Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 5

 

Р.Д-ын нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо             даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/02947 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Р.Д-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “ЭЭГ” ХХК-д холбогдох

Гэрээний үүргийн биелэлт 24 564 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 17 055 200 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Б.Энхтөр, түүний өмгөөлөгч Н.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “ЭЭГ” ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж,  ажил үүргийг 7-14 хоногийн дотор гүйцэтгэнэ гэсэн нөхцөлтэй. Мөн шинэ ажил нэмж гүйцэтгэхээр бол нэмэлт гэрээ байгуулна гэж тохиролцож, урьдчилгаа 16.564.000 төгрөгийг ерөнхий менежер У.Уянгоогийн Хаан банкин дахь 5455054543 дугаарын дансанд шилжүүлнэ гэснээр шилжүүлсэн. Гэвч тус компани хугацаандаа заасан ажил үүргээ биелүүлээгүй, утас нь холбогдохгүй хүндрэлтэй байдлыг үүсгэсэн. Ингээд 9 дүгээр сардаа багтааж цонх хаалга хийж, дулаалах шаардлагатай болсон тул “Ариал цонх” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулж, өөрийнхөө барилгад тохирсон хуванцар хаалга, цонх хийж гүйцэтгүүлэхээр болсон. “ЭЭГ” ХХК-ийн хүмүүстэй уулзаж, араас нь хөөцөлдөж явахад өөрсдийн гэсэн агуулахгүй бусдын газарт байрлаж бусдаар юмаа хийлгэдэг нөхцөл байдал илэрсэн учраас Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл өгч шалгуулсан боловч уг маргааныг иргэний хэргийн маргаан гэж эрүүгийн хэргийг хааж шийдвэрлэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд ЭЭГХХК-тай байгуулсан гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 16.564.000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасан алданги тооцож нийт 24.564.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан үнэн. Гэрээнд заасан ажлыг хийгээд хүлээлгэж өгөх гэхэд Р.Д- гуай аваагүй. Захиалсан ажлын материалыг БНХАУ-аас авчирч хийх байсан боловч хугацаандаа ирээгүйгээс саатсан. Төлбөрийн тухайд гэрээнд зааснаар урьдчилгаа 80 хувийг гэрээ байгуулах өдрөө хийх ёстой гэтэл нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй. 9 дүгээр сарын 05-ны өдөр 16.564.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Гэрээгээр захиалагч алданги тооцох үүрэг хүлээгээгүй. Хариуцагч талаас алга болсон асуудал байхгүй. Үүнийг 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бичсэн захидал баталж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхтөр сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Д- ажлын хийлгэх урьдчилгаанд 16.564.000 төгрөгийг төлсөн байдаг. Улаанбаатар хотод тус материалыг хүлээн авахад 30.000.000 төгрөг зарцуулсан. Би жижиг, дунд бизнес эрхлээд түүнээсээ улсад татвар төлдөг. Иймээс хийсэн цонхны шил 2.244.000 төгрөг, тээврийн зардалд 1.500.000 төгрөг, хадгалалтын зардалд 2.000.000 төгрөг, компанийн үйл ажиллагааны зардалд 2.000.000 төгрөг нийт 17.055.200 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй байж гарсан зардлаа биднээс нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ЭЭГ” ХХК-иас 16.564.000 төгрөгийг гаргуулж, Харчуул овогт Рагчаагийн Даваанямд олгож, үлдсэн 8.000.000 төгрөг, хариуцагчийн 17.055.200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.770 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 243.800 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 240.770 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхтөр, түүний өмгөөлөгч Н.Энхтуяа нарын хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 346.2, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт тус тус зааснаар дүгнэжээ. Гэтэл гэрээнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгээгүй явдал нь 2 талын байгуулсан гэрээний 3.2-т заасан гэрээ байгуулагдснаар 80 хувийн урьдчилгааг захиалагч тал гүйцэтгэгч талд шилжүүлэн 20 хувийг ажил гүйцэтгэж дууссаны дараа 2 хоногийн дараа төлөхөөр тохиролцсон байдаг. Захиалагч тал дээрх үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж гүйцэтгэх ажил удааширч 4-5 хоног алдсан боловч гүйцэтгэгч тал өөрөөс зардал гарган захиалсан ажлыг дуусгасан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт заасан байдаг. Энэ заалтыг анхан шатны шүүхээс хэрэглээгүй. Мөн Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дах хэсэгт заасан ба энэ хугацаанд “ЭЭГ” ХХК үүргээ гүйцэтгэснийг дүгнээгүй байна.    Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд хохирол учирсан нь тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Гэтэл гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 361 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба уг ажлыг хийхэд холбогдох зардлыг нэг бүрчлэн нарийвчилан нотлох баримтаар хэрэгт тусгасан боловч нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй. Гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн тухай хүлээлгэн өгөх үед хүлээж аваагүй өмнөх гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байхад гэрээ цуцлах талаар ямар нэг санал гаргаагүй атлаа өөр компанитай гэрээ багйуулж ажлыг гүйцэтгүүлсэн талаар шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй. 

 

 Нэхэмжлэгч Р.Д-, хариуцагч ЭЭГ ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний гүйцэтгэлд шилжүүлсэн 16.564.000 төгрөгийг буцаан гаргуулах, алданги 8.000.000 төгрөг, нийт 24.564.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ажлын хөлс 17.055.200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

Зохигчдын хооронд 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч “ЭЭГ” ХХК нь “Бумбат төгөл” амралтын газрын металл цонх, хана, үүдний хэсгийн хаалга, ханыг үйлдвэрлэн нийлүүлж угсралтын ажлыг гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Р.Д- нь гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу ажлын хөлс нийт 40.100.000 төгрөгийг төлөхөөр тус тус үүрэг хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

Захиалагч нь урьдчилгаа хөлс 16.564.000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын       31-ний өдөр менежер У.Уянгоогийн ХААН банкин дахь дансанд шилжүүлсэн, дээрх ажил гүйцэтгэх гэрээний 2.2-т “гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг ажлын 7-14 хоногийн дотор багтаан гүйцэтгэж захиалагч талд хүлээлгэн өгнө” гэж тохиролцсон боловч хариуцагч нь  хаалга цонхны материалыг БНХАУ-аас хугацаа алдаж ирүүлсний улмаас гэрээнд заасан ажлыг хугацаандаа биелүүлээгүйг нэхэмжлэгч бусдаар ажлыг гүйцэтгүүлэн, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажлын хөлсөнд нь нийт 36.000.000 төгрөгийг төлсөн үйл баримт  тогтоогджээ.

Талууд гэрээнд өөрчлөлт оруулж хугацаа сунгасан үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгч ажлын үр дүнг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шаардаж байсан болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдсон ажлын үр дүн хугацаандаа бий болоогүй нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан гэрээний зөрчилд хамаарах бөгөөд мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргээ хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул гэрээнд заасан хуваарийн дагуу, үргэлжлүүлэн төлбөрөө хийгээгүйд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.

 

 Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлд шилжүүлсэн 1 6564 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

Гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд алданги тооцох талаар талууд тохиролцоогүй тул шүүх алданги 8.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг  хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн  2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 361 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хариуцагч гэрээнд заасан ажлын үр дүн бий болсон гэж үзэхээр  байгаа боловч  хариуцагчийн гэрээний үүргийн зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүйгээс гадна үндсэн нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлд хамаарч байгаа тохиолдолд хариуцагчийн ажлын хөлсний үлдэгдэл 17.055.200 төгрөгийг гаргуулах сөрөг шаардлагыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

Түүнчлэн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлож, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй  гэж үзсэн нь зөв байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, харин шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо агуулгыг шийдвэрт тодорхой заагаагүй зэрэг алдаа гаргасныг залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/02947 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн” гэсний дараа “205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                         ШҮҮГЧИД                                       А.МӨНХЗУЛ

                                                                                                 Н.БАТЗОРИГ