Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2102

 

Б.Ө-ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/02301 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Ө-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.А-т холбогдох,

 

Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хувьцаа эзэмших эрхийг сэргээлгэх тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Ө-, 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: У.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батмөнх овогтой Ө- миний бие 2012 оны 01 сарын 31-ний өдөр К ХХК-ийг үүсгэн байгуулсан. Тус компани дээр эхлүүлсэн бизнесээ хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан тул иргэн Э.А-аас хөрөнгө оруулалт хүсч, хамтран ажиллах болсон. Э.А- нь компаний 70 хувийн хувьцааг 200 000 ам.доллараар худалдан авъя гэсэн санал тавьж, миний ср[email protected] гэх и-мэйл хаягт хувьцаа худалдаж авах тухай гурван гэрээний төслийг боловсруулан ирүүлснийг нь харилцан ярилцаж, амаар хүлээн зөвшөөрч, 2012 оны 6 сарын 27-ны өдөр 70 хувийн хувьцаагаа Э.А-т хуулийн дагуу шилжүүлэн өгсөн юм. Энэ нь цэвэр итгэлцлийн зарчим дээр хийгдсэн гэрээ байсан. Э.А- нь компанийн 70 хувийн хувьцааг 200 000 ам.доллараар худалдах, худалдан авах гэрээний төсөл илгээсэн ч тэр өдөр чиний хувьцааг өндөр үнээр худалдан авч байгаа учраас чамайг хувьцаагаа яг шилжүүлнэ гэдэгт итгэхгүй байна. Тиймээс 70 хувийн хувьцааг 700 000 төгрөгөөр эхэлж худалдах, худалдан авах гэрээ байгуулаад, улсын бүртгэлд нэрээ бүртгүүлээд, чамайг хувьцаагаа шилжүүлсний дараа буюу би энэ компанид албан ёсоор бүртгүүлж орсныхоо дараа 200 000 ам.доллараа данс руу чинь шилжүүлье гэж итгэлтэйгээр хэлсэн тул түүнд нь итгэж, 70 хувийнхаа хувьцааг шилжүүлсэн. Гэтэл Э.А- нь энэ аман хэлцлийнхээ үүргээ одоог хүртэл биелүүлээгүй. Түүнчлэн хариуцагч Э.А- нь нотариатаар баталгаажуулсан хувьцаа шилжүүлэх гэрээний үнийн төлбөр болох 700 000 төгрөгөө ч мөн өнөөдрийг хүртэл төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөн тул талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 6 сарын 27-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс хувьцаа худалдагч Б.Ө- миний бие Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр уг гэрээнээс татгалзаж дээрх гэрээг цуцалж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсан бөгөөд бидний байгуулсан гэрээ нь хиймэгц биелэгдэх шинжтэй гэрээ буюу хариуцагч гэрээ байгуулагдмагц хамгийн багадаа 700 000 төгрөгийг худалдагч тал болох Б.Ө- надад шилжүүлснээр гэрээ биелэгдэх ёстой байсан. Миний зүгээс хариуцагч Э.А-т гэрээний болон аман хэлбэрээр тохирсон хувьцааны үнээ төлөхийг удаа дараа шаардсан боловч сүүлдээ миний ээж Б.Х-ыг эрүүгийн хэрэгт гүтгэх, улмаар их хэмжээний төлбөр нэхэмжлэх зэрэг байдлыг олон жилийн турш гаргаж, миний гэрээгээр шилжүүлсэн хувьцаагаар олж авсан компанийн засаглалын эрхээ бидний эсрэг урвуулан ашиглаж, хувьдаа их хэмжээний мөнгийг завшиж, итгэл алдсан үйлдэл гаргах болсон тул гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцагчтай байгуулсан 2012 оны 6 сарын 27-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт заасан татгалзах эрхийн дагуу уг гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлуулах эрхээ эдэлж байна. Иймд Б.Ө-, Э.А- бидний байгуулсан 2012 оны 6 сарын 27-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Э.А-т гэрээгээр шилжүүлсэн 70 хувийн хувьцаагаа эзэмших эрхийг минь сэргээж, К ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Ө-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Юуны өмнө нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хариу тайлбар гаргахаас өмнө шүүх энэхүү маргаантай холбоотой асуудалд ойлголт аваасай гэсэн үүднээс дараах ерөнхий тайлбарыг хүргэж байна. 2012 оны хавар миний найз Н.Цогт гэж хүн өнөөдрийн нэхэмжлэл гаргаад байгаа Б.Ө-, түүний ээж Б.Х- нарыг надад танилцуулсан юм. Уулзаад ямар асуудлын талаар хөрөнгө оруулалт, хамтран ажиллах талаар сонирхож байгааг нь сонсоход тээврийн хэрэгслийн шатахуунд хольж зардаг нано шингэнийг гадаад улсаас оруулж ирж автоплаза төв дээр лангуу түрээсэлж зарж борлуулах жижиглэнгийн худалдааны талаар олж танилцуулж байсан. Тухайн үед миний бие ийм төрлийн бизнес эрхэлдэггүй, мөн жижиглэнгийн худалдааг огт танихгүй хүмүүстэй хамтран ажиллахаас татгалзаж нөхцөл байдлаа хэлж тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгч Б.Ө-, Б.Х- нар нь манай ажлын гадаа өдөр болгон шахуу зогсож хүлээн, ажил тарахад амдаж ирээд уулзаж энэ л асуудлаа дахин дахин ярьж хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх талаар ятгадаг байсан. Миний бие сүүлдээ ээж, хүү хоёрыг өрөвдөж, яригдаад байгаа бүтээгдэхүүнийг нь товчхон судалж ойлголт авсан. Ингээд лангуун дээр жижиглэнгээр худалдаалдаггүй юмаа гэхэд Монгол Улсад оруулж ирээд борлуулалт хийхэд бинзений шаталт сайтай, тээврийн хэрэгсэлд эвдрэл багатай, эдийн засгийн хувьд иргэдэд хэмнэлттэй бүтээгдэхүүн гэдгийг ойлгож хамтран ажиллах саналыг хүлээж авсан. Энэ үед К ХХК 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай. Үүсгэн байгуулагдаад хэдхэн сар болсон, үйл ажиллагаа тогтмол явуулдаггүй, татварт X тайлан гаргадаг, аж ахуй нэгжийн ямар нэгэн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлгүй, үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нь 100 хувь иргэн Б.Ө-ын нэр дээрх хуулийн этгээд байсан юм. Ингээд миний бие 2012 оны 6 сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай компанийн 70 хувийн хувьцааг нь 700 000 төгрөгөөр худалдан авч, Б.Ө- нь ээж Б.Х-даа 30 хувийн хувьцаагаа шилжүүлэн би гүйцэтгэх захирлаар, ээж нь санхүү хариуцсан захирлаар томилогдож, өөрөө энэ компаниас бүрэн гарсан болно. Тухайн үед хувьцаа худалдах худалдан авах гэрээг нотариатаар батлуулж, миний бие бэлэн боодолтой 1 000 000 төгрөгөөс 200 000 төгрөгийг өөртөө авч үлдээд 700 000 төгрөг нь 70 хувийн хувьцааны үнэ, 100 000 төгрөг нь улсын бүртгэлд бүртгүүлэх тэмдэгтийн хураамж бусад зардалдаа хэрэглээрэй гээд нийт 800 000 төгрөгийг өгч явуулж байсан. Мэдээж ямар ч эрүүл ухаантай хүн үүсгэн байгуулагдаад хэдхэн сар болсон, хов хоосон ямар нэгэн үйл ажиллагаа нь тогтворжоогүй, ашиг олдоггүй компанийг 200 000 ам.доллараар худалдаж, хэзээ, ямар ашиг олно гэж тооцоолхов. Энэ бол дэндүү бодит байдалд нийцээгүй нэхэмжлэлийн үндэслэл болохыг эрхэм шүүх бүрэлдэхүүн анхааран үзнэ биз ээ. Б.Ө-ын ээж Б.Х- нь 2012 оны 6 сарын 27-ны өдрийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 8 хоногийн дараа буюу мөн оны 7 сарын 05-ны өдөр Э.А- надаас хувийн зорилгоор ашиглах үүднээс хүүгүйгээр 30 000 ам.доллар зээлэх хүсэлт бичгээр гаргаж, гэрээ байгуулан авчихаад эргүүлж өгөөгүй байгаа баримтууд нь одоо ч надад хадгалагдсан хэвээр байна. Хэрэв би Б.Ө-аас 70 хувийн хувьцааг нь аваад 700 000 төгрөгийг огт өгөөгүй, бүр 200 000 ам.доллараар худалдаж авна гэсэн бол ээж, хүү хоёр надад хувьцаагаа шилжүүлээд 8 хоногийн дараа хувьдаа хэрэглэнэ гэж 30 000 ам.доллар зээлэх хүсэлт бичгээр гаргаж авах байсан уу. Би 700 000 төгрөгийг төлөөгүй байж тэр хүмүүстэй 30 000 ам.доллар зээлэх үү. Ямар ч хүн эрүүл ухаанаар бодсон авцалдаа, логикгүй зүйл ярьж 7 жилийн дараа өнөөдөр нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Миний бие хувьцаатай болсноор тухайн бүтээгдэхүүнийг бүрэн судлах. Монгол Улсын томоохон хуулийн этгээдүүдэд туршилт хийх, хөрөнгө санхүүжилт, мөн бизнесийн туршлагатай хүмүүстэй хамтран ажиллахын тулд өөрийн хувьцаанаас тодорхой хэсгийг 2012 оны 7 сарын 27-ны өдөр бусдад шилжүүлж, компанид хөрөнгө оруулалт босгож эхэлсэн. Ингээд туршилтууд амжилттай явагдаж, бүтээгдэхүүн борлуулалтын гэрээ ч байгуулагдаж эхэлсэн. Тухайн үед 70, 30 хувийн хувьцааг шилжүүлэхэд миний бие гэрээнд гарын үсэг зурж, явуулснаар улсын бүртгэлийн бусад асуудалд оролцоогүй юм. Гэтэл Б.Х-, Б.Ө- хоёр нь улсын бүртгэлийн гадаа хүмүүсийн бичиг баримтыг бүрдүүлж, бүртгүүлж өгдөг хувь хүмүүсээр хийлгэсэн байдаг бөгөөд компанийн дүрмэнд Б.Х-ын ч, миний ч гарын үсгийг тухайн хүмүүс нь орлуулж зураад бүртгүүлсэн байсныг миний бие хожим мэдсэн юм. Б.Ө-, Б.Х- нар нь 2012 оны сарын 27-ны өдөр надад хувьцаагаа шилжүүлчихээд 7 сард намайг бизнесийн төслөө боловсруулж, хөрөнгө оруулалт босгож эхлэхэд ийм байдлаар мөнгө олох боломжтой юм байна гэдэг өнгөцхөн ойлголт авч, БНХАУ-ын Тайвань улсын J WELL international компанийн нэрийг орчуулан монгол гэсэн үг оруулан надад мэдэгдэлгүй мөн оны 8 сард дахин “Жим вэйл монголия интернейшнл" ХХК-ийг үүсгэн байгуулан эрхээ шилжүүлж, авахаар санаархаж байсныг би бүх зүйл болоод өнгөрсний дараа мэдсэн юм. Мөн түүнчлэн К ХХК-ийг 2012 оны 01 дүгээр 01 сард үүсгэн байгуулаад мөн оныхоо 02 сарын 13-ны өдөр Б.Ө- нь Б.Х-д хуулийн эдгээдийн харилцагч банкинд компанийг төлөөлж, нэгдүгээр гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэл хийж өгсөнийгөө надад мэдэгдэлгүй, 70 хувийн хувьцаагаа шилжүүлснээс хойш компани тамга тэмдэг, гэрчилгээ, бусад бичиг баримтыг авч явах хүртлээ санхүүгийн баримтад ажлын байран дээр надаар нэгдүгээр гарын үсэг зуруулан яваад банкинд огт ашиглалгүй өөрөөнхөө гарын үсгээр компанид мэдэгдсэн, мэдэгдээгүй гүйлгээ хийдэг байсныг компанийн хувьцаа эзэмшигч нар сүүлд мэдсэн юм. Энэ үетэй зэрэгцэн иргэн Батсайхан 100 000 ам.доллараа өгчөөд хувьцаагаа шилжүүлж авч чадаагүй байхад нь Б.Х- өөрөө нууцаар дистрибьютрийн эрхийг өөрийн дахин үүсгэн байгуулагдсан компанид шилжүүлэн авч К ХХК-ийн төслийг зогсоосныг сонсоод цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Түүнээс биш миний бие хувь хүнийхээ үүднээс болон К ХХК-ийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий этгээдийн зүгээс өнөөдрийг хүртэлх хугацаанд Б.Ө-, Б.Х- хоёрын энэ залилан мэхэлж, завшсан үйлдлүүдэд нь нэг удаа ч гомдол гаргаж байгаагүй бөгөөд харин Б.Батсайханы гомдол болон өөрсдийнх нь гаргасан компанийн дүрмэнд гарын үсэг хуурамчаар зурсан гэх зэрэг үндэслэлгүй гомдлуудтай нь холбогдуулан тухайн үед гүйцэтгэх захирал байсныхаа хувьд сүүлийн хэдэн жил шалгагдаж, миний бие гэм буруугүй болох нь тогтоогдож хэрэгсэхгүй болсон болно. Гэтэл аль 2012 онд байгуулагдсан хувьцааны эрх шилжүүлэх гэрээний асуудлыг өнөөдөр ярьж эрүүгийн хэргээр шалгагдаж хэрэгсэхгүй болсон болон иргэний шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг эс тооцон нэхэмжлэл гаргасан байна. Иймд иргэн Б.Ө-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ө-, Э.А- нарын хооронд 2012 оны 6 сарын 27-ны өдөр байгуулсан К ХХК-ийн 70 хувийн хувьцааг 700 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, К ХХК-ийн 37 хувийн энгийн хувьцааг хариуцагч Э.А-ын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, 37 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.Ө-ын өмчлөлд бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлээс К ХХК-ийн 33 хувийн энгийн хувьцааг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.А-аас 140 400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ө-т олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, шийдвэрлэсэн нь илтэд хууль зөрчсөн. Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасанчлан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Энэхүү хугацаа нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага, мөн гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг шаардах, цаашилбал ийнхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг хэлцлээс татгалзах шаардлагад ч нэгэн адил хамаарна. Талуудын хооронд байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 3.1 дэх хэсэгт заасан төлбөр төлөх үүргийг шаардах эрх гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр буюу 2012 оны 6 сарын 27-ны өдөр үүссэн бөгөөд нэхэмжлэгч нь уг хугацаа дууссан өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд буюу 2015 оны 6 сарын 28-ны өдрөөс өмнө уг гэрээний үүргийн асуудлаар, үүний дотор гэрээнээс татгалзах шаардлагыг гаргах эрхтэй байсан. Гэвч нэхэмжлэгч нь энэ талаар дурдсан хугацаанд ямарваа нэг шаардлага гаргаагүй бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа зогсох, тасалдах үндэслэл үүссэн талаарх нотлох баримт хэргийн материалд авагдаагүй байна. Нөхцөл байдал ийм байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх” шаардлагыг ноцтой зөрчжээ. Шүүх маргаанд хамаарах ач холбогдол бүхий хэлцлийн мөн чанар, үндсэн нөхцөлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу хэрэглэсэн. Тодруулбал, шийдвэрийн 7 болон 8 дугаар талд “Кан повер монголия интерпрайс” ХХК-ийн 66 хувийн хувьцааг 200 000 ам.доллараар худалдан авахаар өөрийн цахим хаягаас 2014 оны 4 сарын 09-ний өдөр нэхэмжлэгчид гэрээний төсөл, гэрээний үнийг ирүүлснийг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 195.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэрээ байгуулах санал гаргасан, хариуцагч саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ” гэжээ. Гэтэл Иргэний хуулийн 195 дугаар зүйл бүхэлдээ гэрээ байгуулах саналыг хэрхэн гаргах асуудлыг зохицуулдаг бөгөөд харин уг санал ямар тохиолдолд гэрээ байгуулсанд тооцогдох асуудлыг мөн хуулийн 196 дугаар зүйлээр зохицуулдаг. Үзлэгээр авагдсан нотлох баримт гэгдэх Хариуцагчаас 2012 оны 4 сарын 09-ний өдөр илгээсэн цахим шуудан нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулах саналд тооцогдож болох боловч уг саналыг нэхэмжлэгч хүлээн авсан үйл баримт нь уг саналыг хүлээн зөвшөөрч, талуудын хооронд гэрээ байгуулсанд тооцох үндэслэл болохгүй. Тодруулбал, ийнхүү гэрээ байгуулах саналыг нэхэмжлэгч хүлээж авсан нь мөн саналыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасанчлан хүчин төгөлдөр болгох үр дагаварыг л үүсгэнэ. Харин ийнхүү саналыг хүлээж авсан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулсанд тооцох үндэслэлийн алинд ч хамаарахгүй. Ийнхүү шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх” шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн талуудын хооронд байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8-д заасны дагуу нотариатаар гэрчлүүлэх хэлцэл бөгөөд энэ төрлийн хэлцэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 43.2.3-т заасанчлан нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болдог. Иймд 2012 оны 4 сарын 09-ний өдрийн цахим шууданг хуулийн хүчин төгөлдөр хэлцэлд тооцох боломжгүй байсныг анхаарах нь зүйтэй болов уу. Шүүх 2012 оны 6 сарын 27-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэж дүгнэхдээ талуудын хүсэл зоригийн илэрхийллийг илтэд мушгиж тайлбарласан. Тодруулбал, хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа үнийн талаар 200 000 гэсэн дүн ч яригдаж байсан, мөн 00 гэсэн дүн ч яригдаж байсан талаар тодорхой дурдсан байдаг бөгөөд энэ нь хуралдааны тэмдэглэл болон шийдвэрт тодорхой туссан байгаа. Нөгөө талаас нэхэмжлэгч ч гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 200 000 ам.долларын үүргийг гүйцэтгээгүй гэдэг агуулгаар биш харин 2012 оны 6 сарын 27-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнд заасан 700 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэл гаргасан гэдгээ тодорхой илэрхийлсэн байдаг. Энэ талаар шүүх хуралдааны 2301 дугаартай тэмдэглэлийн 11 дүгээр талд даргалагч 200 000 ам.доллар, 700 000 төгрөг гээд байна. Танай шаардлага яг аль нь вэ гэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч 700 000 төгрөг. Анх гэрээ хийхэд 200 000 ам.доллар тодотгосон байдал юм. Татвараас зайлсхийх зорилгоор Нотариат, Компанийн тухай хуулиас зугтаж гэрээ хийх талаар зөвлөсөн байх магадлалтай юм. 200 000 ам.доллар төлөөгүй биш 700 000 төгрөг төлөөгүй гэдгээр татгалзаж байгаа гэсэн байдаг. Дээр дурдсанчлан талуудын хэн аль нь 200 000 ам.долларын асуудлыг нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай холбоогүй болохыг илэрхийлсээр байтал шүүх шийдвэртээ уг нөхцөл байдал нь хүчин төгөлдөр хэлцэл тул зохих журмын дагуу 2012 оны 6 сарын 27-ны өдөр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон шийдвэрлэсэн нь диспозитив зарчимд харшлахын зэрэгцээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх” шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Ө- нь хариуцагч Э.А-т холбогдуулан 2012 оны 6 сарын 27-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээг цуцалж, Э.А-т шилжүүлсэн 70 хувийн хувьцаа эзэмших эрхийг сэргээлгэж, К ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Э.А- нь татгалзалдаа болон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн нь илтэд хууль зөрчсөн гэжээ.

 

            К ХХК-ийн 70 хувь буюу 200 000 ам.долларыг Б.Ө-, Б.Х- нараас залилан мэхэлж авсан гэх үндэслэлээр хариуцагч Э.А-т эрүүгийн хэрэг үүсгэн, Баянзүрх дүүргийн прокурорын газарт хянан шалгасан байна. /хх-ийн 55-133-р тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2019 оны 8 сарын 21-ний өдрийн 101/ШЗ2019/12874 дүгээр захирамжаар хангаж, нотлох баримтыг 2019 оны 8 сарын 26-ны дотор ирүүлэхийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт даалгасан байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас холбогдох нотлох баримтуудыг ирүүлжээ. /хх-ийн 51-52, 53-54, 55-133-р тал/

           

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас ирүүлсэн 74 дугаартай, зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу хэдэн оны тогтоол болох нь тодорхой бус байна. /хх-ийн 126-р тал/ Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон огноо тодорхойгүй байх тул нэхэмжлэгч Б.Ө- нь хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, эсхүл хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт хийх боложгүй байна. 

 

Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/02301 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.ОТГОНЦЭЦЭГ                                       

                                         ШҮҮГЧИД                                                С.ЭНХТӨР

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ