Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 213/МА2017/00008

 

*******йн нэхэмжлэлтэй хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 131/ШШ2017/00067 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч*******гийн *******йн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******гийн *******т холбогдох

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс охин *******д оногдох 8.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч *******йн давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 2 дугаар сарын 20-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч*******гийн *******ас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* би Р.*******тэй 2009 онд гэрлэлтээ батлуулж, 4 жил хамт амьдарч охин *******г 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрүүлсэн. Сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 382 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, Р.******* нь охин Сундуйсүрэнг 18 нас хүртэл тэжээн тэтгэхээр болсон. Одоо Р.*******ийн өмч хөрөнгөнөөс миний охинд оногдох өмчинд 8.000.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч *******ас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Шүүхээр 2012 онд гэрлэлт цуцлуулах үедээ энэ хүнээс л салах зорилготой байсан. Түүнээс биш эд хөрөнгө авах санаа бодол байгаагүй. Одоо хүүхдээ тэжээн тэтгэхийн тулд охинд ногдох хөрөнгийг шаардаж байна. Энэ хүн надтай гэр бүл болохдоо пургон машинтай байсан. Тэгээд пургоноо 5 саяар зараад 3 сая төгрөгийг манай аавд хадгалуулсан байгаад өөрийн биеэр дараа нь авч явсан. Дараа нь элентра гэж машин өөрөө аваад мөнгө дутаад байна гээд Капитрон банкнаас бид хоёр хамт нийт 3 сая төгрөгийн зээл авч байсан. Тэгээд дараа нь машинаа зарж, тэр мөнгөнөөс хүүхэд бид хоёрт огт өгөөгүй. Охин бид хоёрт зарцуулах шаардлага байхгүй гэдэг байсан. Одоо энэ хүн гэр бүл цуцалснаас хойш мөнгөгүй, хөрөнгөгүй хүн болоод охиндоо мөнгө төлөхөөс зайлсхийж байна. Иймд охинд оногдох 8.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******гийн *******өөс шүүхэд гаргасан тайлбартаа:

*******тай 2009 онд шинэ гэр бүлийг дэмжиж төрөөс олгож байсан 500.000 төгрөг авах зорилгоор хөөцөлдөж гэр бүл батлуулсан. Хөдөө гэр байдаг болохоор Д.Баатарсүрэн гэдэг айлд ирж, очин 2 жил хамт байхдаа 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр миний охин төрсөн. Сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 312 дугаар шийдвэрээр гэр бүл цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, мал, эд хөрөнгө байхгүй байсан учир эд хөрөнгийн маргаангүй гэж аль аль тал нь хэлж шүүх шийдвэр гаргасан. Одоо болохоор ор үндэсгүй мал, эд хөрөнгө бий болгож, 8.000.000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч *******гийн *******өөс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би үр хүүхдээ бодож харж хандах нь миний үүрэг гэтэл энэ хүн хүүхэдтэй минь ч уулзуулдаггүй юм. Би 2016 оны 12 дугаар сар хүртэл тэтгэлгээ төлчихсөн байгаа. Нэхэмжлэлд бичсэн зүйл бол бүгд худлаа, тэр пургон машиныг 2001 онд аав ээж маань надад авч өгсөн юм. Энэ хүнд хамаа ч байхгүй юм. Элентра гэж машиныг би мэдэхгүй тийм машин байхгүй. Миний нэр дээр бүртгэлтэй машин байхгүй. 2010 онд Капмон ББСБ-аас зээл авсан ингэхдээ хүний машин барьцаалж байсан байх. Тэр 156 малын тухайд манай аавынх миний нэр дээр тоолуулж байсан юм. Одоо надад мал хөрөнгө байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******йн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс охин *******д ногдох 8.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч*******гийн *******ас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Би Р.*******тэй 2007 онд танилцаж, 2009 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдөр охин Сундуйсүрэнг төрүүлсэн. Би *******тэй Баянхонгор сумын 6 дугаар баг 12 дугаар гудамж 1 тоот хашаанд хамт амьдарч байхдаа 5 ханатай гэр, мотоцикль, элентра маркын машин, пургон автомашин, 156 толгой малтай амьдарч байсан. Надаас гэрлэлтээ цуцлуулахад мөн л энэ эд хөрөнгөтэй үлдсэн.

Мөн хамт амьдарч байхдаа элентра маркын автомашиныг 2007 онд дундын хөрөнгөөр худалдаж авч байсан. Капмон ББХ-санхүүгийн байгууллагаас хэд хэдэн удаа зээл авч, Р.*******ийг төлөхгүй үед нь би цалингаасаа төлж явсан. Түүнтэй хамт амьдрах хугацаанд миний авч очсон мал дор хаяж, 50 бог болсон байх учиртай. Бидний хооронд дундын хөрөнгө байсан.

Шүүх надад эрх үүргийг маань тодорхой тайлбарлаж өгөөгүй. Би нотлох баримт бүрдүүлж өгөх үүрэгтэй гэдгээ мэдээгүй сая шүүхийн шийдвэр аваад үүнийг ойлгож мэдлээ. Хүмүүс гэрчээр асуулгах хүсэлт ч байсан.

Манай 156 толгой мал тоолуулж байсан. Мал тооллогын бичгийг шүүхэд өгсөн. Би түүнтэй 5 жил амьдрахдаа улсад ажиллаж байсан цалингаа түүний авсан зээлд байнга өгдөг байсан. Ийм маягаар дундын хөрөнгөөр авсан машиныхаа үнийг малынхаа хагасыг авч чадахгүй хохирч явахад шүүх нэг талд нь үйлчилж, миний охиныг хохироож, дундын эд хөрөнгийг шалгаж үзэлгүй үндэсгүй шийдвэр гаргасан тул сэтгэл дундуур байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, надад байгаа баримтуудыг дахин шалгуулах боломжоор хангаж, миний хөрөнгийг бүрэн авахад минь тусална уу гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч *******ас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “..шүүх надад эрх үүргийг маань тодорхой тайлбарлаж өгөөгүй, би нотлох баримтаа бүрдүүлж өгөх үүрэгтэй гэдгээ мэдээгүй, шүүхийн шийдвэр аваад үүнийг ойлгож мэдлээ...”, гэсэн гомдол болон нэхэмжлэгч талаас давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, мөн /хх-ийн 22 дугаар тал/ зохигч талуудад эрх үүрэг танилцуулсан тухай баримтанд нэхэмжлэгч *******йн гарын үсэг байхгүй, түүнд эрх үүрэг танилцуулаагүй байгаа зэргээс дүгнэж үзвэл анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийн ноцтой зөрчиж, эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүйгээр хэргийг нь шийдвэрлэжээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгийн захирамжинд шүүх хуралдааныг 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 16 цагт хийхээр товлосон боловч шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас дээр /хх-ийн 43 дугаар тал/ шүүх хуралдаан болох хугацааг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цагт хийхээр товлосон. Шүүх хуралдааныг хэзээ хийсэн нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрийн огноо нь 2017 оны 1 дүгээр сарын 20 гэж байхад шүүх хуралдааны тэмдэглэлийн огноо нь 2017 оны 1 дүгээр сарын 23 гэж тэмдэглэсэн зөрүүтэй байгаа зэрэг зөрчлүүд гаргажээ.

Охин ******* нь 2010 оны 7 дугаар сарын 5-нд төрсөн гэж байгаа боловч энэ талаар төрсний гэрчилгээ болон одоо сургууль, цэцэглэгт хамрагдаж байгаа эсэх талаар баримт хэрэгт байхгүй байгааг шүүх анхаараагүй байна.

Иймд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч *******ас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142.950 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 131/ШШ2017/00067 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч *******ас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142.950 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                               ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                 Г.УЛАМБАЯР