Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0406

 

Иргэн Д.Амарсанаагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Д.Амарсанаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, Д.Цагаандарь, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 49 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Д.Амарсанаагийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Амарсанаа болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч сонгох сонгуульд нэрээ дэвшүүлэхээр аймгийн Сонгуулийн хороонд бүртгүүлсэн. Аймгийн сонгуулийн хороо холбогдох материалыг хүлээн авч хянаад бүртгэн тогтоол гаргасан. Гэтэл гомдол гарсныг үндэслээд нэр дэвшигчийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5, 154.3.1 заалт зөрчсөн, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 159.2-т зааснаар нэрийн жагсаалтаас хассан тогтоолыг хууль зөрчиж үндэслэлгүйгээр гаргасан байна.

Миний хувьд ямар нэг иргэн, хуулийн этгээдэд шүүхийн шийдвэрээр тогтоосон өр төлбөр байхгүй, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Аудитын газраас Шарын гол сумын Засаг даргын нөөцийн сангийн зарцуулалт үр дүнд гүйцэтгэлийн аудит хийгээд уул овоо тахих, ой тэмдэглэх, тэмцээн уралдаанд зарцуулсан 1.423.926 төгрөгийн акт тавьж, тус үнийн дүнгээр төрийн сангийн дансанд эргүүлж оруулахыг нягтлан бид хоёрт хариуцуулсан.

Дээрх мөнгөн дүнгээр 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 653.926 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 770000 төгрөгийг төрийн сангийн 190000947 дансанд тушаасан. Үүнтэй холбож хууль бус шийдвэр гаргаж иргэн миний сонгогдох эрхэнд санаатайгаар саад учрууллаа гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д “банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн

шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй” гэж заасан байна. Гэтэл тийм ямар ч шийдвэр байхгүй, өөр өр төлбөр байхгүй байхад гомдол гаргасан нэрээр нэр дэвшигчийг хасч байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна. Иймд “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаартай тогтоолын Д.Амарсанаад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цагаандариас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Аймгийн Сонгуулийн хорооны нэрсийн жагсаалтаас хасах тухай 11 дүгээр тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1, 157.2.5, 159.1, 159.2 дахь заалтуудыг барьсан байдаг. Нэр дэвшигчээс бүртгэх татгалзах үндэслэл тогтоогдсон бол Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-г барих ёстой.

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2 маань зөрчил гаргасан тохиолдолд баримтлах заалт байсан. Хуулийг буруу хэрэглэсэн энэ тогтоол Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан маргааныг үндэслэлтэй, шуурхай, хуулийн хүрээнд шийднэ гэсэн зарчмыг зөрчиж гаргасан. Энэ Аудитын акт бол Шарын гол сумын засаг даргатай холбоотой гарсан акт тэрнээс Д.Амарсанаа гэсэн хувь хүн дээр гарсан акт биш. Төлбөр тооцоо биш. Д.Амарсанаа нэр дэвшихдээ Монгол Ардын намаас хувь хүнийхээ, гишүүн хүнийхээ хувиар дэвшсэн болохоос биш сумын засаг дарга гэж дэвшээгүй. Сонгуулийн хорооны ажлын албаны дарга Баяндүүрэн гэдэг хүн цахим хичээл явуулж байхдаа “Тухайн нэр дэвшигчийн хашиж байгаа албан тушаал ажил үүрэгтэй холбоотой өр тэр нэр дэвшигчийн өөрийнх нь өрд хамаарахгүй” гэдгийг ойлгоорой гэсэн цахим хичээл явагдсан.

Гэтэл Сонгуулийн хороо санаатайгаар энэ хүнийг ажил албан тушаалынх нь хувьд тогтоогдсон актыг үндэслэн нэрийн жагсаалтаас хассан нь хууль бус болсон байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Д.Амарсанааг нэрийн жагсаалтаас хассан хуралдаан өөрөө хууль бус. Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан Сонгуулийн хорооны дэгээ зөрчсөн байна.Мөн Батцэцэг гэдэг хүнээс Д.Амарсанаатай холбоотой гомдол ирүүсэн гэсэн мөртлөө гомдлын дэвтэр дээр бүртгэгдээгүй байдаг. Энэ нь хууль бус юм. Хуралдааны тэмдэглэлийг аваад үзэхээр Д.Амарсанаа дээр тогтож ярьсан зүйл байдаггүй. Ийм гомдол ирсэн гэдгийг дурьдсан байтлаа шийдвэрлэсэн хэсэгт Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.3, 157-г зөрчсөн тул нэрийн жагсаалтаас хаслаа гэсэн байдаг учир энэ нь хууль бус шийдвэр хууль бус хуралдаан гэж үзэж байгаа тул Д.Амарсанааг нэрийн жагсаалтаас хассан шийдвэрийг хүчингүй болгож өгөөч” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д маргааныг шуурхай, хуулийн хүрээнд шийднэ гэсэн зарчим ноцтой зөрчигдсөн. Хурлын тэмдэглэл маань өөрөө хууль бус, гарын үсэг дутуу зурагдсан хэдэн хүн оролцож шийдвэр гаргасан нь тодорхойгүй байна. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-д заасан зөрчлийн маргаан болж байгаа. Үнэхээр Д.Амарсанаа зөрчил гаргасан гэх юм бол Сонгуулийн тухай хуулийн 116 дугаар зүйлд зааснаар Цагдаагийн газар шалгаж заавал тогтоосон байхыг шаардаж хуульд нарийвчлан оруулсан байгаа. Хавтас хэрэгт авагдсан материалаас үзэхэд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 44 дугаартай шийдвэр байгаа. Энэ шүүхийн шийдвэр иргэн Д.Амарсанааг өртэй, төлбөртэй гэснийг тогтоосон шүүхийн шийдвэр биш. Энэ шүүхийн шийдвэр ямар юуны тухай гарсан талаар нарийвчлан үзэх хууль зүйн үндэслэлтэйг тогтоох байсан ба Сонгуулийн хороо үндэслэлтэй дүгнэлт гаргаагүй гэж үзэж байна. Аудитын актаар Д.Амарсанаа төрийн өмчийг идээд, шамшигдуулсан юм уу энэ хүнд өөрт нь тохоосон өр төлбөр биш юм. Энэ нь засаг даргын нөөцийн хөрөнгө зарцуулалт дээр нь Аудит хийгээд төсвийн хэмнэлтийн асуудал дээр акт гаргасан, Шарын гол сумын Засаг дарга, нягтлан бодогч Ундраа нарт дансанд оруулахыг хариуцуулсан байгаа. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалт өргүй гэж байгаа. Дээрх 44 дүгээр шүүхийн шийдвэр өөрөө Д.Амарсанаад тогтоосон шүүхийн шийдвэр биш байна. Сонгуулийн хороо маань үндэслэл бүхий хуулийн хүрээнд үнэлэх хууль ёсны байх, тогтоолоо хуулийн хүрээнд гаргах, Сонгуулийн тухай хуульд заасан зарчмаа ноцтой зөрчсөн байна гэж үзэж байгаа учраас энэ тогтоолын Д.Амарсанаад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригтбаатараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгуулийн хорооны Д.Амарсанааг хассан гол үндэслэл нь Дархан-Уул аймгийн Адитын газрын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02/77 тоот актаар Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаа, ня-бо Г.Ундраа нарт тогтоосон 1.423,926 төгрөгний акт нь нэр дэвшигч Д.Амарсанаа гэж нэрээрээ тогтоогдсон байдаг. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 44 дүгээр шийдвэр гарсан нь гомдол ирүүлсэн н.Батцэцэгийн хавсаргасан материалд байсан үнийг сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д заасныг зөрчсөн, шүүхээр тогтоосон шийдвэр байсаар байтал 157.2.5 дахь зөрчлийг гаргасан тул хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-ыг баримтлан нэр дэвшигчийн бүртгэлээс хасч шийдвэрлэсэн.Мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2 дахь заалт Амарсанаад хамааралгүй, бусад нэр дэвшигчид хамааралтай” гэв.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 49 дүгээр шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 154 дүгээр зүйлийн 154.3.1, 157 дугаар зүйлийн 157.2.5, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолын Д.Амарсанаад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг давж заалдах гомдолдоо: “Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 49 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн.

Шүүх хариуцагчаас гаргасан нэхэмжлэлийн дагуу хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын талаар дүгнэлт хийсэнгүй. Тухайлбал Д.Амарсанаа аймгийн Сонгуулийн хороонд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр ирүүлсэн баримтууд хуульд нийцсэн эсэх, Сонгуулийн хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэх талаар дүгнэсэнгүй. Өөрөөр хэлбэл нотлох баримтуудыг харьцуулан үзэж дүгнээгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “нотлох үүрэг”-ээ хэрэгжүүлсэнгүй.

Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02/77 тоот акт нь ямар нэгэн төрийн байгууллагад бус Шарын гол сумын Засаг дарга ажилтай Д.Амарсанаад хариуцуулж нэрээрээ тогтоогдсон байдлыг харгалзан үзсэнгүй.

Нэхэмжлэгч өөрөө энэ байдлыг хүлээн зөвшөөрсөн баримт хэрэгт хангалттай авагдсан байгаа.

Мөн “Шарын гол сумын иргэн Л.Батцэцэг тус аймгийн Сонгуулийн хороонд мэдээлэл ирүүлсэн бөгөөд энэ мэдээллийг нотлох баримтаар өгсөн. Хавтас хэрэгт байгаа. Гэтэл шүүх хүлээн авсан бүртгэлд бүртгээгүй байна гэж дүгнэсэн. Магадгүй бичиг хэргийн ажилтан Сонгуулийн хороонд ирүүлсэн тухайн мэдээллийг цаг тухайд нь бүртгээгүй байсан нь “ямар ч мэдээлэл ирээгүй” гэж дүгнэх үндэслэл болохгүй.

2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт хуульд үндэслэсэн байх ёстой. Гэтэл нотлох баримтыг шинжлэн судлаагүй, зөвхөн тоочиж хэлсэн. Үүнийг нотлох баримтыг шинжлэн судалсан гэж үзэх боломжгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Мөнхцэцэг миний бие биечлэн оролцох тул товыг мэдэгдэхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ”, 154 дүгээр зүйлийн 154.3-д “Нэр дэвшигч нь энэ хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна”, 154.3.1-д “банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зүйл, заалтуудаас үзвэл аливаа намаас болон бие даан нэр дэвшигч нь сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд хуульд заасан нийтлэг шаардлагыг хангасан байхаас гадна банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих /төлөгдөөгүй/ зээл болон барьцаа, батлан даалтын өргүй байх, албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх зэрэг шаардлагыг хангасан байх учиртай, дээрх шаардлагыг хангаагүй этгээдийг аймгийн Сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчээр бүртгэхгүй байх, хэрэв дээрх байдал бүртгэсний дараа илэрвэл нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах талаар зохицуулжээ.

Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02/77 тоот актаар тус аймгийн Шарын гол сумын Засаг даргад “Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолыг зөрчиж, уул овоо тахих, ой тэмдэглэх, тэмцээн уралдаанд нийт 1.423.926 төгрөгийг зарцуулсан зөрчил илэрлээ” гэж үзэн актаар тогтоосон төлбөрийг хариуцан төлүүлэхээр шийдвэрлэсэн, дээрх актыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Шарын гол сумын Засаг дарга нь Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 44 дүгээр шийдвэрээр түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02/77 тоот актаар тогтоогдсон төлбөрийг сонгуульд нэр дэвшихээсээ өмнө бүрэн төлж барагдуулсан болох нь Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 7-1001 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 2016 оны 03 дугаар сарын 31, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Төрийн сангийн 190000947 тоот дансны орлогын баримтын хуулгууд, нягтлан бодогч Г.Ундраагийн тодорхойлолт[1] зэргээр тогтоогдож байна.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т “Нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ”, 157.2.5-д “энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг” гэж заасны дагуу тэрээр өр төлбөргүй гэдгээ илэрхийлсэн мэдүүлгийг аймгийн Сонгуулийн хороонд ирүүлсний дагуу Дархан-Уул аймгийн сонгуулийн хороо 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Д.Амарсанааг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгожээ.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6-д “Шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авна” гэж заасны дагуу тус аймгийн Сонгуулийн хороо нь нэр дэвшигч Д.Амарсанааг нэр дэвшигчээр бүртгэхдээ өр төлбөртэй эсэхийг  холбогдох байгууллагаас лавлагаа гаргуулан авах замаар аудитын актаар тогтоосон төлбөрийг төлсөн эсэхийг тодруулаагүй, нэхэмжлэгч нь актаар тогтоосон төлбөрийг нэр дэвшихээсээ өмнө барагдуулсан байсан нь дээрх дурдсан баримтуудаар тогтоогдож байх тул “нэр дэвшигчээр бүртгүүлэхээр ирүүлсэн мэдүүлэгт дээрх өр төлбөрийн талаар мэдүүлээгүй, иргэний гаргасан өргөдлийн дагуу шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөртэй” гэж үзэж түүнийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан нь үндэслэлгүй байна.  

Түүнчлэн хариуцагч нь иргэн Л.Батцэцэгээс өргөдөл ирүүлсэн гэх боловч хэрэгт авагдсан тус хорооны өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэрт уг өргөдөл албан ёсоор бүртгэгдээгүй байх тул хариуцагчийн “...Аймгийн Сонгуулийн хороо нь иргэн Л.Батцэцэгийн ... ирүүлсэн өргөдлийг хэлэлцээд... Д.Амарсанаа нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих өр төлбөртэй ...өр төлбөрийн талаар мэдүүлээгүй зөрчил гаргасан... ” гэх гомдол, тайлбар үндэслэлгүй, түүнчлэн тус өргөдлийг үндэслэн гаргасан хариуцагчийн шийдвэр Сонгуулийн тухай хуулийн 111.1-д зааснаар сонгуулийн байгууллага нь “сонгууль зохион байгуулах үйл явц, үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх”-ээр заасантай нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 49 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                     Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ