Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2019/00980

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 19 өдөр                     Дугаар 142/ШШ2019/00980                                  Орхон аймаг

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Б.О-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Д.О-д холбогдох   

“Зээлийн гэрээний үүрэг 101 565 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Д.О, гэрч Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.О би хариуцагч Д.О-д түүний гуйсны дагуу 2018 оны 5 дугаар сарын 31-нд 61,0 сая төгрөгийг сарын 6%-н хүүтэйгээр 2 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Зээлийн барьцаанд Д.О-ийн өмч болох үйлдвэрийн зориулалттай байр газар болох Баян-Өндөр сум Б багт орших 4-р бранкийн зүүн талд байрлалтай эд хөрөнгийг авсан болно. Зээлийн болон барьцааны гэрээг нотариатоор баталгаажуулж бичгээр хийн барьцаалбараа ҮХЭХ-ийн газарт бүртгүүлсэн болно. Д.О нь зээлийн хугацаа болоход зээлийн хүү болох 2 сарын хүү 7 320 000 төгрөгийг нэг удаа өгч үндсэн зээлээ дахин 90 хоног буюу 3 сарын хугацаатайгаар 2018 оны 7 дугаар сарын 30-наас 2018 оны 10 дугаар сарын 30 хүртэл сунгуулсан. Ингээд өнөөдрийг хүртэл тендерийн ажил Хөвсгөл аймагт хийж байгаа удахгүй ажлаа улсын комисст хүлээлгэж өгнө, төрийн санд мөнгө орохгүй байна гэх мэтийн шалтаг шалтгаан хэлсээр өдий хүрсэн, сүүлдээ чамаас зээлсэн мөнгөөрөө Б гэгчтэй нийлж Хөвсгөл аймагт барилгын тендерийн ажил хийсэн, тиймээс Б-ээс л авч өгнө гэдэг болсон. Б гэгч нь өмнө удаа дараа хүмүүсийг залилж байсан их хэмжээний өртэй шүүхээр эрэн сурвалжлагдаж байгаа этгээд юм байна лээ. Хэрэв Б гэгчтэй нийлж ажил хийх гэж байгааг нь мэдсэн бол би хэзээ ч О-д мөнгө зээлүүлэхгүй байсан. О албаар нууж худлаа ярьж надаас мөнгө зээлж авсан болно. Би урьд өмнө О-д хэрэг болсон үед мөнгө зээлүүлдэг найз нөхдийн холбоотой байсан. Энэ удаа л миний амьдралд тус болооч гээд салахгүй удаа дараа гуйгаад байсан учраас би итгэн өөрийн дүүгийн нөхрөөс 40 000 000 төгрөгийг өөрөө буцааж төлөх хариуцлага хүлээн авч өгч тус болсон. Гэтэл одоо би О-ийн өмнөөс хүргэндээ 26 400 000 төгрөгний хүүг төлж өөрөө хохирч байна. Д.О-ээс цагаан сар шинэ жилээр торт, хэвийн боовоо хийхэд нь хүртэл дахин мөнгө зээлүүлж өөрт нь тус болох гэж хүргэнээсээ авч өгсөн мөнгийг төлөхийг гуйж байсан. Гэтэл надаас зээлсэн мөнгөөрөө боов, тортоо хийж гарсан ашгаар нь өөр хүнд тавьсан өрөө дарж илт хүн чанаргүй зан гаргаж ирсэн. Тэр Б гэгчрүү хүртэл залгаж мөнгөө нэхэхэд би Д.О-д өчнөөн сая төгрөг өгч өр ширийг нь дарж байсан тэгээд ч би ашиг гэж өчнөөн мөнгө өгсөн гэж өгөх шинжгүй ярьдаг байсан. Д.О чамаас зээлсэн мөнгөө үнэндээ бол Б бид хоёр Хөвсгөлийн засаг дарга Л.Г-д авсан тендерийнхээ 10%-н хахуул болгож Эрдэнэт хотын Номин агуулахын тэнд бэлнээр нь өгсөн. Бүр болохгүй Б өгөхгүй бол би Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Г-оос авч өгнө гээд өдий болж байна. Үнэхээр Хөвсгөл аймгийн засаг дарга Г гэгчид надаас авсан мөнгөө өгсөн юм бол тэр хүнийг энэ шүүх ажиллагаанд оруулмаар байна. Энэ хүнд өгсөн хахуулиас болж би хохирох ёсгүй. Ингээд өнөөдрийг хүртэл Б болон Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Г-оос чиний мөнгийг авч өгнө хөөцөлдөж байгаа гэсэн шалтаг хэлсээр өнөөдрийг хүрч байна. Миний хувьд Б гэгчтэй ямар нэгэн зээлийн харилцаа үүсгээгүй зөвхөн О-д мөнгө зээлдүүлсэн учраас О-ээс өгсөн мөнгөө нэхэх нь зүйн хэрэг гэж үзэж байна. Ингээд бидний хооронд хийсэн зээлийн гэрээнд зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд зээлдэгч хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй зээлийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги төлөх заалт байгаа. Үүний дагуу зээлийн хугацаа хэтрээд 8 сар болж байгаа бөгөөд алдангийн хэмжээ үндсэн зээлийн 50%-аас хэтэрч байгаа тул хуулийн хүрээнд нийцүүлэн үндсэн зээл 61 000 000 төгрөгийн 50% болох 30 500 000 төгрөгийн алдангийг нэхэмжлэх болно. Иймд Д.О-ээс үндсэн зээл 61 000 000 алданги 30 500 000 сунгасан 3 сарын хүү болох 10 065 000 төгрөг нийт 101 565 000 төгрөгийг Д.О-ийн барьцаанд тавьсан барьцааны эд хөрөнгөөс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.   

Хариуцагч Д.О 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Д.О нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.О-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Ө.Б-тэй найз нөхдийн болон ажил хэргийн холбоотой бөгөөд Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Г гэх хүнийг огт танихгүй уулзаж байгаагүй хүнтэй уулзаж хахууль өгсөн гэх зэргээр огт үндэслэлгүйгээр бид хоёрын дундах зээлийн гэрээтэй холбоотой хэрэгт хөндлөнгийн хүмүүсийг дурдсан байна. Мөн Б.О иргэний хууль зөрчиж хүү алданги нэхэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно” гэжээ.   

Хариуцагч Д.О 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. 2018 оны 05 сарын 31-нд 61 000 000 /жаран нэгэн сая/ төгрөг авсан нь үнэн болно. Уг мөнгийг аваад Өлзийбадрахын Б-д үйлдвэрлэл явуулдаг Тосгон 4-р бранк байрны зүүн талд байрлалтай байрыг барьцаанд тавьж авч өгсөн болно...” гэжээ.   

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь Д.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 101 565 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Хариуцагч нэхэмжлэлээс үндсэн зээл 61,0 сая төгрөг, хүү алдангиас нийт 30 500 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, бусад хэсгийг төлөхгүй гэсэн тайлбар гаргасан.

Б.О нь Д.О-д 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 61,0 сая төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлүүлсэн байх ба, зээлдэгч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор гэрээ байгуулжээ.

Ззээлийн барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг 4 дүгээр бранк байрны зүүн талд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 265 мкв үл хөдлөх хөрөнгийг, 675 мкв газрын хамт барьцаалж барьцааны гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар талууд маргаагүй, хэрэгт дээрх гэрээнүүд ирсэн байна.    

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба, нэхэмжлэгч нь хууль болон гэрээний дагуу хариуцагчаас шаардах эрхтэй байна.  

Нэхэмжлэгч Б.О: ...Д.О нь хоёр сарын хүү 7 320 000 төгрөгийг төлсөн, 3 сараар зээлийн гэрээг сунгасан тул 3 сарын зээлийн хүү 10 065 000 төгрөгийг гаргуулна гэсэн.   

Гэрээний сунгалт нь гэрээний нэгэн адил хуульд нийцсэн байх бөгөөд гэрээ байгуулаагүй бол үүрэг үүсэхгүй тул гэрээний сунгалтыг гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний нэгэн адил байгуулж, нөхцөлийг харилцан тохиролцоно.

Гэрээний сунгалтыг үндсэн гэрээний нэг адил үйлдэж, гэрээнд заасан нөхцөл хэвээр байгаа, эсхүл өөрчлөгдсөн эсэх, гэрээг ямар хугацаатай сунгаж байгаа болох, дээрх нөхцөлийг талууд хүлээн зөвшөөрсөн эсэх талаар зааж, гарын үсэг зурснаар сунгагдсан гэж үзнэ. Гэтэл гэрээний ард бичигдсэн гэрээний сунгалт гэх баримтанд гарын үсэг зурснаар гэрээг сунгагдсан гэж үзэж сунгагдсан хугацааны зээлийн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр үндсэн зээл 61,0 сая төгрөг, алданги 30 500 000 төгрөгийг Д.О-ээс гаргуулан Б.О-д олгож, нэхэмжлэлээс 10 065 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Барьцааны гэрээ нь хуульд заасны дагуу байгуулагдсан тул хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. 

Нэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 665 800 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.О-ээс улсын тэмдэгтийн хураамжаар 615 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.О-ээс 91 500 000 төгрөг гаргуулан Б.О-д олгож, нэхэмжлэлээс 10 065 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Б баг 4 дүгээр бранк байрны зүүн талд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 265 мкв үл хөдлөх хөрөнгө, 675 мкв газрыг албадан дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.    

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 665 800 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.О-ээс 615 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.     

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА