Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 198

 

Н.Б, Д.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

хохирогч Б.Э, түүний өмгөөлөгч Л.Б,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч А.Б,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч О.С,

нарийн бичгийн дарга Б.Д.Бчимэг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 440 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Эийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Б, Н.Б нарт холбогдох 201626021685 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          Б овогт Н.Б, 1980 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мэнд ирмүүн тулга”, “Жи Би Си энд Өү”, “Эвт жолооч” ХХК-иудын захирал ажилтай , ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .......................... тоотод оршин суух,

          Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 180.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, /РД: ............................/,

          Б овогт Д.Б, 1979 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Төв аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн ................................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ...................../,

          Н.Б, Д.Б нар нь бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Эийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, бусдад өр төлбөртэй бодит байдлаа нууж, “... Таван толгойн нүүрсний уурхайгаас тээвэрлэлтийн ажил хийж, тээвэрлэлтийн хөлсөнд 10 машины 1 тонн тутамаас 2 юанийн ашиг өгнө...” гэж төөрөгдөлд оруулан нийт 168.000.000 төгрөгийг нь авч их хэмжээний хохирол учруулж, залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

  Баянгол дүүргийн Прокурорын газраас: Н.Б, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус  зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Б, Д.Б нарыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, залилах гэмт хэргийг бодит байдлыг нууж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Бг 2 жил хорих ял, шүүгдэгч Д.Быг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Бд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Бт торгох ял биелүүлэх хугацааг 2 жилээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Б, Н.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, Д.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгэт зааснаар Н.Бгаас 43.350.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Эд олгох, хохирогч Б.Эийн нэхэмжлэлийн шаардлагаас 33.433.662 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж, хэрэгт хавсаргаж ирсэн кассын дэвтэр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Мөнх ирмүүн тулга” ХХК-ийн захирал Д.Бт буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Н.Б, Д.Б нар нь мөрдөн байцаалт болон прокурорын шат, шүүхийн хэлэлцүүлгийн явцад өөрсдийн гэм бурууг огт хүлээн зөвшөөрөөгүй. Тухайлбал, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Н.Б, Д.Б нар нь “...бусдын эд хөрөнгө залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж бодохгүй байна” гэж мэдүүлсэн. Гэтэл тэд иргэд болон банкинд их хэмжээний өртэй байсан бодит байдлаа нууж, “тогтвортой ашиг олох нүүрс тээвэрлэлтийн ажил байна, хөрөнгө оруулалт хэрэгтэй” гэж надад итгүүлэн ямар нэгэн барьцаа, төлбөргүйгээр 180.000.000 төгрөгийг /12.000.000 төгрөг нь өмнө нь надад өгөөгүй байсан үлдэгдэл өр/ гаргуулан авсан боловч уг мөнгийг нүүрсний тээвэрлэлтэнд зарцуулаагүй харин бусдад төлөх өр төлбөртөө зарцуулж ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад “бид гэмт хэрэг үйлдээгүй” гэж мэдүүлж байгаа нь өөрсдийн үйлдэл, гэм буруутай байдалдаа хэрхэн дүгнэлт өгч байгааг харуулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэжээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” нь эрүүгийн хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал гэж заажээ. Гэтэл Н.Б, Д.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирлоо бүрэн гүйцэд төлөөгүй, хэргийг бүлэглэн үйлдсэн байхад шүүгдэгч Д.Бт торгуулийн ялын доод хэмжээгээр торгох ял, шүүгдэгч Н.Бд тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр тус тус ял оногдуулахдаа хуулийн дээрх заалтуудыг хэрэгжүүлээгүй, шударга бус хандсан гэж үзэж байна. Тэгээд ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ял оногдуулахаар заасан. Гэтэл шүүгдэгч Д.Б нь хувьд ноогдох эд хөрөнгөгүй , цалин хөлсгүй, бусад байдлаар орлого олох боломжтой эсэх нь тодорхойгүй байхад түүнд торгох ялын доод хэмжээгээр оногдуулсан нь үндэслэлгүй, гэм буруугийн хэр хэмжээнд тохироогүй, хөнгөдсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Бгийн хувьд дээрх байдлаар гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас гадна өмнө нь бичиг баримт хуурамчаар үйлдэх, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэн ял шийтгэл хүлээж байсан ба үүнд үнэлэлт дүгнэлт өгөлгүй дахин бусадтай бүлэглэн энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн нь түүний хувийн байдлыг тодорхойлж байна. Гэтэл шүүх энэ байдлыг харгалзан үзэлгүйгээр тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан нь шүүгдэгчийн талд үйлчилсэн шийдвэрийг гаргасан гэж үзэхээр байна. Шүүгдэгч Н.Б, Д.Б нарын бүлэглэн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас миний болон гэр бүлийн минь 20 жилийн шударга хөлснөөсөө хураан хуримтлуулж, амьдралын эх үүсвэр болсон хувийн бизнестээ эргэлтийн хөрөнгө болгож ашиглаж байсан 180.000.000 төгрөг үрэгдэж үгүй болсон. Хэдийгээр Н.Б, Д.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 116.650.000 төгрөгийг 2 жил гаруйн хугацаанд төлж барагдуулсан гэх боловч /70.000.000 гаруй төгрөгийг шүүхийн шатанд төлсөн/ энэ гэмт хэргийн улмаас чирэгдэж 2 жилийн хугацаанд Япон, Монгол хоёрын хооронд миний ирсэн, явсан зардал, Монголд байх хугацааны амьжиргааны болон энэ хэргийн уршгаар гарсан бусад зардалд зарцуулагдаж аманд ч үгүй, хамарт ч үгүй гэгчээр үрэн таран болсон. Би гэр бүлийн хамт Япон улсын Окинава мужийн Ишигаки хотод ажиллаж амьдардаг бөгөөд энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсоноос хойш мөрдөн байцаалтын шатанд тайлбар мэдүүлэг өгөх, хэргийн материалтай танилцах, гомдол хүсэлтээ гаргах, шүүх хуралдаанд биечлэн оролцохын тулд 2015-2017 онд 4 удаа онгоцоор ирж буцан маш их хэмжээний зардал чирэгдэл гаргасан. Н.Б, Д.Б нарын залилан мэхлэлтийн улмаас би ганцаараа хохирсонгүй. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай ч Н.Б, Д.Б нарын залилан мэхлэж миний мөнгийг авчихаад буцааж өгөөгүйгээс эмчилгээний зардалгүй болж хагалгаа хийлгэж чадахгүй байгаа 2 настай хүү байдаг. Үүний улмаас бий болсон хор уршиг нь үр хүүхэд болон гэр бүлд минь хүндээр тусч гэр бүлийн таагүй харьцаа, дарамт шахалтыг бий болгож, ямар ч үнэ өртгөөр илэрхийлэгдэхгүй сэтгэл зүйн хор хохирол учруулсан. Миний бие эдгээр хүмүүст 180.000.000 төгрөгөө хүлээлгэн өгсний дараа ямар нэгэн хүү, төлбөр, ашиг гэж огт аваагүй. 180.000.000 төгрөгөөс олж болох ашиг, алдагдсан орлого зэргийг би огт тооцоогүй. Түүнчлэн шүүгдэгч Н.Б, Д.Б нар надад учруулсан 43.350.000 төгрөгийн хохирлоо төлж барагдуулаагүй, тэдэнд Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хамгийн хөнгөн ялыг сонгож хэрэглэж байгаа нь хохирогч миний эрх ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна. Мөн миний нэхэмжилж байгаа гэмт хэргийн улмаас учирсан гэм хор болох 33.433.662 төгрөгийн зардлыг шүүх хэлэлцэлгүй орхисон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт ... гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэлийг тодорхой дурдаж өгөхөөр заасан. Иймд шүүх миний нэхэмжилсэн дээрх зардлыг гэмт хэргийн улмаас бий болсон хохирол түүнээс үүссэн гэм хор биш гэж үзэх болсон үндэслэлээ шийтгэх тогтоолдоо тодорхой тайлбарлаж өгөх шаардлагатай байсан гэж бодож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх/ 1 дэх хэсэг ... Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа МУ-ын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэж заасан байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн дээрх заалтуудыг анхаарч үзсэнгүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хор арилаагүй, хуульд заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал байхад түүнийг хэрэглээгүй, шүүгдэгч Н.Б, Д.Б нарт илт хөнгөн ял шийтгэл оногдуулсан, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 440 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч нар оногдуулсан ял шийтгэлийг хүндрүүлэх, гэмт хэргийн улмаас хохирогч надад учирсан гэм хор, иргэний нэхэмжлэлтэй холбоотой зардлыг нотлох баримтын хэмжээнд гаргуулж өгөхийг хүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ял шийтгэлийг хүндрүүлж өгнө үү ...” гэв.

Хохирогч Б.Эийн өмгөөлөгч Л.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял хөнгөдсөн асуудал болон эрүүгийн хэргийн улмаас учирсан иргэний нэхэмжлэлийн орхигдуулсан асуудлыг хамтатган шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн надаас гаргуулахаар заасан 43.700.000 төгрөгийг би төлж барагдуулсан ...” гэв.

Шүүгдэгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би гэм буруугаа анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хүлээн зөвшөөрсөн. Ийм учраас Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаагүй. Миний эхнэр Д.Б нь хохирогч Б.Эээс мөнгө зээлэх болон компанийн үйл ажиллагаанд оролцоогүй. Тухайн үед бид гэр бүлийн маргаантай байсныг хохирогч Б.Э мэдэж байсан. Харин ч бидэнд үр хүүхдээ бодоод гэр бүлээ салгаж болохгүй гээд эвлэрүүлэх гэж оролдож байсан. Д.Бын гэм буруугүй байдлыг тогтоож цагаатгаж өгнө үү. Харин би хохирогчтой зээлийн гэрээ байгуулаад авсан мөнгөө төлж чадаагүй учраас гэм буруутай...” гэв.   

Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Н.Б нь Б.Этэй 2010 онд танилцсанаасаа хойш 4 удаа хамтарч, бизнест оруулсан мөнгийг нь эргүүлэн өгсөн ба бизнесээс олсон ашиг гэж 200.000.000 төгрөг өгсөн байдаг. Н.Б, Б.Э нар хамтарч нүүрс тээвэрлэх бизнес эрхлэх талаар ярилцан “Зээлийн гэрээ”-г 3 сарын хугацаатай Н.Б, П.Г-тай гэрээ байгуулж байх үед Д.Б байгаагүй. Харин ч Д.Б би энэ бизнесийн үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ хэлж ойлгуулж “Мэнд ирмүүн Тулга” ХХК-ийн эрхээ шилжүүлсэн байдаг. Б.Эийн өгсөн 168.000.000 төгрөгөөс Д.Б 1 ч төгрөг авч байгаагүй. Дээрх үйл явдал Н.Б, Д.Б нарын гэр бүлийн таарамжгүй харилцааны үед болсон байдаг. Энэ байдлыг мэдэх Б.Э Д.Бт хандаж нөхрөө дэмжин ажиллах, гэрлэлтээ цуцлуулахгүй байх талаар зөвлөн ярилцсан байдаг. Н.Б нь Б.Эээс авсан мөнгөө компанийн үйл ажиллагаанд зарцуулсан байдаг ба гэрээний дагуу Б.Эд 40.000.000 төгрөгийн хүү төлж байсан. Өнөөдрийн байдлаар Б.Эээс авсан 168.000.000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 43.350.000 төгрөг байгаа. Д.Бын нэр дээр бүртгэлтэй байсан гар утсыг Н.Б хэрэглэж байсан нь, мөн Д.Б Н.Бгийн эхнэр байснаар нь Б.Д.Быг залилангийн гэмт хэрэгт хамтарч үйлдсэн гэж дүгнэж болохгүй юм. Н.Б, Д.Б нар нь хохирогч Б.Эийг залилан мэхлэх санаа зорилго байгааүй, харин эсрэгээрээ Н.Бгийн явуулж байсан нүүрс тээвэрлэлтийн бизнес тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдолтойгоор алдагдалд орсон болно...” гэв.

Шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч О.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн хэрэгт Н.Бгийн өмгөөлөгчөөр анхан шатны шүүх хуралдаанаас эхлэн оролцож, үйлчлүүлэгчийгээ цагтаатгуулах байр сууринаас оролцсон. Анхан шатны шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчоос мөнгө аваад түүнийг төлж чадаагүй буруутай учраас гэмт хэрэгт холбогдсон талаар миний үйлчүүлэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. Харин эхнэр Д.Быг энэ хэрэгт оролцоогүй гэж хэлснийг хохирогч гэм буруугаа хүлээгээгүй гэж үзээд байна. Н.Б гэм буруугаа хүлээсэн. Гэхдээ өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчдээ эрх зүйн туслалцаа үзүүлж байгаагийн хувьд хууль зүйн хувьд залилан мэхлэх гэмт хэрэг биш гэж үзсэн. Мөн миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гол нотлох баримт нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчтэйгээ цагдан хорих байранд очиж уулзахад давж заалдах гомдол гаргахгүй, би гэм буруутай гэж хэлсэн. Хохирогч хохирлын тооцоог дутуу зөрүүтэй талаар хэлдэг. Анхан шатны шүүх хохирлын тооцоог нийлж, бүрэн хангасан. Мөн хохирогч анхан шатны шүүх хуралдаанд ирээгүй. Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр түүний өмгөөлөгч оролцсон учраас бид хохирогчийг шүүх хуралдаанд заавал оролцуулна гэсэн хүсэлт гаргаагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч хохирлын тооцоог зөвшөөрсөн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. Мөн хохирогч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 33.433.000 төгрөгийг дурдаагүй гэжээ. Шүүх дүгнэхдээ иргэний нэхэмжлэл болох 33.433.000 төгрөгийн баримт нь дутуу шаардлага хангахгүй байгаа учраас дахин баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдсэн тул хохирлын хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Оногдуулсан ял шийтгэлийг хохирогч хөнгөдсөн гэж үзээд байна. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан “шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч нарын    хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлсөн” зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсан. Хорих ялын хамгийн доод хэмжээгээр хорих ялыг оногдуулсан тал дээр тухайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө Гэрэлтуяагийн дансаар хүү төлбөр төлөгдөж байсан. Уг төлөгдсөн хүүг эрүүгийн хэрэгт хохиролд тооцдог учраас хохирогч нэг ч төгрөгийн хүү аваагүй гэдэг. Хохирогч хүүгээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй талаар шийтгэх тогтоолд заасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зөвхөн хүндрүүлнэ гэсэн заалт байхгүй. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд  заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг шүүх харгалзан үзсэн. Яагаад гэвэл шүүгдэгч нар гэр бүлийн хүмүүс учраас Үндсэн хуульд мөн заасан. Ял шийтгэл өөрөө шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан. 2 хүүхдийн гэрчилгээ, эрүүл мэндийн тодорхойлолт, хохирол төлсөн гэх эдгээр хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч тус бүрт ялгамжтай шийтгэл оногдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд өмгөөлөгчийн зүгээс тодруулж хэлэхэд анхан шатны шүүх андуурч шийдвэрлэсэн. Өмнөговь аймагт төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” ХК, “Таван толгой” ХК гээд 2 компани байдаг. Гэтэл “Таван толгой” ХК-тай хамтран ажиллах гэрээ байхгүй байхад уг компаниас тээвэрлэлт явуулаагүй гэсэн лавлагааг үндэслэж шийдвэрлэдэг. Гэтэл 2 дугаар хавтаст хэрэгт төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” ХК-иас “Мэнд ирмүүн Тулга” ХХК-ийн 30.200 тонн нүүрсний тээвэрлэлт хийсэн. Ачсан автомашины дугаар болон явсан ресний тоо зэрэг 3 хуудас баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. 2 дугаар 22 дугаар талд 32.374 тонн нүүрсийг тээвэрлэсэн талаар баримт байгаа. 2014 он 12 дугаар сараас 2015 оны 4 дүгээр сарын тээвэрлэлт явуулсан байдаг. Шүүх биелэгдэх боломжгүй нөхцлыг амалсан гэж дүгнэдэг. Гэтэл гэрээний дагуу тээвэрлэлтээ хийж байсан. Мөн Авто тээврийн газрын лавлагаагаар /5хх-1/ “Мэнд ирмүүн Тулга” ХХК-ийн нэр дээр 51 автомашин бүртгэлтэй байдаг. БНХАУ-ын автомашин шалгах хилийн үзлэг хийгдэхгүй 2-оос 6 дугаар сар хүртэл хойшлогдсон учраас өөрийн нэр дээр бүртгэлтэй байсан 69 автомашиныг бүртгүүлж чадаагүй. 44 автомашин нь буцсан талаар баримт авагдсан. Эдгээр байдлыг Хишигсүрэн, Алтанхүү, Ганзориг нар гэрчилдэг. Мөн “ЮЖБ” ХХК нь “Мэнд ирмүүн Тулга” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компани бөгөөд нийт 39 автомашины 15 нь “ЮЖБ” ХХК-ийнх, 24 автомашин нь “Мэнд ирмүүн Тулга” ХХК-ийнх байдаг. Миний үйлчлүүлэгч тайлбартаа тодорхой бичиж, яагаад биелэгдэх боломжтой талаар бичиж ирүүлсэн. Шүүх үүнийг анхаарч үзнэ үү. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээж байгаа учраас үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Хэдийгээр зарим субъектив санаа зорилгыг нотлох баримттай зүйрлэсэн хэдий ч эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө яагаад үлдсэн төлбөрөө төлж чадахгүй болсон шалтгаанд шүүх анхаарлаа хандуулна уу. Шалтгаан нь Н.Бгаас шууд хамааралгүй байсан. “Эрдэнэс таван толгой” ХК буюу  “Мэнд ирмүүн Тулга” ХХК, “Цөлийн тулга” ХХК-иудын хийсэн тээвэрлэлт эдгээр хүмүүсээс шалтгаалалгүйгээр 2 улсын хоорондын гэрээ цуцлагдаж тээвэрлэлт зогссон тул энэ байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна.

Учир нь анхан шатны шүүхээс Н.Б, Д.Б нарыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, залилах гэмт хэргийг бодит байдлыг нууж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Бг 2 жил хорих ял, шүүгдэгч Д.Быг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирохгүй байна.

Тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын төрөлтэй.

Гэтэл Н.Б, Д.Б нар нь хохирогч Б.Эд их хэмжээний буюу 168.000.000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй байгааг шүүх харгалзан үзээгүй, хэргийн нөхцөл байдалд бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ торгох болон хорих ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн “эрүүгийн хариуцлага тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс хохиролд нийт 81.300.000 төгрөг төлөгдсөн гэж үзэж, үлдэгдэл 86.700.000 төгрөгийн хохирлыг хохирогчид олгож, шүүгдэгч тус бүрээс 43.350.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Үүнтэй холбогдуулан шүүгдэгч Д.Б нь 43.350.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн хэдий ч үүнийг уг гэмт хэргийн хохирол бүрэн төлөгдсөн, гэм хор арилсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Нөгөөтэйгүүр хохирогч Б.Э нь урьдын бизнесийн үлдэгдэл тооцоо болох 12.000.000 төгрөг, Япон Монголын хооронд 5 удаа ирж, очсон онгоцны зардалд 14.718.575 төгрөг, зочид буудлын зардал 1.020.307 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагын хүүнд төлж байгаа 5.694.780 төгрөг, нийт 33.433.662 төгрөгийг нэхэмжилжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Япон, Монгол улсуудын хооронд ирж, очсон онгоцны билет, гадаад пасспортын хуулбар зэргийг хэрэгт хавсаргасан байх ба Монгол Улсад байх хугацаандаа тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллгаанд оролцож, хуулиар хамгаалагдсан эрхээ хамгаалж байсан эсэх талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэв.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 440 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Б.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 440 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Б, Д.Б нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Н.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН