Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2019/02282

 

 

2019 оны 10 сарын 25 өдөр

   Дугаар 183/ШШ2019/02282

         Улаанбаатар хот

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, байрлах, АХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, байранд байрлах, БХХК /РД:/-д холбогдох,

 

БГҮ12/130 дугаар барьцааны гэрээнд заасан нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.                                         

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь  банктай 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр БГҮ13/130 тоот зээлийн гэрээ байгуулан 1 000 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 24 сараар, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр БГҮ13/130-01 тоот нэмэлт гэрээ байгуулан 335 000 000 төгрөгийг зээлж,  аймгийн  хотод орон сууцны хороолол барьсан боловч зах зээлийн уналт, үл хөдлөх хөрөнгийн хөөрөлтөөс шалтгаалан борлуулалт муудаж, компанийн үйл ажиллагаа доголдсон. Энэхүү нөхцөл байдлын улмаас зээлийн эргэн төлөлт удааширсан учир  банкнаас 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ЗГҮ13/130 тоот барилгын зээлийн гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөр 1 577 134 830 төгрөг гаргуулах, БГҮ13/130 тоот барьцааны гэрээнд заасан хөдлөх хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгүүд, газар эзэмших эрхүүдийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагатай нэхэмжлэл гаргаж байна. Уг зээлийн гэрээтэй холбоотой маргаан шүүхэд хянагдаж байх хугацаанд талууд харилцан зөвшилцсөний үндсэн дээр төлөх төлбөр буюу 1 577 134 830 төгрөгийг хуваарийн дагуу төлөх, төлбөр төлөх хуваарийг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр тохиролцон, улмаар 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/00428 дугаар шүүгчийн захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон болно. Өнөөдрийн байдлаар Бнь дээрх зээлийн гэрээ болон шүүгчийн захирамжид заагдсан төлбөрөө бүрэн гаргуулан авсан боловч барьцааны гэрээнээс үлдсэн үл хөдлөх хөрөнгийг суллахгүйгээр хэт дураар аашлан хууль бус үйлдэл гаргаж байна. Тодруулбал ”...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр  банкнаас албан тоот ирүүлж зээлээс төлөгдөөгүй үлдсэн 957 125 095 төгрөгөнд байр өг...” гэсний дагуу үл хөдлөх хөрөнгийн 2% татварыг оролцуулан 18 ширхэг орон сууцыг нийт 1 024 780 000 төгрөгөөр тооцон актаар хүлээлгэн өгсөн болно. Бид шүүхийн захирамжийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр төлбөрөө төлсөн боловч өнөөг хүртэл зээлийн гэрээнээс үлдсэн барьцаа хөрөнгийг суллахгүйгээр биднийг хохироож байна. Мөн  банкнаас барьцааны орон сууцнуудыг өөрийн мэдэлд бүрэн шилжүүлсэн атлаа орон сууцаа худалдан борлуулахдаа гэрээ хэлцлээ нэхэмжлэгчийн нэрийг ашиглан хуурамчаар хийлгэж татвараас зугтаж увайгүй үйлдэл гаргаж байна. Иймд 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн БГҮ13/130 дугаар барьцааны гэрээний хоёрдугаар зүйлд заасан 11 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. АХХК-ийн нэхэмжлэлд дурдсан маргааныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 428 дугаар захирамжаар 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлсөн тохиолдолд нэхэмжлэгч нь барьцааны гэрээнд заасан үүргээ сайн дураар биелүүлээгүй, төлбөр төлөх хуваарийг аливаа хэлбэрээр зөрчсөн тохиолдолд нэхэмжлэлийн бүхий л шаардлагуудыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд захирамжид дурдсан төлбөрөө төлөөгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа болно. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно. Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулсан 34/28 дугаартай төлбөр барагдуулах гэрээ байгуулж шүүхийн шийдвэрт заасан төлбөр болох 1 577 134 830 төгрөгөөс үлдэх 957 125 095 төгрөгт 18 ширхэг орон сууцнуудыг хүлээлгэн өгсөн нэгдсэн акт үйлдэж талууд хүлээлцсэн боловч банкны өмчлөлд тухайн байр шилжээгүй.  Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул шаардах эрхгүй байна. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Зохигчийн  тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч АХХК нь хариуцагч БХХК-д холбогдуулан 2013 оны 08 сарын 21-ний өдрийн БГҮ13/130 дугаар барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөнүүдийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

            Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...зээлийн гэрээ болон шүүхийн шийдвэрт заасан өр төлбөр барагдсан байхад Ббарьцааны хөрөнгийг чөлөөлөхгүй, компанийн эрх ашиг хохироож байна.” гэж тайлбарлаж байна.

 

            Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд БХХК болон АХХК нарын хооронд 2013 оны 08 сарын 21-ний өдөр ЗГ13/130 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, улмаар БХХК нь тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/00428 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

           

            Талуудын хооронд 2018 оны 11 сарын 05-ны өдрийн 34/28 дугаар төлбөр барагдуулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/00428 дугаар шүүгчийн захирамжийн дагуу АХХК нь             1 577 134 830 төгрөгийг төлөхөөс 2018 оны 11  сарын 05-ны өдрийн байдлаар нийт                957 125 095 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй гэж тодорхойлж, дээрх үүрэгт төлбөр төлөгч тал буюу АХХК нь хавсралт №1-т заасан 18 ширхэг орон сууцыг хүлээлгэн өгч, зарж борлуулах эрхийг төлбөр авагч тал буюу  банкинд олгохоор тохиролцжээ.

 

            Хариуцагч БХХК нь дээрх тохиролцооны дагуу хавсралтад заасан 18 ширхэг орон сууцыг биет байдлаар хүлээн авсан талаар маргаагүй боловч нэхэмжлэгч өмчлөлд шилжүүлээгүй, үүргээ бүрэн биелүүлээгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байгаа үндэслэлгүй байна.

 

            Талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээгээр хавсралтад заасан 18 ширхэг орон сууцны өмчлөх эрхийн  банкинд шилжүүлэх үүргийг нэхэмжлэгч АХХК нь хүлээгээгүй байна. Тодруулбал орон сууцныг зарж борлуулах эрхийг банкинд олгох үүрэг хүлээсэн ба нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

            Иймд барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

            Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 106.3-т “...барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй...” гэж заасны дагуу хариуцагч БХХК-д  2013 оны 08 сарын 21-ний өдрийн БГҮ13/130 дугаар барьцааны гэрээний зүйл болох нэр бүхий 11 хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах нэхэмжлэгч АХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасныг баримтлан  2013 оны 08 сарын 21-ний өдрийн БГҮ13/130 дугаар барьцааны гэрээний зүйл болох нэр бүхий 11 хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг БХХК-д даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ