Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 50

 

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                         Хэргийн индекс:114/2016/0045/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  нээлттэй хийсэн   хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4-1 дүгээр  байрны ******* тоотод   оршин суух  *******

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Аудитын газар, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд тус тус холбогдох

            “Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2016 оны 56 дугаар сарын 05-ны өдрийн 286 тоот Нийцлийн талаарх дүгнэлт, Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 07 дугаар тогтоолын Н.*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Иргэдийн төлөөлөгчдийн  хуралд бие даан нэр дэвшиж оролцох эрхийг сэргээж, сонгуулийн 6 дугаар тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:                                                                          Н.*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                         Ч.Энхбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:                          Б.Саранчимэг  нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.*******ээс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 286 тоот Нийцлийн дүгнэлтэд сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 15 дугаар заалтад тусгагдсан нэг арга хэмжээ нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн учир  уг нэг хөтөлбөрөөр сонгуульд оролцох хүсэлтэй байгаа ба Нийцлийн талаарх  дүгнэлтийг  хүчингүй  болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Нийцсэн нэг хөтөлбөрөөр сонгуульд оролцуулж өгнө үү гэж хүсэж байна

Аймгийн Сонгуулийн хорооны  07 тоот тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2, 67.5-т заасан заалтуудыг зөрчсөн гэж бүртгэхээс татгалзсан байгаа.  Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах заалт дээр мөрийн хөтөлбөрөө Аудитын газраар хянуулсан байх ёстой гэсэн заалт байхгүй юм. Өөрийн холбогдох материалуудыг журмын дагуу цаг хугацаанд нь Сонгуулийн хороонд бүрдүүлж өгсөн байгаа. Мөн сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д “мөрийн хөтөлбөр нь хуульд нийцсэн байдал болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байна гэж заасан байсан. Би өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг хянуулсан байгаа. Сонгуулийн тухай хуулинд нэг хөтөлбөртэй орохыг хориглоогүй байгаа учраас нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан нь хууль бус, миний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Хүний эрх, эрх чөлөө” бүлгийн сонгох, сонгогдох эрхийг болон намайг дэмжиж гарын үсэг зурсан 330 хүний сонгох эрхийг ноцтойгоор зөрчсөн. Иймд Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 тоот тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, бие даан 6 дугаар тойрогт нэр дэвших эрхийг минь сэргээж, нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

           Хариуцагч Аймгийн сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхбатаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Сонгуулийн хороо нь бие даан нэр дэвшигч нарыг бүртгэхдээ аймгийн Аудитын газраас ирсэн дүгнэлтийг үндэслэсэн байгаа. Тухайн дүгнэлтэнд нэр дэвшигч н.*******ийн мөрийн хөтөлбөрийн зарим заалтууд хуулинд нийцээгүй гэсэн утга бүхий дүгнэлт гарсан байсаныг Сонгуулийн хорооны гишүүд хуралдаж хэлэлцээд мөрийн хөтөлбөр нь холбогдох хуульд нийцээгүй байна гэж үзэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан  учраас бүртгэхээс татгалзсан байгаа гэв.

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь “Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 286 тоот Нийцлийн талаарх дүгнэлт, Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 07 дугаар тогтоолын Н.*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Иргэдийн төлөөлөгчдийн  хуралд бие даан нэр дэвшиж оролцох эрхийг сэргээж , сонгуулийн 6 дугаар тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргасан байна.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь “Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 286 тоот Нийцлийн талаарх дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай шаардлагаасаа татгалзсанаа амаар болон бичгээр илэрхийлсэн, ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсанаас гарах үр дагаврын талаар шүүхээс тайлбарласан, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 191.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрх олгогдсон байх тул энэ хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 07 дугаар тогтоолын Н.*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Иргэдийн төлөөлөгчдийн  хуралд бие даан нэр дэвшиж оролцох эрхийг сэргээж, сонгуулийн 6 дугаар тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах  шаардлагыг  хангаж  шийдвэрлэлээ.

 

Дархан-Уул аймгийн Аудитын газраас Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч Н.*******ийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийж  2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн  286 тоот “Нийцлийн талаархи  дүгнэлт” гаргасан байх бөгөөд  уг   дүгнэлтэд бие даан нэр дэвшигч Н.*******ийн мөрийн хөтөлбөрт тусгасан нийт 16 арга хэмжээнээс  15-д тусгагдсан “Багийн засаг дарга болон иргэдтэй хамтран хог хаягдлын менежментийг сайжруулж хоггүй баг болгохыг уриалан ажиллана” гэснээс бусад 15-н арга хэмжээ нь Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуультай нийцээгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ.

       Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо нь дээрх Аудитын  газрын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 286 тоот “Нийцлийн талаархи дүгнэлт”-ийг үндэслэн  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 6 дугаар тойрогт  бие даан нэр дэвшигч Н.*******ийг бүртгэхээс татгалзсан тогтоол гаргахдаа нэхэмжлэгчийн мөрийн хөтөлбөрөөс 1 арга хэмжээ нь Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д заасан “... сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байна” шаардлагыг хангасан эсэхэд үнэлэлт өгөөгүй, мөн Н.*******ийг хуульд нийцсэн 1 мөрийн хөтөлбөрөөрөө сонгуульд оролцох эрхийг Сонгуулийн тухай хуулиар хориглоогүй байхад нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан нь хууль бус байх бөгөөд   нэхэмжлэгчийн  Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.              

             Мөн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолоор  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 6 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч  Н.*******ийг  бүртгэхээс татгалзахдаа Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т ”нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” гэх заалтыг баримталсан нь хуульд нийцээгүй байх тул  маргаан бүхий захиргааны актын Н.*******т  холбогдох хэсгийг хүчингүй болгож,  Иргэдийн төлөөлөгчдийн  хуралд бие даан нэр дэвшиж оролцох эрхийг сэргээж, сонгуулийн 6 дугаар тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргахыг аймгийн Сонгуулийн хороонд даалгаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

     

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1,70.2.4, Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасныг  тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасныг баримтлан  нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлээс Дархан-Уул аймгийн Аудитын газарт холбогдох “Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 286 тоот Нийцлийн талаарх дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 07 дугаар тогтоолын Н.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн сонгогдох эрхийг сэргээж, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Н.*******ийг 6  дугаар тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргахыг Аймгийн Сонгуулийн хороонд даалгасугай.

 

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйл, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                            Д.НАРАНТУЯА