Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 168

 

“Х-И” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч

Д.Б, Б.Х нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                М.Батсуурь

Шүүгчид:                   Г.Банзрагч

                                    Б.Мөнхтуяа

                                    Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг,

Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 200015607 тоот актаар ногдуулсан төлбөрийг бүхэлд нь хүчингүй болгуулах”

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0095 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Бат-Очир,

Хариуцагч: Д.Б, Б.Х нар.

Хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Б.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.6.2,  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь  хэсэгт заасныг тус тус баримтлан “Х-И” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 200015607 тоот актаар ногдуулсан 10,421,204.00 төгрөгийн төлбөрөөс 2,582,427.40 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгон хасч, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0095 дугаар магадлалаар:  Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч нарын гомдол: ... Татварын маргаан таслах зөвлөл 1. Улсын байцаагчийн актын тогтоох хэсгийн 2.1-т нэмэгдсэн өртгийн албан татвараар 2015 онд орлогод оруулж тооцоогүй гэх /4,636.362.71/ төгрөг, мөн 1.2-т Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар үндсэн баримтгүйгээр зардалд тусгасан гэсэн 24,004,259.00 төгрөгийн зөрчлөөс тайлант оны алдагдал 4,814,264.44 төгрөгийг хасч, 19,189,950.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан нөхөн татварыг хүлээн зөвшөөрөхгүй гэснийг хянахад: тус компанийн 2015 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан борлуулалтын орлого 4,636,362.71 төгрөгөөр зөрүүтэй байна. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлого байсан эсэхийг нотлох баримт ирүүлээгүй тул нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар борлуулалтын орлогыг 4,636,362.71 төгрөгөөр дутуу тооцсон гэх үндэслэлтэй байна. Магадлагааны явцад гомдол гаргагчаас татварын улсын байцаагчийн актаар тогтоосон зөрчилтэй холбоотой татвар ногдох орлогоос хасагдах зардлын анхан шатны баримт ирүүлээгүй. 2014 онд 24,004,259.44 төгрөгийн баримтгүй зардал /ашиглалтын зардал 11,981,053.00 төгрөг, элэгдлийн зардал 2,298,097.00 төгрөг, бусад зардал 9,725,109.00 төгрөг/-ыг давхардуулан тооцож татвар ногдуулах орлогоо бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Дараах тохиолдолд татвар ногдох орлогоос хасч тооцохгүй, 15.1.2 албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал” гэж заасныг зөрчсөн байна. Иймд татвар төлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

4. Байцаагчийн актын тогтоох хэсгийн 1.3-т 2012-2014 онд шатахуун, холбооны зардалд төлсөн 2,201,138.10 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасахгүй гэж акт тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн гомдлыг хянахад: Тус компани нь өөрийн үл хөдлөх хөрөнгөө түрээслэн үйл ажиллагаа явуулдаг. Хувьдаа болон ажиллагчдын хэрэгцээнд зарцуулсан шатахуун, гар утасны нэгж худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар бизнесийн үйл ажиллагааны зардлаар баримт бүрдүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан байна.

5. Үндсэн үйл ажиллагаатай холбогдолгүй, хувийн хэрэглээний шатахуун, утасны нэгж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “дараах бараа ажил үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй. 14.4.2-т хувийн болон ажиллагчдын хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа, үйлчилгээ” гэж заасан тул нөхөн татвар ногдуулсан нь хуульд нийцсэн байна гэж зөвлөлийн бүрэлдэхүүн дүгнэсэн.

6. Татварын маргаан таслах зөвлөл нь Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 “Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон “1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.4.2, 17 дугаар зүйлийн 17.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Орхон аймгийн маргаан таслах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хэвээр үлдээсүгэй” гэж шийдвэрлэсэн.

7. Мөн Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны 36 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч “Х-И” ХХК-ийн захирал Х.Бат-Очирын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо хэрэгт хамааралгүй зориуд худал, нотлогдохгүй зүйлүүд бичсэнийг давж заалдах шатны шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

8. “Х-И” ХХК-аас ... нягтлан бодогч Т.Энхтуяа нь 2014 оны сүүлчээс бие давхар, 2015 онд хүүхэд төрүүлсэн гэрээс гардаггүй таамгаар ямар ч бодит мэдээлэлгүй тайлан гаргаж байсан, ямар ч орлого олоогүй байхад санаанаасаа худлаа тайлан гаргасан гэх үндэслэлээр гомдол гаргасан нь татварын улсын байцаагчийн акттай ямар ч холбогдолгүй юм. Яагаад гэвэл Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэж заасан байдаг учраас татвар төлөгч үүргийнхээ дагуу үнэн зөв тодорхойлсон тайлангаа цахим тоон гарын үсгээр баталгаажуулан татварын албанд цахимаар илгээсэн гэж үзэж байна. Татвар төлөгчийн өөрийнх нь гаргасан тайланг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Иймд давж заалдах шатны шүүхээс нягтлан бодогч Т.Энхтуяаг заавал гэрчээр оролцуулах шаардлагатай гэж үзсэн нь хэрэгт холбогдолгүй гэж үзэж байна. Мөн татвар төлөгч татварын тайлангаа үнэн зөв гаргаагүйн хариуцлагыг өөрөө хариуцах үүрэгтэй. Татварын улсын байцаагч тайлангийн үнэн зөв гаргасан эсэхийг хариуцах хуулийн зүйл заалт байхгүй.

9. Нэхэмжлэгчээс “... 2013 оноос үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлж орлого олоогүй, тус үл хөдлөх эд хөрөнгөө Л.Баасан-Очирын өмчлөлд шилжүүлсэн. Энэ хүн өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө хэрхэн захиран зарцуулах, орлого олох эх үүсвэрээ болгох эсэх нь түүний эрхийн асуудал...” гэж маргасан нь Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д татвар төлөгч үл хөдлөх эд хөрөнгө худалдах, бэлэглэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн өдрөөс хойш ажлын 20 өдрийн дотор харьяалагдах татварын албанд мэдэгдэнэ. 13.6-д хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол татвар төлөгч нь улсын бүртгэлийн гэрчилгээ, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрт өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэнэ. 13.8-д татвар төлөгчөөр бүртгүүлээгүй нь татвар ногдуулах, төлөх, суутгах үүрэг, түүнтэй уялдаж хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж зааснаар хөрөнгө хэний өмчлөлд байснаас үл хамааран тухайн хөрөнгөтэй холбоотой орлого тус компаний орлогод хамаарах ёстой. Тухайн хөрөнгийн түрээсийн орлого нь тус компанитай холбоотой болох нь дараах байдлаар нотлогдож байгаа юм. Үүнд:

10. Тухайн компанийн дулаан уур усны зардалд төлсөн мөнгө болон түүнтэй холбоотой нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд оруулан хасагдах хэсэгт хасч тооцсон. Үүгээр ашиглалтын гэрээ тухайн компаниар байгааг нотолж байна. /Хавтаст хэрэгт нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 200015607 тоот актыг нотлох баримтаар авсан болно./

11. Тус   хөрөнгийг   түрээслэж   байсан   хувийн   эмнэлгүүдийн   холбогдох   албан тушаалтнуудаас авсан гэрчүүдийн мэдүүлэг, ярилцлагын тэмдэглэл, түрээсийн орлого өгч, авсан холбогдох гарын үсэг бүхий тэмдэглэл /хавтаст хэрэгт нотлох баримтаар байгаа/ зэргүүд нь бүрэн нотолж байгаа билээ.

12. Үл хөдлөх хөрөнгийг түрээслээгүй байсан хугацааг хамруулж акт тавьсан гэж маргасан нь үндэслэлгүй байна. Тус компани нь анхнаасаа хөрөнгө түрээслэх бүртээ үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлж байгаагүй нь орлогоо нуух гэсэн санаатай оролдлого байсан. Татварын улсын байцаагчийн акт нь шинээр хөрөнгийн орлого гэсэн зүйл гаргаж ирээгүй бөгөөд татвар төлөгчийн хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу гаргасан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангуудад үндэслэн шалгаж гаргасан орлого байсан.

13. Магадлалд хавтаст хэргийн 141-146-р талд авагдсан “Түрээс төлсөн тэмдэглэл” гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй... гэсэн нь үндэслэлгүй байна. Хөрөнгийг түрээслэж байсан хуулийн этгээдүүдийн холбогдох албан тушаалтнууд нь өөрсдийн биеэр гэрчийн мэдүүлэг өгч, өөрт байсан албан ёсны НББ-ын анхан шатны баримтаа нотлох баримтаар өгсөн байгаа юм.

14. Дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь Татварын ерөнхий хууль болон  нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудыг хэрэглэж дүгнэлт өгөөгүй мөн дээрх хуулиудыг буруу тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0095 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            15. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

            16. Орхон аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Хишигбат, Д.Буяндэлгэр нар “Х-И” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 200015607 дугаар актаар 1. “... 2012 онд 468,200 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулан төлөөгүй”, 2. “... 2014 онд татвар ногдох орлогоос хасагдахгүй, үндсэн баримтгүй 24,004,259.44 төгрөгийн зардлыг хасч, татвар ногдох орлогоо бууруулсан”, 3. “... /2014-2015/ онд нийт 21,818,181.19 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулаагүй”, 4. “... /2012-2014/ онд нийт 22,011,381.10 төгрөгийн хувийн болон ажилчдын хэрэглээний шатахуун, нэгж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон” гэх 4 зөрчил тус тус тогтоон, нийт 68,302,021.7 төгрөгийн зөрчилд 6,348,775.8 төгрөгийн нөхөн татвар, 2,340,996.6 төгрөгийн торгууль, 1,724,886.2 төгрөгийн алданги, 6,545.4 төгрөгийн хүү, нийт 10,421,204 төгрөгийн төлбөр тогтоосон байна.

17. Нэхэмжлэгчээс татварын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 200015607 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан тайлбараар,  маргаан бүхий актын үндэслэх хэсгийн 1-д заасан “... 2012 онд 468,200 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулан төлөөгүй” гэх зөрчилд холбогдох нийт 84.276.00 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн, анхан шатны шүүх нэхэмжлэгчээс нэгэнт “маргахгүй” гэсэн маргаан бүхий актын тогтоох хэсгийн 1.1-д заасан зөрчилд холбогдуулж дүгнэлт хийгээгүй, актын үндэслэх хэсгийн 2, 3, 4-т заасан зөрчлүүдэд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь зөв.

18. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... манай компани 2013 оноос ямар нэг ашиг олох бизнес хийгээгүй, ... нягтлан бодогч Т.Энхтуяа нь ... таамгаар, ... санаанаасаа худлаа тайлан гаргасан” гэж, хариуцагч нараас “... татвар төлөгчийн өөрөө тодорхойлон гаргасан тайлан баланс, анхан шатны баримтуудыг үндэслэн ... хяналт шалгалт хийж, акт тавьсан ... нь хууль зөрчөөгүй” гэж маргасан, Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “... татварын тайлан гэж бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хуулийн этгээдийн татварын тайлан, хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсыг /ойлгох/”-оор, 43 дугаар зүйлийн 43.1-д “...татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлөх”-өөр тус тус зааснаас үзэхэд, татвар төлөгч өөрөө татвар ногдох орлогоо тодорхойлон, татварын ногдлоо тайлангаар татварын албанд тайлагнаснаар татвар төлөх үүрэг үүсэх бөгөөд, тухайн тохиолдолд, татвар төлөгчийн өөрийнх нь тодорхойлсон татварын тайлан, анхан шатны баримтуудыг үндэслэж, акт тавьсан хариуцагчийн үйлдэл Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасан “... /татварын улсын байцаагч/ татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, ... санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, ...  зөрчлийг тогтоон акт ... үйлдэх”-ээр заасныг зөрчөөгүй, хариуцагч нарын “... татвар төлөгч татварын тайлангаа үнэн зөв гаргаагүйн хариуцлагыг өөрөө хариуцах үүрэгтэй, татварын улсын байцаагч тайлангийн үнэн зөв гаргасан эсэхийг хариуцахгүй” гэх гомдол үндэслэлтэй байна.

19. Иймд нэхэмжлэгчийн “... нягтлан бодогч Т.Энхтуяа худлаа тайлан гаргасан” гэх үндэслэлээр орлого олоогүй, орлогоо хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасныг хүлээж авах үндэслэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “... захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй ... баримтыг шаардан гаргуулж болохгүй” гэж заасан байх тул давж заалдах шатны шүүхийн “... нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлтэй холбогдуулан Л.Баасан-Очироос тайлбар авч, “Х-И” ХХК-ийн хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчийн аль нь болох, уг компанитай ямар холбоо хамааралтай этгээд болохыг, мөн татварын байцаагч нарын тус компанийг хяналт шалгалтад хамруулсан цаг хугацаанд тус үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэж байсан эсэх, ямар байдлаар түрээсийн төлбөр төлөгдөж байсан эсэхийг тодруулах шаардлагатай, ... “Х-И” ХХК-ийн нягтлан бодогч Э.Энхтуяаг ... гэрчээр асуугаагүй... /нь буруу/” гэх дүгнэлтүүд үндэслэлгүй, “... Т.Энхтуяа нь “Х-И” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан эсэх, ажиллаж байсан бол ямар хугацаагаар ажилласан, хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажилласан эсэх, мөн тус компанийн тайланг ямар баримт материалд үндэслэн гаргаж байсан талаар тодруулж, тайлбар авах...” гэх зэрэг үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу, хариуцагч нарын “... хэрэгт хамааралгүй зориуд худал, нотлогдохгүй зүйлүүд бичсэнийг давж заалдах шатны шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

  20. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд татвар төлөгчийн үүргийг тодорхойлсон, уг зүйлийн 18.1.1, 18.1.2-т тус тус зааснаар татвар төлөгч нь “... татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, ... татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх” үүрэгтэй, энэ дагуу татвар төлөгч татварын тайландаа “... 2014 онд ашиглалтын зардал ..., элэгдлийн зардал..., бусад зардалд нийт 24,004,259.44 төгрөг”-ийг “хасагдах зардал”-аар тайлагнасан, уг зардал нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдоогүй, түүнчлэн 2015 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тайлагнасан орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнасан борлуулалтын орлого нь 4,636,362.71 төгрөгөөр зөрсөн, уг зөрүү нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлого байсан талаарх санхүүгийн анхан шатны баримт байхгүй зэрэг үйл баримтууд тогтоогдсон, анхан шатны шүүх эдгээрт зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв болжээ.

21. Харин, Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “... /2014-2015/ онд нийт 21,818,181.19 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулаагүй” гэх зөрчилд холбогдох, нийт 2,582,247.40 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож актаар тогтоосон нийт төлбөрийг 7,838,776.7 төгрөг болгож бууруулсан, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар тогтоолоор Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн дээрх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байхад маргаан бүхий актын уг хэсэгт холбогдох хэсгийг шүүх дахин хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу, зүй нь, татварын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 200015607 дугаар актын энэ хэсэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах байжээ.

22. Эдгээр үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0095 дугаар магадлалыг хүчинүй болгож, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... “Х-И” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 200015607 тоот актаар ногдуулсан 10,421,204.00 төгрөгийн төлбөрөөс 2,582,427.40 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгон хасч, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...“Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 200015607 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас 2,582,247.40 төгрөгийн төлбөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч нар тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА