Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2016/0067

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн өмчийн харилцааны газар,

Гуравдагч этгээд: ******* банк,

Гуравдагч этгээд:******* ХХК /РД:*******/,

Нэхэмжлэлийн шаардлага: ...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 8028/0094, 8028/0066, 8028/0041, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 8026/0039, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 8021/0152, 8022/0061, 8022/0040, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8011/0102, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 20/0137 дугаартай газруудын эзэмших эрхийг ******* ХХК-д шилжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х*******, Г.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э*******, гуравдагч этгээд******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд ******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2303-С дугаар шийдвэрээр******* ХХК-иас зээлийн өр төлбөр 10,301,022,930.40 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,663,064.00 төгрөг гаргуулж, тус банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Бид шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргаж, улмаар 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээг байгуулснаар албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн дагуу******* ХХК-ийн бүх хөрөнгийн талаар зохих мэдээллийг гаргуулах, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, битүүмжлэх зэрэг холбогдох арга хэмжээг авсан болно.

Төлбөр төлөгч******* ХХК нь дээрх ажиллагаагаар битүүмжлэгдсэн хөрөнгөөс дор дурдсан 9 газар эзэмших эрхийн гэрчилгээг шүүхийн шийдвэрт заасан өр төлбөрт тооцон шилжүүлж эвлэрэх тухай саналыг манай банкинд гаргасны дагуу бид 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх, эвлэрэх гэрээг байгуулж, хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас бидний хооронд байгуулсан гэрээний нөхцлүүд, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, бусад баримт бичгийн хүчин төгөлдөр байдлыг тус тус хуульд нийцүүлэн хянан үзээд Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/26923 дугаар албан бичгийг хүргүүлж, дараах газар эзэмших эрхийн гэрчилгээг манай банкинд шилжүүлэх тухай мэдэгдсэн. Үүнд:

1.  Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, гэрчилгээний дугаар 0203578, нэгж талбарын дугаар 8028/0094,

2.  Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, гэрчилгээний дугаар 0203580, нэгж талбарын дугаар 8028/0066,

3.  Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, гэрчилгээний дугаар 0203599, нэгж талбарын дугаар 8028/0041,

4.  Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, гэрчилгээний дугаар 0203598, нэгж талбарын дугаар 8026/0039,

5.  Баянгол дүүргийн 20 дугаар хороо, гэрчилгээний дугаар 0203592, нэгж талбарын дугаар 8021/0152,

6.  Баянгол дүүргийн 20 дугаар хороо, гэрчилгээний дугаар 0203596, нэгж талбарын дугаар 8022/0061,

7.  Баянгол дүүргийн 20 дугаар хороо, гэрчилгээний дугаар 0203595, нэгж талбарын дугаар 8022/0040,

8.  Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, гэрчилгээний дугаар 0203597, нэгж талбарын дугаар 8011/0102,

9.  Баянгол дүүргийн 5 дугаар хороо, гэрчилгээний дугаар 0203591, нэгж талбарын дугаар 20/0137.

Бид дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээтэй холбоотой хууль тогтоомжид заасан шаардлагатай бүхий л баримт бичгийг бүрэн бүрдүүлж, зохих хураамжийг төлсөн болно.

Гэвч үүнээс хойш 3 сарын хугацаа өнгөрч байхад манай асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй ба Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасан ажлын 15 өдрийн хугацаа хэд дахин хэтрээд байгаа юм.

Бид Нийслэлийн Засаг даргад 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ/26 дугаар албан хүсэлтээр хандсан боловч манай асуудал Засаг даргад танилцуулагдаагүй тухай хариу өгсөн болно.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.13 дах хэсэгт заасны дагуу Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 7.1-д Нийслэлийн газрын алба нь тухайн шатны Засаг даргын шийдвэрийн төслийг дараах төрлүүдээр боловсруулна. Үүнд: 7.1.4-д газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааны журам-ын 2.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг тухай шатны Засаг даргын харьяалах газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээн авна, 2.5-д хүсэлт болон түүнд хавсаргасан бичиг баримт Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд заасан шаардлагыг хангасан тохиолдолд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 15 хоногт багтаан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх талаар гаргах тухайн шатны Засаг даргын шийдвэрийн төслийг бэлтгэж танилцуулан шийдвэр гаргуулах гэж заасан байна.

Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх талаар гаргасан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/404 дүгээр захирамжийн 1.4-д газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмыг баримтлан ажиллахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгасан байна.

Гэвч Нийслэлийн өмчийн харилцааны газар нь өнөөдрийг хүртэл тодорхой үйлдэл, шалтгаангүйгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд эрх бүхий гүйцэтгэх байгууллага болон төлбөр төлөгч, төлбөр авагч нараас гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2303-С дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хүргүүлсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/26923 дугаар албан бичигт дурдсан 9 газар эзэмших эрхийг тус банкинд шилжүүлэх талаар гаргах Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга шүүхэд бичгээр гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүрэгт байрлалтай 5 газар, Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай 3 газар, Хан-Уул дүүрэгт байрлалтай 1 газрын эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 1/26923 дугаар албан бичиг, ******* ХХК-ийн ГЗ/317 дугаартай албан хүсэлтүүдийг тус тус ирүүлсэн байна.

Хүсэлтийг шийдвэрлэхэд шаардлагатай материалыг бэлдэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх Нийслэлийн өмчийн харилцааны газрын ажлын хэсгийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар хүсэлтийг хэлэлцүүлсэн бөгөөд Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай 8 газрын шаардлагатай бичиг баримтыг нэмж судалсны дараа захирамжийн төсөлд оруулах гэсэн үндэслэлээр захирамжийн төсөлд хүсэлтийг оруулах ажиллагааг түдгэлзүүлэхээр, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах 2100 м.кв газрын эрхийг байршил шилжүүлэх хурлаар шийдвэрлэхээр хойшлуулж шийдвэрлэсэн болно.

Энэ шийдвэрийн талаар уг компанийн тухайн асуудлыг хариуцаж байсан төлөөлөгч нарт мэдэгдсэн бөгөөд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх, судлах явцад дараах нөхцөл байдлууд тодорхой болсон. Үүнд:

1.  ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй******* ХХК-нд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2303-С шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад тодорхой хэмжээний мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсэгт зээлдэгч хөрөнгө барьцаанд тавих үүргээ биелүүлээгүй байна гэж дурдсан, мөн дээрх газруудыг ******* ХХК-нд барьцаалсан тухай улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул Нийслэлийн өмчийн харилцааны газар нь Чингис хаан банкны албан хүсэлт, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны албан бичгийг үндэслэн газар эзэмшигч этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх үндэслэлгүй байна.

2.  Манай газарт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба, ******* ХХК-иас ирүүлсэн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичигт нэхэмжлэгч болон******* ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулж, нотариатчиар гэрчлүүлсэн Газар эзэмших эрх шилжүүлэх, эвлэрэх гэрээг хавсарган ирүүлсэн бөгөөд энэ гэрээг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлэх асуудал нь дээр дурдсан шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай хамааралгүй буюу Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд зохицуулагдах бөгөөд энэ зүйлд заасан баримт бичгийг бүрэн ирүүлээгүй тул газар эзэмших эрхийг шилжүүлэх боломжгүй байсан болно.

3.  Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 3225 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар 36,6 тэрбум төгрөгийг******* ХХК-иас гаргуулж, ******* банкинд олгохоор 2 дугаар заалтаар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэр бүхий барьцаа хөрөнгө, түүний дотор ******* ХХК-ийн нэхэмжлэлд дурдаж буй /Хан-Уул дүүрэгт байрлалтай ШТС-аас бусад/ шатахуун түгээх станц, нефтийн агуулах, авто баазын обьект болон түүний доорх эзэмшил газар зэрэг барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж болохыг дурдсан байна.

******* ХХК-ийн эзэмших эрхийг шилжүүлэн авахыг хүсч буй газруудын эрхийн гэрчилгээ нь ******* банкны барьцаанд байгаа болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон тул уг газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлэн захирамжийн төсөл боловсруулах үндэслэл Нийслэлийн өмчийн харилцааны газарт байхгүй байна.

4.  Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг 17110, Наадамчдын зам ШТС-109 хаягт байрлаж байсан Нийслэлийн Засаг даргын 2008 оны 312 дугаар захирамжаар******* ХХК-нд эзэмшүүлсэн нэгж талбарын 18633304791257 дугаар бүхий 2100 м.кв газар дээр байрлаж байсан үл хөдлөх хөрөнгийг******* ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр Жаст ойл ХХК-нд шилжүүлсэн байх бөгөөд энэ газар нь улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн Яармагийн гүүр-Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км замын өргөтгөлд шинэчлэлтийн трасст эзэмшил газар бүхлээрээ орж Жаст ойл ХХК нь манай байгууллагатай гэрээ байгуулан газрыг нөхөх олговортойгоор чөлөөлж, ШТС-ийн холбогдох барилгуудыг буулгасан байдаг.

5.  Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 9994/С, 2 дугаар сарын 18-ны өдрийн 2520/С, 3 дугаар сарын 25-ны өдрийн 2621, 8 дугаар сарын 04-ний өдрийн 3225, 9 дүгээр сарын 02-ны өдрийн 3638 дугаар шийдвэрүүд, Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 132475 зэрэг шүүхийн шийдвэрүүдээр******* ХХК-иас мөнгөн хөрөнгө гаргуулж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд зарим шийдвэрт нэхэмжлэгч ******* ХХК-ийн өөрийн нэр дээр шилжүүлэхийг хүсч буй газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн барьцаанаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байх тул******* ХХК-ийн эзэмшил газрын асуудлыг өнөөдрийн байдлаар бусдад шилжүүлэх зэргээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлд дурдсан******* ХХК-ийн зарим газрыг эзэмших эрхийн гэрчилгээг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэх захирамжийн төсөл боловсруулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү.

Гуравдагч этгээд******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэр бүхий 9 газар эзэмших эрх нь 2008 онд Эдийн засгийн хамтын ажиллагааны банкнаас өөрийн охин компани болох Жаст ойл ХХК-ийн санхүүжилтэнд зориулж авсан зээлийн барьцаанд тавигдсан бөгөөд компани санхүүгийн хүндрэлд орж Жаст ойл ХХК-аа иргэн Г.Дашнямд зарсан болно.

Худалдан авсан тал болох иргэн Г.Дашням нь Жаст ойл ХХК-ийн бусдад төлөх өр төлбөрийг хариуцах үүргийг гэрээгээр хүлээсэн. Гэтэл ******* ХХК-аанд төлөх шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан эдгээр газар эзэмших эрхүүдийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, бидний зүгээс зээлийн үүргийн гүйцэтгэлд тооцуулах ******* ХХК-ийн шаардлагыг биелүүлсэн.

Иймд нэр бүхий 9 газар эзэмших эрхээр зээлийн эргэн төлөлтийг хангуулах асуудал нь Жаст ойл ХХК-ийн Оросын Холбооны Улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банкны өр зээлтэй холбогдон шилжих боломжгүй байдал үүсээд байгаа болно гэв.

Гуравдагч этгээд ******* банк-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Манай ******* банк нь******* ХХК-тай 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр №10К/08 дугаартай зээлийн гэрээ байгуулан******* ХХК-нд 12,000,000 евро зээлдүүлэн олгосон.

Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул зээлдүүлэгчээс Монгол Улсын Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд зээлийн төлбөрт зээлийн барьцаанд тавьсан эд хөрөнгө, эрхийг шилжүүлэн өгөхөөр эвлэрлийн гэрээг байгуулж түүнийг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1073 дугаар магадлалаар баталгаажуулж хуулийн хүчин төгөлдөр болсон.

Тус шүүхийн хүчин төгөлдөр магадлалд заасан эд хөрөнгийг шилжүүлэн авах ажиллагаа хийгдэж байна.

Харин ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох нэхэмжлэлийн хүрээнд дээрх шүүхийн хүчин төгөлдөр магадлалд дурдаж ******* банканд шилжүүлэн авах эрх нь үүсэж буй эд хөрөнгө болох нэр бүхий 9 газрын эзэмших эрхийг өөрт шилжүүлэн өгүүлэхээр шаарджээ.

Энэхүү нэхэмжлэл нь тус эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч, эрх шилжүүлэн авагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж шүүхийн хүчин төгөлдөр магадлалаар нэгэнт тогтоож шийдсэн эд хөрөнгийн талаар захиргааны хэргийн шүүхэд маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж тус ту заасан тул давж заалдах шатны шүүхийн магадлалаар Олон Улсийн эдийн засгийн хамтын ажиллагааны Олн Улсын банк-нд нэхэмжлэгчийн шилжүүлэн авахаар даалгаж буй эд хөрөнгүүдийг олгохоор нэгэнт тогтоосон тул хариуцагчийн зүгээс тус хүчин төгөлдөр магадлалыг зөрчин нэхэмжлэгч байгууллагад газрын эрхийн шилжүүлэн өгөх тогтоолын төслийг бэлтгэн оруулах, шийдвэрлүүлэх хууль зүйн эрх, үндэслэл байхгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 312 дугаар захирамжаар гуравдагч этгээд******* ХХК-нд Баянгол дүүргийн 20, 4, 5, Хан-Уул дүүргийн 8, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонуудад байрлалтай, 3142 м.кв, 2000 м.кв, 3613.6 м.кв, 3042 м.кв, 1500 м.кв, 2100 м.кв, 25730 м.кв, 104000 м.кв, 4100 м.кв газруудыг шатахуун түгээх станцын зориулалтаар, 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж,******* ХХК-ийн нэр дээр уг газруудыг эзэмших эрхийн 0203592, 0203597, 0203591, 0203595, 0203596, 0203598, 0203599, 0203578, 0203580 дугаартай гэрчилгээнүүдийг 2008 оны 7 дугаар сарын 22-ны өдөр олгожээ /Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/894 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгасан/.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2303-С дугаар шийдвэрээр ...Жаст групп ХХК-иас 10,301,022,930.40 төгрөгийг гаргуулж ******* ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн үлдсэн нэхэмжлэл болон Ш.Батхүүд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрийг үндэслэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 10131-С дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2303-С дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд талууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эвлэрч 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх, эвлэрэх гэрээ-г байгуулжээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/26923 дугаар албан бичиг, мөн ******* ХХК-ийн ГЗ/317 дугаар албан бичгээр тус тус ...Жаст групп ХХК нь эзэмших эрхийн гэрчилгээтэй газруудыг шүүхийн шийдвэрт заасан төлбөртөө тооцон өгөхөөр, төлбөр авагч ******* ХХК төлбөртөө тооцон авахаар харилцан тохиролцсон тул тус албаны 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2/12167, 2/6324, 2/13346, 2/145699 дугаарын албан бичгээр түдгэлзүүлсэн газруудын захиран зарцуулах эрхийг сэргээж, Чингис хаан банкны эзэмшилд /нэр бүхий 9 газар/ шилжүүлэх... талаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт мэдэгдэн, хүсэлт гаргасан байна.

Эдгээр 9 газраас Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах нэгж талбарын 8026/0039 дугаартай 2100 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/1000 дугаар захирамжаар ...авто замын трасст орсон Жаст ойл ХХК-ийн шатахуун түгээх станцыг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарах нөхөн олговрыг гаргуулан Жаст Ойл ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд шатахуун түгээх станцыг нүүлгэн шилжүүлэн, газрыг чөлөөлж,******* ХХК нь бодит байдал дээр уг газраа эзэмшин, үйл ажиллагаа явуулаагүй байгаа болно.

Харин ******* банк нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 11,020,000 евро, зээлийн хүү 1,565,124 евро, алданги 5,347,619 евро нийт 17,932,743 евро буюу 42,045,183,593 төгрөгийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг******* ХХК-нд холбогдуулан гаргасныг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 3225 дугаар шийдвэрээр ...******* ХХК-иас 15,749,144 евро буюу 36,594,396,016 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,450,787,577 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч******* ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгүүдийн үнийн дүнгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг дурдан шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн биелэлтийг түүний дотор дээрх нэр бүхий 9 газар болон түүний дээрх эд хөрөнгөөр хангуулахаар талууд тохиролцжээ.

Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1073 дугаар магадлалаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 3225 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* банкны нэхэмжлэлтэй, хариуцагч******* ХХК-нд холбогдох иргэний хэргийн зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээг магадлалын 2 дахь заалтаар баталж, зээлийн гэрээний үүрэгт 17,932,743 евро буюу 42,045,183,593 төгрөгийг барьцаа хөрөнгөөс гаргуулах ******* банкны нэхэмжлэлтэй******* ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож... шийдвэрлэсэн байна.

Мөн талуудын эвлэрлийн гэрээний 7, 9, 11, 12, 13, 15, 17, 18, 19 дугаар заалтуудаар дээрх маргаж байгаа газруудыг Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч******* ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгүүдийн үнийн дүнгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохоор заажээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2/3827 дугаар албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт ...Төлбөр төлөгч******* ХХК-ийн эзэмшлийн дараах газруудын шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлж хариу өгнө үү гэж дээрх нэр бүхий 9 газрын шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн байх бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5/1258 дугаар албан бичгээр ... газруудын захиран зарцуулах эрхийг Нийслэлийн газрын мэдээллийн санд тус тус түдгэлзүүлж тэмдэглэсэн болно гэдгээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсэн байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1583 дугаар магадлалаар ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2/3827 дугаар албан бичгээр төлбөр төлөгч******* ХХК-ийн 8 газар эзэмших эрхийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн ажиллагааг хүчингүй болгосугай гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлснийг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь ...Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 7.1-д Нийслэлийн газрын алба нь тухайн шатны Засаг даргын шийдвэрийн төслийг дараах төрлүүдээр боловсруулна. Үүнд: 7.1.4-д газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааны журам-ын 2.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг тухай шатны Засаг даргын харьяалах газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээн авна, 2.5-д хүсэлт болон түүнд хавсаргасан бичиг баримт Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд заасан шаардлагыг хангасан тохиолдолд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 15 хоногт багтаан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх талаар гаргах тухайн шатны Засаг даргын шийдвэрийн төслийг бэлтгэж танилцуулан шийдвэр гаргуулах гэж заасныг зөрчиж Нийслэлийн өмчийн харилцааны газар нь газруудын эзэмших эрхийг ******* ХХК-д шилжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулахгүй байгаа нь хууль бус хэмээн маргаж байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч..., ...ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана... гэж тус тус зааснаас үзвэл энэхүү тохиолдолд Нийслэлийн Засаг дарга******* ХХК-ийн эзэмшил газрын эрхийн гэрчилгээг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй этгээд байх бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газрын ...захирамжийн төсөл боловсруулахгүй байгаа үйлдлээс хамаарч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах эрх шууд зөрчигдөөгүй байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл дээр дурдсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/26923 дугаар албан бичиг, мөн ******* ХХК-ийн ГЗ/317 дугаар албан бичгүүдээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандаж байсан байх бөгөөд энэхүү үйлдэл нь өр төлбөртөө тооцуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах нэхэмжлэгчийн эцсийн зорилго агуулагдаж байгаа нь захирамжийн төсөл эс боловсруулсан эсэхээс үл хамаарч эрхийн гэрчилгээг шилжүүлэн олгох эрхийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хуулиар олгоогүй юм.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн нэр шилжүүлэх Нийслэлийн өмчийн харилцааны газрын ажлын хэсгийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрээс үзвэл Хан-Уул дүүрэгт байрлах газраас бусад 8 газрын эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэхэд дэмжигдсэн /шаардлагатай бичиг баримтыг нэмж судласны дараа захирамжийн төсөлд оруулах/-ээр шийдвэрлэсэн байх бөгөөд ...энэ хугацаанд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2/3827 дугаар албан бичиг ирж, түдгэлзүүлсэн тул ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй гэх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргаж байна.

Хэдий Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2/3827 дугаар бичгээр 8 газар эзэмших эрхийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн ажиллагааг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон байх боловч ...тухайн газрууд дээр үл хөдлөх хөрөнгө, шатахуун түгээх станцуудыг хэрхэх талаар тухайн эвлэрлийн гэрээнд болон шийдвэр гүйцэтгэлийн албанаас ирүүлсэн албан бичигт дурдаагүй, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарна гэж заасны дагуу газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө бусдын зээлийн барьцаанд барьцаалагдсан зэрэг шалтгаанаар Нийслэлийн өмчийн харилцааны газар захирамжийн төсөлд шууд оруулах хууль зүйн хувьд боломжгүй байсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байгаа болно.

Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь үйл баримтын хувьд өөрийн өр төлбөрийг барагдуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотойгоор үүссэн харилцаа байх ба Нийслэлийн өмчийн харилцааны газрын үйл ажиллагаанаас хамаарч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдсөн байдал тогтоогдохгүй байх тул ...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 8028/0094, 8028/0066, 8028/0041, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 8026/0039, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 8021/0152, 8022/0061, 8022/0040, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8011/0102, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 20/0137 дугаартай газруудын эзэмших эрхийг ******* ХХК-д шилжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Энэхүү шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч ******* ХХК болон гуравдагч этгээд******* ХХК, ******* банкны хэн алины газар эзэмших эрхийн талаар дүгнээгүй болохыг дурдаж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4-т тус тус заасныг баримтлан ...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 8028/0094, 8028/0066, 8028/0041, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 8026/0039, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 8021/0152, 8022/0061, 8022/0040, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8011/0102, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 20/0137 дугаартай газруудын эзэмших эрхийг ******* ХХК-д шилжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА