Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2016/0139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Мондулаан трейд ХХК /РД: 2554518 /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ...Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарын тогтоосон 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актын тогтоох хэсгийн 1.3, 1.6, 1.10 дах заалт болон 1.7 дах заалтын бусдад олгосон 20.000.000 төгрөгийн төлбөрт татвар ногдуулахтай холбоотой хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, хүчингүй болгуулах, дээрх заалтаас бусад заалтаар ногдуулсан нийт 147.497.925,8 төгрөгийн торгууль, 124.591.519,1 төгрөгийн алданги, 16.365,1 төгрөгийн хүүг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан уг хариуцлагаас чөлөөлүүлэх, мөн дээрх заалтуудаас гадна бусад заалтаар нөхөн ногдуулсан 450.151.311,2 төгрөгийн татварын төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Өлзий, Д.Цэцэгсүрэн, хариуцагч Ш.Цогзолмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү, нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мондулаан трейд ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Өлзий, Д.Цэцэгсүрэн нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Мондулаан трейд ХХК нь Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарын татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 210003887 дугаар актыг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уг актын 3, 6, 7, 10 дугаар заалтуудыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч Татварын маргаан таслах зөвлөл 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 50 дугаар тогтоол гарган маргаан бүхий актыг хэвээр үлдээсэн.

Тус компани татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарын гаргасан 210003887 дугаар актыг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Актын үндэслэх хэсгийн 3 дугаарт ...2012 онд 4.826.359,8 төгрөгийн, 2013 онд 22.694.732,0 төгрөгийн, нийт 27.521.091,8 төгрөгийн шатахуун борлуулалтын орлогод татвар ногдуулаагүй нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д Албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдуулна, 7.3.1-д үйл ажиллагааны орлого, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод татвар ногдоно, 8.1.1-д үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзжээ.

Тус компани нь 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Бернапартнер ХХК-тай ашигт малтмалын хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний ажлын гүйцэтгэлд төлөх хөлсийг тухайн компанитай харилцан тохиролцсоны дагуу шатахуунаар төлсөн болно.

Өөрөөр хэлбэл, тус компани 27.521.091,8 төгрөгийн шатахууныг борлуулаагүй, харин ажлын хөлсний төлбөрийн хэлбэрээр компанид шилжүүлсэн болно.

Иймээс бусад этгээдэд төлсөн ажлын хөлс нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дээрх заалтуудад заасан албан татвар ногдуулах үйл ажиллагааны орлогод тооцогдох хууль зүйн үндэслэлгүй болно.

Хариуцагчид Татварын ерөнхий газрын татварын маргаан таслах зөвлөлд шатахууныг арилжсан гэсэн тайлбар гаргасан нь эрх зүйн хувьд үндэслэлгүй юм.

Актын үндэслэх хэсгийн 6 дугаарт 2012 онд 8.724.332,3 төгрөгийн, 2013 онд 60.326.075,4 төгрөгийн нийт 69.050.407,7 төгрөгийн өөрийн үйл ажиллагаанд ашиглаагүй зээлийн хүүгийн зардлыг илүү тооцон, татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсон үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно, 12.1.7-д зах зээлийн хүү, мөн хуулийн 14 дүгээр зүйлд албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардалд хамрах зээлийн хүү 14.1-д ...үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно гэж заасныг зөрчсөн гэж үзжээ.

Эдгээр зээлийн зориулалт нь тус компанийн үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй, Хишигтэн нүүдэлчин ХХК-тай хамтран авсан боловч Мондулаан трейд ХХК нь дангаар ашигласан тул Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг зөрчөөгүй болно.

Актын үндэслэх хэсгийн 7 дугаарт 2013 онд 20.000.000,0 төгрөгийн бусдад төлсөн нөхөн төлбөр, алдангийг татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулан, татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д Дор дурдсан зардал албан татвар ногдох орлогоос үл хасагдана, 12.8.2-т албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр гэж заасныг зөрчсөн гэжээ.

Тус компанийн ашигт малтмалын ашиглалтын талбайн зааг дотор байсан иргэн Д.Үүрийнбаярын өвөлжөөний нөхөн төлбөрт төлсөн дээрх төлбөр нь компанийн гэм буруутай үйл ажиллагаатай хамааралгүй бөгөөд харилцан тохиролцож бусдад олгосон нөхөн төлбөр тул Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.8.2 дах заалтыг зөрчөөгүй болно.

Актын үндэслэх хэсгийн 10 дугаарт 2010 онд 854.523.200,0 төгрөгийн эрх борлуулсны орлогоос албан татвар ногдуулан суутгаагүй нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно, 8.1.2-т эрх борлуулсаны орлого, 8 дугаар зүйлийн 8.2-т эрх борлуулсаны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлсэнээс олсон орлогыг хамааруулна, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д дараах орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдуулах тухай орлого бус бүрийн нийт дүнгээр тооцно, 16.3.5-д эрх борлуулсаны орлого, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.7-д эрх борлуулсаны орлогод 30 хувиар гэж заасныг зөрчсөн гэжээ.

Тус компани 2010 онд ашигт малтмалын ашиглалтын 332А, 379А, 397А тусгай зөвшөөрлийг Т and Ch ХХК-иас шилжүүлэн авахдаа Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу дээрх тусгай зөвшөөрөлтэй талбайн уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт худалдан авсан болно.

Тодруулбал, Ашигт малтмалын 332А, 379А, 397А дугаар тусгай зөвшөөрлийг худалдан аваагүй юм.

Иймд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан эрх борлуулсаны орлогын албан татвар ногдуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Манай компани Татварын ерөнхий газрын татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 50 дугаар тогтоолыг 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан болно.

Татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарын тогтоосон 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актын тогтоох хэсгийн 1.3, 1.6, 1.10 дах заалт болон 1.7 дах заалтын бусдад олгосон 20.000.000,0 төгрөгийн төлбөрт татвар ногдуулахтай холбоотой хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Мондулаан трейд ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэмэгдүүлэхдээ:

...Татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарын тогтоосон 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актаар нийт 233.147.873.3 төгрөгийн торгууль, 16.365,1 төгрөгийн хүү, 257.932.745,3 төгрөгийн алданги төлүүлэхээр тогтоосон нь Улсын Их Хурлын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэлтэй байна.

Иймд Татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарын тогтоосон 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актаар нийт 233.147.873.3 төгрөгийн торгууль, 16.365,1 төгрөгийн хүү, 257.932.745,3 төгрөгийн алданги төлүүлэх зөрчлийг дээрх Өршөөлийн тухай хуульд хамруулан хариуцлагаас чөлөөлж өгнө үү.

Мөн Татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарын тогтоосон 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актаар тогтоосон 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актаар нөхөн ногдуулсан 450.151.311,0 төгрөгийн үндсэн татварын төлбөр нь 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 2.1-д заасан заалтад хамруулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Мондулаан трейд ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

...Татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарын тогтоосон 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актын тогтоох хэсгийн 1.3, 1.6, 1.10 дах заалт болон 1.7 дах заалтын бусдад олгосон 20.000.000,0 төгрөгийн төлбөрт татвар ногдуулахтай холбоотой хэсгийг буюу нийт 285.499.835,0 төгрөгийн нөхөн татвар, 85.649.950,5 төгрөгийн торгууль, 133.341.226,2 алдангийг ногдуулсаныг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, хүчингүй болгуулж, өгнө үү.

Татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарын тогтоосон 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актын тогтоох хэсгийн 1.3, 1.6, 1.10 дах заалт болон 1.7 дах заалтын бусдад олгосон 20.000.000,0 төгрөгийн төлбөрт татвар ногдуулахтай холбоотой хэсгээс бусад заалтаар ногдуулсан нийт 147.497.925,8 төгрөгийн торгууль, 124.591.519,1 төгрөгийн алданги, 16.365,1 төгрөгийн хүүг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан уг хариуцлагаас чөлөөлж өгнө үү.

Актын тогтоох хэсгийн 1.3, 1.6, 1.10 дах заалт болон 1.7 дах заалтын бусдад олгосон 20.000.000,0 төгрөгийн төлбөрт татвар ногдуулахтай холбоотой хэсгийг бусад заалтаар нөхөн ногдуулсан 450.151.311,2 төгрөгийн татварын төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулж өгнө үү гэв.

...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Өлзий би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж, тайлбар гаргаж байна. Үүнд:

1.   Актын үндэслэх хэсгийн 6 дугаарт заасан 2012 онд 8.724.332.0 төгрөгийн өөрийн үйл ажиллагаанд ашиглаагүй зээлийн хүүгийн зардлыг илүү тооцож, татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд харуулж өгнө үү гэж өөрчилж байна. гэв

Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нар нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү, хариуцагч Т.Баасан, Ш.Цогзолмаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Улсын төсвийн орлого хяналтын газартай харьцдаг Мондулаан трейд ХХК-ийн 2010-2013 онуудын албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003883 дугаар татварын улсын байцаагчийн актаар нийт 4.078.863.821,1 төгрөгийн зөрчилд 735.651.146,2 төгрөгийн нөхөн татвар, 233.147.876,3 төгрөгийн торгууль, 257.932.745,3 төгрөгийн алданги, 16.365,1 төгрөгийн хүү нийт 1.226.748.132,9 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Тус компанийн удирлага татварын улсын байцаагчийн 210003883 дугаар актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлд 215.541.770,75 төгрөгийн зөрчилтэй холбоотой нийт 718.697.020,7 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг хянан хэлэлцээд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 50 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн актыг хэвээр баталсан.

Актын үндэслэх хэсгийн 3 дугаарт Мондулаан трейд ХХК нь Бернапартнер ХХК-нд төлөх өрмийн ажлын гүйцэтгэлийн хөлсний нэг хэсгийг нь түүхий эд материал буюу шатахуунаар төлсөн нь өглөгийн журналын тооцоолол болон хоёр компанийн хороонд хийгдсэн гэрээний гүйцэтгэл дүгнэсэн актаас харагдаж байгаа.

Өөрөөр хэлбэл, энэ нь арилжааны гэрээний үйл ажиллагаа гэж үзээд 2012 онд 4.826.359,8 төгрөгийн, 2013 онд 22.694.732,0 төгрөгийн нийт 27.521.091,8 төгрөгийн шатахууны борлуулалтын орлогод татвар ногдуулаагүй нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д Албан татварын төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно, 7.3.1-д үйл ажиллагааны орлого, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно, 8.1.1-д үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн.

Актын үндэслэх хэсгийн 6 дугаарт: Тус компани нь Хаан банкнаас зээл авахдаа хамтран үүрэг гүйцэтгэгчээр Нүүдэлчин групп ХХК болон Хишигтэн нүүдэлчин ХХК, ШБ74042479 регистрийн дугаартай Шүхэрт овогтой Лхамсүрэн нарыг оролцуулан зээл авсан.

Дээрх хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон компаниуд нь тус тусдаа бие даасан хуулийн этгээд бөгөөд харьяалагддаг татварын албандаа тус тусдаа тайлангаа гаргаж өгдөг. Мондулаан трейд ХХК нь Хаан банкнаас авсан зээлээ өөрийн үйл ажиллагаанд ашиглаагүй, Хишигтэн нүүдэлчин компанийн үйл ажиллагаа болох үхрийн фермерийн үйл ажиллагаанд зарцуулсан мөртлөө 2012 онд 8.724.332,3 төгрөгийн, 2013 онд 60.326.075,4 төгрөгийн нийт 69.050.407,7 төгрөгийн зээлийн хүүгийн зардлыг илүү тооцон, татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсон үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно, 12.1.7-д зээлийн хүү, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д ...үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн.

Актын үндэслэх хэсгийн 7 дугаарт: Мондулаан трейд ХХК нь 2013 онд олборлолтын бүс дэх өвөлжөөний нөхөн төлбөрт иргэн Д.Үүрийнтуяад шилжүүлсэн 20.000.000,0 төгрөгийн орлогоос Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу албан татварыг суутган авч, төсөвт төлөөгүй байж татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцсон тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д Дор дурдсан зардал албан татвар ногдох орлогоос үл хасагдана, 12.8.2-т Албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн.

Актын үндэслэх хэсгийн 10 дугаарт: Мондулаан трейд ХХК нь 2010 онд ашигт малтмалын ашиглалтын 332А, 379А, 397А дугаар тусгай зөвшөөрлийг Ти энд Чи ХХК-иас худалдан авахдаа ямар нэгэн хөрөнгийн хамт худалдаж аваагүй бөгөөд тус компани нь Ти энд Чи ХХК-нд шилжүүлсэн орлогоос Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу албан татварыг суутган авч, төсөвт төлөөгүй тул Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно, 8.1.2-т Эрх борлуулсны орлого, 8.2-т эрх борлуулсаны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлсэнээс олсон орлогыг хамааруулна, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д Дараах орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдуулах тухай орлого тус бүрийн нийт дүнгээр тооцно, 16.3.5-д эрх борлуулсны орлого, 17 дугаар зүйлийн 17.2-т Албан татвар төлөгчийн дараах орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна, 17.2.7-д эрх борлуулсаны орлогод 30 хувиар гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн.

Хариуцагч Т.Баасан. Ш.Цогзолмаа нар нь нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа:

...Дээрх актын бүх нөхөн татвар, алданги, хүү, торгууль нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон өршөөлийн тухай хуульд хамрагдах боломжгүй юм.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд бусад зүйл, 6.4-д Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг Засгийн газар батална, Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжүүлэх журмын 2.1.1-д нуун дарагдуулсан гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байх гэж заасны дагуу хяналт шалгалтаар ногдуулсан төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Мондулаан трейд ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нар нь Мондулаан трейд ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3 дах заалтыг үндэслэн 732.651.146,2 төгрөгийн нөхөн татвар, 233.147.876,3 төгрөгийн торгууль, 257.932.745,3 төгрөгийн алданги, 16.365,1 төгрөгийг хүү, нийт 1.226.748.132,9 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

Уг актын 3, 4, 6, 7, 10 дугаар заалтуудыг эс зөвшөөрч гаргасан Мондулаан трейд ХХК-ийн гомдлыг хянаад Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 50 дугаар тогтоолоор Татварын улсын байцаагч нарын актыг хэвээр баталж, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 181 дүгээр албан бичгээр тогтоолыг нэхэмжлэгчид хүргүүлжээ.

1.  Татварын улсын байцаагчийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан 210003887 дугаар актын тогтоох хэсгийн 1.3-т 2012 онд 4.826.359,8 төгрөгийн, 2013 онд 22.694.732,0 төгрөгийн нийт 27.521.091,8 төгрөгийн шатахуун борлуулалтын орлогод татвар ногдуулаагүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д заасныг зөрчсөнд тооцон 6.880.273,0 төгрөгийн нөхөн татвар, 2.064.081,9 төгрөгийн торгууль, 1.289.107,2 төгрөгийн алданги ногдуулсан-ыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Нэхэмжлэгч Мондулаан трейд ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу Берна партнер ХХК-иар өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлэн ажлын хөлсийг шилжүүлэн, үлдэгдэл ажлын хөлсийг шатахуун өгөх замаар тооцоо нийлсэн талаар нэхэмжлэгч, хариуцагч нар тайлбарлах бөгөөд энэхүү шатахууныг төлбөрт тооцсоныг хариуцагч шатахуун борлуулсан хэмээн үзэж зөрчилд тооцжээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.1-д Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулна, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д Албан татвар төлөгчийн үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлогод албан татвар ногдоно гэж тус тус зааснаас үзвэл албан татвар төлөгч борлуулалт хийснээр тухайн орлогодоо татвар ногдуулах ойлголт бөгөөд энэхүү тохиолдолд гэрээгээр тохирон шатахууныг борлуулаагүй, бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлсөнд тооцсон үйлдлийг зөрчилд хамруулсан нь үндэслэлгүй байна.

Харин хариуцагч татварын улсын байцаагч нар Мондулаан трейд ХХК-ийг шатахуун борлуулсан гэж үзэх тохиолдолд шатахууныг борлуулсан компанитай ямар гэрээ хэлцэл хийсний үндсэн дээр шатахууныг хүлээн авч, борлуулснаар орлого олсныг болон шатахуун борлуулагч компаниас хүлээн авсан шатахуун нь орлого мөн эсэхийг тогтоож, бодит байдалд нийцсэн дүгнэлт хийлгүйгээр тухайн компаниас гарах ёстой зардал буюу ажлын хөлсөнд тооцож өгсөн шатахууныг, шатахуун борлуулсан хэмээн үзсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй болно.

 

2.  210003887 дугаар актын тогтоох хэсгийн 1.6-д 2012 онд 8.724.332,3 төгрөгийн, 2013 онд 60.326.057.4 төгрөгийн нийт 69.050.407.7 төгрөгийн өөрийн үйл ажиллагаанд ашиглаагүй зээлийн хүүгийн зардлыг илүү тооцон, татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 17.262.602,0 төгрөгийн нөхөн татвар, 5.178.780,6 төгрөгийн торгууль, 3.088.239,0 төгрөгийн алданги ногдуулсан тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад 2012 онд 8.724.332,3 төгрөгийн зөрчилд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж дэмжээгүй бөгөөд үлдэх 60.326.057.4 төгрөгийн зөрчилд холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан болно.

Мондулаан трейд ХХК нь 2013 онд Хаан банктай зээлийн гэрээ байгуулж, мах сүүний чиглэлийн үхрийн фермийн төслийн зориулалтаар 1.800.000.000 төгрөгийг зээлж аван, зориулалтын дагуу уг зээлээ ашиглалгүй, өр төлбөрөө барагдуулах зэргээр зарцуулсан болох нь Харилцагчийн дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд үхрийн фермерийн үйл ажиллагаа эрхэлдэггүй тул өөрийн үйл ажиллагаанд ашиглаагүй гэж үзнэ хэмээн хариуцагч нар зөрчилд тооцсон нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч компани өөрийн байгуулж, авсан зээлийн гэрээний дагуу хүү төлсөнийг буруутгаж байгаа нь зээлдүүлэгч болон зээлдэгч нарын хороонд үүссэн харилцаанд татварын улсын байцаагч нар хөндлөнгөөс оролцож байгаа үйлдэл гэж үзэхээр байх бөгөөд авсан зээлээ өөрийн үйл ажиллаганд /зориулалтын дагуу/ ашигласан эсэхэд хяналт тавихдаа харилцагчийн дансны хуулга, бусад гүйлгээг шалгасны үндсэн дээр тогтоох боломжтой байхад нэг толгой компанийн охин компаниуд бөгөөд Хишигтэн нүүдэлчин ХХК фермерийн үйл ажиллагаа эрхэлдэг тул уг зээлийн хүүг нэхэмжлэгч зардалдаа тусгасан нь буруу гэх тайлбарыг хариуцагч гаргах боловч төслийн зориулалтаар буюу уг зээлийг өөрийн үйл ажиллагаандаа ашигласныг тогтоолгүй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуулийн 8.1.1-д заасан үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно гэж заасныг зөрчин акт тогтоосон нь хууль бус гэж үзэв.

3.  210003887 дугаар актын тогтоох хэсгийн 1.7-д 2012 онд 4.497.308.0 төгрөгийн, 2013 онд 20.000.000,0 төгрөгийн нийт 24.497.308,0 төгрөгийн өөрийн бусдад төлсөн нөхөн төлбөр, алдангийг татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулан, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 6.124.327,0 төгрөгийн нөхөн татвар, 1.837.298,1 төгрөгийн торгууль, 1.156.158,1 төгрөгийн алданги ногдуулсан тухайд:

Нэхэмжлэгч уг заалтын 2013 онд 20.000.000,0 төгрөгийн бусдад төлсөн нөхөн төлбөр, алдангийг татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулан, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд торгууль, алданги хүлээлгэснийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч компани ...2013 онд иргэн Д.Үүрийнбаярт 20.000.000,0 төгрөгийг өвөлжөөний түрээс буюу тусгай зөвшөөрөлтэй ашиглалтын талбайд иргэн Д.Үүрийнбаярын өвөлжөө байсан тул талбайгаас гаргуулахаар харилцан тохиролцож төлбөр шилжүүлсэн гэх бөгөөд хариуцагч үүнийг актандаа татвар ногдох орлогыг бууруулан, хасагдах зардалд оруулсан зөрчил хэмээн үзсэн боловч шүүх хуралдаан дээр бусдад олгосон төлбөрт хувь хүний орлогын албан татварыг суутгаагүй, суутгасан бол хасагдах зардалд оруулж болно.. гэх зөрүүтэй тайлбарыг гаргасан.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.8.2-т албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр албан татвар ногдох орлогоос үл хасагдана гэж заасныг нэхэмжлэгч хэрхэн зөрчсөн болох нь нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч татварын улсын байцаагч актаар 20.000.000,0 төгрөгийг хасагдах зардал биш хэмээн үзэж 25 хувийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан атлаа, суутгагчийн үүргийг гүйцэтгээгүй гэж үзсэн бол хариуцлага тооцох холбогдох хууль, журмыг баримтлаагүй гэж үзэхээр байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1 дэх заалтаар суутгагч албан татвар ногдуулахдаа баримтлах журмыг зохицуулж, 13 дугаар зүйлийн 13.1.2-13.1.4-т заасан орлогын дүнд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан хувиар албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэхээр тус тус зохицуулсан бөгөөд 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан түрээсийн орлого-д суутгагч албан татвар ногдуулах үүргийг хүлээгээгүй байна.

Үүгээр Д.Үүрийнбаярт түрээсийн төлбөрт 20.000.000,0 төгрөг шилжүүлснээр суутгагчийн үүргийг хүлээхгүй болох нь тогтоогдож байхын зэрэгцээ татварын улсын байцаагч нар 20.000.000,0 төгрөгийг бүхэлд нь зөрчилд хамааруулсан нь үндэслэлгүй гэж үзэв.

4.  210003887 дугаар актын тогтоох хэсгийн 1.10-т 2010 онд 854.523.200,0 төгрөгийн эрх борлуулсаны орлогоос албан татвар ногдуулан суутгаагүй зөрчилд 256.356.960,0 төгрөгийн нөхөн татвар, 76.907.088,0 төгрөгийн торгууль, 128.178.480,0 төгрөгийн алданги ногдуулсан тухайд:

Нэхэмжлэгч 2010 онд ашигт малтмалын ашиглалтын 332А, 379А, 397А дугаар тусгай зөвшөөрлийг Т энд Ч ХХК-иас шилжүүлэн авахдаа тусгай зөвшөөрөлтэй талбайн уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт худалдан авсан, тусгай зөвшөөрөл худалдан аваагүй тул эрх борлуулсны орлогын албан татвар ногдуулахгүй хэмээн маргаж байна.

Хариуцагч татварын улсын байцаагч нар тусгай зөвшөөрлийг худалдан аваад түүнийгээ биет бус хөрөнгө гэж бүртгэн 854.000.000 төгрөгийг шилжүүлсэн, энэ нь эрх борлуулсны орлого гэж үзээд 30 хувийн татвар ногдуулсан гэх бөгөөд харин нэхэмжлэгч ...300.000 долларыг тухайн үеийн ханшаар шилжүүлсэн үнийн дүнгийн 10 хувиар тооцож татварын байгууллагад татвараа төлсөн..., ...энэ талаарх баримтыг шалгалтын явцад нэхэмжлэгч гаргаж өгөөгүй гэх зэргээр зөрүүтэй тайлбаруудыг гаргаж байна.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч компанийн 2010 оны тооцооны дэлгэрэнгүй баримт дээр хөрөнгийн орлого 854.523.200, кассын гүйлгээ 72.531.980, эцсийн үлдэгдэл нийт дүн 927.055.180, 2010 оны Санхүүгийн тайланд урьдчилж төлсөн зардал тооцоо эхний үлдэгдэл 927.055.180, эцсийн үлдэгдэл 384.265.154 төгрөгөөр бичилт хийж тайлагнасан байх бөгөөд 2009 онд 10 хувийн татвар төлсөн гэх / 43.064.400 төгрөг төлсөн бүрэн судлагдахгүй/ баримт, Т энд Ч ХХК-тай 300.000 ам.доллараар /тухайн үеийн Монголбанкны ханшаар 430.664.000 төгрөг/ тохиролцсон Ашигт малтмалын бэлтгэгдсэн нөөц мэдээ мэдээлэл авах гэрээ зэрэг авагдсан бөгөөд хариуцагч татварын улсын байцаагч нар эрх борлуулсан орлого нь хэдэн төгрөг байснаас хэдэн төгрөг суутган төлөх ёстойг дахин тодруулан, шалгасны үндсэн дээр акт тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.5, 17 дугаар зүйлийн 17.2.7-д заасны дагуу эрх борлуулсны орлогод 30 хувиар тооцож татвар ногдуулах бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар энэхүү орлогын 30 хувийн татварыг суутгагч ногдуулан авч төсөвт төлөх үүрэгтэй тул татварын улсын байцаагч нарын актын энэ хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй, харин дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэв.

5.               210003887 дугаар актаар ногдуулсан торгууль 233.147.876,3, алданги 257.932.745,3, хүү 16.365,1 нийт 491.096.986,7 төгрөгийг өршөөлд хамруулах тухайд:

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ., 10 дугаар зүйлийн 10.3-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэлийг ... шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна гэж тус бүр заасны дагуу актаар тогтоосон төлбөрөөс энэхүү шүүхийн шийдвэрээр хүчингүй болгон багасгаж байгаа нөхөн татварт холбогдох торгууль, алдангиас үлдэх хэсгийн торгууль, алданги, хүүгийн төлбөрийг өршөөлд хамруулах нь зүйтэй гэж үзэв.

6.               Актын үлдэх нөхөн ногдуулсан татвар 450.151.311,2 төгрөгийн төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг ойлгох бөгөөд нэхэмжлэгч нь актын үлдэх хэсэг буюу нөхөн татвар ногдуулсан хэсгээр Татварын маргаан таслах зөвөлд хандан урьдчилан шийдвэрлүүлээгүй, шүүхэд хууль бус гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргаагүй буюу нэхэмжлэгч нь хариуцагчтай маргаагүй.

Өөрөөр хэлбэл актын холбогдох хэсгийг нэхэмжлэгч хууль бус гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх, уг акт нь хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шүүхээс хянаад шийдвэр гарах бөгөөд энэхүү тохиолдолд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулах талаар шүүхээс аливаа нэг шийдвэр гарахгүй бөгөөд тус шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зорилтоос үзвэл олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон, үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, хуулийн тэгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас чөлөөлөхтэй холбоотой харилцааг зохицуулах бөгөөд нэхэмжлэгч энэ хуулийн дагуу шинээр тайлагнасан гэх бөгөөд шүүхээс энэхүү нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсанаас дүгнээд актын 1.3 дахь заалтаар нөхөн ногдуулсан татвар 6.880.273,0 төгрөг, торгууль 2.64.081,9, алданги 1.289.107,2 төгрөг, 1.6 дахь заалтын нөхөн татвар 15.081.514,35 төгрөг, торгууль 4.524.455,7, алданги 2.369.005,0 төгрөг, 1.7 дахь хэсгийн нөхөн татвар 5.000.000, торгууль 1500.000, алданги 785.400 төгрөг, нийт нөхөн татвар 26.961.787,34 төгрөг, торгууль 8.088.537,6 төгрөг, алданги 4.443.512,2 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, актын 1.10-т холбогдох нөхөн татвар 256.356.960,0, торгууль 76.907.088,0, алданги 128.178.480,0 төгрөг төлүүлэхээр тогтоосон хэсгийг анхан шатны санхүүгийн баримтад үндэслэн шалгасны үндсэн дээр дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн зарим хэсгийг хүчингүй болгохыг дэмжихгүй, өөрчлөн хэлэлцсэн тул нэхэмжлэгчийн бичгээр гаргасан тооцооллоос зөрүүтэй дүн гарч шийдвэрлэгдсэнийг дурдаж байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу торгууль 148.152.250,7 төгрөг, алданги 125.310.753,1 төгрөг, хүү 16.365.1 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамааруулж, нэхэмжлэлийн үлдэх нөхөн татвар 449.332.398,86 төгрөгт холбогдох хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.       Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 12 дугаар зүйлийн 12.8, 12.8.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-т тус бүр заасныг баримтлан нэхэмжлэгч Мондулаан трейд ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарын тогтоосон 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актын 1.3, 1.6, 1.7 дахь хэсгээр ногдуулсан нөхөн татвар 26.961.787,34 төгрөг, торгууль 8.088.537,6 төгрөг, алданги 4.443.512,2 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2.       Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.5, 17 дугаар зүйлийн 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5-д тус тус заасныг баримтлан Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарын тогтоосон 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актын 1.10 дахь хэсгээр нөхөн татвар 256.356.960,0, торгууль 76.907.088,0, алданги 128.178.480,0 төгрөг ногдуулсныг нотлох баримтад тулгуурлан шалгасны үндсэн дээр дахин шинэ акт гартал түдгэлзүүлсүгэй.

3.       Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.3-т тус тус заасны дагуу Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарын тогтоосон 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актаар торгууль 148.152.250,7 төгрөг, алданги 125.310.753,1 төгрөг, хүү 16.365.1 төгрөг төлүүлэхээр ногдуулсныг өршөөн хэлтрүүлсүгэй.

4.       Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч Мондулаан трейд ХХК-ийн Актын үлдэх нөхөн ногдуулсан татвар 449.332.398,86 төгрөгийн төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5.       Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА