Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 148

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.О-н нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.Од холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2019/00980 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.О-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.О-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 101.565.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.О- гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Д.О, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.О би хариуцагч Д.Од түүний гуйсны дагуу 2018 оны 5 дугаар сарын 31-нд 61.000.000 сая төгрөгийг сарын 6%-н хүүтэйгээр 2 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Зээлийн барьцаанд Д.Оийн өмч болох үйлдвэрийн зориулалттай байр газар болох Баян-Өндөр сум Баянцагаан багт орших 4-р бранкийн зүүн талд байрлалтай эд хөрөнгийг авсан болно. Зээлийн болон барьцааны гэрээг нотариатоор баталгаажуулж бичгээр хийн барьцаалбараа ҮХЭХ-ийн газарт бүртгүүлсэн болно. Д.О нь зээлийн хугацаа болоход зээлийн хүү болох 2 сарын хүү 7.320.000 төгрөгийг нэг удаа өгч үндсэн зээлээ дахин 90 хоног буюу 3 сарын хугацаатайгаар 2018 оны 7 дугаар сарын 30-наас 2018 оны 10 дугаар сарын 30 хүртэл сунгуулсан. Ингээд өнөөдрийг хүртэл тендерийн ажил Хөвсгөл аймагт хийж байгаа удахгүй ажлаа улсын комисст хүлээлгэж өгнө, төрийн санд мөнгө орохгүй байна гэх мэтийн шалтаг шалтгаан хэлсээр өдий хүрсэн, сүүлдээ чамаас зээлсэн мөнгөөрөө Батцэнгэл гэгчтэй нийлж Хөвсгөл аймагт барилгын тендерийн ажил хийсэн, тиймээс Батцэнгэлээс л авч өгнө гэдэг болсон. Батцэнгэл гэгч нь өмнө удаа дараа хүмүүсийг залилж байсан их хэмжээний өртэй шүүхээр эрэн сурвалжлагдаж байгаа этгээд юм байна лээ. Хэрэв Батцэнгэл гэгчтэй нийлж ажил хийх гэж байгааг нь мэдсэн бол би хэзээ ч Оюунгэрэлд мөнгө зээлүүлэхгүй байсан. Оюунгэрэл албаар нууж худлаа ярьж надаас мөнгө зээлж авсан болно. Би урьд өмнө Оюунгэрэлд хэрэг болсон үед мөнгө зээлүүлдэг найз нөхдийн холбоотой байсан. Энэ удаа л миний амьдралд тус болооч гээд салахгүй удаа дараа гуйгаад байсан учраас би итгэн өөрийн дүүгийн нөхрөөс 40.000.000 төгрөгийг өөрөө буцааж төлөх хариуцлага хүлээн авч өгч тус болсон. Гэтэл одоо би Оюунгэрэлийн өмнөөс хүргэндээ 26.400.000 төгрөгний хүүг төлж өөрөө хохирч байна. Д.Оээс цагаан сар шинэ жилээр торт, хэвийн боовоо хийхэд нь хүртэл дахин мөнгө зээлүүлж өөрт нь тус болох гэж хүргэнээсээ авч өгсөн мөнгийг төлөхийг гуйж байсан. Гэтэл надаас зээлсэн мөнгөөрөө боов, тортоо хийж гарсан ашгаар нь өөр хүнд тавьсан өрөө дарж илт хүн чанаргүй зан гаргаж ирсэн. Тэр Батцэнгэл гэгчрүү хүртэл залгаж мөнгөө нэхэхэд би Д.Од өчнөөн сая төгрөг өгч өр ширийг нь дарж байсан тэгээд ч би ашиг гэж өчнөөн мөнгө өгсөн гэж өгөх шинжгүй ярьдаг байсан. Д.О чамаас зээлсэн мөнгөө үнэндээ бол Батцэнгэл бид хоёр Хөвсгөлийн засаг дарга Л.Ганболдод авсан тендерийнхээ 10%-н хахуул болгож Эрдэнэт хотын Номин агуулахын тэнд бэлнээр нь өгсөн. Бүр болохгүй Батцэнгэл өгөхгүй бол би Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдоос авч өгнө гээд өдий болж байна. Үнэхээр Хөвсгөл аймгийн засаг дарга Ганболд гэгчид надаас авсан мөнгөө өгсөн юм бол тэр хүнийг энэ шүүх ажиллагаанд оруулмаар байна. Энэ хүнд өгсөн хахуулиас болж би хохирох ёсгүй. Ингээд өнөөдрийг хүртэл Батцэнгэл болон Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболдоос чиний мөнгийг авч өгнө хөөцөлдөж байгаа гэсэн шалтаг хэлсээр өнөөдрийг хүрч байна. Миний хувьд Батцэнгэл гэгчтэй ямар нэгэн зээлийн харилцаа үүсгээгүй зөвхөн Оюунгэрэлд мөнгө зээлдүүлсэн учраас Оюунгэрэлээс өгсөн мөнгөө нэхэх нь зүйн хэрэг гэж үзэж байна. Ингээд бидний хооронд хийсэн зээлийн гэрээнд зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд зээлдэгч хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй зээлийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги төлөх заалт байгаа. Үүний дагуу зээлийн хугацаа хэтрээд 8 сар болж байгаа бөгөөд алдангийн хэмжээ үндсэн зээлийн 50%-аас хэтэрч байгаа тул хуулийн хүрээнд нийцүүлэн үндсэн зээл 61.000.000 төгрөгийн 50% болох 30.500.000 төгрөгийн алдангийг нэхэмжлэх болно. Иймд Д.Оээс үндсэн зээл 61.000.000 алданги 30.500.000 сунгасан 3 сарын хүү болох 10.065.000 төгрөг нийт 101.565.000 төгрөгийг Д.Оийн барьцаанд тавьсан барьцааны эд хөрөнгөөс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Д.О нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.О- гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Ө.Бтэй найз нөхдийн болон ажил хэргийн холбоотой бөгөөд Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд гэх хүнийг огт танихгүй уулзаж байгаагүй хүнтэй уулзаж хахууль өгсөн гэх зэргээр огт үндэслэлгүйгээр бид хоёрын дундах зээлийн гэрээтэй холбоотой хэрэгт хөндлөнгийн хүмүүсийг дурдсан байна. Мөн Б.О иргэний хууль зөрчиж хүү алданги нэхэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.О-н нэхэмжлэлтэй танилцлаа. 2018 оны 05 сарын 31-нд 61.000.000 /жаран нэгэн сая/ төгрөг авсан нь үнэн болно. Уг мөнгийг аваад Өлзийбадрахын Батцэнгэлд үйлдвэрлэл явуулдаг, тосгон 4-р бранк байрны зүүн талд байрлалтай байрыг барьцаанд тавьж авч өгсөн болно гэжээ

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2019/00980 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Оээс 91.500.000 төгрөг гаргуулан Б.Од олгож, нэхэмжлэлээс 10.065.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг 4 дүгээр бранк байрны зүүн талд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 265 мкв үл хөдлөх хөрөнгө, 675 мкв газрыг албадан дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 665.800 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Оээс 615.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.О давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Б.О би 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0980 дугаартай шийдвэрийн дараах хэсгийг зөвшөөрөхгүй байгаа болно.

Үүнд: Гэрээний сунгалт нь гэрээний нэгэн адил хуульд нийцсэн байх бөгөөд гэрээ байгуулаагүй бол үүрэг үүсэхгүй тул гэрээний сунгалтыг хугацаа дуусахаас өмнө гэрээний нэгэн адил байгуулж нөхцлийг харилцан тохиролцоно. Гэрээний сунгалтыг гэрээний нэгэн адил үйлдэж гэрээнд заасан нөхцөл хэвээр байгаа, эсхүл өөрчлөгдсөн эсэх, гэрээг ямар хугацаатай сунгаж байгаа болох дээрх нөхцлийг талууд хүлээн зөвшөөрсөн эсэх талаар зааж гарын үсэг зурснаар сунгагдсан гэж үзнэ. Гэтэл гэрээний ард бичигдсэн сунгалт гэх баримтанд гарын үсэг зурснаар гэрээг сунгагдсан гэж үзэж сунгагдсан хугацааны зээлийн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзэн миний нэхэмжилсэн зээлийн гэрээний сунгасан 3 сарын хүү болох 10.065.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь хариуцагч Д.О нь зээлийн дуусах хугацаа болоход үндсэн зээлээ энэ удаа төлж чадахгүй харин зээлийн 2 сарын хүү болох сарын 6%-иар бодож 3.660.000х2=7.320.000 төгрөгийг өгч зээлийг дахин 3 сараар буюу 2018 оны 07 дугаар сарын 30-наас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 90 хоногоор сунгахыг хүссэн. Энэ хугацаа нь хариуцагчийн өөрийнх нь хүсэлт, түүний зээлээ төлж чадах боломжит хугацаа нь гэж түүний хүссэний дагуу нэхэмжлэгч би зөвшөөрч харилцан тохиролцож сунгалтыг хийсэн. Хүсэл зоригоо илэрхийлсний илрэл нь Оюунгэрэл өөрөө гарын үсгээ зурж баталгаажуулсан байгаа болно. Зээлийн сунгалтан дээр үндсэн зээлийн хэмжээ болох 61 саяыг тодорхой бичиж мөн ямар хугацаагаар сунгаж байгаагаа мөн сунгасан 3 сар буюу 90 хоногийн хүүг сарын 6%-иасаа буулгаж тохирон 5.5% болгон буулган бодож 3.355.000х3=10.065.000 төгрөгийн хүү, нийт өгөх мөнгөний хэмжээ 61.000.000+10.065.000 =71.065.000 төгрөг зэргийг тодорхой зааж бичиж зээлийг сунгасан болно. Зээлийг сунгаснаа зөвшөөрч нэхэмжлэгч Б.О би гарын үсгээ зуран харин зээлийг буцааж төлөх хариуцлагаа ойлгож, зөвшөөрч хариуцагч Оюунгэрэл гарын үсгээ зурж зээлийн сунгалтыг баталгаажуулсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний 3 сарын хүү болох 10.065.000 төгрөгийг хариуцагч Д.Оээс гаргуулан нэхэмжлэгч Б.О надад олгож өгөхөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Д.Оээс зээлийн гэрээний үүрэгт 101.565.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д.О нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хүлээн зөвшөөрч, заримыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээнд үндэслэн тодорхойлсон.

Зохигчид 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 61 сая төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаатай сарын 6 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцон зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байна. Мөн өдрөө нэхэмжлэгч Б.О хариуцагч Д.Од 61 сая төгрөгөө хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Д.О нар нь 2 сарын хүүнд 7.320.000 төгрөг төлсөн, зээлийн гэрээг 3 сарын хугацаагаар сунгасан зээлийн хүүнд 10.065.000 төгрөг гаргуулахаар тайлбар гарган мэтгэлцжээ.

Шүүх гэрээний сунгалт нь гэрээний нэгэн адил хуульд нийцсэн байх бөгөөд гэрээ байгуулаагүй бол үүрэг үүсэхгүй тул гэрээний сунгалтын гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний нэг адил байгуулан гэрээний нөхцөлийг харилцан тохирох ёстой. Гэрээний ард бичигдсэн гэрээний сунгалт гэх баримтанд гарын үсэг зурснаар гэрээг сунгагдсан гэж үзэж уг хугацааны хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас 10.650.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасантай нийцжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2019/00980 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.О-н давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Б.О-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 175.990 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.БАТТӨР

ШҮҮГЧ                                                                     С.УРАНЧИМЭГ