Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2019/02103

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Ш 5 нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: О.Л холбогдох,        

           Дундын өмчлөлийн эд хөрөнгийн (ДӨЭХ) ашиглалт, засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээг цуцлуулж, О.Л сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн зоорийн давхарын подвалыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 сарын 20-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, гэрч Ю.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2007 оны 11 сарын 08-ны өдөр байгуулсан Дундын өмчлөлийн эд хөрөнгийн (ДӨЭХ) ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээг нэг талаас Ш 5 СӨХ, нөгөө талаас О овогтой Л нар 84 кв.м талбайтай Ш 5-ын эзэмшлийн подвалийг үйлдвэрлэл, үйлчилгээ болон бусад зориулалтаар ашиглан ДӨЭХ хамгаалалтыг сайжруулах, ашиглалт, засвар үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн хуримтлалыг нэмэгдүүлэх зорилгоор тус гэрээг байгуулсан байна. Тус гэрээний 5.1-д зааснаар гэрээнд 2 талын гарын үсэг зурж, баталгаажуулснаар хүчин төгөлдөр болох ба, гэрээг байгуулсан өдрөөс эхлэн 2011 оны 04 сарын 01-нийг хүртэл гэж гэрээндээ заажээ. Цаашид иргэн О.Л нь гэрээгээ албан ёсоор сунгаагүй бөгөөд энэхүү гэрээнд заасан хугацаа өнгөрсөн байхад өнөөдрийг хүртэл 2019 оны 04 сар хүртэл СБД-ийн 1-р хороо, 5-р байр, 5-р орцны 84 кв.м бүхий зоорийн давхарын подволд амьдарсаар байгаа юм.

Ингээд тус гэрээг СӨХ-ийн удирдах зөвлөл хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гэрээг хурлаар цуцалж, СӨХ-ийн эзэмшилд авах тухай хурлын тогтоол гарч, албан ёсоор гарах тухай мэдэгдлийг О.Лд удаа дараалан 2 удаа хүргүүлсэн боловч одоогоор СӨХ-ийн эзэмшлийн талбайг чөлөөлж өгөөгүй байгаа тул шүүхийн журмаар нотлох баримтуудыг хавсаргаж, албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байгаа юм.

Учир нь: зоорийн давхарыг О.Л СӨХ-ны эзэмшлийн подвалыг дур мэдэн иргэдэд дамлан түрээсэлж байгаа явдал нь хууль зөрчөөд зогсохгүй ингэж бусдын өмчлөлийн асуудалд дур мэдэн хувьдаа ашиглаж байгаа үйлдэл тул иргэн О.Лын гэрээг шүүхээр цуцлуулж, албадан чөлөөлүүлэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй юм.

2. Түрээслэгч О.Л гэрээний үүрэг зөрчсөн тухай:

Түрээслэгч О.Л нь Дундын өмчлөлийн эд хөрөнгийн (ДӨЭХ) ашиглалт засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээний 3.1, 3.6, Иргэний хуулийн 219, 225 дугаар зүйлүүдэд заасан заалтуудыг зөрчсөн байна гэж үзэж байна.

Учир нь: О.Л нь хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байх, Ш 5-ны талаас тавьсан шаардлагыг биелүүлэх, дур мэдэн подвалийг хэн нэгэнд түрээслэхгүй байх гэсэн гэрээнд заасан үүргээ зөрчсөн байна. О. Ламганжав нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй жил бүр гэрээг дүгнэж бичгээр сунгаж байгаагүй тул гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гадна энэхүү гэрээний үргэлжлэх хугацаа дууссан байгаа юм.

Иймд Сууц өмчлөгчдийн холбооны дангаар өмчлөх, болон Дундын өмчлөлийн зүйл нь Иргэний хуулийн 146.1-д зааснаар дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд энэ хуулийн 142 дугаар зүйлд заасан талбай түүнчлэн дундаа буюу дангаар өмчлөгч өөр этгээдийн эрхийг зөрчихөөргүй эсхүл барилгын гадаад төрх байдлыг алдагдуулахаар өөрчилж, тусгаарлаж, нэмж сайжруулах болох түүний бүрдэл хэсэг хамаарна гэж заасан. Улмаар Ш 5 нь Сууц өмчлөгчийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6.1.5-д заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах журмыг СӨХ-ны холбооны дүрэмд зааж тусгасан тул тус подволийн байр нь СӨХ-ны мэдэлд хууль тогтоомжийн дагуу шилжсэн, тус СӨХ өөрийн эрх хэмжээний хүрээнд уг подвалийг өөрийн мэдэлд авах, ДӨЭХ-тэй холбогдуулан хийсэн тухайн үеийн гэрээг цуцлах эрх нь СӨХ-ны эрх хэмжээний асуудал юм.

Иймд Дундын өмчлөлийн эд хөрөнгийн (ДӨЭХ) ашиглалт засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээний 3.10-д заасны дагуу О.Л нь гэрээний заалтыг зөрчин, Ш 5-ийн тавьсан шаардлага анхааруулгыг эс биелүүлбээс Ш 5 гэрээг дангаар цуцалж, подвалийг чөлөөлөхийг шаардах эрхтэй гэж заасан байх тул гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй байна. Мөн 84 кв.м талбай бүхий зоорийн давхарыг Ш 5 өөрийн эзэмшилд авсан тухай СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын тогтоол, тэмдэглэл, засварын ажлын тайлан зэргийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа.

Ингээд 2007 оны 11 сарын 08-ны өдөр байгуулсан Дундын өмчлөлийн эд хөрөнгийн (ДӨЭХ) ашиглалт засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээг шүүхийн журмаар албан ёсоор цуцлуулж, 84кв.м талбайтай зоорийн давхрыг Ш 5-ны эзэмшил байх тул О.Лаас тус талбайг албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн О.Л би өөрийн амьдардаг Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хорооллын 5 дугаар байрны 5-р орцны подвалийг гэрээгээр эзэмшин ашиглаж байна. “Ш 5”-оос тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2007 оны 11-р сарын 08-ний өдрийн “Дундын өмчийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээг үндэслэлгүйгээр цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Иргэн О.Л миний зүгээс гэрээний үүргийг зөрчөөгүй байхад “Ш 5” нь хууль бус үйлдэл гаргаж байгаа тул 5-р орцны подвалийг засаж тохижуулсан 4.900.700 төгрөгийг эргэн гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Хариуцагч О.Лын гаргасан сөрөг нэхэмжлэл болох Ш 5-оос 4.900.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: тус нэхэмжлэлд иргэн О.Л нь өөрийн амьдардаг Сүхбаатар дүүргийн 5-р орцны подвалийг гэрээний хугацаа дууссан байхад өөрт хувьдаа эзэмшсэн ашиглаж, түүнээс бусдад түрээслэж ашиг орлого олж байгаа бөгөөд О.Л нь 5-р орцны подвалийг засаж тохижуулсан гэх 4.900.700 төгрөгийг гаргуулахаар тухайн үед үйлдсэн баримтуудаар сөрөг шаардлага гаргаж байгааг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

           Үүнд: 1. 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээг иргэн О.Л нь тус СӨХ-тэй байгуулсан байдаг. Тус гэрээ болох Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээний 3.10-д зааснаар О.Л нь гэрээний заалтыг зөрчин Ш 5-ны тавьсан шаардлага анхааруулгыг эс биелүүлбээс Ш 5 гэрээг дангаар цуцлаж, подвалийг чөлөөлөхийг шаардах эрхтэй ба О.Л подвалийн тохижилт, хамгаалалтанд хийсэн эд хөрөнгийг нэхэмжлэх эрхгүйгээр хөрөнгийг Ш 5-д үлдээх үүрэгтэй гэж заасан байхад хариуцагч О.Л гэрээнд заасан заалтыг зөрчиж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн тус гэрээний 4.1-д О.Л нь 5-р орцны подвалыг 4.906.700 төгрөгийн хөрөнгө оруулалт хийн өрөө хоорондын цахилгаан холболт, засал чимэглэл, агааржуулалт, бохир, цэвэр усны холболт, бүргэд төмөр , хаалга суурилуулсан ба ДӨЭХ-ийн 84 мкв–ийн 1 мкв тутамд 1000 төгрөг нийт 184.000 төгрөг, цэвэрлэгээний хөлсөнд 2500 төгрөг Ш 5-ийн суурилуулсан 5ш гэрлийн үнэнд гэрээ байгуулах үед мөрдөгдөж буй задгай тарифаар 6000 төгрөг бүгд нэг сард 92500 төгрөгийг сар бүрийн 25-ны дотор Ш 5-ны хадгаламж 2 банк 1702029639 тоот дансанд төлөх үүрэгтэй. Хэрэв хугацаа хэтэрвэл хоног бүрийн 1000 төгрөгний торгууль Ш 5 төлнө гэж гэрээндээ заасан байхад гэрээнд зааснаар талууд харилцан тохиролцож түрээслэгч засвар үйлчилгээ хийж орохоор тохирсон байхад мөн гэрээндээ тохиролцсон хөрөнгө оруулалт хийх засварын үнэ болох 4.906.700 төгрөгийг буцаан нэхэмжлэхгүй байхаар заасан байхад сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байгаа юм.

2. О.Л тухайн үед Ш 5-д нягтлангийн ажил эрхэлдэг байсан бөгөөд 2007 онд өөрийн хүсэлтээр засвар хийж тухайн үед гэрээ байгуулсан тус 5 байрны 5-р орцны подвалийг түрээслэсэн байхад гэрээнд заасан үүргээ зөрчин, үүргээ биелүүлээгүй бөгөөд тус гэрээг байгуулснаас хойшхи түрээсийн төлбөрийн тооцоог хийхэд Ш 5-өөс 2007 оноос хойш 2019 он хүртэл СӨХ-ийн удирдах зөвлөлийн тогтоолоор Ш 5-ийн 5 байрны 5-р орцны 1,2,3,4,5,6 тоот өрөөний түрээсийн төлбөрийг баталж, тооцоог хийсэн байдаг.

Гэтэл О.Л нь удирдах зөвлөлийн тогтоолоор баталсан төлбөрүүдийг бүрэн төлөөгүйгээс гадна 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн санхүүгийн төлбөрийн тооцооноос 35,863,760 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд тухайн үеэс өөр хүмүүст түрээсэлж, өөрт 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл ашиг олж байгаа нь Дундын өмчлөлийн эд хөрөнгийн (ДӨЭХ) ашиглалт засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээний 3.1, 3.6, 3.10, 4.1 дэх заалтуудаас гадна Монгол улсын Иргэний хуулийн 219, 225 дугаар зүйлүүдийг тус тус зөрчиж байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь зөрчилдөж байгаагаас гадна дээрх хуулийн заалт, гэрээний үүргээ иргэн О.Л нь зөрчиж байгаа тул түүний сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй байна.

3. Ш 5-ийн 5 байрны 5-р орцны түрээсийн төлбөрийн тооцоо 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 2007 оноос хойш 2019 он хүртлэх СӨХ-д гэрээгээр төлөх ёстой дүн болон хийсэн төлөлт болон мөн төлбөрийн үлдэгдлийг санхүүгийн баримтаар шүүхэд хавсаргаж өгсөн. Харин О.Л нь төлөх ёстой 50,791,810 төгрөгөөс 14,928,050 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 35,863,760 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа юм.

Бид дээрх төлбөрийн үлдэгдлийг нэхэмжлэхээс гадна тус гэрээ нь 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр цуцлагдсанаас хойш гэрээг дахин бичгээр сунгаагүй бөгөөд энэхүү гэрээний хугацаа дууссанаар хоорондын эрх үүргийн харилцаа дуусгавар болж байхад О.Л нь тус гэрээний 3.10-д заасан заалт, Монгол улсын Иргэний хуулийн холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж байгаагаас гадна засвар хийсэн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй байхаар гэрээ хийчихээд өнөөдөр төлбөр нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ш 5-д 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх төлбөрийн үлдэгдэл болох 35,863,760 төгрөгийг иргэн О.Лаас нэхэмжлэх болно.

Иймд хариуцагч О.Лын гаргасан сөрөг нэхэмжлэл болох Ш 5-оос 4.900.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

           Гэрч Ю.Н шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би 2019 оны 5-р сарын 01-ний өдрөөс тус Ш 5-нд ня-богийн албан тушаалд томилогдсон. Би энэ хэрэгтэй холбоотойгоор баримтыг судалж үзсэн. н.Г уулзсан нь дулааны ажилчид подвал руу орох гэтэл түгжээтэй байна гээд дарга бид хоёр орж уулзcан. Түгжээтэй байлгаад яаж дулааны болон бусад асуудлыг хариуцаж буй талаар, засвар үйлчилгээ хийх гэж байна. Та түлхүүрийг нь авсан, яаж байгаа талаар асуухад н.Г нь оруулах ёстой хүнээ оруулна, та нарыг оруулахгүй би мэдэж байна гэж хэлсэн. Удирдах зөвлөлийн тогтоол 2019 оны 2-р сарын 11-ний өдөр гарсан. О.Лын эхнэр н.Г өмнө нь тус СӨХ-д нягтлан бодогч байсан гэсэн. Мөн тэр үед бусадтай гэрээ хийж, подвалуудыг эзэмшүүлж байсан. Тухайн үед гэрээ хийж өгсөн подвалуудыг өөрөө буцааж гэрээгээ цуцалж авч байсан баримт байдаг. Энэ талаархи баримтаас шүүхэд гаргаж өгсөн. н.Баярмаа гэх этгээд тус подвалыг түрээслэдэг байсан. Түрээслэж байсан этгээдтэй ярихад намайг янз бүрээр хэлсэн гэсэн дараа нь дахин ярих гэтэл утсаа салгаад алга болсон. Подвальд бол хүмүүс амьдардаг нь үнэн. СӨХ-д О.Л нь сард 165.410 төгрөгийг л төлдөг. Би түүний түрээсийн тооцоог гаргасан. Анх хийсэн гэрээгээр  2007-2011 он хүртэл 165.410 төгрөгийг сард төлсөн. Гэтэл 2011 оны 9-р сараас түрээсийн тариф өөрчлөгдөж нэг подвалын түрээс 410.000 төгрөг болсон байтал одоог хүртэл 165.410 төгрөгийг төлдөг. Хамгийн сүүлд 2019 оны 2-р сард хүргүүлж байсан. Миний сонссоноор О.Л нь дийлдэхгүй хүн байдаг гэсэн. Подвальд бол хүмүүс амьдарч байгаа. Тэд оруулахгүй байгаа тул баримтаар нотолж чадахгүй байна. Оршин суугчид нь байнга гомдол мэдүүлдэг. Манай СӨХ тус орцыг үйлчлэгчээр цэвэрлүүлнэ. Гэтэл подвальд гал, усны аюул болоход хувьдаа авсан байж байдаг. Оршин суугчид нь подвалыг ингэж авч болдог юм бол бид нар ч мөн нэг подваль авч болдоггүй юм уу гэх мэт зүйлийг байнга ярьдаг. Орхигдуулчаад тус орцны цэвэрлэгээ, үйлчилгээг хийж байгаа боловч өөрийн өмчлөлөө ашиглаж чадахгүй байна. 2018 оны 12-р сард цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулж манай СӨХ-ны гаргасан тогтоолоор нэг подвалаас 900.000 төгрөг авдаг болсон. Хариуцагч тал 165.410 төгрөгөө төлсөөр байна. Манай талаас гаргасан тооцоогоор 2007 оноос хойш 165.410 төгрөгийг  сар бүр төлөхөд 14.928.000 төгрөгийг төлсөн байсан. Зөрүү 35.000.000 төгрөгийг төлөх ёстой байхад үүнийг төлөхийг шаардахгүй, подвалыг авч өөрсдийн тайлан, тооцоогоо тусгаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүсэлт гаргасан. Гэтэл хариуцагч тал завсар хийсэн гэж зардлаа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэв.

                                                                                          

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ш 5 нь хариуцагч О.Лд холбогдуулан 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Дундын өмчлөлийн эд хөрөнгийн (ДӨЭХ) ашиглалт, засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээг цуцлуулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байр, 5 дугаар орцны 84 мкв талбайтай зоорийн давхарыг О.Лаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг,

Хариуцагч О.Л нь нэхэмжлэгч Ш 5-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, орцны подвалыг засаж тохижуулсан 4.900.700 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.

Хариуцагч нь гэрээг үндэслэлгүйгээр цуцлуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган, орцны подвалыг засаж тохижуулахад зарцуулсан 4 900 700 төгрөгийг буцаан гаргуулана гэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэг: Нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн тухай:

Хэрэгт Ш 5-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 014 дугаартай “Иргэн О.Лын гэрээг цуцлах, СӨХ-ны мэдэлд шилжүүлэн авах тухай” тогтоол /хх-10/, мөн өдрийн СӨХ-ны хурлын тэмдэглэл /11-13/, 2019 оны 02 дугаар сарын 28, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрүүдийн Мэдэгдэлүүд /хх-14-15/, 5-р байрны 5-р орцны подвальд хийсэн засварын ажлын тайлан, санхүүгийн тайлан, ...ажлын хөлсний тооцоо зэрэг баримтууд /хх-16-28/, 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ш 5, иргэн О.Л нарын хооронд байгуулсан Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээ /11-29/, СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх-32-35/, СӨХ-ийн 2011 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Зоорийн давхарыг СӨХ-ны мэдэлд авах тухай гүйцэтгэх захирлын тушаал, 2011 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 12 дугаартай СӨХ-ны гүйцэтгэх захирлын Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хяналтын хэлтэст шалгуулах тухай хүсэлт, СӨХ-ны зоорийн давхарын подвалын ашиглалтын гэрээг цуцалж, хүлээлцсэн тухай баримтууд /67-74/, Ш 5-ны гүйцэтгэх захирлын тушаал, хүсэлт, 5-р орцны подвальд засвар хийсэн ажлын тайлан холбогдох баримтууд /хх-85-184/, СӨХ-ны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 29 тоот Подвалийн түрээсийн үнэлгээг шинэчлэн тогтоосон тухай тушаал, 5-р орцны түрээсийн төлбөрийн тооцоо, дансны хуулга /хх-194-200/, мөн Ш 5-ны Удирдах зөвлөлийн хурлын 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай Түрээсийн үнэлгээг шинэчлэн батлах тухай тогтоол, хавсралтын хамтаар, мөн 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 8 дугаартай Түрээсийн үнэлгээг шинэчлэн тогтоох тухай тушаал, хавсралтууд тус тус бичгийн нотлох баримтаар авагджээ.

О.Л нь Сүхбаатар дүүргийн  тоотод оршин суудаг ба тухайн орцны зоорийн давхарыг түрээслэдэг, Ш 5 нь тухайн байранд үйл ажиллагаа явуулдаг болох нь 2004 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 55 тоот гэрчилгээгээр тус тус тогтоогдож байх бөгөөд талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

Орон сууцны өмчлөгч нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар тухайн орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байх бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.5-д заасны дагуу Ш 5 нь тухайн орон сууцны өмчлөгч болох иргэн О.Лтай 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээг Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5 дугаар байрны 5 дугаар орцны 84 м.кв талбайтай СӨХ-ны эзэмшлийн подвалийг үйлдвэрлэл, үйлчилгээ болон бусад зориулалтаар ашиглан ДӨЭХ-ийн хамгаалалтыг сайжруулах, ашиглах, засвар үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн хуримтлалыг нэмэгдүүлэх зорилготойгоор байгуулсан байна. /хх-29/

Талууд гэрээний 5.1-т “Энэхүү гэрээнд хоёр тал гарын үсэг зурж, баталгаажуулснаар хүчин төгөлдөр болох ба гэрээг байгуулсан өдрөөс 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааг баримтлан жил бүр хоёр тал гэрээг дүгнэж сунгаж байхаар тохиролцов” гэж заасан байх боловч талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар гэрээний хугацаа дууссан байх боловч гэрээний 2 тал гэрээг дүгнэж сунгасан талаархи баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэргийн 32-35 дугаар талд авагдсан Ш 5-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэлд: “...шийдвэрлэсэн хэсгийн 7-д Байрны 5-р орцны зоорийн давхарын 3 тоот өрөөг ня-богийн ажлын өрөө болгож, бусад 1, 2, 4 тоот гурван өрөөг СӨХ-ны мэдэлд шилжүүлэн авч, батлагдсан үнэ тарифийн дагуу түрээслэн эзэмшүүлэхээр шийдвэрлэв” гэж бичигдсэн, Ш 5-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 014 дугаартай “Иргэн О.Лын гэрээг цуцлах, СӨХ-ны мэдэлд шилжүүлэн авах тухай” тогтоол /хх-10/-д “...СӨХ-ны 5-р байрны подвалийн 1-р орц, 5-р орцны зоорийн давхарын гэрээг нийт гишүүдийн хурлаар хэлэлцэж, гэрээг цуцлав, ...О.Лыг подвалыг чөлөөлөх талаар мэдэгдэл хүргүүлэхийг СӨХ-ны гүйцэтгэх захиралд үүрэг болгов” гэж, мөн СӨХ-ны хурлын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл /11-13/-д “...О.Л нь хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байх, СӨХ-ны тавьсан шаардлагыг биелүүлэх дур мэдэн подвалийг хэн нэгэнд түрээслэхгүй байх гэсэн гэрээнд заасан үүргээ зөрчсөн, жил бүр гэрээг дүгнэж сунгаж байгаагүй тул гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гадна гэрээний үргэлжлэх хугацаа дууссан... СӨХ-ны хууль тогтоомжийн хүрээнд 5-р орцны подвалийг чөлөөлж авахыг үүрэг болгож шийдвэрлэв” гэж, улмаар Ш 5-ны гүйцэтгэх захирлын гарын үсэг, тамга бүхий 2019 оны 02 дугаар сарын 28, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрүүдийн Мэдэгдэлүүд /хх-14-15/-ийг О.Лд хүргүүлсэн байх бөгөөд түүнтэй байгуулсан гэрээний 3.10-д “О.Л гэрээний заалтыг зөрчин Ш 5-ны тавьсан шаардлага, анхааруулгыг эс биелүүлбээс СӨХ гэрээг дангаар цуцалж подвалийг чөлөөлөхийг шаардах эрхтэй ба О.Л подвалийн тохижилт, хамгаалалтанд хийсэн эд хөрөнгийг нэхэмжлэх эрхгүйгээр хөрөнгийг СӨХ-д үлдээх үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд хариуцагч О.Лыг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч Ш 5 нь Удирдах зөвлөлийн гишүүдийн хуралдаанаар хэлэлцэн дүгнээд түүнтэй байгуулсан гэрээг цуцалсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу Ш 5, иргэн О.Л нар нь 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээг байгуулсан ба энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан бөгөөд мөн хуулийн 318.5-д заасны дагуу эд хөрөнгө хөлслөх гэрээний журам үйлчлэхээр байна.

Иймээс Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний хугацаа 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дууссан байх боловч хөлслөгч О.Л хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч болох Ш 5 нь 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд татгалзаагүй болох нь хурлын тэмдэглэлийн баримтаар тогтоогдсон тул уг гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгагдсанд тооцно. Харин 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш О.Лт хөлслүүлсэн 5-р орцны зоорийн давхарын өрөөнүүдийг СӨХ-ны мэдэлд шилжүүлэн авахаар гэрээний нэг тал болох Ш 5 шийдвэрлэсэн байх тул мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-т буюу талуудын хооронд байгуулсан гэрээний 3.10-т зааснаар зохигчдын хооронд 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээг дуусгавар болсон гэж үзнэ.

Иймээс хариуцагч О.Л гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэх ба гэрээний 5.2-т “О.Л гэрээний үүргийг цаг хугацаанд нь биелүүлэн, Ш 5-ны нөхцлийг зөвшөөрсөн тохиолдолд цаашид түрээслэх давуу эрх эдэлнэ”, 5.3-т “энэхүү гэрээний 3.10-д зааснаар Ш 5 нь тусгай комиссын бүрэлдэхүүнээр О.Лын байрыг лацдаж, үйл ажиллагааг зогсоож, төлөгдөөгүй төлбөр тооцоотой тэнцэх хэмжээний үнэлгээ бүхий эд зүйлийг барьцаалан авч, гэрээг цуцлан байраа чөлөөлж авах эрхийг дангаар эдлэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Ш 5 нь тус гэрээг цуцалж, эзэмшлийн подвалийг хариуцагчаас чөлөөлүүлэхээр шаардсан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухай:

Зохигч талууд нь 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээг байгуулан О.Л нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5 дугаар байрны 5 дугаар орцны 84 м.кв талбайтай подвалийг эзэмшиж, ашиглаж байсан талаар маргаангүй харин хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч, тухайн подвалийг засаж тохижуулсны зардал 4.900.700 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болох нь доорх байдлаар тогтоогдож байна.

Гэрээний 3.10-т “О.Л гэрээний заалтыг зөрчин Ш 5-ны тавьсан шаардлага, анхааруулгыг эс биелүүлбээс Ш 5 гэрээг дангаар цуцалж подвалийг чөлөөлөхийг шаардах эрхтэй ба О.Л подвалийн тохижилт, хамгаалалтанд хийсэн эд  хөрөнгийг нэхэмжлэх эрхгүйгээр хөрөнгийг Ш 5-д үлдээх үүрэгтэй” гэж хариуцагч О.Лын хүлээх эрх, үүрэгт зааж талууд харилцан тохиролцжээ.

Ийнхүү гэрээгээр тохиролцсон байдлыг дүгнэхэд О.Л нь 2006 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдрийг дуусталх хугацаанд СӨХ-ны эзэмшлийн 5-р орцны подвалд 4 906 700 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн ба энэ талаархи бичгийн баримтууд хэрэгт авагдсан, талууд энэхүү засвар үйлчилгээ хийгдсэн эсэх талаар маргаагүй /хх-ийн 88-184 талд/.

Харин хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлсэн байхад нэхэмжлэгч гэрээг цуцалж, албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан учир засвар хийсний зардлаар буцаан гаргуулна гэж шаардсан сөрөг шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал, гэрээний талууд нь маргааны зүйл болсон 5-р орцны подвалийг түрээслүүлэх гэрээг байгуулахаас өмнө тус СӨХ-ны гүйцэтгэх захирал байсан н.Баярсайхантай тохиролцож 2006 оны 08 дугаар сароын 28-ны өдрөөс эхэлж иргэн н.Ламганжав, Долгоржав нар завсар хийж эзэмшихээр болов. Подвалын байдалтай танилцсан протокол үйлдэв. СӨХ-ны гүйцэтгэх захирал ...н.Баярсайхан, иргэн н.Ламганжав, н.Долгоржав гэж бичиж, талууд гарын үсгээ бүгд зурж баталгаажуулсан бичгийн нотлох баримт хавтаст хэргийн 30 дугаар хуудсанд эх хувиар авагдсан байгаагаар нотлогдон тогтоогдож байна.

            Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэсэн заалтын дагуу маргаан бүхий ...5-р орцны подвалийн хууль ёсны эзэмшигч Ш 5 байх тул хариуцагч О.Лаас эзэмшлийн эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэхээр шаардсан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хариуцагч О.Л нь нэхэмжлэгч Ш 5-той байгуулсан гэрээний үүргээ зөрчөөгүй бүрэн биелүүлсэн байхад ...гэрээг цуцлуулж, албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй гэж, засвар хийсэн зардал 4 900 700 төгрөгийг гаргуулахаар шаардаж буй сөрөг шаардлага, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох, цуглуулахаар заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүй байх тул шүүх түүний татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                     ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.4, 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч О.Лын гаргасан нэхэмжлэгч Ш 5-ноос 4 900 700 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ш 5, иргэн О.Л нарын хооронд 2007 оны 11 сарын 08-ны өдөр байгуулагдсан Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээг цуцалж, хариуцагч О.Лын эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 84 м.кв талбайтай Ш 5-ны эзэмшлийн зоорийн давхарыг албадан чөлөөлсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш 5-ноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг, хариуцагч О.Лаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93 500 төгрөгийн 93 361 төгрөгийг тус тус улсын төсвийн орлого болгож, хариуцагчийн илүү төлсөн 139 төгрөгийг улсын орлогоос гаргуулж хариуцагч О.Лд, хариуцагч О.Лаас 140 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш 5-нд тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ