Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 1319

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 27 өдөр                   Дугаар 102/ШШ2020/01319                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Х нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Д ,

Хариуцагч: Б.У нарт холбогдох,

2013.03.01-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянгол дүүрэг, 4 хороо, ГЕГ-ын 3 байр, 9 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн, хариуцагч Б.У, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, гэрч Ц.Цэрэндулам, нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би О.Базартай 2000 оноос эхлэн Нарантуулын ард вагончикт хамтран амьдарсан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.12.11 өдрийн 8658 тоот шийдвэрээр 2015.07.12 өдрийг хүртэл хамтран амьдарсан болохоо тогтоолгосон. О.Базар, С.Х нар 2009.08.11 өдрөөс эхлэн Хаан банк дахь 577103914 тоот дансыг хамтран эзэмшиж эхэлсэн. Орон сууц худалдан авахаар тохиролцож, зарын дагуу Ц.Дтой танилцаж, Баянгол дүүрэг, 4 хороо, ГЕГ-ын 3 байр, 9 тоот, 2 өрөө орон сууцыг 85,0 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа 60,0 сая төгрөгийг дундын эзэмшлийн 5727103914 тоот данснаас Ц.Дын 5085080027 тоот дансанд 2013.02.22 өдөр шилжүүлэн, орон сууцанд нүүж орсон. Үлдсэн 25,0 сая төгрөгийг О.Базарын охин Б.Уаас зээлж төлсөн бөгөөд Б.Уд бид 30,0 сая төгрөг төлсөн. Гэвч орон сууцны өмчлөх эрхийг олж авч чадаагүй. Ц.Д нь Б.Утай гэрээ байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлсэн байсан. Иймд Б.У, Ц.Д нарын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 9 тоот орон сууцыг өмчлөх эрхийг тогтоож өгнө үү. О.Базар 2015 онд нас барсан. Б.У нь намайг 2017.06.25 өдөр та манай дүүгийн Баянгол дүүрэг, 1 хороо, Богд-Ар хороолол, 5А байр, 77 тоот, 1 өрөө байранд очиж, амьдар гэсэн учир түүний үгэнд орж, нүүсэн ч уг байр нь Б.Уын төрсөн ээж Г.Цэрэндуламын нэр дээр бүртгэлтэй байсныг 2019.05.02 өдөр мэдсэн. Одоо Б.У нь намайг ээжийн байрыг суллаж өг, хүүхдүүд рүүгээ яв, Г.Цэрэндулам нь байрнаас гар гэх зэргээр дарамт үзүүлж байна. Би өөрийн худалдан авсан Баянгол дүүрэг, 4 хороо, ГЕГ-ын 3 байр, 9 тоотод очиж, амьдаръя гэхэд Б.Уын нэр дээр бүртгэлтэй, дүү нь амьдарч байгаа тул боломжгүй гэсэн. Би олон жилийн хөлс, хүч хөдөлмөрөөрөө цуглуулсан 85,0 сая төгрөгөөр орон сууц худалдан авсан ч амьдарч, үр шимийг хүртэж чадахгүй, байрнаасаа хөөгдсөн гэжээ.

 

Нэхэмжлэгчээс өөрчилсөн нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Баянгол дүүрэг, 4 хороо, 2 хороолол, ГЕГ-ын 3 байр, 9 тоот, 30,3 м2, 2 өрөө орон сууцыг өмнөх өмчлөгч /Д, Бадарч/ нараас өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн худалдан авахаар харилцан тохиролцож 85,0 сая төгрөг төлсөн боловч Б.У би охин нь байна гэх зэргээр өмнөх өмчлөгч нараас өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулж авчихаад намайг миний орон сууцнаас хөөж зүй бус авирлаж байгаа явдалд гомдолтой байна. Ц.Д Б.У нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарна. Учир нь Ц.Д орон сууцыг С.Хд худалдаж төлбөрийг авсан атлаа Б.Уд худалдсан мэт гэрээ байгуулж шилжүүлсэн, Б.У нь худалдан аваагүй байж худалдан авч буй мэт гэрээ байгуулж дүр үзүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр авсан байсан. Иймд Ц.Д Б.У нарын хооронд байгуулагдсан 2013.03.01-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Доос шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2013.02.20 өдөр 9 тоот 2 өрөө байраа зарахаар зар өгч, О.Базар, С.Х нар 2013.02.21 өдөр манай байрыг ирж, үзсэн. Байрыг эдгээр хүмүүст 85,0 сая төгрөгөөр худалдахаар тохирч, 60,0 сая төгрөгийг Хаан банк дахь миний 508580027 тоот дансанд шилжүүлж, үлдэгдэл 25,0 сая төгрөгийг дараа нь өгсөн. Зарсан байранд 2013.02.25 өдөр С.Х, О.Базар нар орохоор нүүж ирсэн тул би 11 тоот худалдаж авсан байрандаа засвар ч хийх боломжгүй болж, 9 тоот байрыг суллаж өгч, зэргэлдээ нүүж орсон. О.Базар гуайн бие тун тааруу байсан учир шууд нүүж, байраа чөлөөлсөн. О.Базар 1 өдөр намайг охин Б.Уаар дуудуулж, гэрт нь ороход миний бие муу байна, явж чадахгүй байгаа учир миний охины нэр дээр байрыг шилжүүлээд өг, 25,0 сая төгрөгийг манай охин өгнө гэсэн. Энэ үед С.Х гуай гэртээ байсан санагдах юм. Гэрийн эзэн, өрхийн тэргүүн хүн ингэж хэлсэн тул би Б.Утай Үл хөдлөх эд хөрөнгийн газарт очиж, түүний нэр дээр орон сууцыг шилжүүлж, 25,0 сая төгрөгөө авсан. Гэрээгээ төлөх татвараас шалтгаалж, 30,0 сая төгрөгөөр худалдаж байгаагаар хийсэн нь миний алдаа байсан.  О.Базарын охин Б.У нь эдгээр хүмүүстэй хамт амьдардаггүй, би өмнө нь түүнийг харж байгаагүй, тэр өдөр л зүсийг нь харсан. Тэр О.Базар гуайг асарч байхыг нь хараагүй. Гэрээ хийсэн өдрөөс хойш тааралдаагүй. С.Х нь О.Базар гуайг нас барах хүртэл нь эмнэлэг, гэргүй л байнга асарч байсныг мэднэ. Би уул нь нэхэмжлэлийг зөвшөөрмөөр л байх юм. Айлын гэр бүлийн доторх асуудлыг мэдэхгүй юм. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө С.Х гуай надаас юу ч шаардаж байгаагүй. Базар, Х нар нүүж ирэх үед гал тогооны тавилгыг худалдан авахыг санал болгоход охин Б.У авъя гэж зөвшөөрч тавилгын үнэнд 1,0 сая төгрөгийг маргааш нь шилжүүлсэн. 60,0 сая төгрөгийг шилжүүлсэн О.Базар гуай надад Б.Уын нэр дээр ордер шилжих ёстой гэж өөрөө хэлсэн, У байрны 25,0 сая төгрөгийг шилжүүлсэн, гал тогооны тавилга авах зэрэгт У нь түлхүү шийдвэр гарган оролцож мөнгө шилжүүлж байгаа зэргийг хараад би байрыг Б.Уд зарж байна гэж ойлгосны үндсэн дээр ордерыг шилжүүлсэн. 2013.02.22-нд байр зарсан 85,000,000 төгрөгийг О.Базар, Б.У нараас хүлээж авснаас 2013.03.01-ний өдөр ордерийг шилжүүлэх хүртэл зэргэлдээ хаалганд байрны засвараа хийгээд байж байсан надад хажуу хаалганд нүүж орсон С.Х гуай 1 ч удаа байрны ордер шилжүүлэх тухай хандаагүй, түүнээс хойш ч хөрш зэргэлдээ явсан орж гарч байх хугацаанд ч миний байр гэж огт хэлэх юмуу шаардлага гаргаж байгаагүй. 2019 оны 7 сард Х намайг туслаач гэсний дагуу би ажил ихтэй байсан ч 2 өдөр Үл хөдлөх хөрөнгийн газар дугаарлаж Орон сууц худалдах худалдан авах гэрээний хуулбарыг авч өгтөл эргүүлээд намайг шүүхэд хариуцагчаар татаж өдий хүртэл чирэгдүүлж байгаад гомдолтой байна гэжээ.

 

Хариуцагч Б.Уаас шүүхэд болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний аав О.Базар, ээж Г.Цэрэндулам нар 1976 онд гэр бүл болж 1977 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. 1977.02.05-нд охин Б.Уртнасан, 1978.10.18-нд охин Б.У, 1985.06.31-нд хүү Б.Нэргүй нарыг төрүүлэн өсгөж 2002.09.01-нийг хүртэл хамт амьдарч байсан. Аав 2002 онд гэр бүлээс гадуур С.Хтай харилцаатай болсныг ээж мэдээд 2002 оноос хойш тусдаа амьдарсан. Ээж ааваас тусдаа амьдрах үедээ өөрийн гэсэн гэр орноосоо ганц аяга ч авалгүй явсан. Аав ээжтэй амьдарч байх хугацаандаа бий болгосон Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгөө аваад үлдсэн. Аав ээжээс тусдаа амьдрахаас хэдэн сарын өмнө БГД, 18 хороо, 4 хороолол, 67 байр, 5 тоот орон сууцаа 2001.9.20-нд зараад мөнгөөрөө Хувийн орон сууц барьж амьдрахаар тохирч байрны мөнгө 18,0 сая төгрөгийг авч яваад С.Хтай амьдарч эхэлснийг ээж мэдсэн байсан. Аав ээжийн дундын хөрөнгө 4,5 сая төгрөгийн үнэтэй Пургон машин, 2,8 сая төгрөгийн үнэтэй хуучин пургон, 10,0 сая төгрөгийн үнэтэй МАЗ маркийн ачааны машин, 6,0 сая төгрөгийн үнэтэй 6 ширхэг вагончик, вагончикууд дотор байсан үйлдвэрлэлийн зориулалттай хөргүүр тоног төхөөрөмж нийт 10,0 сая төгрөгийн үнэтэй, 3 өрөө байрны бүрэн тавилга аавд үлдсэн. Гэтэл аавыг минь юу ч үгүй хөрөнгө мөнгөгүй хоосон вагончикт бие муутай хүн байсан гэж бичсэнд гомдож байна. Миний аав хөрөнгө мөнгөтэй, боловсролтой өөрийгөө аваад явчих бүрэн чадвартай англи, орос хэлтэй, их ном уншдаг, өөрийн болон орчин тойрныхоо эрүүл мэндэд анхаарч зөвлөдөг хүн байсан. Тухайн 2002 онд 56 настай эрүүл саруул хүн байсан. Харин Х эгч аавтай хамтран амьдрахаар өөрийн эд хөрөнгөгүй, 3 хүүхэдтэйгээ ирж байсан. Би 2002 онд Америк явсан ч байнга аавтайгаа холбоотой байж ээжийгээ нийт 9 удаа ирж очих бүрт аавдаа бэлэг, мөнгө, витамин, даралтны болон сахарын аппарат, массажны аппаратууд, зургийн аппарат гэх мэтийг өгч, захидал, ном зэргийг дайн явуулдаг байсан. 2012 онд аавын бие муудсан тул анхаарал хандуулахаар монголд ирээд эмнэлэгээр явж онош тодруулаад 2013 оны 3 сард бөөрний дутагдалтай тул аппаратанд оруулж зөөж байсан. 2013 оны 8 сард Оюу толгой ХХК-д ажилд орж ээлжээр хөдөө ажилладаг, бага насны 2 хүүхдээ асардаг байсан ч амралттай үедээ аав дээрээ ирж зээ нарыг нь байнга уулзуулдаг байсан. Аавыгаа дулаан тухтай байранд байлгаж, аппаратанд зөөхийн тулд эгч Уртнасан суудлын машинаа өгөх, дутуу гачуу хэрэгтэй зүйл юу байгаад байнга анхаарал хандуулж байсан. Би АНУ-д сурч, нөхрийн хамт ажил хийдэг, байрны мөнгөтэй ирэх зорилгоор мөнгөн хуримлал үүсгэж байсан. Аав минь ч энэ талаар зөвлөж захиа бичиж ээжээр явуулдаг байсан. Ээж 10 жил байх хугацаанд байнга АНУ руу явж ажил хийж Монгол руу буцдаг байсан. Аав “хуримтлуулсан мөнгөө аавдаа өгч явуул хүнд хүүтэй зээлүүлж өсгөх боломж байгааг зөвлөдөг байсны дагуу мониграм шилжүүлэг болон ээжээр мөнгө өгч, аав хүнд хүүтэй зээлүүлж өсгөж өгдөг байсан. Би ирээд удалгүй аавтайгаа байр худалдан авах талаар ярилцаж байгаад БГД, 4 хороо, 2 хороолол, ГЕГ-ын 3 байр, 9 тоот, 2 өрөө орон сууцыг аав таалагдаж байна гэж зөвлөсний дагуу худалдан авсан. Би өөрийн хуримтлуулсан мөнгөнөөсөө аавд өгч бусдад зээлүүлдэг, аав зээлүүлсэн хүмүүсээс мөнгөө буцааж тооцоо хийж өөрийн дансандаа авдаг байсан. Байр авах үед миний мөнгө аавд учраас байрны мөнгийг шилжүүлэхдээ бид Офицерын ордны Хаан банк дээр очиж аавын данснаас Д руу 2013.02.22-нд 60,0 сая төгрөг шилжүүлж, үлдэгдэл 25,0 сая төгрөгийг би өөрийн Хаан банкны 506323043 данснаас хийж тооцоо дуусгасан. Би худалдан авсан байрандаа аавыгаа Хурэлчулуун эгчтэй амьдруулахаар 2013.02.24-нд нүүлгэж оруулсан. Тухайн үед Д эгч намайг гал тогооны тавилгыг 1,0 сая төгрөгт худалдаж авахыг санал болгосноор мөнгийг шилжүүлсэн. Аав 2013.03.01-нд залгаад “чи байрны ордерыг шилжүүлж ав хүрээд ир” гэж дуудсан, очиход аав, Х эгч 2 байрандаа байсан. Аав Д эгчийг надаар дуудуулж байрыг охин авч байгаа, ордер нэр дээр нь шилжинэ, та 2 явж ордероо хөөцөлд” гэсний дагуу бид Орон сууц худалдах худалдан авах гэрээг нотариатаар баталгаажуулж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бичиг баримтаа өгсөн, байрны гэрчилгээ 2013.03.01-ний өдөр миний нэр дээр гарсан. Тэгтэл аав намайг дуудаж охинтойгоо ярих юм байна гээд, Х эгч чинь аавыг нь түрүүлээд өнгөрчихвөл орон гэргүй хэцүүдэх нь, “чамайг өнгөрсөн ч намайг энэ байранд үргэлжлүүлэн амьдруулах талаар охинтойгоо ярьж өгөөч” гэж байна, болох уу гэхээр нь болох байлгүй гэсэн. Гэтэл Х эгч тэгвэл бичгээр баталгаа өгчих гээд надад үзэг цаас авч өгч хэлж бичүүлээд 2013.03.01-нд нотариатаар баталгаажсан. БЗД-т 1147 мкв газар нь аав минь энэ хүнтэй хамтран амьдрахаас өмнө манай гэр бүлийн өмч байсан, би 2012 онд ирснээс хойш барилга барих зөвшөөрлүүдийг бүгдийг авч, барилгын эскиз, ажлын зураг зэргийг мөнгөөрөө хийлгэн барилга бариулахаар хүмүүстэй гэрээ хийсэн, гэтэл газрыг хүртэл өөрийн мэт ярьж байна. Би 2017 оны намар БНХАУ-д суралцахаар 2 хүүхдийн хамт явсан, өвөл зуны амралтаар байнга ирдэг байсан, энэ хугацаанд 1 ч удаа шаардлага тавьж байгаагүй. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаанаас хасаж тооцохыг зөвшөөрөхгүй байна. 2019 оны 5 сард шүүхэд хандах хүртэл өмнө нь ч 1 ч удаа шаардлага тавьж байгаагүй. Аавын тус дэмээр түүний 3 хүүхэд их дээд сургууль дүүргүүлж өсгөж том болгуулсны дээр амьд байхад худалдан авсан 4 нийтийн байрны 2-ыг, Ниссан загварын суүдлын автомашин, нас барсны дараа Батсүмбэр дэхь газар, аавын данс дахь 13,0 сая төгрөг, хүнд зээлсэн 15,0 сая төгрөг, вагончик зарсан 6 сая төгрөг, хашаанд байсан бүх вагончикуудыг доторх эд зүйлс тоног төхөөрөмжийн хамт, аавыг өнгөрөхөд гэрт үлдсэн тавилгуудыг бүгдийг авахын зэрэгцээ аавыг өнгөрснөөс хойш бидний өмчлөлийн байранд үнэ төлбөргүй амьдарч байгаа ч одоо худал зүйл зохиож, миний өмчлөлийн байр, ааваас өвлөж авсан газар зэргийг өөрийн мэт ярьж, байр зарсан гэмгүй хүнийг хүртэл чирэгдүүлж байна. Энэхүү мөнгө шилжсэн 5727103914 тоот данс нь миний аавын эзэмшдэг ганц үндсэн данс, нэхэмжлэгч тусдаа Хаан банкны 5041121704 тоот данстай байсан. Аав өөрөө банк байнга орохгүй амарчилж зарим гүйлгээг хийлгүүлэхийн тулд нэхэмжлэгчийг сүүлд нэмсний дагуу аавын зөвшөөрөл, хүсэлтээр зарим мөнгөн гүйлгээг хийдэг байсан, хамтран эзэмшигч ч бодит байдал дээр дундын мөнгө биш байсан. Нэхэмжлэгч байрыг намайг худалдаж авч байгааг, гэрчилгээ миний нэр дээр гарсныг мэдэж байсан, цаашид амьдрах баталгаа бичүүлж авч байснаар нотлогдоно гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

С.Х нь Ц.Дт холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Б.Уыг оролцуулжээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Базартай хамт амьдарч байхдаа олон жилийн хөлс, хүч хөдөлмөрөөрөө цуглуулсан 85,000,000 төгрөгөөр орон сууц Доос худалдан авсан, Уаас байр авахдаа зээлсэн 25,0 сая төгрөгийг буцаан өгсөн, гэтэл 2013.09.04-нд У гэрээг Дтой байгуулж, өмчлөгч болсныг мэдсэн, Д, Утай 30,000,000 төгрөгөөр орон сууц худалдан авахаар гэрээ байгуулсан нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус тул байрны өмчлөгчөөр тогтоолгоно, Иргэний хуулийн 752.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаанд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлав.

 

Хариуцагч Ц.Д нь 60,000,000 төгрөгийг О.Базар гуай надад шилжүүлсэн, тэр Б.Уын нэр дээр ордер шилжих ёстой гэж хэлсэн, У байрны 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн, байр болон гал тогооны тавилга авахад У нь шийдвэр гарган оролцож, мөнгө шилжүүлж байгаа зэргийг хараад би байрыг Б.Уд зарж байна гэж ойлгож гэрчилгээг шилжүүлсэн, байр хүлээж авснаас хойш нэхэмжлэгч 1 ч удаа ордер шилжүүлэх тухай хандаагүй, шаардлага гаргаж байгаагүй гэж маргажээ.

 

Хариуцагч Б.У нь АНУ-аас байр авах зорилгоор аавд мониграм шилжүүлэг болон ээжээр мөнгө өгч, аав хүнд хүүтэй зээлүүлж өсгөж өгдөг байсан, аавтай ярилцаж БГД, 4 хороо, 2 хороолол, ГЕГ-ын 3 байр, 9 тоот, 2 өрөө орон сууцыг худалдан авч, миний мөнгө аавд байсан учраас аавын данснаас Д руу 60,000,000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл 25,000,000 төгрөгийг би данснаасаа хийсэн, аав Дт байрыг охин авч байгаа, ордер нэр дээр нь шилжинэ гэж хэлэхэд Х хамт байсан, бид Орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулан, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт өгснөөр би өмчлөгч болсон, нэхэмжлэгч байрыг намайг худалдаж авч байгааг, гэрчилгээ миний нэр дээр гарсныг мэдэж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан, цаашид амьдрах баталгаа бичүүлж авч байснаар нотлогдоно гэж мэтгэлцэв.  

 

С.Х, О.Базар нар нь 2013.02.22-ны өдөр Баянгол дүүрэг, 4 хороо, ГЕГ-ын 3 байр, 9 тоот, 2 өрөө орон сууцыг Ц.Доос 85,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна.

 

О.Базар нь 2015.07.12-ны өдөр нас барсан, нэхэмжлэгчийг 2000-2015 оны хооронд О.Базартай хамтын амьдралтай байсныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.12.11-ний өдрийн 8658 дугаар шийдвэрээр тогтоосон байна.

 

Б.Уын АНУ-аас шилжүүлсэн мөнгийг О.Базар нь бусдад хүүтэй зээлдүүлэх замаар өсгөж, уг орон сууцыг худалдан авсан нь хэргийн үйл баримт болон  тухайн байрыг нэхэмжлэгчид насан туршид нь үнэ төлбөргүйгээр ашиглуулахыг Б.У зөвшөөрсөн Баталгаа баримтаар нотлогдож байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь энэхүү байдлыг няцааж чадахгүй байгаа болон түүнчлэн тухайн орон сууцны гал тогооны тавилгын үнэ 1,000,000 төгрөгийг Б.У шилжүүлсэн байх тул хэлцлийг Б.Уын нэрийн өмнөөс О.Базар нь Ц.Дтой хэлцэл хийж, Б.Уд өмчлөл шилжихийг Б.Дт хэлснээр Б.У, Ц.Д нар нь 2013.03.01-ний өдөр маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авахаар гэрээ байгуулжээ.

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болжээ.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон Монгол Улсын иргэн, татвар төлөгч байна гэж, 10.1.1 үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогыг хөрөнгө борлуулсан орлогод хамруулна гэж, 17.1.1-д хөрөнгө борлуулсны орлогод үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогын дүнд 21.2-т зааснаар 2 хувиар тооцож, албан татвар ногдуулна гэжээ.

 

Хариуцагч Ц.Д нь дээрх хуулийн дагуу төлөх татвараа багасгахын тулд Б.Утай 30,000,000 төгрөгөөр худалдаж байгаагаар хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул С.Х, О.Базар нарын 2013.02.22-ны өдөр маргаан бүхий орон сууцыг Ц.Доос 85,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон хэлцлийг Ц.Д Б.У нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамааруулан ойлгохооргүй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т хэлцэл хийгч талууд хэлцэл хийснээр хууль зүйн ямар нэгэн үр дагавар үүсгэхийг хүсээгүй байхаас гадна хүсэл зоригийн илэрхийллийг хуурамч, дүр үзүүлсэн байдлаар илэрхийлсэн байхыг шаардана.

 

Гэтэл тухайн тохиолдолд хуульд заасан дээрх шинжийг Ц.Д Б.У нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ агуулаагүй, харин хүсэл зоригоо бүрэн илэрхийлж, хэлцэл хийснээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл худалдан авагчид шилжсэнээр нэхэмжлэгчийн дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын үндэслэл үгүйсгэгдэж байна.

 

Нөгөөтэйгүүр хэлцлийн нэг тал нөгөө талдаа холбогдуулан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлээр маргах бөгөөд нэхэмжлэгч нь 2013.03.01-ний өдрийн гэрээний оролцогч биш тул хуульд сонирхогч этгээдийн хувьд маргах эрхийг зохицуулаагүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулжээ.

 

Дээрх гэрээний дагуу худалдагч Ц.Д нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг худалдан авагч Б.Уын өмчлөлд шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн, хариуцагч Б.У нь хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр гэрээ хэрэгжиж, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болсон байна.

 

С.Х нь 2013.09.24-ний өдөр маргаан бүхий орон сууцны өмчлөгч Б.У болохыг мэдсэн гэж тайлбарлах ч 2013.03.01-ний өдөр байранд нүүж орсноос хойш өмчлөгчөөр бус харин нэхэмжлэгчийг насан туршдаа орон сууцыг үнэ төлбөргүйгээр ашиглуулахыг Б.У зөвшөөрсөн Баталгаа баримтыг тухайн өдөр үйлдэх үед мэдэх боломжтой байсан байна.

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байх зохицуулалтаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж маргав.

 

Түүний шүүхэд гаргасан шаардлагын үндэслэл нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлийн үндсэн дээр өмчлөл шаардаж байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хугацаа үйлчлэх юм.

 

Нэхэмжлэгчийн эрх нь 2013.03.01-ний өдрөөс зөрчигдсөн, 2013.09.24-ний өдөр маргаан бүхий орон сууцны өмчлөгч Б.У болохыг мэдсэн өдрөөс шаардах эрх үүссэн, энэ үеээс эрхээ хэрэгжүүлсэн байдал тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн нэхэмжлэлийг 2019.08.07 өдөр шүүхэд гаргасан, нэхэмжлэгчээс мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар сэргээлгэх хүсэлтийг гаргаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь 60,000,000 төгрөгийг Хаан банк дахь дундын эзэмшлийн 5727103914 тоот данснаас Ц.Дын 5085080027 тоот дансанд шилжүүлсэн тайлбарлах ч Б.Уаас тухайн дансанд 2009-2010 онд 16,000,000 төгрөг орсон, мөнгийг О.Базар нь бусдад зээлдүүлж байсан нь нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн орлогоор бий болсон хөрөнгө гэдгээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байх тул тэдгээрийн хөрөнгө гэж үзэхээргүй байна.

 

Харин Б.У нь орон сууцны төлбөрт 25,000,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд нэхэмжлэгч орон сууцыг худалдан авахын тулд зээлсэн, түүнийгээ 2013.09.24-ний өдөр буцаан төлсөн гэж, хариуцагч нь аав бусдад зээлүүлсэн байсан миний мөнгийг буцаан өгсөн гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгч өөрийн орлогоор бий болсон хөрөнгө гэдгээ баримтаар нотлоогүй тохиолдолд хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140,400 төгрөгийг орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Хариуцагч Ц.Дт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн, нэхэмжлэгчээс мөн хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т заасанд нийцүүлэн баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь хадгаламж хамтран эзэмшигчийн хувьд болон баталгаа баримтын дагуу үүргийг шаардаж нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасныг баримтлан Ц.Д, Б.У нарт холбогдох, 2013.03.01-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянгол дүүрэг, 4 хороо, ГЕГ-ын 3 байр, 9 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Х нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140,400 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгч нь хадгаламж хамтран эзэмшигчийн хувьд болон баталгааны дагуу үүргийг шаардаж нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ