Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 47

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                    Хэргийн индекс:114/2016/0048/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  хийсэн   хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 10 дугаар хороолол 3 дугаар байрны ******* тоотод   оршин суух  *******

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох

            “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 12 дугаар тогтоолын Т.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:                                                              Т.*******

Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч:                                    Н.Баттунсаг, Д.Цагаандарь

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:             Б.Идэржавхлан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:              Б.Саранчимэг  нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.*******с  шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дархан сумын ИТХ-ын даргын албан тушаалд 2012 оны 12 сарын 06-наас томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн бөгөөд Үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхийг хэрэгжүүлж, 2016 оны орон нутгийн сонгуульд оролцохоор Дархан-Уул аймгийн 14 дүгээр тойрогт Аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгчид МАН-аас нэр дэвшүүлж Сонгуулийн тухай  хуулийн  154 дүгээр  зүйлд  заасны  дагуу аймгийн сонгуулийн хороонд бүртгүүлэхээр холбогдох материалаа хүргүүлж, Сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэсэн. Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 24-нд  намайг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай 12 тоот тогтоол гарсан ба энэ тогтоолд “ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, хүлээн авалт дайллага, цайллага зохион байгуулсан зөрчлийг гаргасан гэсэн үндэслэлээр нэрийн жагсаалтаас хассан байна.

Эрхэлж буй албан тушаал, ажил үүргийнхээ хувьд  2016 оны цагаан сарын баярын өмнө  Дархан сумын ЗДТГ болон Иргэдийн хуралд ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг сумын Засаг даргын тамгын газраас зохион байгуулж энэ арга хэмжээнд урилгаар оролцож сумын ИТХ, ЗДТГ-аас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад настнуудад Монгол түмний цагаан сар, сар шинийн баяраар хүндэтгэл үзүүлж сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, нийт Төлөөлөгчиддөө төлөөлөн мэндчилгээ дэвшүүлж, тухайн жилд хийж хэрэгжүүлсэн онцлог ажлуудаа дурьдаж, ирэх жилийнхээ зорилго,  зорилтыг танилцуулж, ахмадуудынхаа санаа бодлыг сонсож, сумын ЗДТГ-ын 2016 оны төсөв, жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлсэн. Гэтэл Аймгийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн  70.1, 70.1.4 дэх заалтыг зөрчсөн гэж хууль бусаар нэрийн жагсаалтаас хассан нь хуулийн үндэслэлгүй байна. Сонгуулийн хороо нь надаас албан ёсны тайлбар аваагүй, холбогдох материалтай танилцуулаагүй, сонгуулийн хороонд энэ талаарх хүсэлтээ өгсөн боловч танилцуулаагүй.Мөнгө, эд зүйл тараасан, хүлээн авалт дайллага цайллага зохион байгуулсан зөрчлийг гаргасан гэсэн байгаа би үйл ажиллагааг зохион байгуулаагүй, хуулийн 70.1-г зөрчсөн гэж үзсэн бол 117 дугаар зүйлд зааснаар Цагдаагийн байгууллага шалгаж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаар хасах байсан.

 Иймд Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны  2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 12 дугаартай тогтоолын 1 дэх хэсгийн Т.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цагаандариас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:    Аймгийн сонгуулийн хорооны  тогтоол нь сонгуулийн тухай хуулийг зөрчиж, хуулийн буруу хэрэглэсэн. Хуулийн 70.1.1, 70.1.4-ийн заалт сурталчилгаа явуулахтай холбогдсон заалт. Нэрийн жагсаалтаас хасахдаа 159 дүгээр зүйлийн 1-ийг баримталсан. Энэ нь Нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй, бичиг баримт дутуу    байсан  бол энэ зүйлийг баримтлах байсан ба Сонгуулийн тухай хуулийн 5.1.5-д заасан зарчимтай нийцэхгүй байна. Сонгуулийн тухай хуулийн 70.1.1, 70.1.4-ийг баримталсан нь үндэслэлгүй, ******* дарга нь энэ үйл ажиллагааг зохион байгуулаагүй.Сумын ЗДТГ-аас хэрэгжүүлсэн   арга хэмжээнд албан тушаалтны хувьд урилгаар оролцсон, зохион байгуулаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа хуулийн  159-ийн 2-ыг баримтлах байсан.Хэрвээ сурталчилгааг зөрчсөн гэж үзсэн бол, хуулийг буруу хэрэглэсэн хууль бус тогтоол байна. Цагдаагийн газар шалгаж, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үед хасах заалт байгаа юм.Иргэн Нямбаярын гомдлоор хэлэлцсэн гэж байгаа боловч энэ хүний гомдол сонгуулийн хорооны өргөдөл гомдлыг бүртгэсэн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй байсан.Сонгуулийн хорооны  хуралдаан нь хүчин төгөлдөр бус хуралдаан болсон байна гэж үзэж байна.Сонгуулийн хорооны 2016 оны 3 сарын 2-ний өдрийн 10 дугаар тогтоолоор сонгуулийн хорооны хуралдааны  дэгийг тогтоосон байна. Гэтэл Хуралдааны дэгийн дагуу ажиллагаанууд явагдаагүй дэг зөрчигдсөн байгаа. Хуралдааны тэмдэглэлд дарга нь Азжаргал, ******* нарыг нэрсийн жагсаалтаас хасаж өгөх хүсэлт ирсэн гэж бичигдсэнээс өөр  *******гийн талаар нэгч үг ярилцсан асуудал байхгүй байж байгаад шийдвэрлэсэн гэсэнд ******* нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн тул нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахаар шийдвэрлэв гэсэн байгаа.Иймд иргэний сонгох сонгогдох асуудалд хөнгөмсөгөөр хандаж шийдсэн байх ба хуралдааны тэмдэглэлд дарга  зарим гишүүдийн гарын үсэг зурагдаагүй байгаа, хэдэн гишүүн татгалзаж дэмжсэн нь тодорхойгүй ганц дарга нь шийдвэрлэчихсэн юм шиг харагдаад байгаа учир энэ хуралдаан өөрөө хүчин төгөлдөр бус учраас энэ тогтоол нь хууль бус гэж үзэж байгаа.Иймд  Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны  2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 12 дугаартай тогтоолын 1 дэх хэсгийн Т.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөрчил гаргасан бол 70.1.1-ийг 159-ийн 2-ийг баримтлах байсан.Зөрчил гэдгийг хуулийн 3.1.7-д тодорхой тодорхойлсон. Зөрчил гаргасан гэж үзээд нэрийн жагсаалтаас хасаад байгаа нь Сонгуулийн хорооны эрх хэмжээ биш юм.Хуулийн хүрээнд шийдвэрлэх гэсэн зарчимд нийцээгүй.******* нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ажилтай хүн.Сумын Засаг даргын Тамгын газар нь Сумын ЗДТГ, ИТХ-д ажиллаж байгаад өндөр насны тэтгэвртээ гарсан өндөр настангуудаа хүлээн авсан. Ахмад настны нийгмийн хамгаалалын тухай хуульд хуульчилж, 8 дугаар зүйлд үүрэгжүүлж өгсний дагуу, тамгын газрын дотоод журмын 16.1-д тусгаснаар хүндэтгэл үзүүлсэн ба үйл ажиллагаанд оролцсон ба үүнийг хуулийн хүрээнд үндэслэл бүхий тогтоож чадсангүй.Мөн 8 дугаар зүйлийн 8.3.2-д заасан байгаа. Аймгийн Засаг дарга захирамж гаргаад,төлөвлөгөөндөө тусгаад хуульд тусгаад үүрэгжүүлж оруулснаар үйл ажиллагаанд нь оролцсоныг сонгуулийн хороо шалгаагүй, сумын  Иргэдийн хурлын дарга  энэ үйл ажиллагааг зохион байгуулаагүй, сонгогчдын саналыг татах зорилгоор ахмад өндөр настангуудыг хүлээн аваагүй, цагаан сарын баярын өмнө ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн нь нотлох баримтуудаар болон СД бичлэгээр нотлогдож байгаа, гомдол ирсэн гэсэн үндэслэлийг хэлэлцээд тогтоолыг гаргасан хууль бус учир энэ тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Идэржавхлангаас шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Аймгийн Сонгуулийн хороо нь Б.Нямбаярын сонгуулийн хороонд ирүүлсэн өргөдлийг хүлээн авснаар хурлаар авч хэлэлцээд нэр дэвшигч Т.*******г 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай шийдвэр гаргасан. Сонгуулийн хуулийн  70 дугаар зүйлийн 70.1-д “ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан 70.1.1-д мөнгө, эд зүйл тараах гэснийг зөрчсөн зөрчлийг гаргасан гэж үзсэн.******* даргын хувьд ажил үүргийн хуваарьт нь бэлэг сэлт тараана гэсэн юм байгаа юм уу. Засаг даргын Тамгын газраас өгсөн урилгыг үндэслэлгүй гэж үзэж байна.Ахмад настангуудад хүндэтгэл үзүүлснийг сонгуулийн хороо буруутгаагүй, энийг тусдаа хэрэгжүүлэх  ЗДТГазар гэж ******* даргатай тамгын газар байгаа шүү дээ. Заавал энэ хүмүүс оролцоод эд зүйл тараагаад байгааг буруу гэж үзсэн. Өөрсдөө албан ёсны сайтан дээрээ гаргасан байсан,энийг сонгуулийн сурталчилгаа гэж олонх үзэж нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан   гэв.

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* нь Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 12 дугаартай тогтоолын 1 дэх хэсгийн Т.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргасан байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

 

  Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ний  өдрийн 04 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 21-д “2016 оны Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигчээр Тогтохсайханы Тулгыг” бүртгэсэн байна.

Хариуцагч Аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар дугаар тогтоолын 1-д 14 дүгээр тойрогт Монгол ардын намаас нэр дэвшигч Т.*******г нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасаж шийдвэрлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.1.1, 70.1.4 дэх заалтуудыг баримтлан  энэ хуулийн 70 дугаар зүйлд заасан “сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө эд зүйл тараах, хүлээн авалт дайллага цайллага зохион байгуулсан зөрчлийг гаргасан” гэж үзэн нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасаж шийдвэрлэсэн  байна.

 Нэхэмжлэгч Т.******* нь 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдон ажиллаж байгаа ба Монгол Улсын Ахмад настны нийгмийн хамгаалалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасны дагуу 2016 оны цагаан сарын баярын өмнө буюу 1 дүгээр сард Дархан сумын Засаг даргын Тамгын газраас 21 жилийн туршид зохион байгуулж хэвшсэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас өндөр настны тэтгэвэрт гарсан ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд урилгаар оролцож энэхүү ажиллагаанд Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын хувьд мэндчилгээ дэвшүүлж, тухайн жилд хийж хэрэгжүүлсэн онцлог ажлуудаа дурьдаж ахмадуудынхаа санаа бодлыг сонсож хүндэтгэл үзүүлсэн үйлдэл нь өөрийнх нь эрхэлж буй ажил үүрэгтэй нь шууд холбоотой болох нь хэрэгт авагдсан  Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2015 оны 54 тоот захирамжаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”,  Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 сарын 18-ны өдрийн 13/04 дүгээр тогтоол, Дархан сумын Засаг даргын 2016 оны 01 сарын 27-ний өдрийн А/37 дугаар “Хөрөнгө гаргах тухай” захирамж, Дархан сумын Засаг даргын Тамгын газрын 2016 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Ахмад настнуудын судалгаа, Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний хөтөлбөр, Т.*******гын “ахмадууд та бүхний зааж сургасан хийж хэрэгжүүлсэн ажлыг үргэлжлүүлэн, залуучууд бид өнөөдрийг хүртэл үйл ажиллагаандаа тусгаж  Дархан сумын Иргэдийн хурал болон Засаг даргын тамгын газрын  үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжиж явж байна” гэж хэлсэн СД бичлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа төдийгүй  Сонгуулийн тухай хуулийн 70.1-д заасан сонгогчдын саналыг татах зорилго  агуулаагүй  байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд Иргэн Б.Нямбаярын  2016 оны 05 дугаар сарын 23-ний өдөр Аймгийн Сонгуулийн хороонд “...  нар нь сонгуулийн сурталчилгаа хийж бэлэг сэлт өгсөн” гэсэн өргөдөл, СД бичлэгийг ирүүлснээр хурлаар хэлэлцэж сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай шийдвэр гаргасан гэж  тайлбарлаж байх боловч иргэн Б.Нямбаярын өргөдлийг хэн, хэзээ хүлээн авсан нь тодорхойгүй, дээрх өргөдөл нь аймгийн Сонгуулийн хорооны өргөдөл гомдлын дэвтэрт албан ёсоор бүртгэгдээгүй болох нь аймгийн сонгуулийн хорооны өргөдөл гомдолын дэвтэрийн хуулбар, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Сонгуулийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д “энэ хуульд заасан захиргааны зөрчил гарсан талаар аливаа этгээд тухайн орон нутаг дахь цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргана”, 117 дугаар зүйлийн 117.1-д “захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана”, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.1-д “захиргааны зөрчлийг шалгаж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад тухайн зөрчилд оролцогч тус бүрийн үйлдэл, эс үйлдлийг тогтоож шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд захиргааны зөрчлийг шалгаж, тогтоосон шийдвэрийг үндэслэн нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах байтал хариуцагч Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 1596.1-д заасныг үндэслэн  нэр дэвшигчийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан нь үндэслэлгүй байх ба Сонгуулийн тухай хуулийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх” гэсэнтэй нийцэхгүй байна.

Иймд дээрх  хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д “...сонгох, сонгогдох эрхтэй”, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй” гэж заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн байх тул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 12 дугаар тогтоолын  Т.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

    Хариуцагч аймгийн Сонгуулийн хороо түүний дарга, гишүүд нь сонгуулийн үйл явцыг зохион байгуулахдаа хууль дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих, маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх зарчим, хуралдааныхаа дэгийг баримталж ажиллаагүй болох нь хэрэгт авагдсан Аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний  өдрийн 08 дугаар хуралдааны тэмдэглэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1.1-д “хууль дээдлэх”,  5.1.5-д “ маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх” гэсэн зарчимтай нийцээгүй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасныг  тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 159 дүгээр зүйлийн 159.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч  Т.*******гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны  2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 12 дугаар тогтоолын Т.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйл, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                            Д.НАРАНТУЯА