Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2020/0350

 

2020 оны 05 сарын 21 өдөр Дугаар 128/ШШ2020/0350 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч С.Ганбат, шүүгч М.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны хоёрдугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М******* ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн М******* ХХК-д холбогдох хэсгийн хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******, Ж.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М******* ХХК нь 2010 оны 2 дугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр MV-01 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, 15*******А дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас 2038 оны 07 дугаар сарын 09-нийг дуустал хугацаагаар хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглах эрхийг авсан.

Тусгай зөвшөөрлийг авсны дараа хайгуулын гэрээ болон холбогдох бүхий л ажлуудыг гүйцэтгэж, техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг болон нөөц тогтоолгож ашиглах зөвшөөрлийг авсан. Гэтэл нэг ч ажил хийгдээгүй бөгөөд газрыг ашиглаж чадаагүй юм.

Газар ашиглах боломж нь 2013 оны 4 сараас хийгдэх боломжтой байх талаар өөрсдөө тооцож байсан боловч, 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Х дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 07 тоот тогтоол гарч, түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулж, шалгалтын үйл ажиллагаа явуулах комиссын тогтоол гарсан. Үүний улмаас аж ахуй нэгжүүдийн ажил хүлээлгийн байдалтай хүлээгдэж байсан. Х дүүргийн Засаг даргаас М******* ХХК-д 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 5/72 дугаартай албан тоот болон тусгай зөвшөөрлийн нэгж талбайд усны нөөцийн давхцал байгаа учраас нэгж талбайд үйл ажиллагааг зогсоож нөхөн сэргээлт хий гэх албан тоот ирүүлдэг.

Тухайн газрыг ашиглаагүй байгаа учраас нөхөн сэргээлтийн асуудал яригдахгүй, үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлагддаг. Үүний дараа 2015 онд газар давхцуулан олгосон Нийслэлийн Засаг даргыг хариуцагчаар татсан М******* ХХК нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэхүү нэхэмжлэлээр М******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл манайд холбогдолтой байсан учраас гуравдагч этгээдээр манай компани оролцож, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. 2016 он хүртэл шүүхэд маргаан үргэлжилсэн нөхцөл байдалтай байсан.

2017 онд шинэ нисэх буудал руу явах чиглэлд авто замын ажил хийгдсэн. Мөн энэ ажилд М******* ХХК-ийн нэг тусгай зөвшөөрлийг замын тодорхой хэсгийг хасч, тодорхой хэсэг хасагдсан. Тухайн үед Зам тээврийн хөгжлийн яамнаас бидэнд ...нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэж өгөх, энэ ажиллагаанд саад учруулахгүй байх хэрэгтэй байна гэж хурлын тэмдэглэл хөтөлж ярилцаад тодорхой хэмжээнд манай компаниас зөвшөөрөөд ажилд саад учруулахгүй гэдгээр хамтран ажиллах боломжтой гэдгээр хэлэлцээр хийсэн байдаг. 2017 онд компанийн газрын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр ажил хийгдээгүй бөгөөд нэг ширхэг ч шорооны ажил хийгдээгүй нөхцөл байдалтай байсан. Техникийн үзүүлэлт зохицуулалт ашиглахад маш их хөрөнгө зарцуулалт гарсан байхад ашиглах эрх дуусгавар болсон гэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байдаг. Тухайн захирамж нь ямар үндэслэлээр гарсан хэрхэн тогтоогдсоныг бид мэдэхгүй учраас энэ захирамж үндэслэлгүй гарсан. Хууль зөрчиж гарсан захирамж байгаа учраас захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

Ундны усны давхцлын тухайд, шүүхийн маргаан эхэлсний дараа манай тусгай зөвшөөрөл бүхий газарт давхцал үүссэн учраас солбицолд өөрчлөлт оруулаад давхацсан хэсгээ хасуулах боломжтой талаар дурдсан. Ийм учраас ийм хүсэлт ирүүлнэ үү гэдэг байдлаар манай компанид албан бичиг хүргүүлсэн. Бидний зүгээс энэ асуудал шүүхийн маргаан эхэлснээс хойш ирсэн учраас шүүхээр маргаанаа шийдүүлсний дараа энэ асуудлаар хэлэлцэх боломжтой гэх байр суурьтай байгаа юм. Одоогийн байдлаар хэлэлцсэн асуудал байхгүй байгаа юм... гэв.

Хоёр. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль 2013 онд батлагдсан. Нийслэлийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг ашиглах хуулийн хэрэгжилтийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Байгаль орчны газар 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн албан шаардлагаар Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй тул шийдвэр гарсан. Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох тухай 2017 оны А/609 дүгээр захирамжийн тухайд Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.4, 21 дүгээр зүйлийн 21.5-д заасныг тус тус үндэслэн шийдвэр гаргасан. Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн М******* ХХК-д холбогдох хэсгийн хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэж, шийдвэрлэв.

М******* ХХК-д Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2010 онд Улаанбаатар хотын Х дүүргийн Бог уул нэртэй газарт орших 30 гектар талбай, 2011 онд мөн газарт 20гектар талбай бүхий газарт ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч MV-01, 15*******А дугаар бүхий ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг олгожээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д энэ хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна, 11 дүгээр зүйлийн 11.2-т түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 11.2.2-т харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах, 11.2.5-д харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, 37 дугаар зүйлийн 37.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална хэмээн хуульчилснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох, хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах, дуусгавар болгох эрхийг аймаг нийслэлийн Засаг даргад олгожээ.

Газрын хэвлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4-т ашигт малтмалын ордыг ашиглах хугацааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уурхайн эдэлбэрийн зөвшөөрлийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн тооцно гэж заасанчлан нэхэмжлэгчид түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын MV-01 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, талбайн солбицол бүхий гэрчилгээний хавсралтыг олгосон өдөр буюу 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 15*******А дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, талбайн солбицол бүхий гэрчилгээний хавсралтыг олгосон өдөр буюу 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс тус компанийн газрын хэвлийг ашиглах хугацаа тоологдож эхэлсэн байх бөгөөд мөн хугацаанаас эхлэн Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч М******* ХХК-ийг Газрын хэвлийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж буй эсэхэд хяналт шалгалт хийх, хуульд заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор дуусгавар болгох зэрэг Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т газрын хэвлийг ашиглах, хамгаалах ажилд хяналт шалгалт хийх, 4-т энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор дуусгавар болгох гэж заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй болжээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-ийн 1 дэх хэсэгт зааснаар газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй бол газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгохоор тус тус зохицуулжээ.

Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн байгаль орчны газар хамтарч Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын хэвлийн тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиуд, Байгаль орны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам болон бусад норм, стандартын хэрэгжилтийг шалгаж, хууль журам зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай 2017/16 дугаар удирдамжийг батлан хяналт, шалгалтыг гүйцэтгэж, улмаар Нийслэлийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 дахь заалтаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй аж ахуйн нэгжүүдийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсны дотор 2010, 2011 онд олгогдсон М******* ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын MV-018 15*******А дугаартай зөвшөөрлүүд хамаарчээ.

Хавтаст хэрэгт авагдсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ХХ-03-03 дугаар дүгнэлт, 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 05-10 дугаар дүгнэлт, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Нөөц хүлээн авч бүртгэх тухай 95 дугаар тушаал, 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Техник-эдийн засгийн үндэслэлийг хүлээн авах тухай 563 дугаар тушаалаас үзвэл, Х дүүргийн нутагт орших Бог-Уул нэртэй М******* ХХК-ийн MV-015******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн элс, хайрганы ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг хүлээн авч, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гарч байсан байх тул тухайн компани тусгай зөвшөөрөл бүхий талбайд олборлолт явуулаагүй ч үүнтэй холбоотой бусад үйл ажиллагааг явуулж байсан болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн, Х дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар албан бичгээр М******* ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3, Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын Усан сан бүхий газартай давхацсан талаар мэдэгдэж, үйл ажиллагаагаа зогсоож, нөхөн сэргээлт хийх талаар мэдэгдсэн байх бөгөөд үүний улмаас тус компани ашигт малтмал ашиглах эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэжээ.

Мөн 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 15*******А, 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн MV-01 дугаартай хайрга олборлохоор олгосон тусгай зөвшөөрлүүд давхацсан талаар маргаан гарч, тус шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 3588 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсч, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өрийн 151 дугаартай шийдвэр гарч, эдгээр тусгай зөвшөөрөл бүхий газрыг М******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна.

Нөгөөтэйгүүр, усан сан бүхий энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн жагсаалтаар М******* ХХК-ийн MV-015******* дугаартай тусгай зөвшөөрлийг усны энгийн хамгаалалтын бүстэй 24.60 га буюу 82.1 хувийн, MV-01 дугаар тусгай зөвшөөрлийг 5.80 га буюу 29 хувийн давхцалтай гэж тогтоожээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн лавлагаагаар М******* ХХК-ийн Х дүүргийн нутагт орших MV-01, MV-015******* дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүд нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй мөн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай болох нь тогтоогдож байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар дээрх тусгай зөвшөөрлүүдийг цуцалсны дараа Ашигт малтмал, газрын тосны газраас М******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамрагдсан байх тул тус хилийн заагтай давхцалтай хэсгийг хасуулж, солбицолд өөрчлөлт оруулах өргөдлөө ирүүлэхийг шаардаж байсан бөгөөд нэхэмжлэгчээс давхцалтай хэсэг дээр маргадаггүй, харин давхцалтай хэсгийн солбицлыг өөрчлөх боломжтой гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчийн ...усны сан бүхий газартай давхцалтай байсан тул үйл ажиллагаа явуулах боломж байхгүй байсан хэдий ч манай компани байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж, техник-эдийн засгийн үндэслэл хийж холбогдох бүх баримт материалыг бүрдүүлсэн. Гэтэл шүүхэд маргаан гарсан тул энэ асуудлыг шийдвэрлэх хүртэл үйл ажиллагаа явуулах боломжгүй байхад захиргааны байгууллага энэ үйл баримтыг судалж үзэлгүйгээр шууд шийдвэр гаргасан... гэж тайлбарлаж, холбогдох баримтуудаа шүүхэд ирүүлсэн байх тул энэ талаарх тайлбар нотлох баримтыг шүүхээс хүлээн авах үндэслэлтэй гэж үзэж, мөн хариуцагч энэ үйл баримтыг судлаагүй гэдгээ тайлбарлаж байх тул захиргааны байгууллагыг зөвтгөх боломжгүй, шүүхээс дээрх нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийг түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлүүдийг нь цуцалсан байх боловч тус компани нь тусгай зөвшөөрөл бүхий талбайд олборлолт явуулахтай холбоотой бусад үйл ажиллагааг явуулж байсан, түүнчлэн тухайн тусгай зөвшөөрлүүдтэй холбоотойгоор 2015 оноос 2016 оны хооронд шүүхэд маргаантай байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзаж, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий газруудаас хэдэн га газар нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд хамрагдаж байгааг нарийн шинжлэн тогтоож, тус газрын солбицлыг өөрчлөх эсхүл үлдэх газрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид ашиглуулж болох эсэх талаар дахин судлан үзэж, тодруулах ажлыг захиргааны байгууллага явуулах шаардлагатай.

Учир нь тус аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрөл бүхий талбайд анхнаасаа үйл ажиллагаа явуулаагүй болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон бөгөөд уг газар усны сан бүхий газар болон олон улсын болон орон нутгийн чанартай авто замтай давхцал үүссэн болох нь тогтоогдож байх тул энэ талаар эрх бүхий мэргэжлийн байгууллага шийдвэр гаргаж, нягтлан шийдвэрлэх нь зүйд нийцнэ.

Хариуцагч буюу захиргааны байгууллага Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-ийн 1 дэх хэсэгт газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэх заалтыг шийдвэрийнхээ зарим үндэслэл болгож байгаа бол дээрх хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т газрын хэвлийг ашиглах, хамгаалах ажилд хяналт шалгалт хийх, 4-т энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор дуусгавар болгох гэж заасны дагуу зохих ёсоор хяналт шалгалт явуулсны эцэст шийдвэр гаргах байсан байна.

Шүүх хуульд ийнхүү зохицуулсан заалтыг бүрэн хэрэгжүүлэхгүйгээр захиргааны актыг гаргасан, энэ талаар баримтыг судалж үзэлгүйгээр хариуцагчаас ...газрын хэвлийг гурван жилийн дотор ашиглаж эхлэх үүргээ биелүүлээгүй тул ашиглах эрхийг дуусгавар болгосон гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байгаль орчны талаарх нийтийн эрхийг хамгаалах явцад шийдвэр гаргахдаа хуульд үндэслэх, бодит нөхцөл байдлыг тогтоох зарчмыг зөрчсөн гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн М******* ХХК-д холбогдох хэсгийн 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, цаашид нөхцөл байдлыг судлан дахин захиргааны шинэ акт гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.1.11 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг баримтлан М******* ХХК-ийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

ШҮҮГЧ С.ГАНБАТ