Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 108

 

“Христ сайн мэдээ дархан цуглаан”

шашны байгууллагын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00051/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  05 дугаар сарын 28-ны өдрийн 493 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч “Христ сайн мэдээ дархан цуглаан” шашны байгууллагын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Я.Н-,

                   Д.П- нарт холбогдох

"Үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, гэрээнд зааснаар түрээсийн төлбөр 13.000.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 65.000.000 төгрөгийг буцаан гаргуулах, засварын зардал 3.111.100 төгрөг, нийт 68.111.100 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч Я.Н-, Д.П- нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

           Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бэрцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Булган, хариуцагч Я.Н-, Д.П-, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Христ сайн мэдээ дархан цуглаан” шашны байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Худалдах, худалдан авах гэрээ хийсэн, тэр гэрээний 2.3-т заасан төлбөрийг төлөөгүй байгаа учраас байраа чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 8.000.000 төгрөг гаргуулах, газрын гэрээ 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2018 оны 02 дугаар сарын 16-нд анх Я.Н- гэдэг эмэгтэйтэй уулзсан. Уулзахад бид цэцэрлэг ажиллуулах гээд байр хайж байна энэ байр цэцэрлэг ажиллуулахад тохиромжтой байр байна бид энэ байрыг худалдаж авмаар байна гэсэн бид Ryu Ho Yeol номлогчтойгоо хамтдаа Я.Н- нөхөртэйгөө ирээд яриад энэхүү байрыг худалдаж авахаар ярилцсан. Дархан сум 5 дугаар баг 19 дүгээр брак, өргөтгөл хийсэн 205 м.кв талбайтай орон сууц байгаа, 2 гэрчилгээ, газрын гэрчилгээтэй байрыг 75.000.000 төгрөгөөр зарахаар тохирч Мөнгөн хөөсийн 2 давхарт нотариат И.Энхболд дээр 2018 оны 02 дугаар сарын 20-нд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хийсэн, гэрээний 2.1-т 10.000.000 төгрөг урьдчилан төлсөн баримт өгсөн байгаа, уг байр нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 19 дүгээр хорооллын хажууд 160м.кв талбайтай 2 давхар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө юм. Ингээд үлдэх 65.000.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэхэд үлдэгдэл төлбөрийг өгөөгүй тохиолдолд торгууль тооцохоор гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч нар өнөөдрийг хүртэл үлдэгдэл 65.000.000 болон, торгууль сарын 1.000.000 төгрөгөө өгөөгүй яваад байгаа, өгөхгүй байгаа шалтгаан нь миний бие 45.000.000 төгрөгийг бэлнээр төлөв гэж анзаарахгүй гэрээнд бичсэн байсан нь алдаа болоод байгаа, бид 2018 оны 04 дүгээр сарын 23-нд үлдэх төлбөрийг төлөөгүй учраас байраа чөлөөлүүлье гээд өнөөдрийг хүртэл явж байгаа, одоо энэ хүмүүсээс байраа чөлөөлүүлмээр байна, түрээсийн төлбөр 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс өнөөдрийг буюу 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 13 сарын 13.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Худалдах, худалдан авах гэрээ хийх үед худалдан авагч татвараас зайлс хийж газарт 20.000.000 төгрөг гэж бичүүлсэн, 45.000.000 төгрөгийг байранд гээд биччихье гэж Я.Н- хэлээд тэгж бичүүлж байсан, энэ хүмүүс одоо 65.000.000 төгрөг гэж сөрөг нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Бид Я.Намсүрэн, Д.П- нарт бүрэн итгэж 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байраа суллаж өгсөн. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж түрээсийн төлбөр 5.000.000 төгрөг гаргуулах, 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

Хариуцагч Я.Н-, Д.П- нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Анх уг байрыг 75.000.000 төгрөгөөр байшинг газрын хамт авахаар тохирч бэлнээр 10.000.000 төгрөгийг манай хүү өгсөн. 55.000.000 төгрөгийг бэлнээр Ryu Ho Yeol гэдэг хүнд нь өгсөн. Энэ сүмийн ахлагч, 06 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Гэрээнд зааснаар түрээсийн төлбөр 14.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа, бусад мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна, татвараас зайлсхийсэн гэж худлаа хэлж байна. Нотариатч И.Энхболд гэж хүн тухайн үед гэрээг баталж эхний ээлжид бараг газраа шилжүүлээд авахад нөхцөл нь бүрдсэн байна гэж хэлж байсан. Тухайн үед бэлнээр өгөхдөө гарын үсэг аваагүй нь бидний алдаа болсон, тухайн үед нотариат оръё гээд орсон. Анхнаасаа Ryu Ho Yeol гэдэг хүнтэй л гэрээ хийсэн гэжээ.

Хариуцагч Я.Н-, Д.П- нар шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэл гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч тал хэрэв энэ байраа буцааж авна гэж байгаа бол миний өгсөн 65.000.000 төгрөгийг, засвар хийсэн 3.111.100 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэжээ.

Нэхэмжлэгч “Христ сайн мэдээ дархан цуглаан” шашны байгууллага нь шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч нар өөрсдийн эрх ашгийн дагуу засвар хийсэн, яагаад 55.000.000 төгрөгийг өгсөн бол баримт аваагүй байгаа вэ, хүний үнэнийг хэлүүлдэг газар байвал очмоор байна. Аль ч шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ айлаас авсан 10.000.000 төгрөгийг буцааж өгч болно харин бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  05 дугаар сарын 28-ны өдрийн 493 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Христ сайн мэдээ Дархан цуглаан, хариуцагч Я.Н-, Д.П- нарын хооронд 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцалж, хариуцагч Я.Н-, Д.П- нарын эзэмшлээс Дархан-Уул аймгийн Дархан сум 5-р баг, 19-р брак байрны 2, 3 тоот 46,5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дархан сум 5-р баг, 19-р бракын хажууд байрлах 2 давхар160 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан чөлөөлж, нэхэмжлэгчийн түрээсийн төлбөр 13.000.000 төгрөг гаргуулах, хариуцагч Я.Н-гийн 68.111.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Христ сайн мэдээ дархан цуглаан шашны байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308.100 төгрөг, хариуцагч Я.Н-, Д.П- нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 547.950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70 200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод, хариуцагчаас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Я.Н-, Д.П- нар давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газрын эрх шилжүүлэн гэрээг тус тус байгуулж нийт 75.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 5 дугаар баг, 19 дүгээр байрны хажууд байрлах 160 м.кв талбайтай 2 давхар хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 45.000.000 төгрөг бэлнээр төлж худалдан авсан. 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр мөн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Дархан-Уул аймаг Дархан сумын 5 дугаар баг, 19 дүгээр брак 2.3 тоот 46.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 10.000.000, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 10.000.000 төгрөгийг тус тус төлж нийт 65.000.000 төгрөгийг төлсөн юм.

Гэрээний дагуу тохиролцсоноор 10.000.000 төгрөг дутуу төлсөн юм.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.4-т төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол сарын 1.000.000 төгрөгөөр түрээсийн төлбөр нөхөж төлнө гэж заасны дагуу тооцоход 2018 оны 02 дугаар сарны 20-ны өдрөөс хойш тооцоход нийт 4 сарын төлбөр буюу 4.000.000 төгрөг, үлдэгдэл төлбөр 10.000.000 төгрөг нэмж нийт 14.000.000 төлөх тооцоо гарч байгаа юм.

Гэтэл нэхэмжлэгч тал болох “Христ сайн мэдээ Дархан цуглаан” шашны байгууллагын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнийг аваагүй тул уг гэрээнүүдийг цуцалж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцалж, үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд манай талаас гаргасан сөрөг нэхэмжлэл буюу “Нэхэмжлэгч тал энэ үл хөдлөх эд хөрөнгийг буцааж авна гэж байгаа бол бидний өгсөн 65.000.000 төгрөг, засвар хийсэн 3.111.100 төгрөгийг тэднээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Бид дээрх гэрээний үндсэн дээр 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ авч нүүн орж үйл ажиллагаа явуулж байгаа болно.Тухайн үед

55.000.000 төгрөгийг бэлнээр 10.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Үүний дараа нотариатч И.Энхболд дээр очиж гэрээ байгуулж баталгаажуулсан бөгөөд гэрээг И.Энхболд нотариатч өөрөө боловсруулж бэлэн болгоод бид нараар гарын үсэг зуруулсан юм.

Тухайн үед И.Энхболд нотариатч “Та нар мөнгөө төлчихсөн юм чинь өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж авч болох юм байна” гэж хэлж байсан. Өөрөө гэрээнд дээр 45.000.000 төгрөг бэлнээр төлөв, 10.000.000 төгрөг бэлнээр төлөв гэж бичсэн мөртлөө шүүх хурал дээр “мөнгө өгч байхыг хараагүй мөртлөө эд нар мөнгө өгөөгүй, энэ бэлнээр төлөв гэж бичсэн нь техникийн алдаа” гэж мэдүүлсний дагуу хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.Нотариатч хүн гэрээг батлахдаа маш хариуцлагатай байж, хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн байдаг хуультай.

Иймд хуулийн дагуу байгуулсан хүчин төгөлдөр гэрээг шүүх хүчин төгөлдөр бусад тооцож байгаа бол худалдан авагч талын тэдэнд төлсөн 65.000.000 төгрөгийг буцаан гаргуулах, мөн тус байранд хийсэн засварын үнэ 3.111.100 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгөхийг хүсэж байна гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч “Христ сайн мэдээ дархан цуглаан” шашны байгууллага нь   хариуцагч  Я.Н-, Д.П- нарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, гэрээнд зааснаар түрээсийн төлбөр 8.000.000 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж,  түрээсийн төлбөрт нэмж 5.000.000 төгрөг  гаргуулах, 2018 оны 2 дугаар сарын 20-ны  өдөр байгуулсан Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг цуцлах  шаардлага гаргасныг хариуцагч нар “...75.000.000 төгрөгөөр байшинг газрын хамт авахаар тохирч бэлнээр 10.000.000 төгрөгийг манай хүү өгсөн,  55.000.000 төгрөгийг бэлнээр Ryu Ho Yeol  гэдэг хүнд өгсөн...” гэж  эс зөвшөөрчээ.

 Хариуцагч  нар нь нэхэмжлэгчид холбогдуулан  худалдах, худалдан авах гэрээний  үүрэгт шилжүүлсэн 65.000.000 төгрөгийг, засварын зардал 3.111.100 төгрөгийн хамт  буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага буюу газар эзэмших гэрээг цуцалж, гэрээний  үүрэгт шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг буцаан гаргуулж, нэхэмжлэлээс түрээсийн төлбөр 13.000.000 төгрөг гаргуулах шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг   бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрийг  хариуцагч  нар эс зөвшөөрч “...худалдан авагч талын  төлсөн  65.000.000 төгрөгийг буцаан гаргуулах, байранд хийсэн засварын үнэ 3.111.100  төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулах  сөрөг  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн  давж заалдах гомдлын  зарим хэсгийг хангах нь зүйтэй  байна.

Зохигчдын хооронд  2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дархан сумын 5 дугаар баг, 19 дүгээр бракийн  2,3 тоот 46,5 м.кв  талбай бүхий  үйлчилгээний  зориулалттай   үл хөдлөх хөрөнгө \хэргийн 10 дугаар тал\ Дархан сумын 5 дугаар баг, 19 дүгээр бракийн хажууд байрлах 160,0 м.кв талбайтай 2 давхар сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг \хэргийн 11 дүгээр тал\, 000346510 тоот гэрчилгээтэй, 4506902653 нэгж талбарын дугаар  бүхий газар эзэмших  \хэргийн 8 дугаар тал\ эрхийн хамт   худалдах, худалдан авах гэрээ  байгуулагдсан, гэрээ  хүчин төгөлдөр  байна.

Гэрээний дагуу худалдагч тал болох Христ сайн мэдээ дархан цуглаан шашны байгууллага гэрээний зүйлийг худалдан авагч тал болох Я.Н-, Д.П- нарын эзэмшилд шилжүүлсэн байна. Талууд худалдсан зүйлийн үнийг 75.000.000 төгрөгөөр  тохирсон  болохоо  үгүйсгээгүй  болно.

Харин талуудын хооронд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх нь  маргааны зүйл болжээ.

Талууд 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах  2 гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх  гэрээ  тус тус байгуулсан.

Гэрээний зүйлийг хариуцагч нар 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан   байна.

Худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр тул хариуцагч гэрээнд заасан  үүргээ биелүүлэх  үүрэгтэй.

Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзах, татгалзсанаас  үүсэх үр дагаврыг шаардах эрхтэй. Христ сайн мэдээ дархан цуглаан шашны байгууллагын нэхэмжлэл нь Иргэний хуулийн 225 дугаар  зүйлийн  225.1-т нийцсэн болно.

Хариуцагч  үл хөдлөх хөрөнгийг хүлээн авсан атлаа үнийг  бүрэн гүйцэт төлөөгүй  учир нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан, хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ өгсөн 65.000.000 төгрөгийг, засвар хийхэд гарсан зардлын хамт гаргуулахаар шаардсан талуудын  шаардлага нь Иргэний хуулийн  205 дугаар зүйлийн  205.1-т нийцжээ. Талуудын хэн аль нь уг хуульд зааснаар  шаардах эрхтэй юм.

Нэгэнт талууд гэрээнээс татгалзсан учир гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх  үүрэгтэй.

Хариуцагч 65.000.000 төгрөгийг гаргуулах шаардлагаа нотлох Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ  бүрэн хэрэгжүүлж чадаагүй, 55.000.000 төгрөг бэлнээр өгсөн гэж тайлбарладаг боловч  энэ  нь баримтаар  нотлогдоогүй  байна.

Сөрөг нэхэмжлэлд дурдсан засвар хийсэн зардал буюу 3.111.100 төгрөгийн  шаардлага нь баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч уг шаардлагыг үгүйсгээгүй, мөн  хариуцагчийг урьдчилгаа төлбөрт өгсөн 10.000.000 төгрөг авснаа нэхэмжлэгч мөн  үгүйсгээгүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 13.111.100 төгрөгт холбогдох хэсгийг  хангаж, нэхэмжлэгчээс  гаргуулах  нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн  492.1.1,  205 дугаар зүйлийн  205.1-т  харшлахгүй  болно.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  05 дугаар сарын 28-ны өдрийн 493 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг,

“Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн  225.1, 205 дугаар  зүйлийн  205.1, 492 дугаар зүйлийн  492.1.1-д заасныг баримтлан “Христ сайн мэдээ дархан цуглаан” \худалдагч\, Я.Н-, Д.П- \худалдан авагч\ нарын 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус цуцалж,  хариуцагч Я.Н-, Д.П- нараас Дархан сумын 5 дугаар баг, 19 дүгээр брак байр, 2,3 тоот 46,5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, түүний хажууд байрлах 2 давхар 160 м.кв талбайтай,  хувийн сууцыг гаргуулж, нэхэмжлэгч “Христ сайн мэдээ дархан цуглаан” шашны байгууллагад олгож, “Христ сайн мэдээ дархан цуглаан” шашны байгууллагаас  13.111.100 төгрөг гаргуулж, Я.Н-, Д.П- нарт олгож, үндсэн нэхэмжлэлээс 13.000.000 төгрөгийн, сөрөг нэхэмжлэлээс 55.000.000 төгрөгийн   шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй  болгосугай” гэж ,

Тогтоох хэсгийн 2 дугаар заалтад, “...хариуцагчаас 140.400 төгрөг гаргаж, нэхэмжлэгчид олгосугай,” гэснийг “...хариуцагчаас 140.400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид  олгож, нэхэмжлэгчээс  223.505 төгрөг гаргуулж  хариуцагчид  олгосугай.” гэж  өөрчлөлт оруулж,  шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.3-т зааснаар  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482.950 төгрөгийг төрийн сангийн орлогоос  шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан  олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

         

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.НАРАНГЭРЭЛ

                                                                     ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА

                                                                                                                       С.ЭНХЖАРГАЛ