Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2148

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Х-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02747 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Х-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Д-т холбогдох,

 

Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Х-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Х- нь О.Б-тай 2000 оноос эхлэн Нарантуулын ард вагончикт хамтран амьдарсан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 11-ний өдрийн 8658 тоот шийдвэрээр 2015 оны 7 сарын 12-ны өдрийг хүртэл хамтран амьдарсан болохоо тогтоолгосон. Нөхөр болох О.Б-, С.Х- нар 2009 оны 8 сарын 11-ний өдрөөс эхлэн Хаан банк дахь 577103914 тоот дансыг хамтран эзэмшиж эхэлсэн. Орон сууц худалдан авахаар тохиролцож, орон сууц худалдах зарын дагуу Ц.Д-той танилцаж, Баянгол дүүрэг, 4-р хороо, ГЕГ-ын 3-р байрны 09 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 85 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа 60 000 000 төгрөгийг дундын эзэмшлийн 5727103914 тоот данснаас Ц.Д-ын 5085080027 тоот дансанд 2013 оны 02 сарын 22-ны өдөр шилжүүлэн өгч, орон сууцанд нүүж орсон. Үлдсэн 25 000 000 төгрөгийг О.Б-ын охин Б.Уаас зээлж төлсөн бөгөөд Б.Уд бид 30 000 000 төгрөг төлсөн. Гэвч орон сууцны өмчлөх эрхийг олж авч чадаагүй. Ц.Д- нь Б.Утай гэрээ байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлсэн байсан. Иймд Б.У, Ц.Д- нарын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 9 тоот орон сууцыг өмчлөх эрхийг тогтоож өгнө үү, О.Б- 2015 онд нас барсан. Б.У нь С.Х-ыг 2017 оны 6 сарын 25-ны өдөр та манай дүүгийн Баянгол дүүрэг, 1-р хороо, Богд-Ар хороолол, 5А байрны 77 тоотод байрлах, нэг өрөө байранд очиж, амьдар гэсэн учир түүний үгэнд орж, нүүсэн боловч уг байр нь Б.Уын төрсөн ээж Г.Ц-ын нэр дээр бүртгэлтэй байр байсныг 2019 оны 5 сарын 02-ны өдөр мэдсэн. Одоо Б.У нь С.Х-ыг ээжийн маань байрыг суллаж өг, хүүхдүүд рүүгээ яв, Г.Ц- нь байрнаас гар гэх зэргээр дарамт үзүүлж байна. С.Х- нь өөрийн худалдан авсан Баянгол дүүрэг, 4-р хороо, ГЕГ-ын 3-р байрны 09 тоотод очиж, амьдаръя гэж хэлэхэд тэр байр нь Б.Уын нэр дээр бүртгэлтэй бөгөөд Б.У манай дүү амьдарч байгаа тул боломжгүй гэх хариуг хэлсэн. С.Х- нь олон жилийн хөлс, хүч хөдөлмөрөөрөө цуглуулсан 85 000 000 төгрөгөөр орон сууц худалдан авсан боловч орон сууцандаа амьдарч, үр шимийг нь хүртэж чадахгүй, өөрийн байрнаасаа хөөгдөөд байна гэжээ.

 

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 02 сарын 20-ны өдөр 9 тоот 2 өрөө байраа зарахаар зар өгсөн. Зарын дагуу О.Б-, С.Х- нар 2013 оны 02 сарын 21-ний өдөр манай байрыг ирж, үзсэн. Байрыг эдгээр хүмүүст 85 000 000 төгрөгөөр худалдахаар тохирч, 60 000 000 төгрөгийг Хаан банк дахь миний өөрийн 508580027 тоот дансанд шилжүүлж, үлдэгдэл 25 000 000 төгрөгийг дараа нь өгсөн. Зарсан байранд 2013 оны 02 сарын 25-ны өдөр С.Х-, О.Б- нар орохоор нүүж ирсэн тул би 11 тоот худалдаж авсан байрандаа засвар ч хийх боломжгүй болж, 9 тоот байрыг суллаж өгч, зэргэлдээ 11 тоот хаалганд нүүж орсон. О.Б- гуайн бие тун тааруу байсан учир шууд нүүж, байраа чөлөөлсөн юм. О.Б- нэг өдөр намайг охин Б.Уаар дуудуулж, гэрт нь ороход миний бие муу байна, явж чадахгүй байгаа учир миний охин Б.Уын нэр дээр байрыг шилжүүлээд өг, 25 000 000 төгрөгийг манай охин өгнө гэсэн. Энэ үед С.Х- гуай гэртээ байсан санагдах юм. Гэрийн эзэн, өрхийн тэргүүн хүн ингэж хэлсэн тул би Б.У гэх охинтой нь Үл хөдлөх эд хөрөнгийн газарт очиж, Б.Уын нэр дээр Баянгол дүүрэг, 4-р хороо, ГЕГ-ын 3-р байрны 09 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг шилжүүлж өгсөн. 25 000 000 төгрөгөө авсан. Гэрээгээ хийхдээ төлөх татвараас шалтгаалж, 30 000 000 төгрөгөөр худалдаж байгаа тухай гэрээ хийсэн. О.Б-ын охин гэх Б.У нь эдгээр хүмүүстэй хамт амьдардаггүй, би өмнө нь түүнийг харж байгаагүй, тэр өдөр л зүсийг нь харсан. Тэр О.Б- гуайг асарч байхыг нь хараагүй. Гэрээ хийсэн өдрөөс хойш түүнтэй тааралдаагүй. С.Х- нь О.Б- гуайг нас барах хүртэл нь эмнэлэг, гэргүй л байнга асарч байсныг мэднэ. Би уул нь нэхэмжлэлийг зөвшөөрмөөр л байх юм. Айлын гэр бүлийн доторх асуудлыг мэдэхгүй юм даа. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө С.Х- гуай надаас юу ч шаардаж байгаагүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.2 дах хэсгийг баримтлан Б.Утай 2013 оны 3 сарын 01-ний өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, Баянгол дүүрэг, 4-р хороо, ГЕГ-ын 3-р байрны 09 тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч С.Х-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд үл нийцэж, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироогоод байна. Анхан шатны шүүх маргаан бүхий орон сууцыг С.Х- 85 000 000 төгрөгөөр худалдаж авсан уу, эсхүл Б.У 2013 оны 3 сарын 01- ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу 35 000 00 төгрөгөөр худалдаж авсан эсэх үйл баримтад дүгнэлт хийхгүй орхигдууллаа. Учир нь нэхэмжлэгч С.Х- нь өөрийн хүч хөдөлмөрөө зориулж цуглуулсан 85 000 000 төгрөгөө хариуцагч Долгорт өгсөн боловч өнөөдрийг хүртэл орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч чадахгүй хохирч байх атал уг орон сууцыг худалдаж авахад нэг ч төгрөг төлөөгүй Б.У гэх этгээдэд хариуцагч Долгор нь өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зорчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилснаас үзэхэд С.Х- нь орон сууцны төлбөр болох 85 000 000 төгрөгийг Долгорт төлөх, хариуцагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг биелүүлдэг энэ үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байх атал анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичмэл нотлох баримтаар орон сууцны өмчлөх эрх Б.Уд шилжсэн 2013 оны 3 сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрийн олж авах эрхээ зөрчигдсөн болохоо мэдсэн байх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг 2013 оны 3 сарын 01-ний өдрөөс тоолж дууссан байна гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2013 оны 3 сарын 01-ний өдөр өмчлөх эрхээ зөрчигдсөн болохыг мэдсэн байх учиртай гэх таамаг төдий зүйлээр хөөн хэлэлцэх хугацааг 2013 оын 3 сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсон байх ба хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс хэрхэн тоолох талаар анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд баттай тогтоогоогүй байна. Бодит байдал дээр нэхэмжлэгч С.Х- нь хариуцагчид орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Уд шилжүүлж өгөх талаар ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй бөгөөд нэхэмжлэл гаргахдаа 2013 оны 3 сарын 01-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу Б.Уд шилжсэн болохыг мэдэж шүүхэд хандсан. Хариуцагч Ц.Д- нь С.Х-д 85 000 000 төгрөгөөр орон сууцаа худалдаж, төлбөрийг бүрэн авсан атлаа 2013 оны 3 сарын 01-ний өдөр 30 000 000 төгрөгөөр Б.Уд уг орон сууцыг худалдсан мэт гэрээ байгуулж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Учир нь маргаан бүхий орон сууцыг Б.Уд 30 000 000 төгрөгөөр худалдаагүй атлаа худалдсан мэт дүр үзүүлж, гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх ба энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй юм. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дах хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэхийн тулд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.2 дах хэсэгт заасны дагуу хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний улмаас үүрэг гүйцэтгэхээс татгалзсан байх ёстой. Гэвч анхан шатны шүүх хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон талаар маргаагүй харин ч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад С.Х-ыг маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг хүлээн зөвшөөрсөн байх атал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дах хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч С.Х- нь хариуцагч Ц.Д-т холбогдуулан Б.У, Ц.Д- нарын байгуулсан, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ГЕГ-ын 3-р байр, 9 тоот, 2 өрөө орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “О.Б-тай хамтран амьдрах хугацаандаа хамтын хөдөлмөрөөр бий болгосон дундын хөрөнгөөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ГЕГ-ын 3-р байр, 9 тоот, 2 өрөө орон сууцыг худалдан авсан” гэж тайлбарласан байна. 

 

Хэрэгт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 11-ний өдрийн 8658 дугаар хүчин төгөлдөр шийдвэр нотлох баримтаар авагдсан байх бөгөөд уг шийдвэрээр нэхэмжлэгч С.Х-ыг талийгаач О.Б-тай хамтын амьдралтай байсныг тогтоосон байна. /хх-ийн 13-р тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талийгаач О.Б-тай хамтын амьдралтай байхдаа бий болгосон хөрөнгөөс уг орон сууцыг авсан учраас өөрийн өмч байх ёстой гэж тайлбарласан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч С.Х-, О.Б- нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосон байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, маргааны үйл баримтыг тогтоогоогүй нь учир дутагдалтай болжээ.

 

Дээрх Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ГЕГ-ын 3-р байр, 9 тоот орон сууцны өмчлөгч Б.У нь 2013 оны 3 сарын 1-ний өдөр нэхэмжлэгч С.Х-д хандаж “ ... өөрийн өмчлөлд буй 2 өрөө орон сууцыг ээж С.Х-д насан туршид нь үнэ төлбөргүйгээр ашиглуулахыг зөвшөөрч буйг баталж, энэхүү баталгааг гаргаж байна ...” гэсэн баталгаа бичсэн нь хэргийн 7 дугаар талд авагдсан байна.

 

Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх үндэслэл байгаа эсэх, орон сууцны өмчлөгч Б.У нь дээрх маргааны талаар мэдсэн эсэх нь эргэлзээтэй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

           

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02747 дугаар дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ИЧИНХОРЛОО                                      

                                         ШҮҮГЧИД                                                Т.ТУЯА

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ