Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2101

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш--ны нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/02103 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш--ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Л-д холбогдох,

 

Сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн зоорийн давхрыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ш--ноос 4 900 700 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 оны 11 сарын 08-ны өдөр байгуулсан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээг нэг талаас Ш-, нөгөө талаас О.Л- нар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байр, 5 дугаар орцны 84 м.кв талбайтай Ш--ны эзэмшлийн подвалийг үйлдвэрлэл, үйлчилгээ болон бусад зориулалтаар ашиглан дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтыг сайжруулах, ашиглалт, засвар үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн хуримтлалыг нэмэгдүүлэх зорилгоор тус гэрээг байгуулсан байна. Тус гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд 2 тал гарын үсэг зурж, баталгаажуулснаар хүчин төгөлдөр болох ба, гэрээг байгуулсан өдрөөс эхлэн 2011 оны 4 сарын 01-нийг хүртэл гэж гэрээндээ заажээ. Цаашид иргэн О.Л- нь гэрээгээ албан ёсоор сунгаагүй бөгөөд энэхүү гэрээнд заасан хугацаа өнгөрсөн байхад өнөөдрийг хүртэл 2019 оны 4 сар хүртэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байр, 5 дугаар орцны 84 м.кв бүхий зоорийн давхрын подвальд амьдарсаар байгаа юм. Ингээд тус гэрээг СӨХ-ны удирдах зөвлөл хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гэрээг хурлаар цуцалж, СӨХ-ны эзэмшилд авах тухай хурлын тогтоол гарч, албан ёсоор гарах тухай мэдэгдлийг О.Л-д 2 удаа хүргүүлсэн боловч одоогоор СӨХ-ны эзэмшлийн талбайг чөлөөлж өгөөгүй байгаа тул шүүхийн журмаар нотлох баримтуудыг хавсаргаж, албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байгаа юм. Учир нь 5 дугаар байрны 5 дугаар орцны зоорийн давхрыг О.Л- СӨХ-ны эзэмшлийн зоорийн давхрыг дур мэдэн иргэдэд дамлан түрээсэлж байгаа явдал нь хууль зөрчөөд зогсохгүй ингэж бусдын өмчлөлийн асуудалд дур мэдэн хувьдаа ашиглаж байгаа үйлдэл тул иргэн О.Л-ын гэрээг шүүхээр цуцлуулж, албадан чөлөөлүүлэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй юм. Түрээслэгч О.Л- нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээний 3.1, 3.6, Иргэний хуулийн 219, 225 дугаар зүйлүүдэд заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь О.Л- нь хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байх, Ш--ны тавьсан шаардлагыг биелүүлэх, дур мэдэн подвалийг хэн нэгэнд түрээслэхгүй байх гэсэн гэрээнд заасан үүргээ зөрчсөн байна. О. Ламганжав нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, жил бүр гэрээг дүгнэж, бичгээр сунгаж байгаагүй тул гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гадна энэхүү гэрээний үргэлжлэх хугацаа дууссан байгаа юм. Иймд СӨХ-ны дангаар өмчлөх, болон дундын өмчлөлийн зүйл нь Иргэний хуулийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар “дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд энэ хуулийн 142 дугаар зүйлд заасан талбай түүнчлэн дундаа буюу дангаар өмчлөгч өөр этгээдийн эрхийг зөрчихөөргүй эсхүл барилгын гадаад төрх байдлыг алдагдуулахаар өөрчилж, тусгаарлаж, нэмж сайжруулах болох түүний бүрдэл хэсэг хамаарна” гэж заасан. Улмаар Ш- нь Сууц өмчлөгчийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1.5-д заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах журмыг СӨХ-ны холбооны дүрэмд зааж тусгасан тул тус подвалийн байр нь СӨХ-ны мэдэлд хууль тогтоомжийн дагуу шилжсэн, тус СӨХ өөрийн эрх хэмжээний хүрээнд уг подвалийг өөрийн мэдэлд авах, дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбогдуулан хийсэн тухайн үеийн гэрээг цуцлах эрх нь СӨХ-ны эрх хэмжээний асуудал юм. Иймд дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээний 3.10 дахь хэсэгт заасны дагуу О.Л- нь гэрээний заалтыг зөрчин, Ш--ны тавьсан шаардлага анхааруулгыг эс биелүүлбээс Ш- гэрээг дангаар цуцалж, подвалийг чөлөөлөхийг шаардах эрхтэй гэж заасан байх тул гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй байна. Мөн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байр, 5 дугаар орцны 84 м.кв талбай бүхий зоорийн давхрыг Ш- өөрийн эзэмшилд авсан тухай СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын тогтоол, тэмдэглэл, засварын ажлын тайлан зэргийг хавтаст хэрэгт хавсаргасан. Ингээд 2007 оны 11 сарын 08-ны өдөр байгуулсан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээг шүүхийн журмаар албан ёсоор цуцлуулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байр, 5 дугаар орцны 84 м.кв талбайтай зоорийн давхрыг Ш--ны эзэмшил байх тул О.Л-аас тус талбайг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн О.Л- би өөрийн амьдардаг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хорооллын 5 дугаар байрны 5 дугаар орцны подвалийг гэрээгээр эзэмшин ашиглаж байна. Ш--ноос шүүхэд 2007 оны 11 сарын 08-ний өдрийн дундын өмчийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээг үндэслэлгүйгээр цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Иргэн О.Л- миний зүгээс гэрээний үүргийг зөрчөөгүй байхад Ш- нь хууль бус үйлдэл гаргаж, байгаа тул 5-р орцны подвалийг засч тохижуулсан 4 900 700 төгрөгийг эргэн гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч О.Л-ын гаргасан сөрөг нэхэмжлэл болох Ш--ноос  4 900 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус нэхэмжлэлд иргэн О.Л- нь өөрийн амьдардаг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хорооллын 5 дугаар байрны 5 дугаар орцны подвалийг гэрээний хугацаа дууссан байхад өөрт хувьдаа эзэмшсэн ашиглаж, түүнээс бусдад түрээсэлж ашиг орлого олж байгаа бөгөөд О.Л- нь 5 дугаар орцны подвалийг засч тохижуулсан гэх 4 900 700 төгрөгийг гаргуулахаар тухайн үед үйлдсэн баримтуудаар сөрөг шаардлага гаргаж байгааг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд 2007 оны 11 сарын 08-ны өдөр дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээг иргэн О.Л- нь тус СӨХ-тэй байгуулсан байдаг. Тус гэрээний 3.10 дахь хэсэгт зааснаар О.Л- нь гэрээний заалтыг зөрчин Ш--ны тавьсан шаардлага анхааруулгыг эс биелүүлбээс Ш- гэрээг дангаар цуцалж, подвалийг чөлөөлөхийг шаардах эрхтэй ба О.Л- подвалийн тохижилт, хамгаалалтанд хийсэн эд хөрөнгийг нэхэмжлэх эрхгүйгээр хөрөнгийг Ш--д үлдээх үүрэгтэй гэж заасан байхад хариуцагч О.Л- гэрээнд заасан заалтыг зөрчиж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн тус гэрээний 4.1 дэх хэсэгт О.Л- нь 5 дугаар орцны подвалыг 4 906 700 төгрөгийн хөрөнгө оруулалт хийн өрөө хоорондын цахилгаан холболт, засал чимэглэл, агааржуулалт, бохир, цэвэр усны холболт, бүргэд төмөр, хаалга суурилуулсан ба дундын өмчлөлийн эд  хөрөнгийн 84 м.кв-ийн 1 м.кв тутамд 1000 төгрөг нийт 184 000 төгрөг, цэвэрлэгээний хөлсөнд 2 500 төгрөг Ш--ны суурилуулсан 5 ш гэрлийн үнэд гэрээ байгуулах үед мөрдөгдөж буй задгай тарифаар 6 000 төгрөг бүгд нэг сард 92 500 төгрөгийг сар бүрийн 25-ны дотор Ш--ны хадгаламж 2 банк 1702029639 тоот дансанд төлөх үүрэгтэй. Хэрэв хугацаа хэтэрвэл хоног бүрийн 1 000 төгрөгийн торгууль Ш- төлнө гэж гэрээндээ заасан байхад гэрээнд зааснаар талууд харилцан тохиролцож, түрээслэгч засвар үйлчилгээ хийж орохоор тохирсон байхад мөн гэрээндээ тохиролцсон хөрөнгө оруулалт хийх засварын үнэ болох 4 906 700 төгрөгийг буцаан нэхэмжлэхгүй байхаар заасан байхад сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байгаа юм. О.Л- тухайн үед Ш--нд нягтлангийн ажил эрхэлдэг байсан бөгөөд 2007 онд өөрийн хүсэлтээр засвар хийж, тухайн үед гэрээ байгуулсан тус 5 дугаар байрны 5 дугаар орцны подвалийг түрээслэсэн байхад гэрээнд заасан үүргээ зөрчин, үүргээ биелүүлээгүй бөгөөд тус гэрээг байгуулснаас хойшх түрээсийн төлбөрийн тооцоог хийхэд Ш--ноос 2007 оноос хойш 2019 он хүртэл СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолоор Ш--ны 5 дугаар байрны 5 дугаар орцны 1, 2, 3, 4, 5, 6 тоот өрөөний түрээсийн төлбөрийг баталж, тооцоог хийсэн байдаг. Гэтэл О.Л- нь удирдах зөвлөлийн тогтоолоор баталсан төлбөрүүдийг бүрэн төлөөгүйгээс гадна 2019 оны 5 сарын 15-ны өдрийн санхүүгийн төлбөрийн тооцооноос 35 863 760 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд тухайн үеэс өөр хүмүүст түрээсэлж, өөрт 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл ашиг олж байгаа нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээний 3.1, 3.6, 3.10, 4.1 дэх заалтуудаас гадна Иргэний хуулийн 219, 225 дугаар зүйлүүдийг тус тус зөрчиж байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь зөрчилдөж байгаагаас гадна дээрх хуулийн заалт, гэрээний үүргээ иргэн О.Л- нь зөрчиж байгаа тул түүний сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй байна. Ш--ны 5 дугаар байрны 5 дугаар орцны түрээсийн төлбөрийн тооцоо 2019 оны 5 сарын 15-ны өдрийн байдлаар 2007 оноос хойш 2019 он хүртэлх СӨХ-нд гэрээгээр төлөх ёстой дүн болон хийсэн төлөлт болон мөн төлбөрийн үлдэгдлийг санхүүгийн баримтаар шүүхэд хавсаргаж өгсөн. Харин О.Л- нь төлөх ёстой 50 791 810 төгрөгөөс 14 928 050 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 35 863 760 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа юм. Бид дээрх төлбөрийн үлдэгдлийг нэхэмжлэхээс гадна тус гэрээ нь 2011 оны 11 сарын 08-ны өдөр цуцлагдсанаас хойш гэрээг дахин бичгээр сунгаагүй бөгөөд энэхүү гэрээний хугацаа дууссанаар хоорондын эрх үүргийн харилцаа дуусгавар болж байхад О.Л- нь тус гэрээний 3.10 дахь хэсэгт заасан заалт, Монгол улсын Иргэний хуулийн холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж, байгаагаас гадна засвар хийсэн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй байхаар гэрээ хийчихээд өнөөдөр төлбөр нэхэмжилж, сөрөг нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ш--нд 2019 оны 5 сарын 15-ны өдрийн байдлаарх төлбөрийн үлдэгдэл болох 35 863 760 төгрөгийг иргэн О.Л-аас нэхэмжлэх болно. Иймд хариуцагч О.Л-ын гаргасан сөрөг нэхэмжлэл болох Ш--ноос 4 900 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.4, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.Л-ын гаргасан нэхэмжлэгч Ш--ноос 4 900 700 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ш-, иргэн О.Л- нарын хооронд 2007 оны 11 сарын 08-ны өдөр байгуулагдсан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээг цуцалж, хариуцагч О.Л-ын эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 5 дугаар орцны 84 м.кв талбайтай Ш--ны эзэмшлийн зоорийн давхрыг албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93 500 төгрөгийн 93 361 төгрөгийг тус тус улсын төсвийн орлого болгож, хариуцагчаас илүү төлсөн 139 төгрөгийг улсын орлогоос гаргуулж хариуцагч О.Л-д, хариуцагч О.Л-аас 140 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш--нд тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс О.Л- Ш--тэй байгуулсан гэрээний үүргээ зөрчөөгүй гэх шаардлага тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох, цуглуулахаар заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь иргэн О.Л-ын үндсэн үүрэг нь гэрээгээр тогтоосон үнэ төлбөрийг цаг хугацаанд нь төлөх, тогтмол засвар үйлчилгээ хийх юм. Хавтаст хэргийн материалд засвар үйлчилгээ хийсэн баримтыг сар бүр тогтмол гэрээний төлбөрт төлбөр төлж байсан баримтыг хавсаргасан байдаг. Нэхэмжлэгч нотлох баримтаар О.Л-ыг гэрээний 3.1, 3.6 дах заалтуудыг зөрчсөн гэдгийг тогтоож чадаагүй байхад шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иргэн О.Л- нь одоо 78 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг, тухайн байранд 40 гаруй жил амьдарсан хүн юм. О.Л-ын өөрийн хүч хөрөнгөөр тохижуулж, сар бүр түрээсийн төлбөрийг төлж байсан. Гэтэл Ш--ны шинэ удирдлагууд подвалийн хэсгийг үндэслэлгүйгээр гэрээ сунгагдаагүй гэх үндэслэлээр чөлөөлүүлэх хүсэлт гаргасан. Гэтэл тус байрны зарим подвалийн давхрууд одоог хүртэл эзэнгүй тэнэмэл хүмүүс болон муур нохойны оромж болсоор байгаа юм. Иргэний хуулийн 43 дугаар зүйлд хэлцэл хийсэн гэж үзэх зүйлийн 43.2.2-т “хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан”, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж тус тус тодорхой заасан байна. Тэгвэл Ш- нь сар бүр түрээсийн төлбөрийг иргэн О.Л-аас татгалзалгүй авч байсан үйлдэл нь анхны гэрээгээ үргэлжлүүлэх, сунгах үйлдэл хийсэн, хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдоход хүрч байгаад шүүхээс дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн 181/ШШ2019/02103 дугаартай шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянаж, хуулийн дагуу хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш- нь хариуцагч О.Л-д холбогдуулан тус сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн зоорийн давхрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч Ш--ноос 4 900 700 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Зохигчид 2007 оны 11 сарын 08-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ш- нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 5 дугаар орцны 84 м.кв талбайтай, СӨХ-ны эзэмшлийн зоорийн давхрыг үйлдвэрлэл, үйлчилгээ болон бусад зориулалтаар хариуцагч О.Л-д ашиглуулах, хариуцагч О.Л- нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалд эргэж төлөгдөх нөхцөлгүйгээр Ш--нд 100 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, гэрээг 2011 оны 4 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан болох нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 29-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Талуудын байгуулсан гэрээний хугацаа 2011 оны 4 сарын 01-ний өдөр дууссан байх бөгөөд нэхэмжлэгч Ш- нь хариуцагч О.Л-ыг эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг татгалзаагүй байх тул гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. 

 

Нэхэмжлэгч Ш--ны удирдах зөвлөл нь 2013 оны 01 сарын 20-ны өдөр хуралдаж, хариуцагч О.Л-ын түрээсээр эзэмшиж байгаа эд хөрөнгийг сууц өмчлөгчдийн холбооны мэдэлд авахаар шийдвэрлэсэн байх тул хариуцагч О.Л-ын хууль бус эзэмшлээс дээрх эд хөрөнгийг чөлөөлж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 294 дүгээр зүйлийн 294.1.1, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-ийн 32-35-р тал/

 

Талуудын байгуулсан гэрээний 4.1-т хариуцагч О.Л- нь 5 дугаар орцны зоорийн давхарт 4 906 700 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон байх тул гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу засвар хийсэн зардал болох дээрх мөнгийг хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээр шаардсан нь үндэслэлгүй ба сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд хариуцагч гомдол гаргаагүй байна. /хх-ийн 29-р тал/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо хариуцагч нь гэрээний үүрэг зөрчөөгүй байхад гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэх боловч талуудын байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлтэй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/02103 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.ОТГОНЦЭЦЭГ                                       

                                         ШҮҮГЧИД                                                С.ЭНХТӨР

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ