Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2030

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Г ХХК--ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/01490 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г ХХК--ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ж-, “Эрдэнэсийн авдар цэцэрлэг” боловсрол сургалтын байгууллагад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 68 813 470.82 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, “Эрдэнэсийн авдар цэцэрлэг” боловсрол сургалтын байгууллагаас батлан даалтын гэрээний дагуу өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагч, түүний төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

Хариуцагч, түүний төлөөлөгч Б.Ж-,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ж- нь Г ХХК--тай 2017 оны 12 сарын 27-ны өдөр ЗГ/1305107996 тоот зээлийн гэрээгээр 63 000 000 төгрөгийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэйгээр авсан. Тус зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, ЗБ1305107996 тоот, ЗБ1305107996-А ипотекийн гэрээгээр доорх хөрөнгийг барьцаалсан. Үүнд Ү-2206047782 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 15 дугаар гудамж, 553а тоот хаягт байршилтай, 212 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г-2206007250 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 15 дугаар гудамж, 553 тоот хаягт байршилтай, 1701203515 нэгж талбарын дугаартай 404 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газар, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 15 дугаар гудамж, 553 тоот хаягт байршилтай 91 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ЗГ1305107996 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БДГ1305107996 тоот батлан даалтын гэрээгээр Э-БСБ /РД:8248265/ нь батлан дааж өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн болно. Б.Ж- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй нийт 371 хоногийн хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээг ноцтой зөрчсөөр байна. Г ХХК- нь зээл, зээлийн төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үндсэн төлбөр 56 876 490.92 төгрөг, хүүний төлбөр 11 352 822.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 584 691.63 төгрөг, нийт 68 813 470.82 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болон батлан даалтын гэрээний дагуу Э-боловсрол сургалтын байгууллагын эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус зээлийг Эрдэнэсийн авдар цэцэрлэгийн үйл ажиллагаанд зориулж авсан бөгөөд цэцэрлэг зуны 3 сард үйл ажиллагаа явуулдаггүй, ямар ч орлогогүй байдаг тул зээлийг хуваарийн дагуу төлөх боломжгүй болж хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтийг банкинд удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй. Мөн Г ХХК- зээлийн төлөлтөөс хүүгийн хүү, алдангийн алданги тооцож авснаар зээлийн үндсэн төлбөрөөс хасагдаагүй тул гомдолтой байна. Нэхэмжлэгч талаас зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй гэх боловч миний бие цэцэрлэгийн байраа өргөжүүлсэн байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Г ХХК-, Б.Ж- нарын хооронд байгуулагдсан 2017 оны 12 сарын 27-ны өдрийн ЗГ1305107996 дугаар зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.Ж-гаас 68 813 470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК--д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2206047782 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт ухаа 15 дугаар гудамж, 553а хаягт байршилтай 212 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2206039743 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт ухаа 15 дугаар гудамж, 553 тоот хаягт байршилтай, 91 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г-2206007250 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 15 дугаар гудамж, 553 тоот хаягт байршилтай 1701203515 нэгж талбарын дугаартай 404 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 68 813 470 төгрөг гаргуулж, Г ХХК--д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э-боловсрол, сургалтын байгууллагад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д  зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 642 417 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Ж-гаас 572 217 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 сарын 25-ны өдрийн 01490 дүгээр шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу үнэлж чадаагүй тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар зэргийг тодорхойлон бичээд “... нэхэмжлэгч Г ХХК- 2017 оны 12 сарын 28-ны өдөр хариуцагчийн 1305107995 тоот дансанд зээлийн мөнгө хөрөнгө 36 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хариуцагчийн дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ ...” гэсэн байна. Нэхэмжлэгч Г ХХК- нь 2017 оны 12 сарын 27-ны өдөр хариуцагчид 63 000 000 төгрөгийн зээлийг жилийн 27,6 хувийн хүүтэйгээр зээлсэн гэж тайлбарласан байхад нэхэмжлэгч 63 000 000 төгрөг зээлнэ гэснээс 36 000 000 төгрөг өгсөн нь тогтоогдоод байна уу, эсхүл нийт 36 000 000 төгрөг зээлээд Г ХХК- үүргээ биелүүлсэн гэж дүгнээд байна уу гэдэг нь ойлгомжгүй байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх заалтыг зөрчиж байна. Б.Ж- би сонсголын бэрхшээлтэй бөгөөд намайг 2019 оны 10 сарын 26-ны өдөр Н65 дунд чихний идээт бус үрэвсэл оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай гэж тогтоосон байдаг юм. Би сонсголын бэрхшээлтэй болоод 3 жил болж байгаа бөгөөд жил болгон дээрх акт сунгагддаг. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс намайг шүүх хуралд оролцуулахдаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд ... дүлий зэрэг шалтгааны улмаас ... шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “шүүх энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан этгээдээс гаргасан тайлбар, мэдүүлэг, нотлох баримт, хэлсэн үгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай ийм этгээдэд орчуулагч, хэлмэрчээр дамжуулан танилцуулах үүрэгтэй” гэж заасан байхад шүүхээс миний эрхийг ноцтойгоор зөрчиж, шүүх хурлыг хийсэн. Шүүх хуралдаанд би оролцогчдын хэлсэн үгийг сайн сонсоогүйгээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэтгэлцэх эрхээ бүрэн эдэлж чадаагүй. Шүүгчийн туслах 2019 оны 6 сарын 25-ны өдөр буюу шүүх хурал болдог өдрийн өглөө 9 цагийн үед хурлын товыг мэдэгдэж, хуралдааны өмнө эрх, үүрэг болон хэргийн материалтай танилцсан гэх хуудсан дээр гарын үсэг зуруулсан. Тухайн эрх, үүрэгтэйгээ би танилцаж чадаагүйгээс гадна шүүх хуралдаан дээр шүүгч эрх, үүрэг тайлбарлахыг сонсож чадаагүй. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 сарын 25- ны өдрийн 01490 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г ХХК- нь хариуцагч Б.Ж-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 68 813 470.82 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, “Эрдэнэсийн авдар цэцэрлэг” боловсрол, сургалтын байгууллагад холбогдуулан батлан даалтын гэрээний дагуу өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэл тус тус гаргасныг хариуцагч, түүний төлөөлөгч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Г ХХК- нь хариуцагч Б.Ж- нар нь 2017 оны 12 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Г ХХК- нь жилийн 27,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 63 000 000 төгрөгийг хариуцагч Б.Ж-д зээлдүүлэх, хариуцагч Б.Ж- нь зээл, зээлийн хүүний төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн барьцаанд хариуцагч Б.Ж-гийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт ухаа 15 дугаар гудамж, 553 тоот хаягт байршилтай, 91 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 404 м.кв газар, Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт ухаа 15 дугаар гудамж, 553а хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай 212 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан байна. Хариуцагч Б.Ж- нь 2018 оны 01 сарын 27-ны өдрөөс 2018 оны 11 сарын 29-ний өдөр хүртэл үндсэн зээлд 6 123 509 төгрөг, хүүнд 10 586 651 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 25 639 төгрөг, нийт 16 735 799 төгрөг төлсөн байх бөгөөд 2018 оны 11 сарын 29-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт зэргээр тогтоогджээ. /хх-ийн 14-23, 30-34-р тал/

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 12 сарын 27-ны өдөр дуусахаар байгаа хэдий ч хариуцагч Б.Ж- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 2018 оны 11 сарын 29-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй байгааг ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч Г ХХК- гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардах эрхтэй бөгөөд гэрээний 4.2.1-т зааснаар банк өөрийн санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл үүссэн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.4.1 дэх хэсэгтэй заасантай тус тус нийжээ.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

            Иймд нэхэмжлэгч Г ХХК-, хариуцагч Б.Ж- нарын байгуулсан 2017 оны 12 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.Ж-гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 68 813 470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК--д олгуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна. 

 

Нэхэмжлэгч Г ХХК- нь хариуцагч “Эрдэнэсийн авдар цэцэрлэг” боловсрол, сургалтын байгууллагатай 2017 оны 12 сарын 27-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулсан байх бөгөөд хариуцагч Б.Ж- нь үүргийг гүйцэтгэж чадахгүй болсон гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй, батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээх талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, “Эрдэнэсийн авдар цэцэрлэг” боловсрол, сургалтын байгууллагад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. /хх-ийн 24-25-р тал/

 

            Хариуцагч Б.Ж- нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо анхан шатны шүүх 63 000 000 төгрөг, эсхүл 36 000 000 төгрөг гэж буруу дүгнэлт хийсэн, би сонсголын бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан тул надад хэлмэрчээр дамжуулан эрх, үүргийг тайлбарлаагүй гэжээ. Гэвч анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Г ХХК--иас хариуцагч Б.Ж-д шилжүүлсэн зээлийн 63 000 000 төгрөгийг 36 000 000 төгрөг гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа байх бөгөөд энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Түүнчлэн хариуцагч Б.Ж- нь сонсголын бэрхшээлтэй буюу дүлий гэх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагч нь энэхүү тайлбар, гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, мөн шүүхэд хүсэлт гаргаагүй байх тул хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх Г ХХК--ийн нэхэмжлэлд 2019 оны 5 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 06, 25-ны өдрүүдэд зохигчдод эрх, үүрэг, хэргийн материалыг танилцуулж гарын үсэг зуруулсан байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзлээ. /хх-ийн 35, 39, 41, 57-р тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч түүний төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй

гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/01490 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЭНХТӨР                                      

                                         ШҮҮГЧИД                                                Ч.ЦЭНД

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ