Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 131/ШШ2017/00637

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т оршин суух, ******* регистрийн дугаартай *******т холбогдох

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс охин *******д ногдох 8000000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* би *******тэй 2009 онд гэрлэлтээ батлуулж, 4 жил хамт амьдарч охин *******г 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрүүлсэн. 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 382 дугаар Сум дундын шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, ******* нь шүүхийн шийдвэрээр охин Сундуйсүрэнг 18 нас хүртэл тэжээн тэтгэхээр болсон. Энэ хүнтэй хамтран амьдарч байхад нийт 156 малтай Жинст сумын өрхийн бүртгэлийн 03-05-04 бүртгэлийн дугаартай малын А данстай. Мөн , гэсэн улсын дугаартай 2 автомшин болон хүрэн өнгийн хятад мотоцикльтой байсан бөгөөд бид 2 гэр бүл цуцлуулахад бүх хөрөнгөө өөрөө авсан тул насаараа амьдралаараа хохирч аав, ээжтэйгээ өсөх амьдралаар дутмаг, өөрийн гэсэн орон, өмч хөрөнгөгүй солих хувцасгүй энэ хүний төрсөн үр болж, төрөөд хаягдан амьдралаараа хохирсон тул миний охинд *******ийн өөрийн өмч болох 30 сая төгрөгийн өмч хөрөнгөнөөс 8000.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ хүн 30000000 төгрөгийн хөрөнгөтэй байсан. 1.Пургон автомашин 5000000 төгрөг, 2.Элентра суудлын автомашин 3500000 төгрөг, 3. Мотоцикль 1000000 төгрөг, 4. 156 толтгой мал зах зээлийн ханшаар 1 мал 130 000 төгрөг ба 1кг ноолуур 750000 төгрөгөөр үнэлэгдэж байхад гэрлэлтээ цуцлуулсан. Одоо тэр хүний мал 250 толгойд хүрч өөр хүний нэр дээр тоолуулж, хүүхдийн тэтгэлгээс зайлсхийж өмч хөрөнгөгүй хүний дүрд тоглож төрсөн үрийнхээ эрхийг зөрчиж 18 нас хүртэл тогтоолгосон мөнгөө төлөхгүй байгаа бөгөөд төрсөн үрээ хамтран амьдаргчтайгаа нийлж чиний үрийг алсан байхад чи надаас юу олж идэх юм гэж заналхийлж, удаа дараа орон гэр шатаана ална гэж төрсөн дүүгээрээ доромжлуулж цагдаагийн байгууллагад удаа дараа хандаж байж гайгүй болсон. Иймд миний охинд ногдох өмч 8 000 000 төгрөгийг *******өөс гаргуулж өнгө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би *******тэй 2009 онд гэрлэлтээ батлуулж, 4 жил хамт амьдарч охин *******г 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрүүлсэн. 2012 онд гэрлэлтээ цуцлуулсан. Хамт амьдрах хугацаандаа энэ хүнийг 2 удаа ажилд оруулж цалинтай, орлоготой болгож байсан. Салах шалтгаан нь энэ хүн өөр хүнтэй болсон. 2012 онд миний охинд хүүхдийн тэтгэлгийг 57.300 төгрөгөөр тогтоосон боловч одоо 2017 оны хүүхдийн тэтгэлэгийг өгөөгүй байгаа. Улсын архиваас шүүлгэхэд 7 жилийн өмнө яаж амьдарч байсан талаарх баримт нь гарч ирсэн. Энэ хүн хөрөнгөгүй хүн биш, шүүхээр хүүхдийн тэтгэлэг, дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэл гаргасан нь би өөрийгөө бодсондоо биш, хүүхдээ бодож, ирээдүйг нь бодож шүүхэд хандсан. Энэ хүн эд хөрөнгүй хүн биш. Тэгээд 7-8 хоногийн өмнө *******ийг Цагдаагийн байгууллага олж ирэхэд хүүхдээ хулгайгаар авч явсан байсан. Энэ хүн өөр хүнтэй хамтын амьдралтай байж хүүхэд авч явсан, мөн хүүхдээ алуулна гэж орон гэр рүү дайраад байдаг. ******* нь надтай хамтран амьдрах хугацаандаа зээл авч зээлийг би төлдөг байсан. Түүнийг нотлох баримтыг хэрэгт өгсөн. Элентра суудлын автомашинг 3.500.000 төгрөгөөр худалдаж аваад ирэхэд нь гэрээ банкны барьцаанд тавьж зээлээр худалдаж авч байсан. Тухайн зээлийг миний аав ээж тэтгэврийн зээлээрээ төлж барагдуулсан. *******тэй танилцах үед цагаан өнгийн пургон автомашинтай байсан. Ээж, аав нь хамт амьдрахад 156 мал *******т өгч байсан. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч байсан талаарх баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. 2008 онд 1.500.000 төгрөгийн зээл авсан баримтыг гаргаж өгөөгүй архивт байгаа гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар ч үндэслэлгүй эд хөрөнгө бий болгож түүнийгээ үнэлж, 8.000.000 нэхэмжлээд зөвхөн охиныхоо өмчийг авна гэж байгаа. Хамтран амьдарч байх хугацаанд дундын эд хөрөнгөтэй байсан бол энэ хүн өнөөдөр надад юу ч үлдээхгүйгээр авах байсан. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ Пургон автомашин 5.000.000 төгрөг үнэлэсэн байна. 2001 онд миний аав ээж хоёр моторгүй хуучин машиныг 1.200.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Энэ машиныг 2007 онд хамаатны нэг дүүдээ 2.000.0000 төгрөгөөр зарсан.  Хавар би Дарханаас очиж Элентра суудлын автомашиныг 3.500.000 төгрөгөөр худалдаж аваад машин зарсан 2.000.000 төгрөгийг өгөөд, гэртээ очоод 1.500.000 төгрөгийг нь явуулна гэж хэлээд авч ирсэн. Энд Банк бус санхүүгийн байгууллагад, хамтран амьдарч байгаа хүний хувьд гэрээ барьцаанд тавьж 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Барьцааны зээлээ танксинд явж, хөдөө аав, ээжийнхээ хэдэн малтай, мал зарж ингээд 7 хоногийн дараа барьцааны мөнгөө төлж дуусгаж байсан. ******* нь гэр бүлээ батлуулж 500.000 төгрөг авах гэж нөөцөлдөж, бичиг баримтыг нь бүрдүүлж 500.000 төгрөгийг авсан. Тухайн үед ******* нь Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын үүдэнд уулзаж надад 250.000 төгрөг өгөөд, өөрөө 250.000 төгрөгийг нь авч явсан. Бид албан ёсоор ёс төр болж гэр бүл болоогүй, энэ айлын хүргэн болж аавынх нь гэрт ирж очин байдаг байсан. Хэдэн төгрөгийн цалин авдаг байсныг нь ч би мэддэггүй байсан. Энэ автомашинууд бол миний өөрийн хөрөнгө, би малгүй байсан, бидэнд дундын эд хөрөнгө гэх зүйл байгаагүй. Хүүхэдтэйгээ уулзах цаг ирээсэй гэж хүсч байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн дэлгэцээр харуулж, шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс охин *******д ногдох 8000000 төгрөг гаргуулах шаардлагыг гаргаж, хариуцагч татгалзаж, эс зөвшөөрчээ.

  *******, ******* нар нь 2009 оны 10 сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж нэг гэрт амьдрах хугацаандаа 2010 оны 07 сарын 10-ны өдөр охин *******г төрүүлж өсгөсөн байна./хх-ийн 106-107-р тал/

Гэрлэгчид нь 2012 оны 07 сарын 23-ны өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 382 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан байна./хх-ийн 10-12-р тал/

Нэхэмжлэгч нь 2012 онд гэрлэлт цуцлуулах үедээ хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлээгүй, хамтран амьдрах хугацаанд хариуцагч нь хоёр автомашин, 156 тооны мал, мотоцикль зэрэг 30.000.000 төгрөгийн эд хөрөнгөтэй байсан тул дээрх хөрөнгөөс гэр бүлийн гишүүн болох охин *******д ногдох 8.000.000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулах үндэслэлтэй гэж, хариуцагч нь авто машин, тээврийн хэрэгсэлүүд нь өөрийн хуваарьт хөрөнгө, *******тай танилцахаас өмнө нь өөрт нь байсан бөгөөд мал байгаагүй хэмээн мэтгэлцсэн байна.

Шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс охин *******д ногдох 8000000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигчдын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн гуравдугаар дэд бүлэгт зохицуулсан гэр бүлийн хөрөнгийн эрх зүйн харилцаагаар зохицуулагдахаар байна. Тухайлбал Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, 127 дугаар зүйлийн 127.1.1 дэх хэсэгт Гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх-ийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгөд хамаарна, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчид ямар хөрөнгө хамаарах талаар тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгчийн гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчид хамааруулан үзсэн 12-35 БНА улсын дугаартай Уаз пургон автомашин, 87-16 БНА улсын дугаартай элентра маркийн автомашин, мотоцикль зэрэг хөрөнгийг зохигч нарыг гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэж үзэх үндэслэлгүй, 156 тооны толгой мал байсан эсэх нь нотлогдохгүй байна.

Учир нь зохигчид 2008 оны 10 сараас 2012 он хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн эцэг Баатарсүрэнгийн гэрт болон нэхэмжлэгчийн эцгийн өгсөн гэрт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-12-1 тоотод хамт амьдарсан, 6 сарын хугацаанд тусдаа амьдарч байгаад 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож, энэ талаар маргахгүй байна.

Зохигч нар гэрлэснээс хойш буюу 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш хамтран амьдарсан хугацаанд хариуцагч аймгийн Музейд харуулаар сарын 140227 төгрөгийн цалин авч 3 сарын хугацаанд, мөн жолоочоор 1 жил ажилласан, нэхэмжлэгч нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагч ажилтай байсан бөгөөд зохигчид хэн аль нь нэгнийхээ хэдэн төгрөгийн цалин авдаг байсныг мэддэггүй байсан, цалингаасаа бие биедээ өгдөггүй байсан гэж тайлбарлаж байх ба гэрлэгчдийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого болон шинээр бий болсон хөрөнгө тогтоогдохгүй байна. /хх-ийн 115-р хуудас/

Маргаж буй хөрөнгүүдийн 12-35 БНА улсын дугаартай Уаз пургон автомашиныг хариуцагч гэрлэхийн өмнө өөрийн эцэг, эхээс 2001 онд моторгүй машин 1200000 төгрөгөөр худалдан авч өгч байсан, 2007 онд хамаатны дүүдээ 2000000 төгрөгөөр худалдсан, уг өөрийн хуваарьт хөрөнгөө худалдсан орлого болох 2000000 төгрөгөө оролцуулан 2008 оны 06 дугаар сард Дархан хотоос гэдэг хүнээс 87-16 БНА улсын дугаартай элентра маркийн автомашиныг 3500000 төгрөгөөр зээлээр худалдан авч үлдэгдэл 1500000 төгрөгийг Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг Банк бус санхүүгийн байгууллагаас тухайн автомашинаа барьцаалан зээл авч, зээлээ өөрөө болон өөрийн эцэг, эхийн малыг зарж 7 хоногийн дотор буцаан төлсөн, уг автомашиныг 2011 оны 01 дүгээр сард 800000 төгрөг мотоцикль авч Хүлэг гэх хүнд худалдсан, Баянхонгор сумын төвд амьдарч байсан өөрийн гэсэн мал байгаагүй, дээрхи хөрөнгүүд нь миний хуваарьт хөрөнгө гэж маргаж, нэхэмжлэгчийн зүгээс пургон автомашиныг 2008 онд хариуцагчтай танилцах үед өөрт нь байсан, хэдэн төгрөгөөр хэнээс авсныг мэдэхгүй, 156 тооны малыг хариуцагчийн эцэг, эхээс гэр бүл болоход өгч байсан, элентра автомашин нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө, зээлийг нэхэмжлэгч төлсөн хэмээн тус тус тайлбарлаж маргаж байна.

Уаз пургон автомашин нь иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ийн гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө бөгөөд гэрлэснээс хойш шинээр бий болсон хөрөнгө биш, энэ талаар нэхэмжлэгч маргахгүй байгаа хэдий ч дундын эд хөрөнгө хэмээн марган шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Түүнчлэн хариуцагч 156 тооны малгүй байсан гэж тайлбарлаж энэ талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1315 дугаар тодорхойлолт, Баянхонгор аймгийн Жинст сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 161 дугаар албан бичгүүдээр нотлогдож байна. /хх-ийн 29-30-р тал/

Нэхэмжлэгчээс 2008 оны 10 сараас хариуцагчтай хамт амьдарч эхлэхэд хариуцагчийн эцэг, эхээс хариуцагчид 156 тооны мал өгсөн гэж тайлбарлаж, түүнийгээ гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэн хуваалгахаар маргаж, 2008 оны мал тооллогын маягтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байх боловч тухайн баримт нь хэзээ үйлдэгдсэн, хэн үйлдсэн, өрхийн тэргүүлэгчийн нэр харагдахгүй, мал тоолуулсан болон бүртгэсэн хүний нэр, гарын үсэг байхгүй байх тул нотлох чадвараа алдаж байна. /хх-ийн 13-15-р хуудас/

Түүнчлэн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хэмээн маргаж буй 87-16 БНА улсын дугаартай элентра маркийн автомашиныг хариуцагч нь 2008 оны 06 дугаар сард гэх хүнээс худалдаж авсан, өөрийн эзэмшилд шилжүүлж авсан, тухайн автомашиныг хариуцагч эзэмшиж ашиглаж байсан болох нь зохигчдын тайлбар, ийн гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 134-р хуудас/

Хариуцагч элентра маркийн автомашиныг өөрийн хуваарьт хөрөнгө болох пургон авто машиныг худалдсан орлого болон өөрийн эцэг, эхийн тусламжтайгаар худалдан авсан, мөн уг авто машиныг худалдахдаа мотоцикль оролцуулан худалдсан, одоо мотоцикль байхгүй гэж тайлбарлаж, нэхэмжлэгч энэ талаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж маргаж байх боловч өөрийн шаардлагаа нотлох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Элентра маркийн авто машины улсын дугаарыг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, ББСБ ХХК-ийн тодохойлолт зэрэгт 89-17 БНА гэж бичсэн, мөн хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, 2010 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 164/10 дугаар зээлийн барьцааны гэрээнд 87-16 БНА гэж бичигдсэн зөрүүтэй байх боловч шүүх хуралдаанд гаргасан зохигч нарын тайлбар, Баянхонгор аймгийн авто тээврийн төвийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дүгээр лавлагаа зэргээс Элентра маркийн автомашины улсын дугаар 87-16 БНА болох нь тогтоогдож байна. /хх-ийн 1, 7, 26, 38-р тал/

Нэхэмжлэгч нотлох баримтаар Хүний эрхийн үндэсний комиссын гомдол шилжүүлэх тухай албан бичгүүд, Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичиг, Баянхонгор аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн албан бичиг, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын албан бичгүүдийг тус тус гаргасан байх боловч хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй баримт гэж шүүх дүгнэв./хх-ийн 50-55-р тал/

Мөн нэхэмжлэгч Зээлийн гэрээ, ББСБ-ын Баянхонгор аймаг дахь салбар эргэн төлөлтийн хуваарь зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч маргаан бүхий эд хөрөнгүүдийг барьцаалан удаа дараа зээл авч байсан гэж тайлбарлаж байх ба хариуцагч зээл авч байсан талаар маргахгүй байна. Дээрхи баримтууд нь 300.000 төгрөгийн зээлийг элентра маркийн автомашиныг барьцаалан зээл авч байсан болохыг илтгэж байх боловч огноо болон зээлдэгч нарыг төлөөлж гарын үсэг зурагдсан эсэх нь харагдахгүй нөгөөтэйгүүр барьцаанд тавьсан хөрөнгө нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох байдлыг нотлохгүй юм./хх-ийн 49, 108-114-р тал/

Хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/2146 дугаартай тодорхойлолт нь хүүхдийн тэтгэлэг төлсөн болохыг тодорхойлсон, хянан хэлэлцэж байгаа хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй баримт байна. /хх-ийн 28-р тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэлийг нотолж чадаагүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******йн Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс охин *******д ногдох 8000000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Н.ГАНТУЯА