Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2133

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э-”

ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/01943 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Э-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О ХХК--д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 53 754 381 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 4 760 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.У

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Зулбаяр, Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах High Apart төслийн барилгын шатны угсралтын ажлыг 98 563 249 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцож, 2017 оны 6 сарын 07-ны өдөр ТО1/10 тоот гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, дээрх барилга баригдаж дуусан улсын комисс хүлээн авсан. Бид дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажил гүйцэтгэж дууссан 2017 оны 11 сарын 15-ны өдрөөс эхлэн гэрээний үлдэгдэл тооцоог хийх, нэмэлт ажлын тоо хэмжээг баталгаажуулан, нэмэлт гэрээ хийн төлбөр тооцоог хийх талаар удаа дараа албан бичиг явуулж хандсан боловч үүнээс хойш бүтэн жил гаруй хугацаа өнгөрсөн боловч асуудлыг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд олдохгүй, эсхүл өөр хүн томилогдсон гэсээр өнөөдрийг хүртэл гэрээг дүгнэх, тооцоо нийлэх асуудлыг О ХХК- шийдвэрлээгүй байна. Нэхэмжлэгч болон хариуцагч талын байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч тал туслан гүйцэтгэгчээр оролцсон байгаа. Энэхүү гэрээнд заасан үүргийнхээ дагуу 2017 оны 7 сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг хийж дуусгасан боловч хариуцагч талын үйл ажиллагаанаас шалтгаалаад хугацаа алдсан зүйл бол байдаг. Гэвч хариуцагч талаас хугацаа алдсан гэсэн ямар нэгэн баримт ирүүлээгүй. Шаардлага гаргаагүй, хамгийн гол нь нэхэмжлэгч тал гэрээний 7.8 дах хэсэгт заасны дагуу ажлаа хүлээлцэхийн тулд 2017 оны 8 сарын 25-ны өдөр шатны төмөр дам, нуруу, гуя, угсармал төмөр, бетон, гишгүүр талбай угсарсан ажил, мөн 2017 оны 8 сарын 25-ны өдөр төмөр хийцийн угсарч гагнасан актуудыг тус тус үндсэлж, ажлаа хүлээлцүүлэхээр явуулсан боловч ажлыг хугацаанд хүлээж аваагүй байдаг. Энэ бол актыг хүлээж авах гэрээний үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дах хэсэгт заасны дагуу захиалагч нь ажлын үр дүнг хугацаанд нь хүлээж авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг ажлаа хугацаанд нь хүлээж авсанд тооцно гэсний дагуу хариуцагч тал ажлыг хүлээж авсан гэж үзэж байгаа. Учир нь хариуцагч талаас хугацаандаа ажлаа хийгээгүй байна гэсэн шаардлага огт гаргаж байгаагүй. Иймд нэхэмжлэгчийн хувьд 2017 оны 11 сарын 15-ны өдрөөс эхлэн гэрээний үлдэгдэл тооцоог хийе, нэмэлт ажлынхаа тооцоог хийе гэж удаа дараа албан бичгүүдийг хүргүүлж байсан боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй. Өнөөдрийг хүртэл төлбөрийг барагдуулаагүй байгаа. Хамгийн сүүлд хариуцагч талаас ирсэн албан бичиг бол 2018 оны 12 сарын 14-ний өдрийн ажлыг хүлээж авах агуулга бүхий албан бичиг ирүүлсэн. Эндээс үзэхэд нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Иймд гэрээгээр авах ёстой үлдэгдэл төлбөр 49 281 647 төгрөг, гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажлын хөлс 4 472 757 төгрөг, нийт 53 754 381 төгрөгийг О ХХК--иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2017 оны  6 сарын 07-ны өдөр Т01/10 тоот High Apart төслийн шатны бэлдэц бэлтгэн нийлүүлэлт, угсралт суулгалтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Э-” ХХК-иар ажил гүйцэтгүүлсэн билээ. “Э-” ХХК нь уг ажлыг гэрээгээр тогтоосон хугацаанд гүйцэтгээгүйгээс гадна чанаргүй гүйцэтгэсэн тул манай компани уг ажлыг өөр компаниар гүйцэтгүүлж, нэмэлт зардал гаргасан болно. Иймд манай компани 2017 оны 10 сарын 05-ны өдөр С ХХК-тай АГГ01/35 тоот High Apart төслийн баруун, зүүн талын шилэн холлын төмөр хийцлэлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 4 булангийн металл шатны дам нуруу бэхлэх /5,8 м-тэй швеллэр гагнах/, 4 булангийн металл шатны дам нуруу бэхлэх /2,8 м-тэй швеллэр гагнах/, дээврийн дам нуруу хийх, металл саравч хийх ажлын гүйцэтгэлд нийт 4 560 000 төгрөг төлсөн. Мөн 2017 оны 11 сарын 01-ний өдөр “Өндөр бар” ХХК-тай АГГ01/44 тоот High Apart төслийн шатны хайс угсарч, будах, модон дуб суурилуулах, смарт зогсоолын 8 ширхэг деталь, 4 ширхэг төмөр шат /веранд №5/ суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 4 ширхэг төмөр шат суурилуулах ажлын гүйцэтгэлд 200 000 төгрөг төлсөн. Иймд өөр компаниар гүйцэтгүүлсэн зардал болох 4 760 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбаатар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талуудын  хооронд гэрээ хийгдэж ажил эхэлсэн. Ажил эхлээд сөрөг нэхэмжлэлд бичсэн хугацаа хэтэрсэн. Сөрөг нэхэмжлэл дээр чанарын асуудал яригдана. Яагаад хугацаа хэтэрсэн бэ гэвэл анх хурал эхлэхэд нотлох баримтын хэмжээнд гаргаад албан бичгээр харилцаж байсан боловч, чанарын асуудал дээр албан бичгээр харилцаж байгаагүй. Улирлын үйл ажиллагаа яаж явагдаж байсан бэ гэвэл энэ ажлыг хийж байсан Тамир, сүүлд орж ирсэн Сүнжидмаа гэсэн захирлууд дандаа и-мэйлээр харьцаж байсан асуудлууд байдаг. Нэг захирал солигдоод нэг шийдвэр гаргадаг. Ганзориг захирал бол өдөрт нь ажилд оролцдоггүй юм шиг байгаа юм. Би энэ бүх асуудлаар уулзсан хүлээж аваагүй. За ингээд манайх орхиод явсан. Ахиад цутгуурын ажил ханан дээр аваарын төмөр шатыг байрлуулснаар 2 асуудал гарсан. Цутгуурын алдаан дээр бид юу ч хийж чадахгүй болж эхэлсэн. Дараа нь суурийн цутгуурыг хийгээд ухсан чинь ахиад цемент гараад ирсэн. Тэгээд та нар энэ бүхнийг буталж өгөөч ээ гэсэн. Ханын хэсгүүд нь зөрөөд байсан мөн л и-мэйлээр хэлсэн. Ийм зүйлүүдээс болоод цаг алдаад байсан. Чанарын хувьд өнөөдрийг хүртэл мэйлээр болон албан бичгээр ийм байна, тийм байна гэсэн зүйл хэлж байгаагүй. Тэгэхээр бид доголдол гаргасан гэж үзэхгүй байгаа. Хяналт тавьж байсан хүмүүс нь юу ч хэлээгүй. Харин өөр компаниар хийлгэсэн гээд байгаа зүйлүүдийг орхисон. Тэр нь 2 000 000 гаруй төгрөгийн ажил үлдсэн. Яагаад ажил үлдсэн бэ гэвэл цутгуурын доороос цемент гарч ирсэн. Тэгээд ажилчид хийснээрэй цалинждаг учир яваад өгсөн. Ингээд л орхисон. Тэгээд шүүхэд анх орж ирэхдээ нэмэлт ажлын хөлс болох 4 500 000 төгрөгийг оруулахгүй байя гэсэн. Үүнийг хийгээгүй ажилд үлдээсэн. Одоо шүүхийг аль болох энэ байдлыг хурдан шийдээд, гэрээнд заасан 4 700 000 төгрөгийг хасаад үлдсэн мөнгөө аваад тохиролцоод салмаар байна. Ийм хүсэлттэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэнчимэг сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хариуцагч тухайн үед танайх хугацаа алдаж байна. Чанарын шаардлага хангахгүй байна гэж бид бүхэнд мэдэгдэж, шаардлага гаргаж байгаагүй атлаа одоо сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн шүүхэд гаргаж өгсөн гэрээнд зааснаар 2017 оны 10 сарын 05-ны өдрийн төмөр хийцийн ажил гүйцэтгэх гэрээний 6, 7, 8, 9 дүгээр зүйлд дээврийн дам нуруу хийхэд 568 000 төгрөг, металл саравч хийх 200 000 төгрөг. Энэ бол манай гэрээний дагуу гүйцэтгэж байсан шатны урсгалын ажилтай хамааралгүй зүйл харагдаад байгаа. Мөн энд гэрээ байгуулсан гэж үзэж байгаа боловч гэрээнийхээ төлбөрт хэдэн төгрөг төлсөн гэсэн баримт хавсаргаж ирүүлээгүй байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч О ХХК--иас нийт 53 754 381 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Э-” ХХК-д олгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч “Э-” ХХК-иас 2 000 000 төгрөгийг гаргуулан, хариуцагч О ХХК--д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426 722 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111 910 төгрөгөөс 91 110 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч О ХХК--иас улсын тэмдэгтийн хураамжид 426 722 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Э-” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Э-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 46 950 төгрөгийг, улсын орлогоос 20 800 төгрөгийг тус тус гаргуулан, хариуцагч О ХХК--д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхааралтай судалж зөв үнэлж дүгнээгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг зөв тодорхойлоогүйгээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тухайлбал анхан шатны шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас учирсан хохиролд 53 754 381 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэжээ. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа гэрээгээр авах ёстой үлдэгдэл төлбөр 49 281 647 төгрөг, гэрээнд тусгагдаагүй ажлын хөлс 4 472 757 төгрөг, нийт 53 754 381 төгрөгийг гаргуулах гэсэн бөгөөд хавтаст хэргийн 23 дугаар талд авагдсан нэхэмжлэгч “Э-” ХХК-ийн 2018 оны 8 сарын 10-ны өдрийн 156 дугаартай албан тоотод иймд яаралтай гэрээг дүгнэж, “Их наяд хөгжил” ХХК-д танайхаас бартераар төлсөн гэх төлбөрийг уг компани төлөөгүй гэдэг 18 245 991 төгрөгийн төлбөр болон гэрээний үлдэгдэл 31 035 683 төгрөг, гэрээнд заагдаагүй нэмэлт ажлын 4 472 757 төгрөг нийт 53 754 381 төгрөгийн төлбөрийн асуудлыг эцэслэн шийдэх хүсэлтийг хүргүүлж байна гэсэн албан тоот авагджээ. Дээрх албан бичигт дурдагдсан гэрээний үлдэгдэл гэх үнийн дүн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үлдэгдэл төлбөр гэх 49 281 647 төгрөгөөс үнийн дүн зөрүүтэй байх бөгөөд нэхэмжлэгч компанийн албан бичигт дурдагдсан “Их наяд хөгжил” гэх компанийн авах ёстой 18 245 991 төгрөгийн төлбөрийг “Э-” ХХК нэхэмжлэх эрхтэй эсэхийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн манай компанийн зүгээс дээрх иргэний хэрэгт шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, улмаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан хариу тайлбартай итгэмжлэгдсэн төлөөлөгчийг танилцуулж, шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа татгалзлаа болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломж олгоогүй нь манай талын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгуй гэж үзэхэд хүргэж байна. Түүнчлэн манай компанийн зүгээс томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй байхад өмгөөлөгчийн “эвлэрнэ хугацаа олгоно уу” гэсэн хүсэлтийг үндэслэж хэргийг эвлэрүүлэн зуучлах журмаар түдгэлзүүлсэн байгаа нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Э-” ХХК нь хариуцагч О ХХК--д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 49 281 647 төгрөг, нэмэлт ажлын хөлс 4 472 757 төгрөг, нийт 53 754 381 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч “Э-” ХХК-иас 4 760 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хэргийн 23 дугаар талд авагдсан албан бичигт анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийгээгүй, хариуцагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах эрхийг хангаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна. 

 

Нэхэмжлэгч “Э-” ХХК нь хариуцагч О ХХК--иас ажлын хөлсөө шаардаж, 2017 оны 11 сарын 15-ны өдөр 1/262 тоот, 2018 оны 4 сарын 30-ны өдөр 1/086 тоот, 2018 оны 8 сарын 10-ны өдөр 156 тоот, 2018 оны 9 сарын 21-ний 190 тоот, 2018 оны 10 сарын 31-ний өдөр 1/213 тоот албан бичгүүдийг явуулсан байна. /хх-ийн 21, 22, 23, 24, 25-р тал/

 

Хавтаст хэргийн 23 дугаар талд авагдсан, нэхэмжлэгч талаас явуулсан 156 тоот албан бичигт “... “Их наяд хөгжил” ХХК-д танайхаас бартераар төлсөн гэх төлбөрийг уг компани төлөөгүй гэдэг 18 245 991 төгрөгийн төлбөр болон гэрээний үлдэгдэл 31 035 683 төгрөг, гэрээнд заагдаагүй нэмэлт ажлын 4 472 757 төгрөг, нийт 53 757 381 төгрөгийн төлбөрийн асуудлыг эцэслэн шийдэх хүсэлтийг хүргүүлж байна” гэжээ.

 

Дээрх албан бичгээс үзвэл нэхэмжлэгчийн шаардсан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 49 281 647 төгрөг, эсхүл бусад компаний төлбөртэй холбоотойгоор 18 245 991 төгрөг хасагдах эсэх нь эргэлзээтэй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх талуудыг мэтгэлцүүлээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна. /хх-ийн 100-101-р тал/

 

Энэхүү нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/01943 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 491 682 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.НАРАНЦЭЦЭГ                                      

                                         ШҮҮГЧИД                                                С.ЭНХТӨР

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ