруу чулуугаар цохисон юм. Тэгээд С  охинтойгоо гэрлүүгээ явсан. Би цагдаа, түргэн тусламж дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд надаас С ын байгаа газрыг асуусан. Би цагдаа нартай хамт явж С ын гэрт очиход С  гэртээ байсан. Тэгээд цагдаа нар С ыг дагуулаад явсан. Намайг дэлгүүрийн гадна очиход манай нөхөр Тулга газар сууж байсан. Одбаяр 2 гараараа газар тулчихсан өвдөглөөд суучихсан, нүүрнээс нь цус гарч байсан. Одбаярын хажууд Алтанхуяг, С  нар зогсож байсан. С  газраас чулуу аваад Одбаярын толгой руу цохисон. Би С т “болиоч” гэж хэлсэн чинь С  надад “танай гэрт байхад Одбаяр намайг зодсон биздээ, гомдолгүй гэж хэлсэн биз дээ“ гэж хэлсэн. Тэгээд С  Одбаярыг цохисоны дараа явчихсан. Тухайн үед С ын биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй байсан. Харин маргааш нь С  Одбаяр, Тулга нар цагдаагийн хэлтэсээс ирсэн. Тэр үед С ын нүд бага зэрэг хөхөрсөн байсан. Харин Одбаярын дух хэсэг нь оёдолтой, дагз нь хагарсан шархтай байсан. Хэн маргааныг эхлүүлсэн болохыг мэдэхгүй байна. Ямар шалтгаанаар маргалдаж, зодолдсон талаар мэдэхгүй байна. Намайг орцны хог шалгаад ирэх үед С , Одбаяр 2 хоорондоо маргалдаад, зодолдох гээд байсан. С , Одбаяр нар бие биенийгээ танихгүй. Тэр өдөр анх танилцсан юм шиг байсан” /хх-н 22-23/ гэж, гэрч Адъяахүүгийн Нандинцэцэг “... би С тай гэр бүлээ батлуулаагүй, сүүлийн 10 жилийн хугацаанд хамтран амьдарч байна. Би С тай хамтран амьдарч эхлэх дээ 3 дагавар хүүхэдтэй байсан. С  бид 2-оос 1 хүүхэд гарсан. Тэр хүүхэд маань одоо 5 настай. Миний 4 хүүхэд С аар овоглодоггүй. С  надтай хамтран амьдрахаас өмнө нь гэр бүлтэй 2 хүүхэдтэй байсан. Тухайн үеийн амьдралын талаар мэдэхгүй. С  бид 2 хамтран амьдарч эхэлсэн цагаас Баянгол дүүргийн 15-р хороо 30/1-р байрны жижүүрийн ажлыг хийж байгаа. С  нь түргэн ууртай, амархан тайвширдаг, уур нь түргэн гардаг. Олон найз нөхөдтэй. Найз нөхөд дундаа нэр хүндтэй, гарын ур дүйтэй. С  архи уугаагүй үедээ ажилсаг, гэр бүлдээ халамжтай, барилгын туслах ажилчин хийдэг, гэр бүлийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй. С  бие муутай, амархан ядардаг, ядархаараа татаж унадаг болохоор хүнд ажил хийхийг хориглодог юм. Харин архи уусан үедээ янз янзийн ааш араншин гаргадаг. Тэрийг нь хамт архи уусан хүмүүсээс шалтгаалдаг байх гэж боддог юм. Гэхдээ ихэнхдээ архи уугаад байдаггүй. С ын төрсөн ээж Оюунчимэг орцны жижүүр xийдэг, аав Нямдорж 2015 онд нас барсан, төрсөн эгч Сувдаа нь 2015 онд нас барсан. Төрсөн дүү Соёл нь 2015 онд нас барсан. Төрсөн эгч Саруул нь тодорхой оршин суух хаяггүй гудамжаар амьдардаг Саруул эгчийнх нь 2 хүүхдийг ээж нь хардаг. Одоо С  ээжийнхээ ажилд туслаад, ээжийгээ асарч, халамжилж амьдарч байгаа. С  байхгүй үед ээжид нь их хэцүү байдаг. С т хань болж байгаа ганц хүн нь ээж нь байна даа. Тэрэндээ их бухимдаж явдаг байх гэж боддог. Тулга гэх залуутай их сайн найзалдаг. Энэ асуудалд орох үед Тулгын гэрт архи уусан байсан. Тэр хохирогч гээд байгаа залуу нь Тулгатай хамт 44-н зах дээр ажилладаг гэж байсан” /хх-н 24/ гэж, гэрч Дондовын Оюунчимэг “... С  миний төрсөн хүү. 1983 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 3-р төрөх эмнэлэгт төрсөн. Төрсөн цагаас эцэг эхийн гар дээр өссөн. 1992 онд Чингэлтэй дүүргийн 53-р сургуульд 1-р ангид элсэн ороод 1996 он хүртэл суралцсан. 1996 оноос хойш дахин сургуульд суралцаагүй, гэртээ байдаг байсан. Бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй. Ямар нэгэн мэргэжил эзэмшээгүй. Миний хүү С  2002 онд Оюунчимэг гэх эмэгтэйтэй гэр бүл болж 3 хүүхэдтэй болсон. Тэр 3 хүүхдийнх нь 1 хүүхэд нь нас барсан цагаас эхнэр Оюунчимэгтэй маргалдаж салсан. Тэрнээс хойш Нандинцэцэг гэх эмэгтэйтэй хамтран амьдарч эхэлсэн. С  Нандинцэцэг нар 1 хүүхэдтэй. С  бага наснаас хүнд, хэцүү ажил хийж байгаад эрүүл мэнд нь муудсан. Хүнд ажил хийхээр унаж татдаг болсон. Барилгын ажил хийж байгаад зүүн гарын чигчий хуруу нь тасарсан. Миний хүү хүнтэй зодолдоод, маргалдаад байхаар хүн биш, олон найз нөхөдтэй, нийтэч зантай, төлөв даруу, хүнтэй маргалдаад түрүүлээд гap xүpэx хүн биш. Яагаад ийм асуудалд оролцсон талаар мэдэхгүй. Их гайхаж байна. С  өөрийнхөө амьдарлын талаар надад яриад байдаггүй, тусдаа биеэ даагаад явчихдаг юм. 2015, 2016 онд С ын аав, эгч, дүү дараалан нас бараад сэтгэл санааны хямралд орсон. Тэрнээс хойш архи уугаад байдаг болсон. Гэхдээ заримдаа архи уудаг. Ихэнхдээ архи уугаад байдаггүй. Хааяа найз нөхөдтэйгөө архи уусан гэж ярьж байдаг.” /хх-н 25/ гэж тус тус мэдүүлжээ. Түүнчлэн хохирогч О.Одбаярын гэмтэлтэй холбоотой “О.Одбаярын биед 2 нүдний зовхинд хаван, цус хуралт, дагзны хуйханд шарх, нуруу, нүүрэнд шарх, цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тонтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-н 28/ гэсэн 5833 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан ба хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 15/ гэх мэт бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотлохын зэрэгцээ түүний хувийн байдлыг тодруулсан баримтууд болно. Прокуророос шүүгдэгч С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо. Шүүхээс шүүгдэгч С т ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзав. Хохирогч О.Одбаярын зүгээс хохирол төлбөрт 350.000 нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд гэж 3000 төгрөг тушаасан Худалдаа хөгжлийн банкны орлогын баримтаас өөр баримт авагдаагүй байна. /хх-н 27/ Харин хохирогч О.Одбаярын нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч С  цагдан хоригдсон хоноггүй. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 /таван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. С  520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С аас 3000 төгрөг гаргуулж хохирогч О.Одбаярт олгож, хохирогч О.Одбаяр нь нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхтэйг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч С  цагдан хоригдсон хоноггүй тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн нэг ширхэг чулууг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С т урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ