Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 02947

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 05 өдөр                      Дугаар102/ШШ2019/02947                         Улаанбаатар хот

 

                                

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар           

Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг,0 дүгээр хороо, 0 байрны 0 тоотод оршин суух Р.Д-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоотод “Э” ХХК-д холбогдох гэрээний үүргийн биелэлт 24.564.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 17.055.200 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

         Нэхэмжлэгч Р.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

         Миний бие”Э”ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

         Тус гэрээний 2 дугаар зүйлд зааснаар ажил үүргийг 7-14 хоногийн дотор гүйцэтгэнэ гэсэн нөхцөлтэй.

         Мөн шинэ ажил нэмж гүйцэтгэхээр бол нэмэлт гэрээ байгуулна гэж тохиролцож, урьдчилгаа 16.564.000 төгрөгийг ерөнхий менежер н.У-ийн “Х”банкин дахь 0000 дугаарын дансанд шилжүүлнэ гэснээр шилжүүлсэн.

         Гэвч тус компани хугацаандаа заасан ажил үүргээ биелүүлээгүй, утас нь холбогдохгүй хүндрэлтэй байдлыг үүсгэсэн.

         Ингээд 9 дүгээр сардаа багтааж цонх хаалга хийж, дулаалах шаардлагатай болсон тул”А”ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулж, өөрийнхөө барилгад тохирсон хуванцар хаалга, цонх хийж гүйцэтгүүлэхээр болсон.

        “Э”ХХК-ийн хүмүүстэй уулзаж, араас нь хөөцөлдөж явахад өөрсдийн гэсэн агуулахгүй бусдын газарт байрлаж бусдаар юмаа хийлгэдэг нөхцөл байдал илэрсэн учраас Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хандахад харьяалал нь Хан-Уул дүүрэг байна гэж хэлсний дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл өгч шалгуулсан боловч уг маргааныг иргэний хэргийн маргаан гэж эрүүгийн хэргийг хааж шийдвэрлэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

          Иймд”Э”ХХК-тай байгуулсан гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 16.564.000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1 хэсэгт заасан алданги тооцож нийт 24.564.000 төгрөгийг гаргуулж өгнө үү

        

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжинэ. Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээнд заасан урьдчилгаа төлбөрийг шилжүүлж, 7-14 хоногийн дотор захиалсан ажил бэлэн болохоор тохиролцсон.

         Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч талын нэмэлт гэрээнд заасны дагуу ерөнхий менежер н.Уянгаагийн “Х”банкин дахь 00000 дугаарын дансанд 16.564.000 төгрөгийг шилжүүлээд, захиалгаа хүлээгээд бүтээгүй. Учир нь:

        Цонх, хаалга хийх материал нь бэлэн болоогүй, урагшаа захиалахаар явсан гэх мэдээлэлтэй, утас руу нь залгахад холбогдох боломжгүй, гэрээ хийхэд  материал бэлэн байгаа гэж хэлчихээд урагшаа явсан, хугацаандаа ажлыг бэлэн болгох нөхцөл байхгүй зэрэг хүндрэлтэй байдал үүссэн тул өөр компанид хандаж, дахин ажлаа хийлгэж хохирсон.

        Мөн гэрээнд хэдийгээр нэхэмжлэгч алданги тооцох талаар тусгагдаагүй боловч талуудын хариуцлага бүлэг болон тэгш эрхийн зарчмаар алданги нэхэх эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, гэжээ.

 

          Хариуцагчийн төлөөлөгч Б.Эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:     

         Бид ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан үнэн. Гэрээнд заасан ажлыг хийгээд хүлээлгэж өгөх гэхэд Р.Дгуай аваагүй.

         Захиалсан ажлын материалыг БНХАУ-аас авчирч хийх байсан боловч хугацаандаа ирээгүйгээс саатсан. Төлбөрийн тухайд гэрээнд зааснаар урьдчилгаа 80 хувийг гэрэээ байгуулах өдрөө хийх ёстой гэтэл нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй.

        9 дүгээр сарын 05-ны өдөр 16.564.000 төгрөгийг шилжүүлсэн байсан.

        Гэрээгээр захиалагч алданги тооцох үүрэг хүлээгээгүй.

        Ажлыг гүйцэтгэхдээ Монголд байхгүй доод үнэ, материалаар хийхээр тохиролцсон.

        Бараагаа захиалаад, Бээжингээс бараа материал ирэхээр болж мөнгө дутах үед үлдэгдэл төлбөрөө нэхэхэд “энд аваад ир тэгвэл мөнгө өгье” гэж хэлсэн.

        Хариуцагч талаас алга болсон асуудал байхгүй. Үүнийг 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бичсэн захидал баталж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

           

          Хариуцагч Б.Эсөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Р.Дажлын хийлгэх урьдчилгаанд 16.564.000 төгрөгийг төлсөн байдаг. Улаанбаатар хотод тус материалыг хүлээн авахад 30.000.000 төгрөг зарцуулсан. Би жижиг, дунд бизнес эрхлээд түүнээсээ улсад татвар төлдөг.

         Иймээс хийсэн цонхны шил 2.244.000 төгрөг, тээврийн зардалд 1.500.000 төгрөг, хадгалалтын зардалд 2.000.000 төгрөг, компанийн үйл ажиллагааны зардалд 2.000.000 төгрөг нийт 17.055.200 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

         

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бсөрөг нэхэмжлэлийн гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь:

          2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй байж гарсан зардлаа биднээс нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

           ҮНДЭСЛЭХ нь:

 

        Нэхэмжлэгч Г.Д, хариуцагч “Э” ХХК-д холбогдох гэрээний үүргийн биелэлт 24.564.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч 17.055.200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, захиалсан ажлыг хийж гүйцэтгэсэн, гэрээний үүргээ биелүүлсэн гэж маргаж байна.

 

      Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

      

      Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

      

      Нэхэмжлэгч Г.Д, хариуцагч “Э” ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр металл цонх, хана, үүдний хэсгийн хаалга, ханыг ажил гүйцэтгэгчийн материалаар ажлын 7-14 хоногийн дотор багтаан хийлгэхээр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, ажлын хөлсийг 40.100.000 төгрөгөөр тохиролцон, урьдчилгаа 80 хувь, ажлаа хийж дууссаны дараа ажлын хөлс 20 хувийг төлөхөөр зааж, гэрээний нэмэлт нөхцөлөөр урьдчилгаа хөлсөнд 16.564.000 төгрөгийг компанийн менежер 00000 регистрийн дугаартай, У.Уянгаагийн “Х”банкны 00000 дугаартай дансанд төлөхөөр харилцан тохиролцжээ.

                     

        Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд, нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол шаардах эрхтэй байна.

 

       Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад талууд гэрээний ажлын гол нөхцөл үр дүнгийн талаар маргаж байна.

 

       Нэхэмжлэгч гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй. Хугацаа болоход утсаа авахгүй алга болж, ажил бэлэн болоогүй байсан ба энэ хүмүүсийг хараад бүтэхгүй байсан тул өөр хүмүүсээр ажлаа хийлгүүлсэн, урьдчилгаанд шилжүүл гэсэн мөнгийг нь шилжүүлсэн”,

       Хариуцагчийн төлөөлөгч “Г.Д гэрээнд заасан ажлын хөлсний 80 хувийг төлөөгүй мөн 16.564.000 төгрөг миний дансанд 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шилжиж орж ирсэн. Бид Хятад улсаас материалаа татаж авчраад, цонхнуудыг хийж бэлэн болгоод өгөхөд аваагүй” гэх тайлбар болон “К” банкны дансны хуулгаар нэхэмжлэгч үүргээ биелүүлж урьдчилгаа хөлс 16.564.000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр У.У-ийн дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

       Харин 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 361 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хариуцагч гэрээнд заасан бүтээгдэхүүн хийсэн нь тогтоогдож байгаа боловч цаг цаг хугацааны хувьд хариуцагчийн материал нь удаж ирсэний улмаас шалтгаалан гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч өөр газраар тус ажлыг гүйцэтгүүлэн, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нийт 36.000.000 төгрөгийг Ц.Г, н.О нарын “Х”банкны 000 дугаартай дансанд “”цонхны урьдчилгаа төлбөр” гэж төлсөн нь тогтоогдож байна.

 

      Иймээс дээрх нөхцөл байдлаас үзэхэд, Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 346.2, талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч 7-14 хоногийн дотор багтаан ажлын үр дүнг хүлээлгэн өгч, ажлыг бүрэн гүйцэтгэж, захиалагч талд хүлээлгэн өгнө” гэж гэрээндээ тухайлан тодорхойлж заажээ.

 

      Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хувьд хөлс төлсөнөөр шаардах эрх нь бий болж, хариуцагч ажлын үр дүнг хүлээлгэн өгч хөлсөө бүрэн авах үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх ёстой байна.

 

      Иймд хариуцагч гэрээний харилцаанд хугацаа хожимдуулсанаа тайлбараараа зөвшөөрч мөн  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар үүргээ бтелүүлээгүй нь тогтоогдож байх тул гэрээний дагуух хариуцлагыг хүлээх үндэслэлтэй гэж дүгнээд, нэхэмжлэлийн шаардлагаас 16.564.000 төгрөгийг хангаж, үлдсэн 8.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дах хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

      Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

       Хариуцагчийн төлөөлөгч Б.Э БНХАУ-ын “С” цонхны материалын үйлдвэрт 26.275.200 төгрөг, цонхны шилэнд 2.244.000 төгрөг, тээврийн зардалд 1.500.000 төгрөг, хадгалалтанд 8 сарын хугацаанд хоёр газар хадгалуулсаны 1.600.000 төгрөг, компанийн үйл ажиллагааны зардал 2.000.000 төгрөг төлснөөс Г.Д-ын төлсөн 16.564.000 төгрөгийг хасаад 17.055.200 төгрөгийг гаргуулах сөрөг шаардлагыг гаргажээ.

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлож, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд Г.Давааням гэрээний үүргээ зөрчсөний улмаас хариуцагчид 17.055.200 төгрөгийн хохирол учруулсан нь баримтаар тогтоогдоогүй, гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй нь баримтаар нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.770 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 243.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 240.770 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

      115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

     

        1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас 16.564.000 төгрөгийг гаргуулж, Р.Д-д олгож, үлдсэн 8.000.000 төгрөг, хариуцагчийн 17.055.200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.770 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 243.800 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 240.770 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

           

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

        

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.АРИУНАА