Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2162

 

 

 

 

 

 

 

 

 

“Т-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02282 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Т-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х-” ХХК-д холбогдох

 

БГҮ12/130 дугаар барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Х-тай 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр БГҮ13/130 тоот зээлийн гэрээ байгуулан 1 000 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 24 сараар, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр БГҮ13/130-01 тоот нэмэлт гэрээ байгуулан 335 000 000 төгрөгийг зээлж, Х- аймгийн Ө- хотод орон сууцны хороолол барьсан боловч зах зээлийн уналт, үл хөдлөх хөрөнгийн хөөрөлтөөс шалтгаалан борлуулалт муудаж, компанийн үйл ажиллагаа доголдсон. Энэхүү нөхцөл байдлын улмаас зээлийн эргэн төлөлт удааширсан учир Х-наас 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ЗГҮ13/130 тоот барилгын зээлийн гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөр 1 577 134 830 төгрөг гаргуулах, БГҮ13/130 тоот барьцааны гэрээнд заасан хөдлөх хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгүүд, газар эзэмших эрхүүдийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагатай нэхэмжлэл гаргаж байна. Уг зээлийн гэрээтэй холбоотой маргаан шүүхэд хянагдаж байх хугацаанд талууд харилцан зөвшилцсөний үндсэн дээр төлөх төлбөр буюу 1 577 134 830 төгрөгийг хуваарийн дагуу төлөх, төлбөр төлөх хуваарийг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр тохиролцон, улмаар 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/00428 дугаар шүүгчийн захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон болно. Өнөөдрийн байдлаар Х- нь дээрх зээлийн гэрээ болон шүүгчийн захирамжид заагдсан төлбөрөө бүрэн гаргуулан авсан боловч барьцааны гэрээнээс үлдсэн үл хөдлөх хөрөнгийг суллахгүйгээр хэт дураар аашлан хууль бус үйлдэл гаргаж байна. Тодруулбал ”...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Х-наас албан тоот ирүүлж зээлээс төлөгдөөгүй үлдсэн 957 125 095 төгрөгөнд байр өг...” гэсний дагуу үл хөдлөх хөрөнгийн 2% татварыг оролцуулан 18 ширхэг орон сууцыг нийт 1 024 780 000 төгрөгөөр тооцон актаар хүлээлгэн өгсөн болно. Бид шүүхийн захирамжийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр төлбөрөө төлсөн боловч өнөөг хүртэл зээлийн гэрээнээс үлдсэн барьцаа хөрөнгийг суллахгүйгээр биднийг хохироож байна. Мөн Х-наас барьцааны орон сууцнуудыг өөрийн мэдэлд бүрэн шилжүүлсэн атлаа орон сууцаа худалдан борлуулахдаа гэрээ хэлцлээ нэхэмжлэгчийн нэрийг ашиглан хуурамчаар хийлгэж татвараас зугтаж увайгүй үйлдэл гаргаж байна. Иймд 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн БГҮ13/130 дугаар барьцааны гэрээний хоёрдугаар зүйлд заасан 11 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Т-” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан маргааныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 428 дугаар захирамжаар 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлсөн тохиолдолд нэхэмжлэгч нь барьцааны гэрээнд заасан үүргээ сайн дураар биелүүлээгүй, төлбөр төлөх хуваарийг аливаа хэлбэрээр зөрчсөн тохиолдолд нэхэмжлэлийн бүхий л шаардлагуудыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд захирамжид дурдсан төлбөрөө төлөөгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа болно. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно. Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулсан 34/28 дугаартай төлбөр барагдуулах гэрээ байгуулж шүүхийн шийдвэрт заасан төлбөр болох 1 577 134 830 төгрөгөөс үлдэх 957 125 095 төгрөгт 18 ширхэг орон сууцнуудыг хүлээлгэн өгсөн нэгдсэн акт үйлдэж талууд хүлээлцсэн боловч банкны өмчлөлд тухайн байр шилжээгүй.  Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул шаардах эрхгүй байна. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасныг баримтлан  2013 оны 8 сарын 21-ний өдрийн БГҮ13/130 дугаар барьцааны гэрээний зүйл болох нэр бүхий 11 хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг Х- ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Т-” ХХК-ийн нэхэмжлэлтэй Х- ХХК-д холбогдох 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн БГҮ13/130 дугаар барьцааны гэрээний зүйл болох нэр бүхий 11 хөдлөх болон үл ходлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хэргийп бодит байдалтай нийцээгүй, иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. “Т-” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан маргааныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 428 дугаар захирамжаар 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлсөн тохиолдолд нэхэмжлэгч нь барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдийг нэн даруй барьцаанаас чөлөөлөх, хариуцагч нар гэрээнд заасан үүргээ сайн дураар биелүүлээгүй, төлбөр төлөх  хуваарийг аливаа хэлбэрээр зөрчсөн тохиолдолд нэхэмжлэлийн бүхий л шаардлагуудыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан , биелүүлэхээр эвлэрснийг баталж,   хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч нар нь өнөөдрийг хүртэлх  хугацаанд захирамжид дурдсан төлбөрөө бүрэн төлөөгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гүйцэтгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Т-” ХХК нь хариуцагч “Х-” ХХК-д холбогдуулан 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн БГҮ13/130 дугаар барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөнүүдийг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцнуудыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй гэж маргажээ.

 

            Талуудын хооронд 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ЗГ13/130 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, Х- аймгийн Ө- хотод баригдаж буй Шинэ Ө- цогцолбор хорооллын 60 айлын орон сууцны барилгын ажлын санхүүжилтэнд ашиглах зориулалтаар, 1 000 000 000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Х- аймаг, Хэрлэн сум 3-р баг Баянмөнх Шинэ Ө- 1-01 тоот Орон сууцны зориулалттай 1 836 м.кв талбайтай /подвал, 1, 2 давхар 45 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга/, Х- аймаг, Хэрлэн сум 3-р баг Шинэ Ө-д байршилтай, Орон сууцны зориулалттай, 3 800 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээ, БЗД 9-р хороо Шархадны 43-р гудамжны 664 тоот, цэцэрлэгийн зориулалттай 270 м.кв талбайтай барилга, БЗД 9-р хороо Шархадны 43-р гудамжны 664 тоот, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 499 м.кв газар нэгж талбарын дугаартай, СБД, 19-р хороо, Зуслан Санзай, Бага баян, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай, 700 м.кв эзэмших эрхтэй газар, СБД, 19-р хороо, Зуслан Санзай, Бага баян, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай, 700 м.кв эзэмших эрхтэй газар, СБД, 19-р хороо, Зуслан Санзай, Бага баян, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай, 700 м.кв эзэмших эрхтэй газар, СБД, 19-р хороо, Зуслан Санзай, Бага баян, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай, 700 м.кв эзэмших эрхтэй газар, Машин механизм тоног төхөөрөмж /жагсаалтаар/, Дансны авлага, харилцах дансны орлого, ирээдүйд орж ирэх борлуулалтын орлого, Дуусаагүй барилга /Төсөвт өртөг, гүйцэтгэлээр/ зэргийг тус тус барьцаалжээ./1хх 12-16 дугаар тал/

 

            Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулагдаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/00428 дугаар шүүгчийн захирамжийн дагуу “Т-” ХХК нь 1 577 134 830 төгрөгийг төлөхөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар нийт 957 125 095 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй гэж тодорхойлж, дээрх үүрэгт төлбөр төлөгч тал буюу “Т-” ХХК нь хавсралт №1-т заасан 18 ширхэг орон сууцыг хүлээлгэн өгч, зарж борлуулах эрхийг төлбөр авагч тал буюу Х- ХХК-д олгохоор тохиролцжээ./1хх 27-28 дугаар тал/

 

Гэтэл одоо дээрх барьцааны гэрээний дагуу ямар эд хөрөнгүүд хариуцагчийн эзэмшилд буюу битүүмжлэгдсэн байгаагаас нэхэмжлэгч ямар эд хөрөнгүүдийг барьцааны гэрээний дагуу чөлөөлүүлэхээр шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байна.

 

Тухайлбал, ямар машин механизм тоног төхөөрөмж, аль банкны ямар дансан дахь хэдэн төгрөг, дуусаагүй ямар барилга хаана байгаа болон барьцааны зүйлүүд нь гэрээ байгуулагдах үеэс чанар байдлын хувьд өөрчлөгдсөн эсэх үйл баримтууд тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Энэ тохиолдолд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй юм.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02282 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                            Ш.ОЮУНХАНД

 

                                                    С.ЭНХТӨР