Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 108

 

О.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Г.Должинсүрэн, хохирогчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 666 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1083 дугаар магадлалтай, О.Т-д холбогдох 201625032162 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гаргасан гомдол болон Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Булганцэцэгийн бичсэн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дүгээр эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, А овогт О-ийн Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “Хуурч бусдын эд хөрөнгийг авч их хэмжээний хохирол учруулах”, 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор эд хөрөнгөө бусдад шилжүүлэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.Т-ыг хуурч бусдын эд хөрөнгийг авч их хэмжээний хохирол учруулсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор эд хөрөнгөө бусдад шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгэж, ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос О.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай”,

“Шүүгдэгч О.Т-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “шүүгдэгч О.Т-ыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор эд хөрөнгөө бусдад шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчлөн, тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4, 5, 6 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээн шүүгдэгч О.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг нэн даруй суллаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 547 дугаар шийдвэрээр "С” ХХК-иас 474,945,075 төгрөгийг гаргуулж БНХАУ-ын иргэн В-д, мөн аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 323 дугаар шийдвэрээр “С’’ ХХК-иас 152,505,900 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 161 дүгээр шийдвэрээр “С” ХХК- иас 945,810,709 төгрөгийг гаргуулж БНХАУ-ын иргэн Wuenbaoy In-д олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.  “С” ХХК нь иргэн, хуулийн этгээдэд төлөх нийт 1,573,261,684 төгрөгийн өр төлбөртэй байна.

Төлбөр төлөгч “С” ХХК-ийн захирал О.Т нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхээс зайлсхийх зорилгоор өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар баг, Их-Уулын гудамж, “Г” хотхоны 1, 2 дугаар байр, улсын бүртгэлийн Ү-.............., Ү-................ дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Н.Б-ын өмчлөлд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн байна. Мөн “С” ХХК-д Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн а/200 дугаар захирамжаар шинэ суурьшлын бүсэд байрлах 4608007290 нэгж талбарын дугаар бүхий орон сууц, үйлчилгээний зориулалттай 20000 м.кв /2 га/ газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байсныг орон сууцны зориулалттай 14000 м.кв /1,4га/ газрыг Өмнөговь аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн а/726 дугаар захирамжаар газрын эрхийг хэсэгчлэн иргэн Н.Б-т шилжүүлсэн болохыг тус тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон холбогдох байгууллагын лавлагаагаар тогтоож, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байна. Анхан шатны шүүх “С” ХХК-ийн захирал О.Т-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор эд хөрөнгөө бусдад шилжүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. Харин давж заалдах шатны шүүх О.Т-од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “шүүгдэгч О.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуурч бусдын эд хөрөнгийг авч их хэмжээний хохирол учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор бусдад эд хөрөнгөө шилжүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “шүүгдэгч О.Т-ыг”, “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор эд хөрөнгөө бусдад шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсөн болно. Иймд “С” ХХК-ийн захирал О.Т-ын шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхээс зайлсхийх зорилгоор иргэн Н.Б-т шилжүүлсэн дээр дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөр төлөгч “С” ХХК-ийн нэр дээр эргүүлэн шилжүүлэх асуудлыг шүүхээс шийдвэрлээгүй байх тул эргүүлэн шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Булганцэцэгийн бичсэн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дүгээр эсэргүүцэлд” Шүүгдэгч О.Т-од холбогдох 2015 оны 3 дугаар сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт “Г” хотхоныг иргэн Л.С-тай хамтран барих, улмаар “С” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлнэ гэж итгэл төрүүлэн тус хотхонд 1,097,679,866 төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэсэн боловч хувьцаагаа шилжүүлэлгүй улмаар “Г” хотхоны дуусаагүй барилга болох 80 хувийн гүйцэтгэлтэй таун хаусын 2 дугаар барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн, мөн “С” ХХК-ийн эзэмшлийн 20,000 м.кв газраас 14000 м.кв газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлж их хэмжээний хохирол учруулж залилсан хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хохирогч Д.С, О.Т нарын дунд байгуулсан Хамтран ажиллах гэрээ, сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн О.Т-ын мэдүүлэг, “С” ХХК-ийн хурлын шийдвэр, итгэмжлэл болон гэрч Д.Б, Б.Ц нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэл болгож залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгт авагдсан хамтран ажиллах гэрээ нь хууль ёсны шаардлага хангаагүй, төслийн хэмжээнд О.Т- бичиж хохирогч Д.С-т танилцуулж байсан бөгөөд уг гэрээнд О.Т-ын гарын үсэг зурагдаагүй хүчин төгөлдөр бус гэрээ юм. Мөн “С” ХХК-ийн хурлын шийдвэрт тусгагдсан Д овогтой Б-ийг тус компанийг үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчээр нэмэхээр зааж, 50 хувь болох 200,000,000 төгрөгийг хувь нийлүүлэгч Д.Б, 50 хувь болох 199,000,000 төгрөгийг хувь нийлүүлэгч О.Т нар гарган хувь нийлүүлэх ба нийт 400,000,000 төгрөг буюу нэг бүр нь 400,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1000 ширхэг энгийн хувьцаа байхаар тогтоож, компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг менежер Б.Ц-д даалгасан хурлын шийдвэр байгаа боловч уг шийдвэрт тус компаний захирал О.Т мөн гарын үсэг зураагүй, дүр эсгэсэн шийдвэр хэрэгт авагдсан байна. Хэдийгээр компаний дүрэмд өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг менежер Б.Ц-д даалгасан гэдэг боловч уг ажлыг хийхэд “С” компанийн захирал О.Т-оос ямар ч санаачлага гаргаж ажиллаагүй, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх хэсэг, мөн хуулийн 63 дугаар зүйлийг тус тус зөрчиж хуульд заасан хугацаанд хувь нийлүүлэгч нэмэх болон компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг огт хийгээгүй, Улсын бүртгэлийн газарт өргөдөл гаргаагүй, компани дүрмийн шинэчилсэн төсөл, хурлын тэмдэглэл заавал хийх ёстой ажиллагааг хийгээгүй нөхцөл байдалд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй энэ талаар ямар ч баримт байхгүй, зөвхөн материалыг бүрдүүлж ажилласан гэх гэрч Б.Ц, уг ажлыг Б.Ц даалгасан гэх О.Т-ын мэдүүлгийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл энэ нь “С” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлнэ гэж хохирогч Д.С-т итгэл төрүүлж 1,097,679,866 төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэж улмаар “Г” хотхоны 1, 2 дугаар барилгын өмчлөх эрхийн гэрчилгээ болон тус компани эзэмшлийн 20000 м.кв газраас 14000 м.кв газрын эзэмших эрхийг хүргэн ах Н.Б-т шилжүүлсэн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна.  Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд Д.С-ын өмгөөлөгч Ц.Цэрэнням хэлсэн саналдаа “Магадлал гарснаас хойш 3 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд компанийн хувьцааг шилжүүлэх гэсэн боловч амжихгүй байна гэдэг юм.  Шилжүүлэхтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа хийгдэхгүй байна” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн хэлсан саналдаа “Прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Түвшинболд, С- нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ нь дүр үзүүлсэн буюу гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ юм гэж тайлбарласан байгаа. Иргэний  хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээг зохицуулж өгсөн байдаг. Мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ нь амаар байгуулсан бол хүчин төгөлдөр гэж үздэг. Тэгэхээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Т, С нарын хооронд хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдаж үүний үр дүнд 80 хувийн гүйцэтгэлтэй “Г” цогцолбор  хотхон байгуулсан нь залилан мэхлэх гэмт хэргийн шинж агуулаагүй байгаа юм.  Прокурор эсэргүүцэлдээ 50 хувийг С-т шилжүүлэх талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй гэдэг боловч Түвшинболд нь Цэрэнлхам гэдэг хүнд даалгаад улсын бүртгэлд материалыг өгсөн. Улсын бүртгэл шаардлага хангаагүй гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байдаг. 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл С, Т нарын хооронд 50 хувийн хувьцааг шилжүүлэх талаар хийгдсэн хэлэлцэл байна.

Т-ын мэдүүлэгт С-ын нэр дээр компанийн хувьцааны 50 хувийг шилжүүлэх гэхээр аав нь төрийн том албан тушаал эрхэлдэг, эхнэрээсээ салах гэж байгаа тул шилжүүлж авахгүй байгаа юм гэсэн мэдүүлэг хавтаст хэрэгт цугларсан. Компанийн тухай хуулийн 15 дугаар зүйл, 63 дугаар зүйлийг зөрчсөн талаар хувьцаа шилжүүлэхтэй холбоотой маргааныг иргэний шүүхээр шийдвэрлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар С-ын талаас хувьцаа шилжүүлэхтэй холбоотой маргааныг иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, ямар ч үйл явц байхгүй шууд эрүүгийн хэрэг үүсгээд явсан байдаг. Хэрэг цугларсан бусад нотлох баримтуудаас хархад Т-ын энэ үйлдэл нь иргэний эрх зүйн маргаан юм. Компанийн эзэмшлийн 20000 м.кв газраас 14000 м.кв газрын эзэмших эрхийг хүргэн ах Б-т шилжүүлсэн үйлдэл нь 640,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд баталгаа болгож түр шилжүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан тогтоогдсон. 793,000,000 төгрөгийг С-ын ааваас зээлийн гэрээгээр авсан байгаа юм. Энэ талаар иргэний хэрэг үүсгэсэн. Эрүүгийн хэрэг шийдвэрлэсний дараах асуудал юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүх нь хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийм давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш хэлсэн саналдаа “Магадлал нь хууль зүйн үндэслэлтэй байгаа юм. Прокурорын эсэргүүцэл, шийдвэр гүйцэтгэх байгууллагын гомдлын талаар давж заалдах шатны шүүхийн магадлалын 14, 15, 16, 17 дугаар хэсэгт маш тодорхой тайлбарлаж өгсөн. Давж заалдах шатны шүүх нь хэргийн бодит байдлыг үнэн зөв, хууль зүйн үндэслэлтэй дүгнэсэн байна. Гэмт хэргийн улмаас хохирол тогтоогдсон байх ёстой гэвч энэ хохирол нь иргэний журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Мөн хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүх залилан мэхлэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ О.Т нь С-ыг залилсан гэх үндэслэл байхгүй байна. С нь компанийн хувьцаа эзэмшигч бүртгүүлэх хүсэлтээ иргэний шүүхээр шийдвэрлүүлэх бүрэн боломжтой ба мөн хохирогч гэмт хэргийн улмаас хэрхэн яаж хохирсон нь тодорхой бус байна гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь залилан мэхлэх гэмт хэргийг тодорхой дурдаж яллах дүгнэлтийн хүрээнд хэргийн бодит байдлыг зөв тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд С, Т хоёр багаасаа найзалсан бөгөөд хоёр төслийг хэрэгжүүлэх зорилгоор “С” ХХК-ийг байгуулж, улмаар хамтран ажиллаж эхэлсэн. Анхан шатны шүүх нь хохирлын хэмжээг 793,000,000 төгрөг гэж тооцсон ба хохирогч шүүгдэгч нар нь хохирлын тал дээр ямар нэгэн маргаан байдаггүй. Яагаад залилан мэхлэх гэмт хэргийн шинж байгаад байна вэ гэхээр энэ 2 нь хоорондоо 10 удаа хэлцэл хийсэн байдаг. Хохирогчийн зүгээс 50 хувийн хувьцаа эзэмшигч болгох талаар тохиролцсон. Ингээд компанийн хувьцаа эзэмшигч гэсэн үүднээс 1,097,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байгаа юм. 2016 оны 06 дугаар сараас эхлээд барилгын ажил зогссон. Энэ хугацаанд С нь компанийн хувьцаа эзэмшигч болохын тулд өөрт хамааралтай бүх баримтыг гаргаж өгсөн байдаг. Т нь улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг хариуцсан. С-д итгэл төрүүлж 1,097,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэж улмаар “Г” хотхоны 1, 2 дугаар барилгын өмчлөх эрхийн гэрчилгээ болон тус компанийн эзэмшлийн 20000 м.кв газраас 14000 м.кв газрын эзэмших эрхийг хүргэн ах Б-т шилжүүлсэн үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэрэг гэж харагдаж байна. Анхан шатны шүүх нь хэрэгт залилан мэхлэх гэмт хэрэгт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн гэмт хэргийн тухайд шийтгэх тогтоол гарах үед хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Магадлалыг хүчингүй болгож шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулах саналтай байна. Үүнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дэх хэсгийг журамлах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтныг хохирогчоор тогтоосон нь буруу, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гаргасан гомдол болон Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Булганцэцэгийн бичсэн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дүгээр эсэргүүцлийг үндэслэн О.Т-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч О.Т нь 2015 оны 03 дугаар сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт “Г” хотхоныг иргэн Д.С-тай хамтран барих, улмаар “С” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлнэ гэж итгэл төрүүлэн тус хотхонд 1,097,679,866 төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэсэн боловч хувьцаагаа шилжүүлэлгүйгээр хотхоны дуусаагүй барилга болох 80 хувийн гүйцэтгэлтэй таун хаусын 1, 2 дугаар барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн, мөн “С” ХХК-ийн эзэмшлийн 20,000 м.кв газраас 14,000 м.кв газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлж их хэмжээний хохирол учруулж залилсан,

Мөн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 143/ШЗ2016/01554 дугаартай захирамжийг зөрчиж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор “С” ХХК-ийн нэр дээрх “Г” хотхоны Ү-, Ү- дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн гэмт хэргийг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Т-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хуурч бусдын эд хөрөнгийг авч их хэмжээний хохирол учруулсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор эд хөрөнгөө бусдад шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч О.Т-од холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Харин давж заалдах шатны шүүх залилах гэмт хэргийн талаарх хэрэгт авагдсан үйл баримтад буруу дүгнэлт хийснээс болж гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Т, хохирогч Д.С нар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт “Г” хотхоныг барьж байгуулах талаар харилцан тохиролцсоны дагуу хохирогчийн зүгээс өөрийн төрсөн ах Д.Б-д итгэмжлэл олгож, энэхүү ажлыг хийж гүйцэтгэх зорилгоор байгуулагдсан “С” ХХК-ийн хувьцааны 50 хувийг түүний нэр дээр бүртгүүлэхээр болж, уг компанид 793 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн боловч барилгын салбарт бизнесийн туршлагагүй, эдийн засгийн тооцоо, төлөвлөлт муу болон бусад нөхцөл байдлын улмаас хамтын хөрөнгөөр босгох байсан хотхоны барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэйгээр зогсож, хөрөнгө оруулагч нарын өр төлбөрийг барагдуулах хугацаа тулж бизнесийн эрсдэлд орсон үйл баримт тогтоогдсон байна. 

Энэхүү бизнесийн эрсдэлийг даван гарах арга зам, өр төлбөрийг барагдуулах, барилгын гүйцэтгэлийг 100 хувьд хүргэх боломжийн талаар хөрөнгө оруулагч Д.С-тай ярилцаж тохирохын оронд хамтын хөрөнгөөр баригдаж буй “Г” хотхоныг өөрийн бүрэн өмчлөлд авахыг санаархан үл хөдлөх гэрчилгээг гаргуулан Д.С-ын зөвшөөрлийг авалгүйгээр уг хотхоны 2 байрыг 14,000 м.кв газартай хамт өөрийн хүргэн ах Н.Б-ын нэр дээр шилжүүлж, барилгын бусад хэсгээр зөвхөн өөрийн хөрөнгө оруулалтын өр төлбөрийг барагдуулах  зэргээр захиран зарцуулсан нь гэрээгээр халхавчилж, эд хөрөнгийг өөрийн болгож авч улмаар хохирогчид буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй аргаар үйлдэгдсэн залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзнэ.

Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Иймээс дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалын шүүгдэгч О.Т-од холбогдох хэргийн залилах гэмт хэрэгт холбоотой заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.   

Шүүгдэгч О.Т-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан торгох ялыг сонгон, түүнд 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний  торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулж, магадлалын залилах гэмт хэрэгтэй холбоотой заалтуудыг хүчингүй болгон, прокурорын бичсэн эсэргүүцлийн залилах гэмт хэргийн талаарх хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гаргасан “иргэн Н.Б-ын нэр дээр шилжсэн эд хөрөнгийг “С” ХХК-ийн нэр дээр бүртгүүлэх” тухай гомдол болон “Г” хотхон, тэдгээрийн хэсгүүд, хамаарах газрын өмчлөл, эзэмшлийн асуудлууд нь Шүүхийн шийдвэр биелүүлэх болон Иргэний хууль тогтоомжийн дагуу зохицуулагдах тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх шаардлагагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 666 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1083 дугаар магадлалд:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-ыг 20,000 нэгж буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж, магадлалын залилах гэмт хэрэгтэй холбоотой заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                      

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН