Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0405

 

Иргэн Т.Тулгаагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Т.Тулгаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, Д.Цагаандарь, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Т.Тулгаагийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Тулгаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн бөгөөд Үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхийг хэрэгжүүлж, 2016 оны орон нутгийн сонгуульд оролцохоор Дархан-Уул аймгийн 14 дүгээр тойрогт Аймгийн иргэдийн Хурлын төлөөлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшүүлж Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу аймгийн сонгуулийн хороонд бүртгүүлэхээр холбогдох материалаа хүргүүлж, Сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэсэн. Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр намайг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай 12 тоот тогтоол гарсан ба энэ тогтоолд “ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, хүлээн авалт дайллага, цайллага зохион байгуулсан зөрчлийг гаргасан гэсэн үндэслэлээр нэрийн жагсаалтаас хассан байна.

Эрхэлж буй албан тушаал, ажил үүргийнхээ хувьд 2016 оны цагаан сарын баярын өмнө Дархан сумын Засаг даргын Тамгын газар болон Иргэдийн хуралд ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг сумын Засаг даргын тамгын газраас зохион байгуулж энэ арга хэмжээнд урилгаар оролцож сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад настнуудад Монгол түмний цагаан сар, сар шинийн баяраар хүндэтгэл үзүүлж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, нийт Төлөөлөгчиддөө төлөөлөн мэндчилгээ дэвшүүлж, тухайн жилд хийж хэрэгжүүлсэн онцлог ажлуудаа дурьдаж, ирэх жилийнхээ зорилго, зорилтыг танилцуулж, ахмадуудынхаа санаа бодлыг сонсож, сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны төсөв, жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлсэн. Гэтэл Аймгийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 70.1, 70.1.4 дэх заалтыг зөрчсөн гэж хууль бусаар нэрийн жагсаалтаас хассан нь хуулийн үндэслэлгүй байна. Сонгуулийн хороо нь надаас албан ёсны тайлбар аваагүй, холбогдох материалтай танилцуулаагүй, сонгуулийн хороонд энэ талаарх хүсэлтээ өгсөн боловч танилцуулаагүй. Мөнгө, эд зүйл тараасан, хүлээн авалт дайллага цайллага зохион байгуулсан зөрчлийг гаргасан гэсэн байгаа би үйл ажиллагааг зохион байгуулаагүй, хуулийн 70.1-г зөрчсөн гэж үзсэн бол 117 дугаар зүйлд зааснаар Цагдаагийн байгууллага шалгаж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаар хасах байсан.

Иймд Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаартай тогтоолын 1 дэх хэсгийн Т.Тулгаад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цагаандариас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн сонгуулийн хорооны тогтоол нь сонгуулийн тухай хуулийг зөрчиж, хуулийн буруу хэрэглэсэн. Хуулийн 70.1.1, 70.1.4-ийн заалт сурталчилгаа явуулахтай холбогдсон заалт. Нэрийн жагсаалтаас хасахдаа 159 дүгээр зүйлийн 1-ийг баримталсан. Энэ нь нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй, бичиг баримт дутуу байсан бол энэ зүйлийг баримтлах байсан ба Сонгуулийн тухай хуулийн 5.1.5-д заасан зарчимтай нийцэхгүй байна. Сонгуулийн тухай хуулийн 70.1.1, 70.1.4-ийг баримталсан нь үндэслэлгүй, Т.Тулгаа дарга нь энэ үйл ажиллагааг зохион байгуулаагүй. Сумын Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлсэн арга хэмжээнд албан тушаалтны хувьд урилгаар оролцсон, зохион байгуулаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа хуулийн 159-ийн 2-ыг баримтлах байсан. Хэрвээ сурталчилгааг зөрчсөн гэж үзсэн бол, хуулийг буруу хэрэглэсэн хууль бус тогтоол байна. Цагдаагийн газар шалгаж, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үед хасах заалт байгаа юм. Иргэн н.Нямбаярын гомдлоор хэлэлцсэн гэж байгаа боловч энэ хүний гомдол сонгуулийн хорооны өргөдөл гомдлыг бүртгэсэн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй байсан.Сонгуулийн хорооны хуралдаан нь хүчин төгөлдөр бус хуралдаан болсон байна гэж үзэж байна.

Сонгуулийн хорооны 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаар тогтоолоор сонгуулийн хорооны хуралдааны дэгийг тогтоосон байна.

Гэтэл Хуралдааны дэгийн дагуу ажиллагаанууд явагдаагүй дэг зөрчигдсөн байгаа. Хуралдааны тэмдэглэлд дарга нь Б.Азжаргал, Т.Тулгаа нарыг нэрсийн жагсаалтаас хасаж өгөх хүсэлт ирсэн гэж бичигдсэнээс өөр Тулгаагийн талаар нэгч үг ярилцсан асуудал байхгүй байж байгаад шийдвэрлэсэн гэсэнд Тогтохсайханы Тулгаа нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн тул нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахаар шийдвэрлэв гэсэн байгаа.Иймд иргэний сонгох сонгогдох асуудалд хөнгөмсөгөөр хандаж шийдсэн байх ба хуралдааны тэмдэглэлд дарга зарим гишүүдийн гарын үсэг зурагдаагүй байгаа, хэдэн гишүүн татгалзаж дэмжсэн нь тодорхойгүй ганц дарга нь шийдвэрлэчихсэн юм шиг харагдаад байгаа учир энэ хуралдаан өөрөө хүчин төгөлдөр бус учраас энэ тогтоол нь хууль бус гэж үзэж байгаа. Иймд Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаартай тогтоолын 1 дэх хэсгийн Т.Тулгаад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөрчил гаргасан бол 70 дугаар зүйлийн 70.1.1, Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т заасныг баримтлах байсан. Зөрчил гэдгийг хуулийн 3.1.7-д тодорхой тодорхойлсон. Зөрчил гаргасан гэж үзээд нэрийн жагсаалтаас хасаад байгаа нь Сонгуулийн хорооны эрх хэмжээ биш юм. Хуулийн хүрээнд шийдвэрлэх гэсэн зарчимд нийцээгүй. Т.Тулгаа нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ажилтай хүн. Сумын Засаг даргын Тамгын газар нь Сумын Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан өндөр настангуудаа хүлээн авсан. Ахмад настны нийгмийн хамгаалалын тухай хуульд хуульчилж, 8 дугаар зүйлд үүрэгжүүлж өгсний дагуу, тамгын газрын дотоод журмын 16.1-д тусгаснаар хүндэтгэл үзүүлсэн ба үйл ажиллагаанд оролцсон ба үүнийг хуулийн хүрээнд үндэслэл бүхий тогтоож чадсангүй.Мөн 8 дугаар зүйлийн 8.3.2-д заасан байгаа. Аймгийн Засаг дарга захирамж гаргаад,төлөвлөгөөндөө тусгаад хуульд тусгаад үүрэгжүүлж оруулснаар үйл ажиллагаанд нь оролцсоныг сонгуулийн хороо шалгаагүй, сумын Иргэдийн хурлын дарга энэ үйл ажиллагааг зохион байгуулаагүй, сонгогчдын саналыг татах зорилгоор ахмад өндөр настангуудыг хүлээн аваагүй, цагаан сарын баярын өмнө ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн нь нотлох баримтуудаар болон СД бичлэгээр нотлогдож байгаа, гомдол ирсэн гэсэн үндэслэлийг хэлэлцээд тогтоолыг гаргасан хууль бус учир энэ тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Идэржавхлангаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн Сонгуулийн хороо нь Б.Нямбаярын сонгуулийн хороонд ирүүлсэн өргөдлийг хүлээн авснаар хурлаар авч хэлэлцээд нэр дэвшигч Т.Тулгааг 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай шийдвэр гаргасан. Сонгуулийн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан 70.1.1-д мөнгө, эд зүйл тараах гэснийг зөрчсөн зөрчлийг гаргасан гэж үзсэн.Тулгаа даргын хувьд ажил үүргийн хуваарьт нь бэлэг сэлт тараана гэсэн юм байгаа юм уу. Засаг даргын Тамгын газраас өгсөн урилгыг үндэслэлгүй гэж үзэж байна.Ахмад настангуудад хүндэтгэл үзүүлснийг сонгуулийн хороо буруутгаагүй, энийг тусдаа хэрэгжүүлэх Засаг даргын Тамгын газар гэж н.Хүрэлчулуун даргатай тамгын газар байгаа шүү дээ. Заавал энэ хүмүүс оролцоод эд зүйл тараагаад байгааг буруу гэж үзсэн. Өөрсдөө албан ёсны сайтан дээрээ гаргасан байсан,энийг сонгуулийн сурталчилгаа гэж олонх үзэж нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан” гэв.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 159 дүгээр зүйлийн 159.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Тулгаагын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 12 дугаар тогтоолын Т.Тулгаад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг давж заалдах гомдолдоо: “Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

  1. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн.

Шүүх иргэн Т.Тулгаагийн гаргасан нэхэмжлэлийн дагуу хэргийг шийдвэрлэхдээ 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар  шийдвэртээ дараах дүгнэлтийг хийсэн: “....Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу 2016 оны цагаан сарын баярын өмнө буюу 1 дүгээр сард Дархан сумын Засаг даргын Тамгын газраас 21 жилийн турш зохион байгуулж хэвшсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас өндөр настны тэтгэвэрт гарсан ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд урилгаар оролцож энэхүү ажиллагаанд Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хувьд мэндчилгээ дэвшүүлж, тухайн жилд хэрэгжүүлсэн онцлог ажлуудаа дурьдсан нь... эрхэлж буй ажил үүрэгтэй шууд хамааралтай...” гэж ойлгож, хууль буруу хэрэглэж нотлох баримтыг дүгнэлтийг хийсэн

а. Ахмад настны нийгмийн хамгааллын хуулийн зорилт бол ахмад настанд үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээний төрөл, хэмжээг тогтоож, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын энэ талаар хүлээх эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршдог юм. Уг хуульд зааснаар нийгмийн хамгааллын арга хэмжээ гэдэгт 4 дүгээр зүйлд зааснаар

4.1.1.нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж;

4.1.2.нийгмийн даатгалын тэтгэвэр;

4.1.3.нийгмийн халамжийн тэтгэмж;

4.1.4.тусламж, хөнгөлөлт;                                                                       

4.1.5.төрөлжсөн асрамжийн үйлчилгээ;

4.1.6.олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ;

4.1.7.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ;

4.1.8.эрүүл мэндийн үйлчилгээ;

4.1.9.нийгмийн хөгжлийн үйлчилгээ ордог. Эндээс үзэхэд ямар нэгэн хүлээн авалт дайллага цайллагыг нийгмийн хамгааллын арга хэмжээ гэдэгт багтахгүй.

Мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан ахмад настанд үзүүлэх тусламж, хөнгөлөлт ойлголтонд багтахгүй.

Шүүх Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийг буруу ойлгож хэрэглэсэн. Уг зүйлд “...байгууллага ажиллаж байсан ахмад настандаа хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулна” гэж заасан. Эндээс субьект нь тодорхой болж байна. Тухайн байгууллагад ажиллаж байсан ахмад, тухайн байгууллагын эрх бүхий этгээд гэсэн 2 оролцогч байх нь. Гэтэл Т.Тулгаа аль ч оролцогч биш харин ч хөндлөнгийн этгээд юм.

б. Түүнчлэн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын эрх, үүрэг зэргийг тодорхойлсон. Уг хуульд зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурдлын даргад өөр байгууллагын ахмадын арга хэмжээнд оролцох, өөрийн ажлыг сурталчлах, өөрийгөө сурталчлах, бэлэг гардуулах гэх мэт эрх хуулиар олгогдоогүй. Төрийн албан хаагчийн тухайд жирийн иргэнтэй адил хориглосноос бусдыг зөвшөөрнө гэсэн зарчим үйлчилдэггүй, гагцхүү зөвшөөрснөөс бусдыг хориглодог зарчимтай, хуульд зааж олгосон эрхийг хэрэгжүүлж ажиллах ёстой байдаг онцлогтой болохыг шүүх анхаарсангүй.

в. Шүүх мөн Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн. Уг зүйлд нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ гэж заасан. Зөвхөн илэрвэл гэж заасан байхад заавал тогтоогдсон байхыг шаардсан нь хууль бус болжээ.

Нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд: СД бичлэгээр сонгогчдын саналыг татах далд зорилготой хийсэн ажлаа магтаж ярьж байгааг буруу үнэлж сонгогчдын саналыг татах зорилго агуулаагүй байна гэж буруу үнэлсэн. Энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Мөн тус Сонгуулийн хороо хуралдаан хийж асуудлаа шийдвэрлэдэг бөгөөд улсын хэмжээнд Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу тэмдэглэгээ үйлддэг.

Гэтэл уг тэмдэглэлийг шүүх хуралдаанд хөтлөгддөг тэмдэглэлтэй адил байх ёстой гэж явцууруулж ойлгон тэмдэглэлийг буруу үнэлсэн.

2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрт хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт хуульд үндэслэсэн байх ёстой. Гэтэл нотлох баримтыг шинжлэн судлаагүй, зөвхөн тоочиж хэлсэн. Үүнийг нотлох баримтыг шинжлэн судалсан гэж үзэх боломжгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Дархан-Уул аймгийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 12 тоот тогтоолоор Т.Тулгааг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахаар шийдвэрлэсэн ба уг тогтоолд “...ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө эд зүйл татах, хүлээн авалт, дайллага цайллага зохион байгуулсан зөрчлийг гаргаж нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн...” гэжээ.

Нэхэмжлэгчээс “...миний бие Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаал хашдаг ба эрхэлж буй албан тушаал, ажил үүргийнхээ хувьд 2016 оны цагаан сарын баярын өмнө Дархан сумын Засаг даргын Тамгын газар болон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж энэ арга хэмжээнд урилгаар оролцож ... ахмад настнуудад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, нийт төлөөлөгчиддөө төлөөлөн мэндчилгээ дэвшүүлж, тухайн жилд хийж хэрэгжүүлсэн онцлог ажлуудаа дурдаж, ирэх жилийн зорилго, зорилтыг танилцуулж, ахмадуудынхаа санаа бодлыг сонсож, сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны төсөв, жилийн ажлын төлөвлөгөөнд  тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлсэн...” гэж маргасан байна.

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг”, 159 дүгээр зүйлийн 159.2-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн ... 70.1-д … заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ”, 70 дугаар зүйлийн 70.1-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 70.1.1-д “мөнгө, эд зүйл тараах”, 70.1.4-д “нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл сонгуулийн хороо нь нэр дэвшигч сонгогчдын санал татах зорилго бүхий сонгуулийн хуулиар хориглосон үйл ажиллагаа  явуулсан болохыг шүүхээс тогтоож тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж үзэж тус нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч нийтэд мэдээлэхээр байна. Тодруулбал, энэ тохиолдолд хариуцагч Дархан-Уул аймгийн сонгуулийн хороо нь нэр дэвшигч Т.Тулгааг нийтийг хамарсан дайллага, цайллага зохион байгуулж, мөнгө эд зүйл тараасан, түүнчлэн тухайн үйл ажиллагааг сонгогчдын саналыг татах зорилгоор явуулсныг эрх бүхий байгууллага буюу шүүхээс тогтоосон, тухайн шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах байжээ. 

Анхан шатны шүүх “...захиргааны зөрчлийг шалгаж, тогтоосон шийдвэрийг үндэслэн нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах байтал хариуцагч ... нэр дэвшигчийг Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж заасныг үндэслэн нэр дэвшигчийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан нь үндэслэлгүй ...” гэж, түүнчлэн хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 54 дүгээр тушаал, тус сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/37 дугаар захирамж, мөн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн арга хэмжээний хөтөлбөр, Дархан сумын Засаг даргын Тамгын газрын даргын нэхэмжлэгчид хүргүүлсэн урилга, СД бичлэг зэрэг нотлох баримтыг нэхэмжлэгчийн Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу хэрэгжүүлсэн үйл ажиллагааг болохыг нотлох баримт гэж үзэж үнэлж, дүгнэсэн нь тус тус үндэслэл бүхий байна.

Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Сонгууль зохион байгуулах үйл явц, үйл ажиллагаатай холбогдуулан аливаа этгээд сонгуулийн байгууллагад өргөдөл мэдээлэл гаргах эрхтэй”, 114 дүгээр зүйлийн 114.1-д “Сонгууль зохион байгуулах үйл явц, үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан өргөдлийг хүлээн авсан зохих шатны сонгуулийн байгууллага өөрийн эрх хэмжээний асуудал мөн бол гурав хоногийн дотор шийдвэрлэнэ”, 114.3-т “Энэ хуулиар эрх хэмжээ олгоогүй асуудлаар ирүүлсэн өргөдлийг тухайн сонгуулийн байгууллага хүлээн авахаас татгалзаж, өргөдлийг буцаана” гэж заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл сонгуулийн байгууллагад сонгууль зохион байгуулах үйл явц, үйл ажиллагааны талаар аливаа этгээд өргөдөл мэдээлэл гаргах эрхийг эдлэх, харин сонгуулийн байгууллага нь эрх хэмжээ олгогдоогүй асуудлаарх өргөдлийг хүлээн авахаас татгалзаж буцаахаар байна. 

Хариуцагчаас сонгуулийн хороонд иргэн Б.Нямбаяр, Э.Азжаргал нарын өргөдөл ирсэн гэх боловч хэрэгт авагдсан өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтрийн хуулбараас үзвэл уг өргөдөл албан ёсоор бүртгэгдээгүй болох нь, түүнчлэн Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 35/3/1523 дугаар тоот албан бичгээр “...Т.Тулгааг сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэх гомдол мэдээлэл гаргаагүй болохыг мэдэгдье” гэх албан бичгээр нэр дэвшигч Т.Тулгааг сонгуулийн хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсныг эрх бүхий байгууллагад шалгаж шийдвэрлэсэн нь тогтоогдоогүй болох нь тус тус тогтоогдож байна.

Иймд хариуцагч Дархан-Уул аймгийн сонгуулийн хороо хуулиар эрх хэмжээ олгогдоогүй буюу нэр дэвшигч сонгуулийн хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан эсэхийг шалгаж шийдвэр гаргах эрх хэмжээгүй байхад өргөдөлд дурдсан үндэслэл, хавсаргаж ирүүлсэн нотлох баримтыг үнэлж дүгнэн нэр дэвшигч Т.Тулгааг нэрийн жагсаалтаас хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн “...Аймгийн Сонгуулийн хороо нь иргэн Б.Нямбаяр, Э.Азжаргал нарын ... ирүүлсэн өргөдлийг хурлаар авч хэлэлцээд... нэр дэвшигч Т.Тулгаа нь ...ахмадуудыг хүлээн авч бэлэг сэлт өгсөн нь Сонгуулийн тухай хуулийн заалтуудыг зөрчсөн...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ