Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2016/0236

 

 “Чингисхаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Булган, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Одгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхээ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-очир нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 67 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор “Чингисхаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 8028/0094, 8028/0066, 8028/0041, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 8026/0039, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 8021/0152, 8022/0061, 8022/0040, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8011/0102, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 20/0137 дугаартай газруудын эзэмших эрхийг Чингисхаан банк ХХК-д шилжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгаж өгнө үү.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2303-С дугаар шийдвэрээр Жаст групп ХХК-иас зээлийн өр төлбөр 10,301,022,930.40 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,663,064.00 төгрөг гаргуулж, тус банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Бид шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргаж, улмаар 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээг байгуулснаар албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн.

Төлбөр төлөгч Жаст групп ХХК нь дээрх ажиллагаагаар битүүмжлэгдсэн хөрөнгөөс дор дурдсан 9 газар эзэмших эрхийн гэрчилгээг шүүхийн шийдвэрт заасан өр төлбөрт тооцон шилжүүлж эвлэрэх тухай саналыг манай банкинд гаргасны дагуу бид 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх, эвлэрэх гэрээг байгуулж, хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас бидний хооронд байгуулсан гэрээний нөхцлүүд, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, бусад баримт бичгийн хүчин төгөлдөр байдлыг тус тус хуульд нийцүүлэн хянан үзээд Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/26923 дугаар албан бичгийг хүргүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг манай банкинд шилжүүлэх тухай мэдэгдсэн. Бид газар эзэмших эрхийн гэрчилгээтэй холбоотой хууль тогтоомжид заасан шаардлагатай бүхий л баримт бичгийг бүрэн бүрдүүлж, зохих хураамжийг төлсөн болно. Гэвч үүнээс хойш 3 сарын хугацаа өнгөрч байхад манай асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй ба Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасан ажлын 15 өдрийн хугацаа хэд дахин хэтрээд байгаа юм.

Бид Нийслэлийн Засаг даргад 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ/26 дугаар албан хүсэлтээр хандсан боловч манай асуудал Засаг даргад танилцуулагдаагүй тухай хариу өгсөн болно. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.13 дах хэсэгт заасны дагуу Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 7.1-д Нийслэлийн газрын алба нь тухайн шатны Засаг даргын шийдвэрийн төслийг дараах төрлүүдээр боловсруулна, 7.1.4-д газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааны журам-ын 2.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг тухай шатны Засаг даргын харьяалах газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээн авна, 2.5-д хүсэлт болон түүнд хавсаргасан бичиг баримт Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд заасан шаардлагыг хангасан тохиолдолд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 15 хоногт багтаан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх талаар гаргах тухайн шатны Засаг даргын шийдвэрийн төслийг бэлтгэж танилцуулан шийдвэр гаргуулах гэж заасан байна.

Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх талаар гаргасан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/404 дүгээр захирамжийн 1.4-д газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмыг баримтлан ажиллахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгасан байна.

Гэвч Нийслэлийн өмчийн харилцааны газар нь өнөөдрийг хүртэл тодорхой үйлдэл, шалтгаангүйгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд эрх бүхий гүйцэтгэх байгууллага болон төлбөр төлөгч, төлбөр авагч нараас гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд 9 газар эзэмших эрхийг тус банкинд шилжүүлэх талаар гаргах Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхэд шаардлагатай материалыг бэлдэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх Нийслэлийн өмчийн харилцааны газрын ажлын хэсгийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар хүсэлтийг хэлэлцүүлсэн бөгөөд Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай 8 газрын шаардлагатай бичиг баримтыг нэмж судалсны дараа захирамжийн төсөлд оруулах гэсэн үндэслэлээр захирамжийн төсөлд хүсэлтийг оруулах ажиллагааг түдгэлзүүлэхээр, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах 2100 м.кв газрын эрхийг байршил шилжүүлэх хурлаар шийдвэрлэхээр хойшлуулж шийдвэрлэсэн болно.

Манай газарт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Чингисхаан банк ХХК-иас ирүүлсэн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичигт нэхэмжлэгч болон Жаст групп ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулж, нотариатчиар гэрчлүүлсэн Газар эзэмших эрх шилжүүлэх, эвлэрэх гэрээг хавсарган ирүүлсэн бөгөөд энэ гэрээг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлэх асуудал нь шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай хамааралгүй буюу Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд зохицуулагдах бөгөөд энэ зүйлд заасан баримт бичгийг бүрэн ирүүлээгүй тул газар эзэмших эрхийг шилжүүлэх боломжгүй байсан болно.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 3225 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар 36,6 тэрбум төгрөгийг Жаст групп ХХК-иас гаргуулж, Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон Улсын банкинд олгохоор 2 дугаар заалтаар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэр бүхий барьцаа хөрөнгө, түүний дотор Чингисхаан банк ХХК-ийн нэхэмжлэлд дурдаж буй /Хан-Уул дүүрэгт байрлалтай ШТС-аас бусад/ шатахуун түгээх станц, нефтийн агуулах, авто баазын обьект болон түүний доорх эзэмшил газар зэрэг барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж болохыг дурдсан байна.

Чингисхаан банк ХХК-ийн эзэмших эрхийг шилжүүлэн авахыг хүсч буй газруудын эрхийн гэрчилгээ нь Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон Улсын банкны барьцаанд байгаа болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон тул уг газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлэн захирамжийн төсөл боловсруулах үндэслэл Нийслэлийн өмчийн харилцааны газарт байхгүй байна.

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг 17110, Наадамчдын зам ШТС-109 хаягт байрлаж байсан 2100 м.кв газар дээр байрлаж байсан үл хөдлөх хөрөнгийг Жаст групп ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр Жаст ойл ХХК-нд шилжүүлсэн байх бөгөөд энэ газар нь улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн Яармагийн гүүр-Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км замын өргөтгөлд шинэчлэлтийн трасст эзэмшил газар бүхлээрээ орж Жаст ойл ХХК нь манай байгууллагатай гэрээ байгуулан газрыг нөхөх олговортойгоор чөлөөлж, ШТС-ийн холбогдох барилгуудыг буулгасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү.” гэжээ.

Гуравдагч этгээд Жаст групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарсайхан нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэр бүхий 9 газар эзэмших эрх нь 2008 онд Эдийн засгийн хамтын ажиллагааны банкнаас өөрийн охин компани болох Жаст ойл ХХК-ийн санхүүжилтад зориулж авсан зээлийн барьцаанд тавигдсан бөгөөд компани санхүүгийн хүндрэлд орж Жаст ойл ХХК-аа иргэн Г.Дашнямд зарсан болно. Худалдан авсан тал болох иргэн Г.Дашням нь Жаст ойл ХХК-ийн бусдад төлөх өр төлбөрийг хариуцах үүргийг гэрээгээр хүлээсэн. Гэтэл Чингисхаан банк ХХК-д төлөх шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан эдгээр газар эзэмших эрхүүдийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, бидний зүгээс зээлийн үүргийн гүйцэтгэлд тооцуулах Чингисхаан банк ХХК-ийн шаардлагыг биелүүлсэн.

Иймд нэр бүхий 9 газар эзэмших эрхээр зээлийн эргэн төлөлтийг хангуулах асуудал нь Жаст ойл ХХК-ийн Оросын Холбооны Улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банкны өр зээлтэй холбогдон шилжих боломжгүй байдал үүсээд байгаа болно” гэжээ.

Гуравдагч этгээд Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон Улсын банк-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: “...Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1073 дугаар магадлалаар баталгаажуулж хуулийн хүчин төгөлдөр болсон. Харин Чингисхаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох нэхэмжлэлийн хүрээнд дээрх шүүхийн хүчин төгөлдөр магадлалд дурдаж Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон Улсын банканд шилжүүлэн авах эрх нь үүсэж буй эд хөрөнгө болох нэр бүхий 9 газрын эзэмших эрхийг өөрт шилжүүлэн өгүүлэхээр шаарджээ.

Энэхүү нэхэмжлэл нь тус эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч, эрх шилжүүлэн авагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж шүүхийн хүчин төгөлдөр магадлалаар нэгэнт тогтоож шийдсэн эд хөрөнгийн талаар захиргааны хэргийн шүүхэд маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж тус тус заасан тул давж заалдах шатны шүүхийн магадлалаар Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон Улсын банкинд нэхэмжлэгчийн шилжүүлэн авахаар даалгаж буй эд хөрөнгүүдийг олгохоор нэгэнт тогтоосон тул хариуцагчийн зүгээс тус хүчин төгөлдөр магадлалыг зөрчин нэхэмжлэгч байгууллагад газрын эрхийн шилжүүлэн өгөх тогтоолын төслийг бэлтгэн оруулах, шийдвэрлүүлэх хууль зүйн эрх үндэслэл байхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 67 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4-т тус тус заасныг баримтлан ...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 8028/0094, 8028/0066, 8028/0041, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 8026/0039, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 8021/0152, 8022/0061, 8022/0040, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8011/0102, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 20/0137 дугаартай газруудын эзэмших эрхийг Чингисхаан банк ХХК-д шилжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн Засаг дарга эзэмшил газрын эрхийн гэрчилгээг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй этгээд байх бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газрын захирамжийн төсөл боловсруулахгүй байгаа үйлдлээс хамаарч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах эрх шууд хөндөгдөөгүй байна гэж шүүх дүгнэлт хийснээр Нийслэлийн өмчийн харилцааны газрыг нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж үзсэн байна. Нэхэмжлэгч газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт гаргасан бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газраас хүсэлтийг нь хангахгүй, газар эзэмших эрхийн хөдөлгөөнийг зогсоосноо албан ёсоор мэдэгдэхэд Нийслэлийн Засаг дарга тухайн асуудлаар захирамж гаргах боломжгүй болж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрх Нийслэлийн өмчийн харилцааны газрын хууль бус үйлдлийн улмаас шууд хязгаарлагдаж байна. Нэхэмжлэлийн гол зорилго нь Нийслэлийн өмчийн харилцааны газар нь дараах хууль, хэм хэмжээний актад заасан албаны чиг үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа юм.

            Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 7.1-д Нийслэлийн газрын алба нь тухайн шатны Засаг даргын шийдвэрийн төслийг дараах төрлүүдээр боловсруулна, 7.1.4-д газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, Газар эзэмших эрхийн эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрыг зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааны журмын 2.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг тухайн шатны Засаг даргын харъяалах газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээн авна, 2.5-д ...шаардлага хангасан тохиолдолд 15 хоногт багтаан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх талаар гаргах тухайн шатны Засаг даргын шийдвэрийн төслийг бэлтгэж танилцуулна.

            Дээрхи журамд заасан албаны чиг үүргийнхээ дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газраас нэхэмжлэгчийн гаргасан газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг хянан шалгаад 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар 8 газар эзэмших эрхийг шилжүүлэхийг дэмжсэн шийдвэр гаргасан байх бөгөөд захирамжийн төсөл бэлтгэх явцад Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2/3827 тоот бичиг ирснээр үйл ажиллагаагаа зогсоож, газар эзэмших эрхийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгч Нийслэлийн өмчийн харилцааны газраас газар эзэмших эрх шилжүүлсэн шийдвэр гаргахыг шаардаагүй харин хүсэлтээс татгалзах, түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй тул албаны чиг үүргийн дагуу хариуцсан хийх ёстой ажлаа хийхийг шаардсан байхад шүүгч нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэлт хийж шийдвэр гаргасан байна.

            “...Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасны дагуу газар дээр үл хөдлөх эд хөрөнгө бусдын зээлийн барьцаанд барьцаалагдсан зэрэг шалтгаанаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын захирамжийн төсөлд шууд оруулах хууль зүйн хувьд боломжгүй байсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байгаа болно” гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Шүүхийн шийдвэрт дээрх байдлаар Нийслэлийн өмчийн харилцааны газраас гаргасан газар эзэмших эрхийг шилжүүлэх ажиллагааг зогсоосон “газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө бусдын барьцаанд байгаа бол түүний доорх газар эзэмших эрхийг шилжүүлж болохгүй” гэсэн үндэслэлийг хууль зүйн хувьд зөв хэмээн буруу дүгнэлт хийсэн байна. Газар эзэмших эрхийг дээрх үндэслэлээр шилжүүлэхийг хориглосон агуулга бүхий хуулийн заалтыг шүүхийн шийдвэрт дурьдаагүй, тийм заалт байхгүй байх бөгөөд харин Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “үл хөдлөх эд хөрөнгийн” тухай ойлголтын хуулийн тодорхойлолтыг хуульчилсан байна. Иймд Нийслэлийн өмчийн харилцааны газраас газар эзэмших эрхийг шилжүүлэх үйл ажиллагааг хууль бус үндэслэлээр хязгаарлах нь тухайн газар эзэмшигчийн эрхэд хууль бусаар халдаж буй үйлдэл болно.

            Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк нь дээрх 9 газар эзэмших эрхийг барьцаалсан гэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тус банк нь Монгол улсад бүртгэлгүй гадаадын хуулийн этгээд бөгөөд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар газар эзэмших эрхийг барьцаалах болон шилжүүлэхийг хориглосон байна. Мөн үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т газар өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр газар эзэмших эрхийг барьцаалах хуулийн зохицуулалттай. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6, 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу барьцаалах тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан бөгөөд бүртгүүлээгүй, хуулиар хориглосон тул бүртгэх боломжгүй.

            Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Нийслэлийн өмчийн харилцааны газрын 9 газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа үндэслэл нь хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 9 газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай холбогдох захирамжийн төсөл боловсруулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо “... Нэхэмжлэгч нь Нийслэлийн өмчийн харилцааны газраас газар эзэмших эрх шилжүүлсэн шийдвэр гаргахыг шаардаагүй, хүсэлтээс татгалзах, түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй тул албаны чиг үүргийн дагуу хариуцсан хийх ёстой ажлаа хийхийг шаардсан байхад шүүгч нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийж шийдвэр гаргасан” гэж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа “... Нийслэлийн өмчийн харилцааны газарт газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргах эрх олгогдоогүй, хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх ёстой. Манайх захиргааны акт гаргах эрхтэй этгээд биш, эс үйлдэхүй гаргаагүй” гэж маргажээ.

Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны алба нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага[1] болохынхоо хувьд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5-д зааснаар Нийслэлийн хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй. Нийслэлийн өмчийн харилцааны газрыг уг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг хэрхэн хүлээн авч шаардлага хангасан эсэхийг нягтлан шалгах талаар дараах журмуудаар зохицуулжээ.

Газрын тухай 23 дугаар зүйлийн 23.2.13-д заасан бүрэн эрхийн хүрээнд Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 4.2-д “Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба болон сумын газрын даамал нь иргэн, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан материалуудыг шалгаж материал дутуу, шаардлага хангаагүй бол өргөдөл гаргагчид буцаан өгнө” гэж, 7.1.4-д “Газрын алба нь эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх шийдвэрийн төслийг боловсруулна” гэж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор баталсан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааны журам”-ын 2.5-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлт болон түүнд хавсаргасан баримт бичиг Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд заасан шаардлага хангасан тохиолдолд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 15 хоногт багтаан газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх талаар гаргах тухайн шатны Засаг даргын шийдвэрийн төслийг бэлдэж танилцуулан шийдвэр гаргуулна” гэж тус тус заасан байна.

Эдгээр журмын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газар нь иргэн, хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авч шалгаж, Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн төсөл боловсруулах уу, эсхүл өргөдлийг буцаах уу гэдгийг шийдвэрлэдэг байна. Энэхүү шийдвэрийн аль нэгийг гаргахгүй байгааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан “эс үйлдэхүй” гэж үзнэ. 

Иймд анхан шатны шүүх Нийслэлийн өмчийн харилцааны газрын “нэхэмжлэгч болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/26923 дугаар албан бичгээр ирүүлсэн “Жаст групп ХХК-ийн 9 газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-д шилжүүлэх” тухай хүсэлтийг хүлээн авч газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэрийн төсөл боловсруулж Нийслэлийн Засаг даргад танилцуулаагүйг” захиргааны акт буюу эс үйлдэхүй гэж үзэж захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь зөв байх бөгөөд зөвхөн Нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч шалгаж шийдвэрлэх эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэхээргүй байна.

Хариуцагч тайлбартаа “... Жаст групп ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд нь Олон улсын банкны барьцаанд байгаа нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул нэхэмжлэгчид шилжүүлэх захирамжийн төсөл боловсруулах үндэслэл байхгүй ...” гэжээ.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д заасан Нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авч, тодруулах ажиллагааг дээрх хууль, журамд заасны дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газар гүйцэтгэх бөгөөд газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч, мөн зүйл болон холбогдох журамд заасан шаардлага хангасан эсэхийг тодруулан, шалгаж, шаардлага хангасан гэж үзвэл газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэрийн төсөл бэлтгэн Нийслэлийн Засаг даргад танилцуулахаар байна. 

Гэтэл нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Жаст групп ХХК-ийн 9 газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр ирүүлсэн хүсэлт нь дараах байдлаар хууль, журамд заасан шаардлагыг хангахгүй байна.

1. Нийслэлийн өмчийн харилцааны газарт газар эзэмшигч Жаст групп ХХК нь хүсэлт ирүүлээгүй байх тул Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах ...” гэж заасан шаардлагыг хангаагүй байна.

2. Жаст групп ХХК-ийн дээрх 9 газрын нэг болох Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлалтай газар эзэмших эрхийн 0203598 дугаар гэрчилгээтэй газар нь ... замын трасст орсонтой холбоотойгоор Нийслэлийн өмчийн харилцааны газраас Жаст ойл ХХК-тай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн гэрээгээр нөхөх олговортойгоор буцаан авч газрыг чөлөөлсөн нь тус гэрээ, чөлөөлсөн газрыг хүлээлцсэн акт, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/1000 дугаар захирамж зэрэг баримтаар тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5-д заасны дагуу Жаст групп ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болж газар эзэмших эрх нь дуусгавар болсон байх тул мөн хуулийн 38.3.2-д заасан “эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр эсэх” гэсэн шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй.   

3. Түүнчлэн Жаст групп ХХК нь ОХУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкинд уг 9 газрын эзэмших эрх болон тэдгээр газар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулж, уг эвлэрлийн гэрээг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1073 дугаар магадлалаар баталснаас үзвэл Жаст групп ХХК-ийн уг 9 газрыг эзэмших эрхийн гэрчилгээг “хүчин төгөлдөр” гэж үзэхэд эргэлзээтэй байх тул Нийслэлийн өмчийн харилцааны газар нь Жаст групп ХХК-ийн 9 газрыг нэхэмжлэгч Чингисхаан банк ХХК-д шилжүүлэх шийдвэрийн төслийг бэлтгэж Нийслэлийн Засаг даргад танилцуулаагүй эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. 

Өөрөөр хэлбэл Жаст групп ХХК нь газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэхэд түүний тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болж Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д заасны дагуу Жаст групп ХХК-ийн газар эзэмших эрх нь дуусгавар болох тул Жаст групп ХХК нь уг 8 газрыг нэхэмжлэгч Чингисхаан банк ХХК болон гуравдагч этгээд ОХУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны хэн алинд нь шилжүүлэхийг зөвшөөрсөн энэхүү эргэлзээтэй нөхцөл байдал арилаагүй байхад “Жаст групп ХХК-ийн эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр” гэж үзэж, шууд Чингисхаан банк ХХК-д шилжүүлэх шийдвэрийн төслийг боловсруулж Нийслэлийн Засаг даргад танилцуулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгах үндэслэлгүй.

Давж заалдах гомдолд  “... газар дээрх бусдын үл хөдлөх эд хөрөнгө бусдын барьцаанд байгаа бол газар эзэмших эрхийг шилжүүлж болохгүй гэсэн үндэслэлийг зөв хэмээн буруу дүгнэлт хийсэн ... газар эзэмших эрхийг шилжүүлэх үйл ажиллагааг хууль бус үндэслэлээр хязгаарлах нь тухайн газар эзэмшигчийн эрхэд хууль бусаар халдаж буй үйлдэл болно” гэжээ.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө барьцаалагдсан шалтгаанаар нэхэмжлэгчид шууд шилжүүлэх шийдвэрийн төсөлд оруулах хууль зүйн хувьд боломж байгаагүй ...” гэж тайлбарласныг үндэслэлтэй гэж үзсэн нь зөв байна. Учир нь Нийслэлийн өмчийн харилцааны газар нь газар зохион байгуулалтыг хариуцсан этгээдийн хувьд Жаст групп ХХК нь газар эзэмших эрхээ нэхэмжлэгчид, уг газар болон түүний дээрх үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд тус тус шилжүүлэхийг зөвшөөрсөн эргэлзээтэй нөхцөл байдалд нэхэмжлэгчид шилжүүлэх шийдвэрийн төсөл боловсруулах үндэслэлгүй.

Мөн гомдолд “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкинд барьцаалах, шилжүүлэхийг хориглосон байхад газар эзэмших эрх барьцаалсан гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэх боловч анхан шатны шүүх “газар эзэмших эрхийг барьцаалсан” гэж дүгнээгүйгээс гадна нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алиныг газар эзэмших эрхтэй гэж үзээгүй талаараа тэмдэглэсэн байх тул гомдол үндэслэлгүй байна.

Харин Нийслэлийн өмчийн харилцааны газар нь дээрх журамд заасны дагуу өргөдөл, хүсэлтэд хариу өгөх, эсхүл дээрх эргэлзээтэй нөхцөл байдал арилсан, хууль журамд заасан шаардлага хангасан үед зохих журмаар шийдвэрийн төсөл боловсруулж Нийслэлийн Засаг даргад танилцуулахад энэхүү шийдвэр саад болохгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 67 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                   

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ