Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2019/02525

 

2019 оны 09 сарын 26 өдөр                     Дугаар 102/ШШ2019/02525                             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, М ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, С.Д

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Г.Я нарт холбогдох,

 

27,797,940 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 06 сарын 06-ны өдөр хариуцагч С.Д, Г.Я, О.Г нар “М ХХК-иас зээл авахаар  хандсан. Эдгээр хүмүүст санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан дүрэм журмын дагуу 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, 15,000,000 төгрөгийг С.Д, О.Г нарын өмчлөлийн байр барьцаалж, зээлсэн. Хамтран зээлдэгч Г.Я 2017 оны 07 сарын 06-ны өдөр зээлийн төлбөрийг хуваарийн дагуу нэг удаа төлсөн. 2017 оны 08 сарын 28, 09 сарын 12-ны өдөр тус тус хүү төлсөн. 2017 оны 09 сарын 06-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусаж, Г.Я-гийн хүсэлтээр гэрээний хугацааг 3 сараар сунгасан. 2017 оны 10 сарын 12-ны өдөр зээлдэгч хүү төлсөн. Түүнээс хойш нэг ч удаагийн төлбөр төлөөгүй. 2018 оны 12 сарын 11-ний өдөр Г.Я-гийн дүү н.М ирж уулзсан. н.М-т 1,100,000 орчим төгрөгийн хуримтлагдсан хүү, үндсэн зээл 15,000,000 төгрөг төлчихвөл барьцаа хөрөнгө чөлөөлье гэсэн. н.М хүү төлж чадахгүй, үндсэн зээл л төлнө гэсэн. Манай компаниас зээлдэгч нарт хөнгөлөлт үзүүлж, боломж олгохоор олон удаа уулзсан ч тодорхой шийдэлд хүргээгүй. 2018 оны 06 болон 07 дугаар сарын үед Г.Я дүү н.М-гийн хамт ирээд хэл амаар доромжилж, арай л зодчихоогүй. Тухайн үед би нэг ч тайлбар хэлээгүй. 2018 оны 08 сарын 22-ны өдөр Г.Я, н.М нарыг ирж уулзахад өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 21,000,000 төгрөг болж байна. Он дуусах хүртэл уг мөнгийг хувааж төлөөрэй гэхэд зээлдэгч нар зөвшөөрсөн. Түүнээс хойш 14 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд зээлдэгч нар зээлийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Г.Я, н.М нар барилгын компанийн захирлууд, барилгын ажил хийж байж, зээлийн хүү, алданги төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. Манайд өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа 30,564,617 төгрөг болгож нэмэгдүүлэх боломж байгаа. Гэхдээ шүүхэд анх гаргасан мөнгөө нэхэмжилж байна. Зээлдэгч нар зээл авснаас хойш 28 сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд зээлдэгч нар 28 удаагийн төлөлт хийх ёстой. Гэтэл Г.Я 4 удаа зээлийн төлбөр  төлсөн. Иймд үндсэн зээл 14,997,916 төгрөг, зээлийн хүү 10,268,438 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,531,585 төгрөг нийт 27,797,940 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С.Д нь тус ББСБ-аас 15,000,000 төгрөгийн зээлийг өөрийн нөхөр болох С.Г амьд сэрүүн байхад зээлж авсан билээ. Зээлийг авсны дараа өвгөн маань өнгөрч, ганц хүний тэтгэвэр хүрэхгүй, би өөрөө сахар өвчтэй, биеийн байдал муу байна. Уг байгууллагыг хохиролгүй болгохын тул хүүхдүүдтэйгээ нийлж, зээлийг хаахыг хүсч байна. Урьд нь хүүнд хэдэн төгрөг төлж байсан. Одоо би 15,000,000 төгрөг төлөх хүсэлтэй байх тул бидэнд хугацаа олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Д, Г.Я нарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 06 сарын 06-ны өдөр “М” ХХК-иас 15,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэйгээр хариуцагч С.Д зээлсэн. Зээлдэгч зээлийн хугацаанд хүү төлсөн. Үндсэн зээл төлөөгүй. 2018 оны 08 сарын 28-ны өдөр талуудын зээлийн гэрээний хугацаа сунгасан тохиролцоо хэрэгт авагдаагүй. Иймд хариуцагч үндсэн зээл болох 14,997,916 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлээр хангуулах шаардлагын тухайд тайлбар байхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг судлаад:

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч С.Д, Г.Я нарт холбогдуулан 27,797,940 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч С.Д, Г.Я нар нь  2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч байгууллагаас 15,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлэхээр харилцан тохиролцож, “Зээл, барьцааны гэрээ” байгуулж, энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд  О.Г, С.Д нарын өмчлөлийн Баянгол дүүргийн Ү дугаарт бүртгэлтэй 19 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг бичгээр байгуулжээ.

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх ба уг гэрээ байгуулагдсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргахгүй байна.  

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч нар уг зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан болох нь зээлийн дансны хуулга, мемориалын баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч МХХК нь хариуцагч С.Д, Г.Я нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 14,997,916 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү болон нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилсэн 12,800,024 төгрөгийг төлөхгүй гэж эс зөвшөөрч маргаж байх боловч үндэслэлээ тодорхой тайлбарлахгүй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэжээ.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний 2.1.3 дахь хэсэгт зээлийн сарын хүү нь 3,5 хувь байхаар, гэрээний 2.9-д зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй бол үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заасан нь дээрх хуулийн зохицуулалттай тохирч байх тул хариуцагч нь үндсэн зээл болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

            Хариуцагч нь гэрээнд заасны дагуу сард зээлийн хүүнд 525,000 төгрөгийг /15,000,000*3,5 хувь/ төлөх үүрэгтэй байсан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцвол нийт хүүнд 12,092,500 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр 2,216,000 төгрөгийг төлсөн байна.

Иймд  хариуцагч нар нь нэхэмжлэгчид зээлийн хүүнд 9,876,500 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд  1,975,300 /төлөх ёстой зээлийн хүүний 20 хувиар тооцов/ төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

            Дээрх үндэслэлээр хариуцагч С.Д, Г.Я нараас зээлийн төлбөрт 14,997,916 төгрөг, зээлийн хүүнд 9,876,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,975,300 төгрөг, нийт 26,849,716 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 948,224 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасантай нийцэж байх тул барьцааны зүйл болох орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй юм.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Д, Г.Я нараас зээлийн гэрээний үүрэгт 26,849,716 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, үлдэх 948,224 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Д, Г.Я нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн Ү- дугаарт бүртгэлтэй 19 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 367,538 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Д, Г.Я нараас улсын тэмдэгтийн хураамжид 362,388  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ЭНХЗАЯА