Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2031

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М ХХК --ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/02525 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М ХХК --ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Д -, Г.Я нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 27 797 940 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 6 сарын 06-ны өдөр хариуцагч С.Д -, Г.Я, О.Г- нар М ХХК --иас зээл авахаар хандсан. Эдгээр хүмүүст санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан дүрэм, журмын дагуу 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 15 000 000 төгрөгийг С.Д -, О.Г- нарын өмчлөлийн байрыг барьцаалж, зээлсэн. Хамтран зээлдэгч Г.Я 2017 оны 7 сарын 06-ны өдөр зээлийн төлбөрийг хуваарийн дагуу нэг удаа төлсөн. 2017 оны 8 сарын 28, 9 сарын 12-ны өдөр тус тус хүү төлсөн. 2017 оны 9 сарын 06-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусч, Г.Ягийн хүсэлтээр гэрээний хугацааг 3 сараар сунгасан. 2017 оны 10 сарын 12-ны өдөр зээлдэгч хүү төлсөн. Түүнээс хойш нэг ч удаагийн төлбөр төлөөгүй. 2018 оны 12 сарын 11-ний өдөр Г.Ягийн дүү Н.М- ирж уулзсан. Н.М-т 1 100 000 орчим төгрөгийн хуримтлагдсан хүү, үндсэн зээл 15 000 000 төгрөг төлчихвөл барьцаа хөрөнгийг чөлөөлье гэсэн. Н.М- хүү төлж чадахгүй, үндсэн зээл л төлнө гэсэн. Манай компаниас зээлдэгч нарт хөнгөлөлт үзүүлж, боломж олгохоор олон удаа уулзсан ч тодорхой шийдэлд хүргээгүй. 2018 оны 6 болон 7 дугаар сарын үед Г.Я дүү Н.М-ийн хамт ирээд хэл амаар доромжилж, арай л зодчихоогүй. Тухайн үед би нэг ч тайлбар хэлээгүй. 2018 оны 8 сарын 22-ны өдөр Г.Я, Н.М- нарыг ирж уулзахад өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 21 000 000 төгрөг болж байна. Он дуусах хүртэл уг мөнгийг хувааж төлөөрэй гэхэд зээлдэгч нар зөвшөөрсөн. Түүнээс хойш 14 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд зээлдэгч нар зээлийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Г.Я, Н.М- нар барилгын компанийн захирлууд, барилгын ажил хийж байж, зээлийн хүү, алданги төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. Манайд өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа 30 564 617 төгрөг болгож нэмэгдүүлэх боломж байгаа. Гэхдээ шүүхэд анх гаргасан мөнгөө нэхэмжилж байна. Зээлдэгч нар зээл авснаас хойш 28 сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд зээлдэгч нар 28 удаагийн төлөлт хийх ёстой. Гэтэл Г.Я 4 удаа зээлийн төлбөр төлсөн. Иймд үндсэн зээл 14 997 916 төгрөг, зээлийн хүү 10 268 438 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 531 585 төгрөг, нийт 27 797 940 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Д - нь тус ББСБ-аас 15 000 000 төгрөгийн зээлийг өөрийн нөхөр болох С.Гончигийг амьд сэрүүн байхад зээлж авсан. Зээлийг авсны дараа өвгөн маань өнгөрч, ганц хүний тэтгэвэр хүрэхгүй, би өөрөө сахарын өвчтэй, биеийн байдал муу байна. Уг байгууллагыг хохиролгүй болгохын тул хүүхдүүдтэйгээ нийлж, зээлийг хаахыг хүсч байна. Урьд нь хүүнд хэдэн төгрөг төлж байсан. Одоо 15 000 000 төгрөг төлөх хүсэлтэй байх тул бидэнд хугацаа олгож өгнө үү. 2018 оны 8 сарын 28-ны өдөр талуудын зээлийн гэрээний хугацаа сунгасан тохиролцоо хэрэгт авагдаагүй. Иймд хариуцагч үндсэн зээл болох 14 997 916 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлээр хангуулах шаардлагын тухайд тайлбар байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Д -, Г.Я нараас зээлийн гэрээний үүрэгт 26 849 716 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК --д олгож, үлдэх 948 224 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 1-60 дугаар байрны 1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205007561 дугаарт бүртгэлтэй 19 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 538 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Д -, Г.Я нараас улсын тэмдэгтийн хураамжид 362 388 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК --д олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Хариуцагч С.Д - нь нөхөр О.Г-ийн хамт 2017 оны 6 сарын 06-ны өдөр 15 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай 3,5 хувийн хүүтэй зээлийн гэрээ, С.Д -, О.Г- нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 1-16 дугаар байрны 1 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007561 дугаарт бүртгэлтэй 19 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. Хариуцагч нь зээлийн төлөлтийг 4 удаагийн үйлдлээр 2 216 000 төгрөгийг төлж, үндсэн зээл 14 997 916 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй болсон. Зээлийн гэрээгээр талууд хугацаа тохирсоор байтал нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжпэл гаргах хүртэл хугацаагаар хүү тооцож төлөх нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байна. Хугацаа хэтэрсэн хүү 9 876 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 975 300 төгрөг, нийт 11 851 800 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Г.Я нь хариуцагч биш юм. Учир нь хавтас хэргийн 6 дугаар талд зээлийн гэрээний талуудад нэг талаас “ММ финанс ББСБ” нөгөө талаас С.Д - нар зээлийн гэрээ байгуулсан байдаг. Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээгээр мөн адил С.Д -, О.Г- нар нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд тавьж гэрээ байгуулсан. Иймд Г.Яг хариуцагчаас чөлөөлж, хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11 851 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М ХХК - нь хариуцагч С.Д -, Г.Я нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 27 797 940 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2017 оны 6 сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч М ХХК - нь сарын 3,5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 15 000 000 төгрөгийг зээлдэгч С.Д -, О.Г-, Г.Я нарт зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээл, зээлийн хүүний төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн барьцаанд О.Г-, С.Д - нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007561 дугаартай, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 1-60 дугаар байрны 1 тоот хаягт байрлах, 19 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх-ийн 6-8, 9-10, 11-р тал/

 

Зээлдэгч О.Г- 2018 оны 6 сарын 12-ны өдөр нас барсан байх бөгөөд хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг хуваарийн дагуу биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн байх тул хариуцагч нарын төлсөн 2 216 000 төгрөгийг зээл хүүгээс хасч, үндсэн зээл 14 997 916 төгрөг, зээлийн хүү 9 876 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 975 300 төгрөг, нийт 26 849 716 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгч М ХХК --д олгуулж, үлдэх 948 224 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо зээлийн гэрээгээр талууд хугацаа тохирсоор байтал нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар хүү тооцож төлөх нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой гэх боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

                         

2017 оны 6 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээнд хариуцагч Г.Я нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар түүнийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ. Иргэний хуулийн 242  дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хариуцагч С.Д -, Г.Я нараас нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг мөн хүлээн авах боломгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/02525 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЭНХТӨР                                      

                                         ШҮҮГЧИД                                                Ч.ЦЭНД

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ