Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/02533

 

 

 

 

 

 

2024 06 04

182/ШШ2024/02533

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч Ж.Байгалмаа, шүүгч Ч.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, *******М /РД:000000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ..... байранд байрлах, Н-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 126,919,631 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

(Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******М нь хариуцагч Н-д холбогдуулан 126,919,631 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Монгол Улсын Засгийн газраас 2012 онд Гэр хорооллыг дахин төлөвлөж газрыг орон сууцаар сольж иргэдийн амьдралыг сайжруулах талаар шийдвэр гарсны дагуу 2013 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2/29, 3/31 дугаар тогтоолыг тус тус гаргаж, уг тогтоолын хавсралтаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам-ыг баталсан.

Н ............................... нутаг дэвсгэрт хэрэгжих дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр Г ХХК-ийг шалгаруулж, 2013.05.29-ний өдрийн А/533 дугаартай захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилжсан.

1.2. Бид гэр бүлийнхээ хамтаар ......................... тоот хаягт байрлах 540 м.кв газрыг 1997 оноос эзэмшиж байсан болохоор хашаандаа мансардтай 2 давхар хувийн сууцыг барьж хүү *******Мынхаа нэр дээр 2010.06.14-ний өдөр 000057123 дугаартай Газар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. 2012 онд төрөөс гэр хорооллыг дахин төлөвлөх ажил эхлэх үед хувийн сууцандаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах гэсэн боловч төсөл хэрэгжүүлэгч Г ХХК болон Нийслэлийн Засаг даргын ажлын албаныхан газрыг орон сууцаар солих учраас та нар хувийн сууцдаа гэрчилгээ гаргуулах шаардлагагүй, мөн та нарын хувийн сууц, газар дээр байгаа барилгыг нураах учраас эндээс гэрийнхээ доторх тавилгаа ав гэхээр нь бид тэдний үгэнд итгээд хашаа байшингаасаа нэг ч ширхэг хадаас аваагүй газар, хашаа, орон байраа хүлээлгэн өгсөн. Нөхөр бид 2 хүүгийнхээ хашааны зүүн буланд нь 10 х 10 харьцаатай, доод талдаа авто машины гараштай, байшингийн суурь цутгаж 1 давхар дуустал баригдаж байсан барилгаа бас хүлээлгэн өгч нураалгасан.

1.3. Ингээд 2013.05.13-ны өдөр 89 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-г төсөл хэрэгжүүлэгч Г ХХК-тай, 2013.09.22-ны өдөр Н дарга түүнийг төлөөлөн Гэр хороолол хөгжлийн газар мөн төсөл хэрэгжүүлэгч Г ХХК-тай ГХДТ/2013/7/009 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван тал гэрээ-г тус тус байгуулсан. Гэрээний дагуу манай газар, хашаа, байшинг 122 м.кв орон сууцаар солих, Үйлчилгээний талбайн хэсгээсээ 5 м.кв-ыг үнэ төлбөргүй олгох нөхцөлөөр тохирсон. Гэвч Нас хэрэгжүүлсэн Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн ажил хэрэгжээгүй, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан Г ХХК нь Нийслэлийн Засаг даргын захирамжийг дөрөөлж иргэд бидний газар болон хувийн сууц өмч хөрөнгөд ямар ч үнэлгээ хийхгүйгээр буулгаж авч манай гэр бүлийг хохироосон.

1.4.Төсөл хэрэгжүүлэгч Г ХХК нь 2013 оноос 2014 оны хооронд хоёр байшингийн суурь цутгаж дүр үзүүлснээс өөр ажил хийгээгүй, Н гурван талт гэрээнд заасан үүргээ биелүүлж хяналт тавьж ажиллаагүй, мөн Нийслэлийн Засаг даргын төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан Г ХХК нь бидэнтэй байгуулсан Түр оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай 2 талт №ГХ/14 тоот түрээсийн гэрээний дагуу сар бүр төлөх 450,000 төгрөгийг 2016.04 дүгээр сар хүртэл төлөөд түүнээс хойш түрээсийн төлбөрөө өгч чадахаа больсон. Үүний улмаас бид 2017 он хүртэл өөрийн гэх гэр оронгүй, түрээсийн байрны төлбөр төлж чадахгүй айл, айлаар дамжин амьдарч байна.

Бидний хувьд ............................ нутаг дэвгэрт амьдарч байсан хувийн сууц болон газраа Нийслэлийн Засаг даргын захирамжид итгэж гэр хорооллыг дахин төлөвлөлтөд хамруулж чөлөөлж өгч нураалгаж, орон гэргүй болсон учраас 2017.12 сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан.

Тус шүүхийн 2019.10.17-ны өдрийн 687 шийдвэрээр ............................ нутагт /ГХДТ2013/004/7 багцын төсөл хэрэгжүүлэгч Г ХХК, Н нар ГХДТ/2013/7/009 тоот гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг тогтоож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, нэхэмжлэгч *******Мтай байгуулсан гурван талт гэрээг цуцалж, нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийг буцаан олгохыг хариуцагч нарт даалгаж, Г ХХК-ийн бидэнтэй байгуулсан Түр оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай 2 талт №ГХ/14 тоот гэрээний дагуу төлөгдөөгүй түрээсийн төлбөрийн үлдэгдэл хохиролд Нас *******Мт 17,300,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020.09.22-ны өдрийн 141 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн.

1.5. Манай гэр бүл өмчлөлийн газраа Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн гурван шатны шүүхийн шийдвэрээр буцааж авсан боловч өмнө байсан хувийн сууц, дөрвөн тал хашаагаа дахин сэргээж барих хөрөнгө, мөнгөгүй хохирч байгаа бөгөөд 2022 онд 540 м.кв газартаа дөрвөн тал хашаа 10 х 10 хэмжээтэй 100 м.кв талбайтай хувийн сууцаа сэргээн барихад ямар зардал гаргах талаар мэргэшсэн төсөвчнөөр тооцоог гаргуулахад 126,919,631 төгрөгийн зардал гаргахаар байгаа учраас энэхүү хохирлоо хариуцагч Н бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас нэхэмжилж байна.

Яагаад гэвэл хариуцагч Н бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Г ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан, мөн санхүүжилтээр дэмжиж, санхүүжилтийг шийдэж өгөөгүйгээс төсөл хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдэг нь шүүхийн шийдвэрээр давхар нотлогдож байгаа. 2023.11.22-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн тогтоолоор Н болон ажлын албад нь Хот суурин газрыг хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, санхүүгийн эх үүсвэрийг Гранддайн ХХК-д шийдвэрлэж өгөөгүй гэдэг нь тогтоодсон учраас Н энэ хохирлыг бүрэн хариуцах үүрэгтэй.

Иймд Н-йн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээр *******Мт учруулсан хохирол болох ......................... тоотод байрлах дөрвөн тал хашаа, 10 х 10 хэмжээтэй 100 м.кв хувийн сууцаа сэргээн барихад гарах зардал 126,919,631 төгрөгийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан гэм хорын хохирол гэж үзэж Иргэний хуулийн 227 дугаар зүйл, 228 дугаар зүйл, 498 дугаар зүйлийн 498.2-т шаардаж байна... гэв.

 

2.Хариуцагч Н-йн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/31 дүгээр тогтоолоор "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмыг баталж, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор журмын нэмэлт өөрчлөлтийг тус тус баталж зохицуулсан. Н 2013.05.29-ний өдрийн А/533 дугаар захирамжаар Нийслэлийн ............................ нутаг дэвсгэр Амгалан /ГХДТ/2013/7 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр Гранд лайн ХХК-ийг батламжилсан.

Төсөл хэрэгжүүлэгч Г ХХК нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах журам, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Нийслэлийн Засаг даргын 2022.02.14-ний өдрийн А/169 дүгээр захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.

2.1.Г ХХК нь Нийслэлийн Засаг даргыг хариуцагчаар татаж шүүхэд хандсан бөгөөд Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр явж дууссан. 3 шатны шүүх нэхэмжлэгч Г ХХК, хариуцагч буюу Н хоёр хоорондоо тохиролцож, 3 сарын дотор шинэ захиргааны акт гаргах, бодит нөхцөл байдлыг үнэн зөв тогтоосны эцэст дахиад шинэ захиргааны акт гарга гэх утгатай шүүхийн шийдвэр гарсан. Н шүүхийн шийдвэрийг биелүүлж 2024 оны А/165 дугаар захирамжийг гарсан. Энэ захирамжаар Г ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг нь сэргээсэн бөгөөд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч нарт дутуу олгосон, түр суурьшуулахын зардал болон хохироосон иргэдийн асуудлыг шийдвэрлэх 6 сарын хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Энэ хугацаа 2024 оны 8 сард дуусна. Хэрвээ үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй байвал төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах эсэх асуудлыг хэлэлцэнэ гэх Засаг даргын захирамж өгсөн. Төсөл хэрэгжүүлэх явц сүүлийн байдлаар ийм шийдвэрүүд гарч байгаа.

2.3.Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж хэлэхэд 2013 онд гэр хорооллын дахин төлөвлөх, үйл ажиллагааг журамласан нарийвчилсан хууль батлагдаагүй байсан учраас Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны журмаар дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг журамласан байдаг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам-ын 3.11-д Төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулах бөгөөд гэрээний талууд нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй, 3.7-д Төсөл хэрэгжүүлэгч нь хууль ёсны газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчтай нэг бүрчлэн тохиролцоо хийн зохих гэрээ байгуулж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлнэ, 3.15-д Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайн газар чөлөөлөх ажлын зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна гэж заасан.

Нэхэмжлэгчийн тайлбар болон "Г " ХХК-ийн байгуулсан хоёр талт 89 дүгээр гэрээний 1.1 дэх заалт, Нэхэмжлэгчтэй байгуулсан ГХДТ2013/7/009 дугаар гурван талт гэрээний 4.1.2, 4.1.5, 5 дахь заалтаас харахад нэхэмжлэгчийн эзэмшил өмчлөлийн гэх 4 талт хашаа, 90 м.кв хувийн сууцыг буулгах, чөлөөлөх, үнэлэх үйл ажиллагаа нь төсөл хэрэгжүүлэгч "Г " ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд сайн дурын үндсэн дээр үүссэн харилцаа байсан. Нийслэлийн Засаг захиргааны байгууллага нэхэмжлэгчийн хувийн сууцыг буулгах, газар чөлөөлөх, үнэлэх үүргийг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам-аар нэхэмжлэгчтэй байгуулсан гурван талт гэрээгээр хүлээгээгүй

Нэхэмжлэгч нь өөрийн хувийн сууц, хашаа нураасан этгээд болох Г ХХК-иас гэм хорын хохирлыг шаардах нь зөв байх. Энэ асуудлыг хариуцаж байгаа агентлагийн зүгээс Г ХХК-д танайх төсөл хэрэгжүүлэх явцдаа өнгөрсөн хугацаанд иргэдийн эрх ашгийг нь хөндсөн, түр суурьшуулгын зардлыг нь өгөөгүй 2, 3 талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй асуудал байгаа учраас энэ шаардлагаа Г ХХК-д тавьсан.

Төслийн байршил дээр 2 блок барилга баригдсан. 2 блок барилга нь ойролцоогоор 10 орчим давхартай буюу гадна каркасын ажил хийгдээд дууссан. Төслийн талбай дахь инженерийн шугам сүлжээний асуудлыг Н хариуцдаг. Инженерийн шугам сүлжээний асуудлын тодорхой хөрөнгийг тухайн үед Н гаргаж, шийдсэн. Төслийн талбай дээр инженерийн шугам сүлжээний хоолой баригдаж байгаа. Мөн Нийслэлийн Засаг даргыг гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай, хууль бус үйлдэл эс үйлдэхүй гаргасан гэж тогтоосон гэх шүүхийн шийдвэр байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан 2022.07.18-ны өдрийн Ж.Т-д, 2022.11.25-ны өдөр М.Ц-д тус тус 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлүүд /хх-ийн 3, 124 х/,

-Мэргэшсэн төсөвчин А.Б-гийн гаргасан *******М-ын орон сууцны барилга, Төсөвт өртгийн нэгдсэн товчоо /хх-ийн 4-19 х/,

-2013.05.13-ны өдрийн 89 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ /хх-ийн 20-23 х/,

-2013.10.15-ны өдрийн 14 тоот Түр оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай гэрээ, Ж.Т-ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 24-25, 26 х/,

-2013.09.22-ны өдрийн ГХДТ/2013/7/009 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ /хх-ийн 27-30 х/

-Улсын бүртгэлийн 000057123 дугаартай 2010.06.14-ний өдрийн Газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Газрын кадастрын зураг /хх-ийн 31, 32 х/

-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.14-ний өдрийн 128/ШШ2019/0687 дугаартай шийдвэр /хх-ийн 34-39 х/

- Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019.12.25-ны өдрийн 08 дугаартай магадлал /хх-ийн 40-45 х/

-Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020.09.22-ны өдрийн 141 дугаартай тогтоол /хх-ийн 46-52 х/

-Газрын байршлын зураг Google Earth /хх-ийн 52-63 х/

-2022.07.01-ний өдрийн 13 тоот Хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 64-65 х/,

-Улсын тэмдэгтийн хураамжид 2022.09.01-ний өдөр 792,548 төгрөг төлсөн баримт /хх-ийн 71 х/,

-Мэргэшсэн төсөвчин А.Б-ийн №308-01 дугаартай гэрчилгээ, тайлбар бичиг /хх-ийн 96, 121 х/ зэрэг баримтуудыг,

 

4.Хариуцагч нь тайлбар татгалзтайгаа холбогдуулан 2022.09.19-ний өдрийн 01/4857, 2023.09.07-ны өдрийн 01/5561 тоот албан бичгээр тус тус Ж.Б-д олгосон итгэмжлэлүүд /хх-ийн 77, 209 х/,

-Хариу тайлбар /хх-ийн 78-79 х/,

-Нийслэлийн Засаг даргын 2022.02.14-ний өдрийн А/169 дугаартай Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай захирамж /хх-ийн 80 х/

-Нийслэлийн Засаг даргын 2013.05.29-ний өдрийн А/533 дугаартай Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай А/533 дугаартай захирамж /хх-ийн 81 х/ зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

5.Тус шүүхийн 2022.11.08-ны өдрийн 182/ШТ2022/00294 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүхийн тогтоолоор нэхэмжлэгчийн хүсэлтээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013.02.25-ны өдрийн 3/31 дугаартай Журам батлах тухай тогтоол болон түүний хавсралт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам /хх-ийн 110, 111-116 х/,

-2022.12.13-ны өдрийн 182/ШТ2022/00294 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай шүүхийн тогтоолоор гэрч Б.Гантөмөр, Ц.Бямбабаатар нарыг асуусан,

-2023.11.07-ны өдрийн 182/ШТ2023/00302 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүхийн тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.30-ны өдрийн 128/ШШ2023/0481 дугаартай шийдвэр /2 хх-ийн 20-42 х/

- Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.08.23-ны өдрийн 221/МА2023/0540 дугаартай магадлал /2 хх-ийн 54-58 х/,

-Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023.11.22-ны өдрийн 87 дугаартай тогтоол /2 хх-ийн 59-65 х/ зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч *******М нь Н-д холбогдуулан 126,919,631 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хариуцагч Н бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь талуудын 2013.09.22-ны өдөр байгуулсан ГХДТ/2013/7/009 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван тал гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр уг гэрээ цуцлагдсан. Мөн Г ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан, санхүүжилтээр дэмжиж, санхүүжилтийг шийдэж өгөөгүйгээс төсөл хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн учраас ......................... тоотод байрлах дөрвөн тал хашаа, 10 х 10 хэмжээтэй 100 м.кв хувийн сууцаа сэргээн барихад гарах зардал нийт 126,919,631 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

3.Хариуцагч Н бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам-аар дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг журамласан. Энэ журам болон зохигчийн байгуулсан гурван талт гэрээгээр манайх нэхэмжлэгчийн хашаа, хувийн сууцыг буулгаж чөлөөлөх, үнэлэх үүрэг хүлээгээгүй, түүнийг буулгасан, чөлөөлсөн ажлыг гүйцэтгээгүй. Мөн Нийслэлийн Засаг даргыг гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай, хууль бус үйлдэл эс үйлдэхүй гаргасан гэж тогтоосон гэх шүүхийн шийдвэр байхгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013.02.25-ны өдрийн 3/31 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам-ыг үндэслэн Н 2013.05.29-ний өдрийн А/533 дугаартай захирамжаар төсөл хэрэгжүүлэгчээр Г ХХК-ийг батламжилсаны дагуу нэхэмжлэгч *******М нь төсөл хэрэгжүүлэх байршил дахь, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчийн хувьд 2013.05.13-ны өдөр 89 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-г Г ХХК-тай,

Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 2/29, 3/31 тоот тогтоолыг үндэслэн 2013.09.22-ны өдөр ГХДТ/2013/7/009 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван тал гэрээ-г төсөл хэрэгжүүлэгч Г ХХК, Нийслэлийн Засаг даргын төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газартай тус байгуулжээ. /хх-ийн 20-23, 27-30 х/

 

а.2013.05.13-ны өдрийн 89 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-ний 2.1, 2.2, 2.3.1-д заасны дагуу *******М Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалан Жанжин 18,239 байршлийн хаягтай 540 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг, мөн хаягт байрлах хэмжээ, зориулалт тусгаагүй үл хөдлөх эд хөрөнгийг Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Амгалан байршилд баригдах орон сууцны 3 дугаар давхарын 3 өрөө, 77 м.кв, 2 өрөө 45.2 м.кв талбай бүхий нийт 122.2 м.кв талбайтай орон сууцаар солих,

гэрээний 3.2-т зааснаар төсөл хэрэгжүүлэгч Г ХХК нь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдын 75-с дээш хувьтай гэрээ байгуулсны дараа 3 талт гэрээ байгуулах, төслийн үйл ажиллагааг эхлүүлэх, гэрээний үүргийн биелэлт газрыг шаардаж чөлөөлүүлэх, хөдлөх эд хөрөнгийн газрыг төслийг хэрэгжүүлж, төсөл хэрэгжүүлэх газрыг чөлөөлөх, орон сууцны барилга, байгууламжийг барьж ашиглалтад оруулах үүргийг тус тус хүлээсэн бол,

2013.09.22-ны өдөр ГХДТ/2013/7/009 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван тал гэрээ нь ...төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой Нийслэлийн Засаг захиргааны байгууллага, иргэн, төсөл хэрэгжүүлэгч нарын хооронд үүсэх харилцааг зохицуулахаар байгуулагдаж, гэрээний 5-д зааснаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь төсөл хэрэгжүүлэх байршил, нэгж талбарт шинээр баригдах барилга байгууламжийн байршлыг тогтоох, архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлах, барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж, төсөл хэрэгжүүлэгчээс ажлын гүйцэтгэлийн мэдээг гаргуулж, төслийн удирдах хороонд тайлагнах үүргийг хэрэгжүүлэхээр тус тус тохиролцжээ.

 

б.Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх ба 2013.05.13-ны өдрийн 89 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-г үндэслэн 2013.09.22-ны өдөр ГХДТ/2013/7/009 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван тал гэрээ байгуулагдаж, талууд хүсэл зоригийн илэрхийллээ болгон гарын үсгээ зурж, тамга даран баталгаажуулж хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах ёстой дээрх гэрээнүүдийн агуулгаар зохигчийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

в.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасны дагуу арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг. Энэхүү зохицуулалт нь үүргийн эрх зүйн хувьд хоёр тал хариу үүргийг нэн даруй, эсхүл тодорхой хугацааны дараа хожим гүйцэтгэх, хариу үүргийг мөнгөөр бус эд хөрөнгө, шаардлагатай үед өмчлөх эрхийг шилжүүлэх зэргээр үнэ төлөхгүй, харин нөгөө талын шилжүүлэн өгсөн хөрөнгийн хариуд өөрийн хөрөнгийг шилжүүлснээр гэрээний үүрэг биелэгддэг онцгой төрлийн гэрээ юм.

 

г.Нэхэмжлэгч *******Мын хувьд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалан Жанжин 18-239 байршлийн хаягтай 540 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг, мөн хаягт байрлах хэмжээ, зориулалт тусгаагүй үл хөдлөх эд хөрөнгийг Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Амгалан байршилд баригдах орон сууцны 3 дугаар давхарын 3 өрөө, 77 м.кв, 2 өрөө 45.2 м.кв талбай бүхий нийт 122.2 м.кв талбайтай орон сууцаар солихоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжих газраа чөлөөлж, гэрээ буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн.

 

д.Төсөл хэрэгжүүлэгч Нийслэлийн Захиргааны байгууллага болох Н нь 2013.09.22-ны өдрийн ГХДТ/2013/7/009 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван тал гэрээ-ний биелэлтийг хангах, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж, төсөл хэрэгжүүлэгчээс ажлын гүйцэтгэлийн мэдээг гаргуулж, төслийн удирдах хороонд сар тутам тайлагнах, төсөл хэрэгжүүлэгч нь гэрээний үүргийг удаа дараа ноцтой зөрчсөн, үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь нотлогдсон тохиолдолд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулах тухай хүсэлтийг төслийн удирдах хороогоор шийдвэрлүүлэх үүргээ биелүүлээгүйгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр уг гэрээ цуцлагдсан, мөн Г ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан, санхүүжилтээр дэмжиж, санхүүжилтийг шийдэж өгөөгүйгээс төсөл хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн гэж тайлбарлаж, ......................... тоотод байрлах дөрвөн тал хашаа, 10 х 10 хэмжээтэй 100 м.кв хувийн сууцаа сэргээн барихад гарах зардал нийт 126,919,631 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгааг буруутгах боломжгүй.

 

4.2. Учир нь нэхэмжлэгч *******М нэр бүхий 2 иргэний хамт Н, Орон сууцны дэд бүтцийн газарт холбогдуулан ............................ нутагт /ГХДТ/2013/7багцын/ төсөл хэрэгжүүлэгч Г ХХК, ГХДТ/2013/7/003, ГХДТ/2013/004, ГХДТ/2013/7/009 тоот гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг тогтоож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан олгохыг хариуцагч нарт даалгуулах, ГХДТ/2013/7/003, ГХДТ/2013/004, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гэм хор 27,300,000 төгрөгийг, ГХДТ/2013/7/009 гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гэм хор 17,300,000 төгрөгийг Нас гаргуулах тухай нэхэмжлэлийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.

 

а.Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.14-ний өдрийн 128/ШШ2019/0687 дугаартай шийдвэрээр *******М нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 18 дугаар гудамжны 239 тоот байршилтай нэгж талбарын 186493094529997 дугаартай 540 м.кв талбайтай газрыг чөлөөлж, гэрээнд заасан үүргээ биелүүлжээ. ...Гурван тал гэрээний нэг тал болох иргэн уг гэрээнээс учирсан хохирлоо захиргааны байгууллагаас нэхэмжилж, захиргааны байгууллага, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй Г ХХК-иас төрд учирсан хохирлоо гаргуулах нь зүйтэй байна. Захиргааны байгууллага гурван талт гэрээнд хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлж, иргэдийг хохироох нөхцөл байдал үүсгэсэн, нөхцөл байдал илэрч байхад гэрээг цуцлах арга хэмжээ авалгүйгээр иргэдийг хохироосон... гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, ............................ нутагт /ГХДТ/2013/7багцын/ төсөл хэрэгжүүлэгч Г ХХК, ... ГХДТ/2013/7/009 тоот гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг тогтоож, гуравдагч этгээдийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан олгохыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэжээ./хх-ийн 34-39 х/

 

Дээрх шийдвэрт хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019.12.25-ны өдрийн 08 дугаартай магадлалаар хянаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Мөн зохигчийн гомдлоор Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020.09.22-ны өдрийн 141 дугаартай тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэж, 08 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2019.10.14-ний өдрийн 128/ШШ2019/0687 дугаар шийдвэрт гуравдагч этгээдийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж... гэсний дараа нэхэмжлэгч *******Мын байгуулсан гурван талт гэрээг цуцалж гэсэн нэхэмжлт өөрчлөлтийг оруулан шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ. /хх-ийн 40-45, 46-52 х

 

б.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй бөгөөд *******Мын 2013.09.22-ны өдөр Н болон Г ХХК-тай байгуулсан ГХДТ/2013/7/009 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван тал гэрээ цуцлагдаж, түүний газар өмчлөх эрх нь сэргэсэн байна.

 

Ингэснээр гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 18 дугаар гудамжны 239 тоот хаягт байршилтай нэгж талбарын 186493094529997 дугаартай 540 м.кв талбайтай газар нь нэхэмжлэгч *******Мын эзэмшил, ашиглалтад буцаан шилжих үндэслэл болжээ.

5.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

а.*******М гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээнд заасны дагуу Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 18 дугаар гудамжны 239 тоот хаягт байршилтай нэгж талбарын 186493094529997 дугаартай 540 м.кв талбайтай газарт 10 х 8 хэмжээтэй мансардтай 2 давхар тоосгон байшин байсан. Мөн байшингийн хажууд зүүн буланд нь 10 х 10 харьцаатай, доод талдаа авто машины гараштай, байшингийн суурь цутгаж 1 давхар дуустал баригдаж байсан барилгаа бас хүлээлгэн өгч нураалгасан. Газраа чөлөөлөхдөө бид гэрээсээ зөвхөн тавилгаа, өмсөх хувцсаа л авч гарсан. Одоо өөрийнхөө газар дээрээ 4 тал хашаа болон хувийн сууцаа сэргээн барихад 126,919,631 төгрөг шаардлагатай гэж хохирлынхоо хэмжээг тодорхойлж, хариуцагчаас нэхэмжилж байгааг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Учир нь Монгол Улсын мэргэшсэн төсөвчин А.Баяндалай Төсөвт өртгийн нэгдсэн товчоо /хх-ийн 4-19 х/-гоор нэхэмжлэгч *******Мын 4 тал хашаа болон хувийн орон сууцны барилгын төсвийг урьдчилан тооцож, сэргээн барихад нийт 126,919,631 төгрөгийн зардал шаардлагатай болохыг тогтоожээ. /хх-ийн 4-19, 121 х/

 

б.Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээрх хашаанд 2 давхар мансардтай тоосгон байшин, хажууд нь барилга байсан болох нь гэрч Б.Гантөмөрийн Анх 2012 онд дахин төлөвлөлт эхлээд, 2013.09 дүгээр сард айлуудын газар чөлөөлөхөд Ж.Төвхөн, *******М гэдэг айл нэг нь манайх нэг нь болж эхний 16 айлын газар чөлөөлсөн. Орон сууцтай, хувийн байшинтай байсан айлуудын байшинг нь үнэлэлгүйгээр зөвхөн газар дээр буюу 0.7 м.кв газрыг 120 м.кв байраар солино гэсэн үндэслэлээр бид нар гарын үсэг зурж эхний 16 айл газар чөлөөлсөн, Миний мэдэж байгаагаар 2 давхар байшин, хажууд нь барьж байсан гараштай тийм байшин байсан гэх, гэрч Ц.Бямбабаатарын Манай хашааны зүүн хойд талд эдний хашаа байсан. Дотор нь том мансардтай дээр үеийн цагаан тоосгоор хийсэн байшин, нэг гэр байдаг байсан. Мөн шинээр нэг байшин барьж байсан, Тэгээд хашаа, байшингаа аваад явчихъя, нураагаад авчихъя гэсэн чинь та нарт өгөхгүй, та нар хэрэгтэй юмаа аваад, хэрэггүй зүйлээ хог болгоод хаячихдаг. Хогийг нь зайлуулах нь бид нарт бас зардалтай байдаг гэсэн. Тэгээд юу ч өгөөгүй гэх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 136-137, 139-140 х/-үүд, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны нэгж талбарын дугаар 1331401512, ХНТ:186493094529997, эрхийн төрөл: өмлөх, регистрийн дугаар УЕ800805578, барилгын урт 9.68, 7.59, 9.68, 7.59, дугаар Б:73, талбай 74 гэсэн бичилт бүхий Кадастрийн зураг /хх-ийн 32 х/, газрын байршлын агаар, сансарын Google Earth зураг /хх-ийн 53-63 х/ байр зүйн агаар сансарын зураг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тус тус тогтоогдлоо.

 

в.Хариуцагч Н нь 2022.02.14-ний өдөр А/169 дугаартай захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй гэх үндэслэлээр төсөл хэрэгжүүлэгч Г ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан, мөн нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анан шатны шүүхийн шийдвэрээр газар өмчлөх эрхийн гэрчилгээгээ буцаан авсан нөхцөл байдлын улмаас 2013.05.13-ны өдрийн 89 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ, 2013.09.22-ны өдрийн ГХДТ/2013/7/009 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван тал гэрээ тус тус хэрэгжих боломжгүй болжээ.

 

Иймд 2013.05.13-ны өдрийн 89 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-г үндэслэн 2013.09.22-ны өдөр байгуулсан ГХДТ/2013/7/009 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван тал гэрээ-нд хяналт тавих үүргээ Захиргааны байгууллага хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн 4 тал хашаа, хувийн сууцаа барихад зарцуулагдах 126,919,631 төгрөгийн хохирыг хариуцах үүрэгтэй гэж шүүх дүгнэлээ.

 

6.Томилогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигч түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасныг баримтлан зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэсэн болно.

 

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

а.Тус шүүхийн 2023.11.28-ны өдрийн 182/ШТ2023/00324 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай тогтоолоор хариуцагчийн хүсэлтийг үндэслэн төсөл хэрэгжүүлэгч Г ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэж, 2023.12.08, 2024.01.29-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудас, 2024.02.29-ний өдөр 734 тоот албан бичгийг тус тус хүргүүлсэн.

 

б.Гэвч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Г ХХК нь 2024.04.26-ны өдөр ...манайх Захиргааны шүүхээр хэргээ шийдвэрлүүлсэн тул энэ хэрэгт оролцох шаардлагагүй... гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

8.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн 2022.09.01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 700,000+92,548=792,548 төгрөг /долоон зуун ерэн хоёр мянга таван зуун дөчин найм/-ийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 792,548 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 274.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 126,919,631 төгрөг /нэг зуун хорин зургаан сая есөн зуун арван есөн мянга зургаан зуун гучин нэг/-ийг гаргуулж нэхэмжлэгч *******Мт олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2022.09.01-ний өдөр төлсөн 792,548 төгрөг /долоон зуун ерэн хоёр мянга таван зуун дөчин найм/-ийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 792.540 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА

 

ШҮҮГЧИД Ж.БАЙГАЛМАА

 

Ч.ДАВААСҮРЭН