Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2020/00500

 

Г.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

          2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/01940 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2150 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Г.Б-

          Хариуцагч: Нийслэлийн эрүүл мэндийн газарт холбогдох

          Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэлийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Эрхэмбаяр, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

           Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие Нийслэлийн Өргөө амаржих газарт 1997 оноос хойш их эмчээр, 2006 оноос эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, 2010 оноос эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцааны албаны дарга, мөн байгууллагын бодлого, төлөвлөлт хариуцсан орлогч даргын ажил албан тушаалыг гүйцэтгэж ирсэн. Эх үрсийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд олон жил ажилласанд итгэл хүлээлгэж, Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2017-10-11-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Өргөө амаржих газрын даргын хариуцлагатай ажлыг эрхлэх болсон. Нийслэлийн Өргөө амаржих газрын даргын ажил үүргийг гүйцэтгэх явцдаа холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмаар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зохион байгуулалт, удирдлагын буруутай шийдвэр, алдаа гаргаж байгаагүй болно. 2018-10 сард Өргөө амаржих газрын ээлжит эд материал, тоног төхөөрөмжийн тооллого хийхэд 20сая орчим төгрөгийн тоног төхөөрөмж дутсан байсан бөгөөд удирдлагын зүгээс уг асуудлыг шалгуулахаар байгууллагын нэрийн өмнөөс СБД-н цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргасан бөгөөд нярайн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.О- эмч өөрийн хувийн эмнэлэгтээ дутсан тоног төхөөрөмжийн заримыг ашиглаж байсан нь илэрч, буцаан авчирч өгсөн үйл баримт болсон. Удирдлагын хувьд уг үйл явдалд холбогдуулан тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.О- эмчид Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу албан тушаал бууруулах, үндсэн цалинг бууруулах зэрэг сахилгын шийтгэл оногдуулсан. Харин энэ үйл баримтад холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2018-12-10-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгслийг хувьдаа ашиглах үйлдлийг тухай бүрт таслан зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй хэмээн сануулах шийтгэлийг ногдуулсан. Сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрт ямар нэг гомдол гаргаагүй, ажил үүргээ хэвийн үргэлжлүүлж байтал Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2019-06-19-ний Б/32 тоот тушаалаар хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байна. 2018-12-10-с хойш ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журмыг зөрчөөгүй, ёс зүйн алдаа гаргаагүй байхад ямар үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан хэмээн ажлаас халсан нь ойлгомжгүй байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас үзэхэд сахилгын зөрчил гаргасан гэж үзвэл тухайн зөрчил нь тогтоогдсон, баримтжуулсан, гаргасан зөрчлийнх нь талаар ажилтанд мэдэгдсэн байх ёстой гэж ойлгож байна. Гэтэл ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсныг хууль бус гэж үзэж байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 182/ШШ2019/01940 дүгээр шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Г.Б-г Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа Өргөө амаржих газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 5,631,648 төгрөг гаргуулж, Г.Б-д олгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар хариуцагч нь Г.Б-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар Г.Б- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагчаас 105,056 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна. 

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2150 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/01940 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсан байна.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн эрүүл мэндийн газар нэхэмжлэгч Г.Б-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Сахилгын зөрчил давтан гаргасан болох нь ажлаас чөлөөлсөн 2019-06-19-ны өдрийн Б/32 дугаар тушаал, сахилгын шийтгэл ногдуулж байсан 518 оны 12 дугаар сарын Б/54 дугаар тушаал зэргээр тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч сахилгын зөрчлийг давтан гаргасан нь баримтаар нотлогдоогүй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна...” хэмээн дүгнэж нэхэмжлэгчийг ажил албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Мөн 2 шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасныг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Г.Б- 2019-07-19-ний өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газарт холбогдуулан  нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Өргөө амаржих газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох,  урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажилгүй байсан хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлж бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг шаарджээ.

         Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбарыг шүүхэд гаргаагүй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

         Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         1. Шүүх хариуцагчид нэхэмжлэлийг Нийслэлд 7 хоногийн дотор гардуулна, Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг түүний эзгүйд, хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэнэ.

        Анхан шатны шүүх хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь тайлбарлан танилцуулж, Г.Б-гийн нэхэмжлэлийн хувийг зохих журмын дагуу гардуулжээ. /хх24-26/

        Хариуцагч анхан шатны шүүхэд 2019-10-22-ны өдрийн 1/1003 дугаартай албан бичгээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан, 2019-10-23-ны өдрийн 182/ШЗ2019/08543 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангасан /хх36-39/ ч ажил олгогч нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

        Түүнчлэн, анхан шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид /хх 40-42/ мэдэгдсэн, хариуцагч тал шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

        Шүүх хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрхийг ноцтой зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 67, 72,77 дугаар зүйлүүдийн холбогдох зохицуулалтад нийцэхгүй юм.

        2. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга 2019-06-19-ний өдөр Б/32 дугаартай  тушаал гаргаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-г баримтлан, “сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэсэн үндэслэл зааж Г.Б-г Нийслэлийн Өргөө амаржих газрын даргын ажлаас чөлөөлсөн байна. 

        Ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. “Сахилгын зөрчил давтан гаргасан” гэдэгт  хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил тус бүр тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол нэг жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.2-т нийцнэ.

        Хариуцагчийн тушаалд ажилтан ямар зөрчлийг хэзээ гаргасан нь тодорхойгүй,  нэхэмжлэлийг үгүйсгэх тайлбар баримт хэрэгт байхгүй тул шүүх нэхэмжлэлийг хангахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-г зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

        3. Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч талын  гомдлыг хангахгүй орхив.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/01940 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2150 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэлийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ