Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 49

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                          Хэргийн индекс:114/2016/0047/З                   

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  хийсэн   хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн ******* тоотод   оршин суух  *******

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох

“Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 11 дүгээр тогтоолын Д.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:                                                                        Д.*******                                              

Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч:                                               Н.Баттунсаг, Д.Цагаандарь

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                        Д.Зоригтбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:                        Б.Саранчимэг  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч сонгох сонгуульд нэрээ дэвшүүлэхээр аймгийн Сонгуулийн хороонд бүртгүүлсэн. Аймгийн сонгуулийн хороо холбогдох материалыг хүлээн авч хянаад бүртгэн тогтоол гаргасан. Гэтэл гомдол гарсныг үндэслээд нэр дэвшигчийг Сонгуулийн тухай хуулийн 157.2.5, 154.3.1 заалт зөрчсөн, мөн хуулийн 159.1, 159.2-т зааснаар нэрийн жагсаалтаас хассан тогтоолыг хууль зөрчиж үндэслэлгүйгээр гаргасан байна.

Миний хувьд ямар нэг иргэн, хуулийн этгээдэд шүүхийн шийдвэрээр тогтоосон өр төлбөр байхгүй, 2015 оны 4 сарын 03-нд Дархан-Уул аймгийн Аудитын газраас Шарын гол сумын Засаг даргын нөөцийн сангийн зарцуулалт үр дүнд гүйцэтгэлийн аудит хийгээд уул овоо тахих, ой тэмдэглэх, тэмцээн уралдаанд зарцуулсан 1.423.926 төгрөгийн акт тавьж, тус үнийн дүнгээр төрийн сангийн дансанд эргүүлж оруулахыг нягтлан бид хоёрт хариуцуулсан. Дээрх мөнгөн дүнгээр 2016 оны 3 сарын 31-нд 653.926 төгрөг, 2016 оны 4 сарын 28-нд 770000 төгрөгийг төрийн сангийн 190000947 дансанд тушаасан. Үүнтэй холбож хууль бус шийдвэр гаргаж иргэн миний сонгогдох эрхэнд санаатайгаар саад учрууллаа гэж үзэж байна.

Сонгуулийн тухай хуулийн 154.3.1-д “банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй” гэж заасан байна. Гэтэл тийм ямар ч шийдвэр байхгүй, өөр өр төлбөр байхгүй байхад гомдол гаргасан нэрээр нэр дэвшигчийг хасч байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна. Иймд “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны  2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 11 дугаартай тогтоолын Д.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цагаандариас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Аймгийн  Сонгуулийн хорооны нэрсийн жагсаалтаас хасах тухай 11 дүгээр тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1, 157.2.5, 159.1, 159.2 дахь заалтуудыг барьсан байдаг. Нэр дэвшигчээс бүртгэх татгалзах үндэслэл тогтоогдсон бол Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-г барих ёстой. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2 маань зөрчил гаргасан тохиолдолд баримтлах заалт байсан. Хуулийг буруу хэрэглэсэн энэ тогтоол  Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан маргааныг үндэслэлтэй, шуурхай, хуулийн хүрээнд шийднэ гэсэн зарчмыг зөрчиж гаргасан. Энэ Аудитын акт бол Шарын гол сумын засаг даргатай холбоотой гарсан акт тэрнээс Д.******* гэсэн хувь хүн дээр гарсан акт биш. Төлбөр тооцоо биш. Д.******* нэр дэвшихдээ Монгол Ардын намаас хувь хүнийхээ, гишүүн хүнийхээ хувиар дэвшсэн болохоос биш сумын засаг дарга гэж дэвшээгүй. Сонгуулийн хорооны ажлын албаны дарга Баяндүүрэн гэдэг хүн цахим хичээл явуулж байхдаа “Тухайн нэр дэвшигчийн хашиж байгаа албан тушаал ажил үүрэгтэй холбоотой өр тэр нэр дэвшигчийн өөрийнх нь өрд хамаарахгүй” гэдгийг ойлгоорой гэсэн цахим хичээл явагдсан. Гэтэл Сонгуулийн хороо санаатайгаар энэ хүнийг ажил албан тушаалынх нь хувьд тогтоогдсон актыг үндэслэн нэрийн жагсаалтаас хассан нь хууль бус болсон байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Д.*******г нэрийн жагсаалтаас хассан хуралдаан өөрөө хууль бус.Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан Сонгуулийн хорооны дэгээ зөрчсөн байна.Мөн  ******* гэдэг хүнээс Д.*******тай холбоотой гомдол ирүүсэн гэсэн мөртлөө гомдлын дэвтэр дээр бүртгэгдээгүй байдаг. Энэ нь хууль бус юм. Хуралдааны тэмдэглэлийг аваад үзэхээр ******* дээр тогтож ярьсан зүйл байдаггүй. Ийм гомдол ирсэн гэдгийг дурьдсан байна,шийдвэрлэсэн хэсэгт Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.3, 157-г зөрчсөн тул нэрийн жагсаалтаас хаслаа гэсэн байдаг учир энэ нь хууль бус шийдвэр хууль бус хуралдаан гэж үзэж байгаа тул *******г нэрийн жагсаалтаас хассан шийдвэрийг хүчингүй болгож өгөөч гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д маргааныг шуурхай, хуулийн хүрээнд шийднэ гэсэн зарчим ноцтой зөрчигдсөн. Хурлын тэмдэглэл маань өөрөө хууль бус, гарын үсэг дутуу зурагдсан хэдэн хүн оролцож шийдвэр гаргасан нь тодорхойгүй байна.. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2 зөрчлийн маргаан болж байгаа. Үнэхээр Д.******* зөрчил гаргасан гэх юм бол Сонгуулийн тухай хуулийн 116-д зааснаар Цагдаагийн газар шалгаж заавал тогтоосон байхыг шаардаж хуульд нарийвчлан оруулсан байгаа.  Хавтас хэрэгт авагдсан материалаас үзэхэд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн  2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 44 дугаартай шийдвэр байгаа. Энэ шүүхийн шийдвэр иргэн Д.*******г өртэй, төлбөртэй гэснийг тогтоосон шүүхийн шийдвэр биш. Энэ шүүхийн шийдвэр ямар юуны тухай гарсан талаар нарийвчлан үзэх хууль зүйн үндэслэлтэйг тогтоох байсан ба Сонгуулийн хороо үндэслэлтэй дүгнэлт гаргаагүй гэж үзэж байна. Аудитын  актаар Д.******* төрийн өмчийг идээд, шамшигдуулсан юм уу энэ хүнд өөрт нь тохоосон өр төлбөр биш юм. Энэ нь засаг даргын нөөцийн хөрөнгө зарцуулалт дээр нь Аудит хийгээд  төсвийн хэмнэлтийн асуудал дээр акт гаргасан, Шарын гол сумын Засаг дарга,  нягтлан бодогч Ундраа нарт дансанд оруулахыг хариуцуулсан байгаа.

 Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т  шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалт өргүй гэж байгаа. Дээрх 44 дүгээр шүүхийн шийдвэр өөрөө Д.*******д тогтоосон шүүхийн шийдвэр биш байна. Сонгуулийн хороо маань үндэслэл бүхий хуулийн хүрээнд үнэлэх хууль ёсны байх, тогтоолоо хуулийн хүрээнд гаргах, Сонгуулийн тухай хуульд заасан зарчмаа ноцтой зөрчсөн байна гэж үзэж байгаа учраас энэ тогтоолын Д.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Зоригтбаатарааас шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Сонгуулийн хорооны *******г хассан гол үндэслэл нь Дархан-Уул аймгийн Адитын газрын 2015 оны 4 сарын 03-ны өдрийн 02/77 тоот актаар Шарын гол сумын Засаг дарга Д.*******, ня-бо Г.Ундраа нарт тогтоосон 1.423,926 төгрөгний акт нь нэр дэвшигч ******* гэж нэрээрээ тогтоогдсон байдаг. Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20015 оны 12 сарын 14-ний өдрийн 44 дүгээр шийдвэр гарсан нь гомдол ирүүлсэн *******ийн хавсаргасан материалд байсан үнийг сонгуулийн хороо нь сонгуулийн хуулийн 154.3.1-ийг зөрчсөн, шүүхээр тогтоосон шийдвэр байсаар байтал 157.2.5 дахь зөрчлийг гаргасан тул хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-ыг баримтлан нэр дэвшигчийн бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн.Мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2 дахь заалт *******д хамааралгүй, бусад нэр дэвшигчид хамааралтай гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 11 дүгээр тогтоолын Д.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргасан байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны  өдрийн 04 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар “Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 2016 оны сонгуульд Монгол Ардын намаас 19 дүгээр тойрогт нэр дэвшигчээр *******г” бүртгэсэн байх бөгөөд Аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр  тогтоолын 1 дэх заалтад 19 дүгээр тойрогт Монгол ардын намаас нэр дэвшигч Д.*******г хуулийн этгээдэд Сонгуулийн тухай хуульд заасан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих өртэй, нэр дэвшигчийн мэдүүлэгт ирүүлсэн мэдүүлэгт өр төлбөрийн талаар мэдүүлээгүй зөрчлийг гаргасан гэж үзэн Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1, 157 дугаар зүйлийн 157.2.5, 159 дүгээр зүйлийн 159.1, 159.2 дахь заалтуудыг үндэслэн нэр дэвшигчийн жагсаалтаас хасаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Аймгийн Сонгуулийн хороо нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга Д.******* нь Дархан-Уул аймгийн Адитын газрын 2015 оны 4 сарын 03-ны өдрийн 02/77 тоот акт /Шарын гол сумын Засаг дарга Д.*******, ня-бо Г.Ундраа нарт тогтоосон 1.423,926 төгрөгний акт нь нэр дэвшигч ******* гэж нэрээрээ тогтоогдсон/, Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20015 оны 12 сарын 14-ний өдрийн 44 дүгээр шийдвэр зэргийг үндэслэн Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д “ банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй”, хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5-д “энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “ нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж заасныг баримтлан нэр дэвшигч Д.*******г нэрийн жагсаалтаас хассан нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болжээ.

            Нэхэмжлэгч Д.******* нь өргүй талаарх мэдүүлгийг, мөн холбогдох байгууллагуудаас түүнийг өр төлбөргүй болох тухай тодорхойлолт, баримтуудыг гаргаж өгсөөр байтал иргэн Л.*******ийн мэдээлэлээр “нэрийн жагсаалтаас хасах үндэслэл илэрсэн” гэж хариуцагч аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшигч Д.*******г төрийн алба хааж байхдаа эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэгтэй нь холбогдуулан гаргасан захиргааны акт, шийдвэртэй холбоотой мэдээллийг  хүлээн авч дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “хууль дээдлэх”, 5.1.5-д “... үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх” гэж заасантай нийцэхгүй байна.

Түүнчлэн Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд Шарын гол сумын иргэн Л.******* нь Д.*******г сонгуулийн хууль тогтоомж зөрчигдсөн талаар мэдээлэлийг өгсөн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байх боловч энэхүү мэдээллийг хэн, хэзээ хүлээн авсан нь тодорхойгүй,  уг мэдээлэл нь аймгийн Сонгуулийн хорооны өргөдөл гомдлын дэвтэрт албан ёсоор бүртгэгдээгүй  болох нь сонгуулийн хорооны өргөдөл гомдол бүртгэх дэвтрийн хуулбар, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

Мөн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 02/77 дугаар актаар тогтоогдсон 1423926 төгрөгийн төлбөрийг Д.******* нь төрийн сангийн 190000947 тоот дансанд тушааж төлж барагдуулсан болох нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримтууд, Нягтлан бодогч Г.Ундраагийн “Дархан-Уул аймгийн Аудитын газарт өгсөн тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх ба хариуцагч аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн  157 дугаар зүйлийн 157.6-д “шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авна” гэж зааснаар холбогдох байгууллагаас лавлагааг авах боломжтой байсан эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд дээрх  хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д “...сонгох, сонгогдох эрхтэй”, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй” гэж заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн байх тул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 11 дүгээр тогтоолын  Д.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 154 дүгээр зүйлийн 154.3.1, 157 дугаар зүйлийн 157.2.5, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны  2016 оны 05 дугаар сарын 24 -ны өдрийн 11 дүгээр тогтоолын Д.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.5-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                                                

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                            Д.НАРАНТУЯА

                     

 

 

 

 

 

 

 

                                                 

 

                                                                                                               C:\Documents and Settings\Захиргаа\Desktop\ Шийдвэр.doc