Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2150

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/01940 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Б- нь эрүүл мэндийн салбар, тэр дундаа эх үрсийн эрүүл мэндийг хамгаалах нэр төртэй ариун үйлсэд эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө харамгүй зориулан 22 дахь жилдээ ажиллаж байна. Г.Б- нь Н-т 1997 оноос хойш их эмчээр, 2006 оноос эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, 2010 оноос эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцааны албаны дарга, мөн байгууллагын бодлого, төлөвлөлт хариуцсан орлогч даргын ажил албан тушаалыг нэр хүндтэй, идэвх зүтгэлтэй, хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн. Эх үрсийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд олон жил ажилласанд итгэл хүлээлгэж, Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2017 оны 10 сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Ө-ын даргын хариуцлагатай ажлыг эрхлэх болсон. Н-ын даргын ажил үүргийг гүйцэтгэх явцдаа холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмаар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зохион байгуулалт, удирдлагын буруутай шийдвэр, алдаа гаргаж байгаагүй болно. 2018 оны 10 сард Ө-ын ээлжит эд материал, тоног төхөөрөмжийн тооллого хийхэд 20 000 000 орчим төгрөгийн тоног төхөөрөмж дутсан байсан бөгөөд удирдлагын зүгээс уг асуудлыг шалгуулахаар байгууллагын нэрийн өмнөөс Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан бөгөөд нярайн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.Оюунцэцэг эмч өөрийн хувийн эмнэлэгтээ дутсан тоног төхөөрөмжийн заримыг ашиглаж байсан нь илэрч, буцаан авчирч өгсөн үйл баримт болсон. Удирдлагын хувьд уг үйл явдалд холбогдуулан тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.О  эмчид Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу албан тушаал бууруулах, үндсэн цалинг бууруулах зэрэг сахилгын шийтгэл оногдуулсан. Харин энэ үйл баримтад холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 12 сарын 10-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгслийг хувьдаа ашиглах үйлдлийг тухай бүрт таслан зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй хэмээн сануулах шийтгэлийг ногдуулсан. Нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрт ямар нэг гомдол гаргаагүй, ажил үүргээ хэвийн үргэлжлүүлж байтал Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 6 сарын 19-ний Б/32 тоот тушаалаар Г.Б-г хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байна. 2018 оны 12 сарын 10-ны өдрөөс хойш ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журмыг зөрчөөгүй, ёс зүйн алдаа гаргаагүй байхад ямар үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан хэмээн ажлаас халсан нь ойлгомжгүй байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас үзэхэд сахилгын зөрчил гаргасан гэж үзвэл тухайн зөрчил нь тогтоогдсон, баримтжуулсан, гаргасан зөрчлийнх нь талаар ажилтанд мэдэгдсэн байх ёстой гэж ойлгож байна. Гэтэл ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсныг хууль бус гэж үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Г.Б-г ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Б-г Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Ө-ын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 5 631 648 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 105 056 төгрөг гаргуулж, улсын төвлөрсөн төсвийн дансанд оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүхийн харьяалал буруу шийдвэрлэсэн байна. Н-ын даргын албан тушаал нь үр дүнгийн гэрээгээр зохицуулагддаг бөгөөд төсвийн шууд захирагч болно. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д "Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна: төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн” гэж заасныг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан: “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасныг, мөн Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 10 сарын 16-ны өдрийн “Хэргийн харьяалал тогтоох тухай" 304 дүгээр захирамжийг тус тус зөрчин шийдвэр гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.       

 

Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч Н-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

                        Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргатай 2018 оны 01 сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Ө-ын даргаар ажиллаж байгаад Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 6 сарын 19-ний өдрийн Б/32 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6, 9-12, 13-14-р тал/

           

            Хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь 2018 оны 12 сарын 10-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Г.Б-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Улмаар 2019 оны 6 сарын 19-ний өдрийн Б/32 тоот тушаалаар нэхэмжлэгч Г.Б-г хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч нэхэмжлэгч Г.Б- нь сахилгын зөрчлийг давтан гаргасан нь баримтаар нотлогдоогүй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна. /хх-ийн 8-р тал/

 

            Иймд нэхэмжлэгч Г.Б-г Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Ө-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 5 631 648 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасантай тус тус нийцжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо шүүх хэргийн харьяаллыг буруу тогтоосон, нэхэмжлэгчийн албан тушаал нь үр дүнгийн гэрээгээр зохицуулагддаг, төсвийн шууд захирагч учраас захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэх маргаан гэжээ.

 

            Гэвч нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч Н-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд тэрээр төрийн үйлчилгээний албан тушаалтан гэдэг нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 13-14-р тал/

 

Төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа нь хувийн эрх зүйн харилцаанд хамаарах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас халсан ажил олгогчийн шийдвэрт нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ердийн харьяаллын шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

Өөрөөр хэлбэл Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар хариуцагч байгууллага нь нийтийн эрх зүйн субьект байгаа боловч нэхэмжлэгч нь хариуцагчтай хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үүсгэж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан төрийн үйлчилгээний албан тушаалтан буюу төрөөс үйлчилгээ үзүүлж буй албан тушаалтан байх тул ажлаас буруу халсан гэх нэхэмжлэгч Г.Б-гийн гомдлыг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хууль зөрчөөгүй байна.

Түүчнлэн хариуцагч давж заалдах гомдолдоо Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн гаргасан 304 дугаартай, хэргийн харьяалал тогтоосон захирамжийг дурдсан боловч тухайн захирамж нь нэхэмжлэгч Г.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн харьяалал тогтоосон захирамж биш болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/01940 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

 

.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ИЧИНХОРЛОО                                      

                                         ШҮҮГЧИД                                                Т.ТУЯА

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ